Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/63

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Л.Э

Хохирогч Э.Э

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Тд холбогдох эрүүгийн 1925006560498 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Т нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Э.Э-ийг цалин буухаар мөнгө өгнө, тээврийн хэрэгсэлдээ засвар хийнэ, тээврийн хэрэгсэлээ нэр дээр чинь шилжүүлж өгнө, алтны уурхай ажиллуулах болсон түлш хэрэгтэй, мөнгөний дүрстэй видео бичлэг харуулах, хар өнгийн бичил биетэн 1 сая доллараар зарсан, дансандаа мөнгө байршуулах ёстой гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 8 010 000 төгрөгийг нь залилан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Т-гыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө нөхөн төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Э.Э мэдүүлэхдээ “2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс мөнгө зээлдэж эхэлсэн. Нийт 8 010 000 төгрөг шилжүүлж өгсөн. Тухайн үед энэ хүний араас хөөцөлдөж явах боломж байгаагүй. 2018 оны 05-р сарын 29-ний өдөр миний утас руу залгаад Улаанбаатар хотод байр түрээслэх гэсэн чинь мөнгө дутчихлаа удахгүй цалин буухаар өгнө гээд 1 000 000 төгрөг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Дараа нь найз нь цалингийн зээл аваад машин авсан чинь тааруу машин авчихсан байна. Засварлах юм их байна гээд удахгүй цалин буухаар өгнө гэж хэлээд 1 500 000 төгрөг авсан. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А.Т 17 цагийн үед ганцаараа ирчихсэн худалдаж авсан гэх Приус 20 маркын машин үзүүлсэн. Би энэ машинаа Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихаад чиний мөнгийг өгөөд үлдсэн мөнгөөр нь Герман улс руу гарах визэнд орно. Чи битгий санаа зов гэсэн. Тэгээд мөнгөний хэрэг байна гээд 2 750 000 төгрөг данс руугаа шилжүүлж авсан. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өглөө А.Т утас руу залгаад найз нь Улаанбаатар хотод яаралтай ажил гараад ирчихсэн байна. 7 хоноод эргээд ирнэ гэсэн. А.Т нийт 4 250 000 төгрөг авсан. Мөнгөө авмар байна гэхэд би хэзээ л бол хэзээ наана чинь очоод машинаа чиний нэр дээр шилжүүлж өгч чадна гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 23-аас 26-ны өдөр 250 000 төгрөг Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Дараа нь Алтаны уурхай ажиллуулах гэж байгаа. Алтаны уурхайн лиценз авах гэсэн чинь 20 000 000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би итгээд 700 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь эхнэрийн бие муу эмнэлэгт үзүүлэх гээд мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь 30 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө авъя гэсэн чинь А.Т над руу ширээн дээр тавьчихсан мөнгөний зураг явуулсан. Алтаа зарах гээд Монгол банкаар явж байхдаа Ховд аймгаас түүдэг хар өнгийн бичил биет буюу Амрита гэж амьтан байдгийг мэдээд 30 гаран хүнтэй хамт нийлж 200 сая төгрөгөөр худалдаж авчихаад 1 сая доллараар зарчихлаа гэж хэлсэн. Одоо мөнгө хувааж авна. Э-гээ чи мөнгөнийхөө хүүг бодоод явж бай гэсэн. Мөнгөө авъя гэж залгахаар унтаж байна. Өчигдөр шоудаад гэдэг. Дараа нь мөнгө авъя гэхээр нөгөө мөнгө авъя гэсэн чинь найз нь наймаа хийх гээд мөнгө дутчихлаа. Нээх удаахгүй мөнгө орж ирэхээр өгнө. 2 000 000 төгрөг зээлчих гэхээр нь хүүхдийнхээ хадгаламжийг барьцаанд тавьж өөрт байсан 300 000 төгрөгийг нэмээд 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөнгө авъя гэсэн чинь улаан усны хэргээр цагдаа нар намайг аваад явчихлаа гэсэн. Дараа нь Э.Э-ээ чиний мөнгө чинь энэ байна. Би Тэрэлж явж байна гэсэн. Ингэж худлаа хэлж аргацаадаг байсан. Дараа нь нөгөө амьтанаа авахаар Дорнод явах гэж байна гэсэн. Энэ байдлаас болж би сэтгэл санаагаар унасан. Хадамуутайгаа хүртэл энэ асуудлаас болж муудалцаж эхэлсэн. Би сургуулиа төгсөж чадахгүй байна. Төлбөрөө төлмөөр байна гэж хэлсэн. Би 9-р сараас хойш сэтгэл санаагаар унаж уурлаж бухимдаж өрөнд орж банкны хүүний төлбөрт орсон. А.Т өөрөө ч гэсэн хүүхэдтэй байсан. Байнга хүнийг хуурч худал хэлдэг. Энэ байдлаас чинь бол миний үс унаж байна гэхэд А.Т “миний ч гэсэн үс унаж байна” гэсэн. Надаас авсан мөнгөөрөө амьдралын эх үүсвэр болгосон байсан. Би 2 хүүхэдтэй амьдрах гэж ядаж байна. Хадмуудтайгаа хүртэл таарамж муутай болж ээж дээрээ ирсэн. Одоо ээжтэйгээ амьдарч байгаа” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.Эийн … “2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр А.Т миний утасруу залгаад найз нь Улаанбаатар хотод байр түрээслэх гэсэн чинь мөнгө дутчихлаа удахгүй цалин буухаар мөнгийг чинь эргүүлээд өгнө гэж хэлээд 1 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд тэрнээс хойш 1 сарын дараа А.Т миний утасруу залгаад найз нь цалингийн зээл аваад машин авсан чинь тааруухан юм авчихсан байна. Юм хийх хэрэгтэй байна удахгүй цалин буухаар өгнө гэж хэлээд нийт 1 150 000 төгрөгийг Тулгын хаан банкны ? дансруу шилжүүлсэн. 2018.06.29-ний өдөр 17 цагийн үед А.Т ганцаараа ирчихсэн худалдаж авсан гэх Приус 20 маркийн 25-84 орх улсын дугаартай шиг санагдаж байна машинаа надад үзүүлсэн. Би машинаа барьцаанд тавьчихаад чиний мөнгийг өгөөд үлдсэн мөнгөө Герман улс руу гарах визэнд өнөөдөр өгөх ёстой. Чи сүүлд надад өгсөн мөнгөн дээрээ нэмээд 5 000 000 төгрөгийг зээлж миний машиныг унаж явах нөхцөлтэйгөөр авчихаач гэж надаас гуйсан. Мөнгөө өнөөдөр өгчихөөч гэж гуйгаад байсан болохоор нийт 2 750 000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2018.06.30-ны өглөө Тулгын утас руу залгахад найз нь яаралтай ажил гараад Улаанбаатар хотруу явчихлаа 7 хоноод эргээд Орхон аймагт хүрээд ирнэ гэсэн. А.Т нийт 4 250 000 төгрөг авсан. Үлдсэн 750 000 төгрөгийг авмаар байна гэхээр нь машиныхаа гэрчилгээг шилжүүлээч гэхэд би хэзээ л бол хэзээ очоод машинаа чиний нэр дээр шилжүүлнэ гэж хэлдэг байсан. 2018.07.23-2018.07.26-ны өдөрт нийт 250 000 төгрөгийг Хаан банкны дансандаа шилжүүлж авсан. 2018 оны 07 дугаар сарын сүүлээр ирээд Тулгын утасруу залгаж би ирсэн машинаа шилжүүлэх үү гэхэд Би Архангай аймагт ах нартайгаа хамт алтны уурхай ажиллуулахаар болсон. 20 000 000 төгрөгөөр алтны уурхайн лиценз худалдаж авч байгаа гэж надад хэлсэн. Алтны уурхайгаа ажиллуулж эхлэнгүүт мөнгийг чинь өгнө. Алт ухах гэхэд түлш байхгүй болчихоод байна. Чи надад нэмээд 1 500 000 төгрөг өгөөч гэхээр нь би итгээд надад байгаа мөнгө нь гээд 700 000 төгрөгийг Тулгын Хаан банкны дансруу шилжүүлсэн. 2018.08.30-ны өдөр А.Т эхнэрээ эмнэлэгт үзүүлэх гэж байна мөнгө байвал өгөөч гэхээр нь өөрт байгаа 30000 төгрөгийг Тулгын Хаан банкны дансруу шилжүүлсэн. Тухайн үед А.Т надад видео бичлэгээр ширээн дээр байгаа мөнгийг харуулчихаад алтаа зарах гээд Монгол банкин дээр явж байхдаа Ховд аймгаас түүдэг хар өнгийн бичил биетэн буюу амрита гэдэг нэртэй жижигхэн амьтан байдгийг мэдээд 30 гаран хүнтэй хамт мөнгө нийлүүлж 200 сая төгрөгөөр худалдаж авчихаад 1 сая доллараар зарчихлаа гэж хэлсэн. Одоо 30 хүн уг мөнгийг хувааж авна гэж хэлсэн. Би хэд хоногийн дараа Тулгын утасруу залгахад найз нь ганцаараа наймаа хийх гэж байгаа олон хоног болохгүй, удахгүй, бид нарын мөнгө дутчихаад байна, дансандаа мөнгө байршуулах ёстой 2 000 000 төгрөгийг зээлээч гээд гуйгаад байсан болохоор хүүхдийнхээ хадгаламжийг банкинд барьцаанд тавиад өөртөө байсан 300 000 төгрөгийг нэмээд А.Тулгын Хаан банкны дансруу шилжүүлсэн. Мөн 2018.09.01 -ний өдөр 130 000 төгрөгийг А.Тулгын Хаан банкны дансанд шилжүүлсэн. А.Тд нийт 8 010 000 төгрөгийг өгөөд залилуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 37-38-р хуудас/

2. Хохирогч  Э.Эийн Хас банкны ? тоот, Хаан банкны ? тоот дансны хуулга. /хх-н 8-9, 18-19-р хуудас/

 

3.  Эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-н 31-р хуудас/

 

4. А.Тулгын Хаан банкны ? тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 84-88,32-р хуудас/ болон А.Т-гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Т нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хороонд иргэн Э.Э-ийг хуурч зохиомол урьдын харилцааны итгэлийг ашиглаж 8 010 000 төгрөг залилж авсан болох нь тогтоогдсон. Үүнийг хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга, А.Тулгын мэдүүлэг дансны хуулга, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг, гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохиролын хувьд 8 010 000 төгрөг гаргуулж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Эийн мэдүүлэг, Э.Эийн Хас банкны ? тоот, Хаан банкны ? тоот дансны хуулга, Эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, А.Тулгын Хаан банкны ? тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Т нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Э.Эийг цалин буухаар мөнгө өгнө, тээврийн хэрэгсэлдээ засвар хийнэ, тээврийн хэрэгсэлээ нэр дээр чинь шилжүүлж өгнө, алтны уурхай ажиллуулах болсон түлш хэрэгтэй, мөнгөний дүрстэй видео бичлэг харуулах, хар өнгийн бичил биетэн 1 сая доллараар зарсан, дансандаа мөнгө байршуулах ёстой гэх зэргээр хуурч мэхлэн 8 010 000 төгрөг авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн Э.Э-ээс 8 010 000 төгрөг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч А.Т-гыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Т-гын үйлдлийн улмаас хохирогч Э.Эт 8 010 000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө. Хэргийг хэрэгсэхгүй болгож, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, хохирлыг хэрхэн төлөх нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлөх арга хэмжээ аваагүй байх тул түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-гыг 6 /зургаан/ сар хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тас 8 010 000 /найман сая арван мянган/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-23-106 тоотод оршин суух Хонгор овогт Энхбаатарын Э.Э -т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС