Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0023

 

1 А.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.Э Шүүгдэгч А.Т Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой, А.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Т-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Улаанбаатар хотод төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй ,  Б овогт А-н Т.

А.Т нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Э.Э-г цалин буухаар мөнгө өгнө, тээврийн хэрэгсэлдээ засвар хийнэ, тээврийн хэрэгслээ нэр дээр чинь шилжүүлж өгнө, алтны уурхай ажиллуулах болсон түлш хэрэгтэй, мөнгөний дүрстэй видео 2 бичлэг харуулах, хар өнгийн бичил биетэн 1 сая доллараар зарсан, дансандаа мөнгө байршуулах ёстой гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 8.010.000 төгрөгийг нь залилсан гэмт хэрэгт холбогджээ

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овогт А-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-г 6 /зургаан/ сар хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-с 8 010 000 /найман сая арван мянган/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух Х овогт Э-н Э-д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т давж заалдах гомдолдоо: “ ... миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн хөдөлмөрөөр төлж барагдуулах гэж шүүх хурлыг хүртэл ар гэр аав ээждээ огт хэлээгүй байсан. Намайг цагдан хоригдсоноос хойш аав ээж ар гэрийнхэн маань хохирлыг барагдуулсан. Хохирол төлбөр төлөгдсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаатай холбогдуулан намайг нийгмээс тусгаарлалгүй ажиллаж хөдөлмөрлөн ар гэр эхнэр 3 хүүхдээ тэжээж өсгөн хүмүүжүүлэн дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр шударгаар хөдөлмөрлөж амьдрахаа амлаж байгааг харгалзан үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иймд надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан 6 сарын хорих ялыг торгуулын ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэжээ.

Хохирогч Э.Э тайлбартаа: “... шийтгэх тогтоолд тогтоогдсон хохирол болох 8.010.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй. Иймд А.Т-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр нийгмээс тусгаарлахгүйгээр цаашид ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ тэжээн тэтгэх амьдралаар хангаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “ ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Т-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч А.Т нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд иргэн Э.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүний урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Э.Э-н мэдүүлэг, А.Т-н яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. А.Т нь хохирогч Э.Э-н мөнгийг залилан авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлэхдээ “... цалин буухаар мөнгө өгнө ... тээврийн хэрэгсэлдээ засвар хийнэ ... тээврийн хэрэгслээ нэр дээр чинь шилжүүлж өгнө ... алтны уурхай ажиллуулах болсон түлш хэрэгтэй ... мөнгөний дүрстэй видео бичлэг харуулах … хар өнгийн бичил биетэн нэг сая доллараар зарсан... дансандаа мөнгө байршуулах ёстой... гэх мэтээр түүнийг хуурч, нийт 8.010.000 төгрөг авсан байна. Шүүгдэгчийн дээрхи гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 4 ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх түүнийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Шүүгдэгч А.Т нь “...намайг нийгмээс тусгаарлалгүй ажиллаж хөдөлмөрлөн ар гэр эхнэр хүүхдээ тэжээж өсгөн хүмүүжүүлэн дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр шударгаар хөдөлмөрлөж амьдрахаа амлаж байгааг харгалзан үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иймд надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан 6 сарын хорих ялыг торгуулын ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хохирогч Э.Э-д хохирол 8.010.000 төгрөгийг төлж барагдуулсан баримтын хамт тус шүүхэд ирүүлжээ. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал /хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн/, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс А.Т-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх боломжтой гэж дүгнэв. Шүүгдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 41 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон /41 х 15.000 – 615.000/ түүнд оногдуулсан 1.000.000 төгрөгнөөс хасч, түүний эдлэх ялыг 385.000 төгрөгөөр тогтоож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар бичлэгтэй 1 ширхэг диск хураагдан ирсэн атал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй” гэсэн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт дээрх эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 6 /зургаан/ сар хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг 5 хэвээр үлдээсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Т-н цагдан хоригдсон 41 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 615.000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасч, үлдэх 385.000 төгрөгөөр торгох ялыг эдлүүлэхээр тогтоосугай. 3. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон 8.010.000 төгрөгийн хохирлыг Э.Э-д төлсөн болохыг дурьдсугай. 4. Шүүгдэгч А.Т-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1- т зааснаар А.Т-г суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар А.Т-д оногдуулсан 385.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Т-д анхааруулсугай. 7. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ