Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0819/З |
Дугаар | 221/МА2022/0096 |
Огноо | 2022-02-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2022/0096
Ч.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0801 дүгээр шийдвэрийг Ч.Э-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Э
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/739 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдах хорих байрны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн “Ахмад” цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0801 дүгээр
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Батмаа
Хэргийн индекс: 128/2021/0819/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0801 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1, 280 дугаар зүйлийн 280.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-аас гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/739 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдах хорих байрны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн “Ахмад” цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон“ шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Ч.Э анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”47.1.2-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухай зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.1-д “Сануулах”, 48.1.2-т “Албан тушаал цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.1.3-д “Төрийн албанаас халах”, 48.1.4-д “Төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 48.1.5-д “Хуульд заасан бусад”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална”, 277.1.1-д “Өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн”, 277.1.2-т “Санаатай гэм хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон”, 281 дүгээр зүйлийн 281.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 288.1.1-д “Цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах”, 281.1.2-т “Цол бууруулах” 281.1.3-т “Цол хураан авах”, 281.1.4-т “Албан тушаал бууруулах” гэж тус тус заасан байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 5.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь сахилга, ёс зүйн зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоогдвол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг түүний гаргасан сахилга, ёс зүйн зөрчилд тохируулан ногдуулна”, 5.2-т “Энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн албан хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д заасны дагуу албанаас халах”, 5.3-т “Энэ журмын 5.2-т заасан “Ноцтой зөрчил” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ч.Э миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн нэмэлт тайлбар болон нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрсөн үйлдэл гаргаагүй талаар тайлбарлан, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл эдгээр баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитой харьцуулан үзэж үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтын хэмжээнд шууд үнэлэгдэхгүй, өөр бусад баримтуудаар давхар нотлогдох ёстой. Тодруулбал, А.Н нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “... ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, ажил үүрэг гүйцэтгэхийг үүрэг болгосон. Баривчлах шийтгэл эдлээд ажилдаа орсон цагаасаа эхлэн ажлын байран дээр янз бүрээр дарамт, шахалт үзүүлсэн. Энэ байдал нь одоог хүртэл үргэлжилсэн учир миний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан гомдол гаргасан юм. Цагийн бүртгэлийг хийж байтал албан хаагчийн тарсан цагийг буруу бүртгэсэн гэж ээлжийн даргын өрөөнд дэслэгч С.А-ийн хажууд “Наад ажлаа хийж чадах юм уу, үгүй юм уу, чамайг энд яах гэж суулгаж байгаа юм бэ, дэд ахлагч аа” гэх зэргээр өндөр чанга дуу гарган загнаж дарамталсан” гэх гомдлыг гаргаж тайлбар, мэдүүлэг өгсөн.
Үүнтэй холбоотой миний бие дотоод хяналт шалгалтын явцад “... баривчлах шийтгэл авснаас хойш А.Н-т дарамт, шахалт үзүүлж, мөрдөж мөшгөсөн зүйл байхгүй”, А.Н-ийн гомдолтой холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Илтгэх хуудас”, А.Н-ийн хөтөлсөн цагийн бүртгэ, холбогдох фото зургууд, телекамерын бичлэг, төлөөлөгч, ахмад Б.Н-ын 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А.Н-ээс авсан тайлбар, мөн өдрийн А.Н-ийн өөрөө бичиж өгсөн “Тодорхойлолт” зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.С-д өгсөн боловч хүлээж аваагүй.
Цагийн бүртгэл хийх үүрэг даалгаврыг миний бие өгөөгүй бөгөөд хяналт тавьж ажиллах л үүрэгтэй. Дээрх үүрэг даалгаврыг газрын дарга, хурандаа Б.М өгсөн тул дээрх тушаал, шийдвэрийг тодруулж, холбогдох хүмүүсээс тайлбар авна уу гэсэн боловч үүнийг шалгаж тодруулаагүй.
Мөн А.Н “мөрдөж мөшгөсөн” гэх асуудалтай холбоотой миний бие “... наадмын хүчлэн хамгаалалтын тушаал гарсан бөгөөд тухайн өдөр дэд ахлагч А.Н нь нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байхдаа өдөр цайны цагийн үеэр гадуур буюу Алтанбулаг боомтын чөлөөт бүсэд явж байхыг би харсан, ... тэр үед би ганцаараа биш гэр бүлийн хүн Ө.Н, мөн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч М.Ж, Л.Б нартай хамт явж байсан бөгөөд мөрдөж мөшгөсөн зүйл байхгүй” гэсэн тайлбар, мэдүүлэг өгч “... дээрх нөхцөл байдлыг тодруулахаар хамт явж байсан хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авна уу” гэсэн. Үүний дагуу М.Ж, Л.Б нараас мэдүүлэг, тайлбар авсан гэх боловч энэ талаарх бармтыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй.
Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны явцад “Мөрдөж мөшгөсөн” гэх асуудалтай холбоотой дотоод хяналт шалгалтын үед Ч.Э, Ө.Н, М.Ж, Л.Б нарын өөрсдөө бичиж өгсөн тодорхойлолт, тайлбарыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Гэтэл уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн. Эдгээр баримтууд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.
Мөн албаны шалгалтыг явуулахдаа шалгагч нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод хяналт шалгалт явуулах журам”-ын 4.4-д “Тодорхой асуудлаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах зорилгоор хяналт шалгалт хийхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, мөн журмын 11.1.2-т “Хяналт шалгалтын ажлын явцад шаардлагатай баримт бичиг, холбогдох асуудлаар тайлбар тодорхойлолт гаргуулах авах, танилцах, судалгаа шинжилгээ хийх ...”, 11.1.5-д “Шалгалтын удирдамж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг нэг бүрчлэн үнэн зөв, бодитой үзэж, баримт материалд тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэж заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэлгүй, шалгуулагч этгээдэд олгосон 11.3.2-т “Өөрт ашигтай тайлбар, баримт материал гаргаж өгөх”, 11.3.3-д “Баримт материал шалгуулах хүсэлт тавих”, 11.3.4-д “Шалгалтын дүн, оногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх гомдлоо дээд шатны байгууллагад гаргах” 11.3.5-д “Шалгагчтай болон ажлын хэсгийн ахлагчтай уулзах, санал, хүсэлт гаргах” эрхийг эдлүүлээгүй, дотоод албаны шалгалтыг бүрэн гүйцэт явуулж, аж холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоолгүй, холбогдох баримтуудыг дутуу цуглуулж, “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэх хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй, “Ноцтой зөрчил” гаргасан болох нь тогтоогдоогүй байхад 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай дотоод албан бичгийг Захиргааны удирдлагын газрын даргад хүргүүлж, улмаар намайг албанаас халсан байдаг. Үүний улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/739 дүгээр тушаалаар “Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга, ахмад Ч.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалаар 15 хоногийн хугацаагаар баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл авагдсан нь албаны шалгалтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр албан тушаалаас халсан байна.
3. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ЗШ/87 дугаар шийтгэврээр дэд ахлагч А.Н-т ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хуулийн 6.26 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Э-д 30 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байх бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалаар уг шийтгэврээр ногдуулсан баривчлах шийтгэлийн хугацааг 15 хоног болгож өөрчилжээ.
4. Ч.Э нь дээрх шийтгэлийг эдэлж дуусаад албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа тус газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч А.Н-г дахин хэл амаар доромжилж ажлын байрны дарамт үзүүлсэн нь албаны хяналт шалгалт явуулсан материалаар тогтоогдсон талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээргүй байна.
5. Ч.Э-ын эдгээр үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: ...37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ... 39.1.4.Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1-д “Албан хаагч нь дараах сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллана: 2.1.13 Төрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 2.2-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх шатны удирдах албан хаагч дараахь зарчмыг баримтлан ажиллана: 2.2.2 Байгууллагын хэмжээнд эвсэг байдал, зөв боловсон харилцах, соёлч харилцааг хэвшүүлэх, албан хаагчидтай зөв харилцаж аливаа дарамт, шахалт үзүүлэхгүй, ялгаварлахгүй байх, 2.2.3 Удирдах албан тушаалтан нь албан хаагчдын санал, шүүмжлэлийг хүлээн авч, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх, санал, шүүмжлэл гаргасантай нь холбогдуулан хавчин гадуурхах, тэгш бус хандахгүй байх” гэж тус тус заасныг “ноцтой” зөрчсөн зөрчил гэж үзэхээр байх тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
6. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх хуралдаанд сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаагүй талаар тайлбарлан, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримтуудыг шүүх тал бүрээс нь бодитой харьцуулан үзэж үнэлээгүй. “... А.Н-т дарамт, шахалт үзүүлж, мөрдөн мөшгөсөн зүйл байхгүй, дахин зөрчил гаргаагүй” гэжээ.
7. Ч.Э нь Цагдан хорих байрны даргаар ажилладаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтан атлаа өөрийн удирдлагад ажилладаг эмэгтэй ажилтанд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, шүүхээр шийтгүүлсэн зөрчил нь төрийн алба хаагчийн ёс зүйн “ноцтой” зөрчилд хамаарах тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална: 277.1.1. Өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэж заасныг баримталж “халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд нь тохироогүй гэж үзэх үндэслэлгүй байна.
8. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 5.3-т заасан “ноцтой” зөрчил гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх”-ээр заасанд хамааруулж, Ч.Э-ыг ёс зүйн хэм хэмжээг 2 удаа зөрчсөн гэж арга хэмжээ аваагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ