Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 94

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 07-02 тоотод оршин суух, ПЮ51040676 регистрийн дугаартай, Тарвагатай овогт Хандын Гэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 05-25 тоотод оршин суух, ПН75071301 регистрийн дугаартай, Хантайшир овогт Батмөнхийн Амгаланбаярт холбогдох 565,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч А.Ганбат, нэхэмжлэгч Х.Гэрэл, хариуцагч Б.Амгаланбаяр, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амгаланбаяр 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний машиныг зогсож байхад нь мөргөж олон гэмтэл учруулаад 9,000,000 төгрөг төлөөд миний машиныг авахаар тохиролцсон боловч 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирж машинд засвар хийх зардал 1,565,000 төгрөгийг төлөхөөр гэрээ хийсэн. Тэгээд 1,565,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 565,000 төгрөгийг өгөөгүй учир хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Амгаланбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Талын хашааны дөрвөн зам дээр Х.Гэрэлийн машиныг мөргөсөн нь үнэн. Тухайн үед би 5-10 км цагийн хурдтай явсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд Цагдаагийн ажилтан ирж газар дээр нь үзэж, бид нарыг хоорондоо зохицох боломж байгаа юу гэсэн. Х.Гэрэлийн машинд 1 талын их гэрэл хагарсан, мөн гупер, керлон нь хажуу талаасаа үл мэдэгдэх хонхойсон байсан. Тэгээд би Х.Гэрэлд 800,000 төгрөг, сүүлд 200,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг өгсөн. Тэгэхэд Х.Гэрэл нь ямар нэгэн санал, гомдол байхгүй гэж хэлсэн. Х.Гэрэл машиндаа шинээр гэрэл авч тавьсан, харин гупер, керлоныг шинээр авч тавиагүй. Би түүний машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Амгаланбаяр нь бусдад хохирол учруулсан тул 565,000 төгрөгийг төлөх ёстой гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Гэрэл нь хариуцагч Б.Амгаланбаярт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 565,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Б.Амгаланбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад Х.Гэрэлийн өмчлөлийн 60-35 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Х.Гэрэлийн машинд том гэрэл, гупер, керлонд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд /хх-6-7, 24-25/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь “машиндаа засвар хийлгэсний хөлс 565,000 төгрөгийг хариуцагч төлөх ёстой” гэж, хариуцагч нь “би машинд учирсан хохиролд 1,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнд машинд учирсан гэмтэл, засварын төлбөр бүгд багтаж байгаа тул дахин мөнгө өгөхгүй” гэж мэтгэлцлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг заажээ.

Иймд нэхэмжлэгч Х.Гэрэл нь эд хөрөнгөндөө учирсан хохирлоо хариуцагч Б.Амгаланбаяраас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Х.Гэрэл нь өөрийн өмчлөлийн машинд учирсан хохирол болох машины том гэрэл, гупер, керлоныг Улаанбаатар хотын Да хүрээ захаас нийт 650,000 төгрөгөөр худалдан авсан зарлагын баримт /ХХ-4/-ыг хавсаргасан байх ба хавтаст хэргийн 5 дугаар хуудаст авагдсан автомашины кузов, сэв, будгийн засвар үйлчилгээ үзүүлсэн баримтад мөн гупер, гэрэл сольсон, керлон зассан, дотор гажаа гаргасан, керлон, гупер бүтэн будсан үнэлгээ 600,000 төгрөг гэжээ.

Энэхүү баримтыг үндэслэн нэхэмжлэгч Х.Гэрэл нь машины том гэрэл, гупер, керлоныг нийт 650,000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч энэ нь хавтаст хэргийн 5 дугаар хуудаст авагдсан автомашины кузов, сэв, будгийн засвар үйлчилгээ үзүүлсний төлбөр 600,000 төгрөгт давхардан орсон байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын үнэ тодорхойлох комиссын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 205 дугаартай шийдвэр /хх-30/-ээр “corolla” ХОА 60-35 улсын дугаартай автомашины их гэрэл 180,000-220,000 төгрөг, гупер 250,000-300,000 төгрөг, керлон 260,000-280,000 төгрөгийн үнэтэй гэж эд хөрөнгийн үнийг тогтоосныг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, энэхүү комиссын тогтоосон үнийг хариуцагч төлж барагдуулсан байна.

Энэ талаар хариуцагчийн бусдын эд хөрөнгөнд учруулсан хохиролд 1,000,000 төгрөг өгсөн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан тайлбар нь бодит байдалд нийцсэн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэхэд машиндаа засвар хийлгэсэн гэх ямар нотлох баримтыг үндэслэн засварын үнэ 565,000 төгрөгийг нэхэмжилсэн нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Гэрэлийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож, тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагч нь өөрийн учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Амгаланбаяраас гэм хорын хохирол 565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Гэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт нэхэмжлэгч нь ХОҮ 60-35 улсын дугаартай “corolla” маркийн машиныг Улаанбаатар хот руу ачуулсан жолоочийн гэх иргэний үнэмлэхийн хуулбар /хх-8/, машиныг Улаанбаатар хот, Ховд аймаг руу ачиж тээвэрлэсэн гэх баримт /хх-9/, 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн “Иргэд хоорондын аман тохироо” /хх-11/ зэргийг ирүүлсэн ба эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул эдгээр баримтуудыг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Гэрэлийн хариуцагч Б.Амгаланбаяраас 565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧИД                                             Л.ТҮВШИНЖАРГАЛ

                                                                                                Б.МАРИНА