Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00231/И |
Дугаар | 24 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 24
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил Роял гарден хотхон 28-09-01 тоотод оршин суух, ШБ69012962 дугаарын регистртэй, Монгол овогт Цэдэндоржийн Туулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг Жаргалант сумын Рашаант баг 14-01 тоотод оршин суух, ПЛ77032610 дугаарын регистртэй, Жантекей овогт Хананын Маратад холбогдох 6 000 000 төгрөг гаргуулах тухай 153/2016/00229/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагч Х.Марат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Ховд аймагт хүнсний ногоо худалдан борлуулдаг Х.Мараттай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний Хаан банкны 5845258648 тоот харилцах данс руу Ховдын шар төмс худалдан авахаар 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Х.Маратын Улаанбаатар хотруу явуулсан төмс нь чанарын шаардлага хангаагүй ялзарсан муудсан төмс явуулсан учир би хүлээн авалгүй утсаар нь холбогдоход Би муу ногоо явуулжээ. Та намар болтол хүлээвэл би тарьсан ногооноосоо явуулна гэсэн. Тэгээд би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.Мараттай ярих гэсэн боловч утсаа авалгүй өдий хүртэл намайг хохироож явна. Төмс ачиж ирсэн жолооч Н.Отгонжаргал нь надад ууттай зүйл ачуулсан. Би доторхи талыг нь задалж үзээгүй гэж тайлбарласан. Иймд Х.Маратаас төмсний үнэ 6 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Туул нь хариуцагч Х.Мараттай төмс худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд Х.Маратын данс руу 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч Х.Марат нь тохиролцсон ёсоор Улаанбаатар хотруу төмс ачуулсан. Нэхэмжлэгч Ц.Туул нь тухайн төмсийг хүлээж аваад нэг уутыг задалж үзэхэд ямар ч хүний хэрэгцээ хангахааргүй исгэлэн үнэр үнэртсэн, ус гоожсон, муудсан байсан тул төмсийг хүлээн аваагүй. Хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Марат шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Туул бид хоёр олон жил ногоо худалдан борлуулах тал дээр хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны 07 дугаар сарын сүүлээр Ц.Туулд төмс ачуулсан. Хэрвээ машин тэрэг саатаад ямар нэгэн асуудал гарсан бол миний буруу байх байсан. Би намар ногоо явуулъя гэж Ц.Туулд хэлсэн. Гэхдээ тухайн төмс ачсан машин хоёр хоноод гурав дах хоног дээрээ Улаанбаатар хотод очсон. 07 дугаар сарын шинэ ургацын ногоо угаасаа гадна тал нь харлачихдаг, харласан төмс байсан байх. Туул энэ асуудлын талаар надад хэлэхэд би чиний 6 сая төгрөг, миний 8 сая төгрөг нийт 14 сая төгрөгийн бараа байна. Одоо хоёулаа яах бэ? Гэхэд Ц.Туул нь би ийм бараа авахгүй гээд төмс ачиж очсон машиныг Барс захаас шууд хөөгөөд гаргасан. Би эрт ургацын шар төмс ачсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар муудсан төмс ачаагүй. Эрт ургацын шар төмс байсан. Би шаардлага хангасан сайн төмс ачуулсан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Туул нь “худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 6 000 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Туул нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Х.Маратаас Ховдын шар төмс худалдан авахаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар амаар хэлэлцэн тохиролцож, хариуцагч Х.Маратын Хаан банкны 5845258646 тоот данс руу 6 000 000 төгрөг шилжүүлсэн ба хариуцагч Х.Марат нь Улаанбаатар хотруу төмс ачуулсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд гол нөхцлийг тохиролцож, үнийн дүнг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “...биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Х.Марат нь хуульд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба “эрт ургацын төмс байсан тул харласан “ , “мөн намар ногоо явуулъя гэж Ц.Туулд хэлсэн“ гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч тал зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн гэрч Н.Отгонжаргалын “машинд ачсан төмсний талыг Ховд аймгийн Буянт сумын ногооны талбайгаас хөрснөөс нь шууд ачсан учраас муудсан байж магадгүй”, “тухайн ачсан төмс нойтон байсан“, “ууталсан 100-аад шуудай төмс, уутлаагүй хөрснөөс нь ачсан 100 орчим шуудай төмс байсан, хөрснөөс нь шууд ачсан уутлаагүй 100 шуудай төмс муудсан байх магадлалтай“, “ Барс зах дээр би 2 хонож очсон, Барс зах дээр очиж хоноод, өглөө нь төмсийг буулгах гэтэл муудсан байна гэж Ц.Туул хэлсэн “ гэсэн мэдүүлгээр тогтоогдож, хариуцагч Х.Маратын явуулсан Буянт сумын ногооны талбайгаас Н.Отгонжаргалын машинд шууд ууталж ачуулсан 100 орчим шуудай төмсийг нойтон байсан учир замдаа муудаж очсон гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Харин баримтаар Н.Отгонжаргалын машинд ачихдаа ууталсан байсан 100 шуудай төмс нь муудсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчид нь нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтээ ба хавтаст хэргийн 6-13 хуудаст авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маратаас 62950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.Маратаас төмсний үнэ 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгож, нэхэмжлэгч Ц.Туулын нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маратаас 62950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ