| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1329/Э |
| Дугаар | 1379 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 1379
2020.07.28 2020/ШЦТ/1379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Бямбадагва,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,
шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1902 00495 0018 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.Э, 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 25а байрны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Ц, 1977 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 96 байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч Ч.Э нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн төрсөн эх Б.Баттөмөрийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Горхи газар” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглаж, 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд иргэн Б.Отгонцэнгэл, Б.Алтанцэцэг, А.Халиунаа, Б.Номин-Эрдэнэ, Ч.Эрдэнэцэцэг, Б.Өнөржаргал, Ш.Чулуун-Эрдэнэ, Б.Хашбат нарыг “Горхи газар” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж нийт 51.911.738 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас авч, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан завшсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Ц нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч магадлагч эмчээр ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Б.Отгончимэгийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Мэргэнболд” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Т.Болор-Эрдэнэ, Б.Отгончимэг, О.Адъяадорж, А.Халиунаа, З.Ариунтуяа, Б.Отгонцэнгэл, Б.Мөнх-Од нарыг “Мэргэнболд” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж нийт 75.233.158 төгрөг авч, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Ц нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажилллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Цаашид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.
Шүүгдэгч Б.Ц нь хохирол төлбөрийг төлөх талаар 1 цагийн хугацаатай завсарлага авч 5 сая төгрөгийг нөхөн төлсөн болно.
Шүүгдэгч Ч.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажилллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би ажил хийж байгаа тул хохирол төлбөрийг төлж барагдуулна. Цаашид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.
Шүүгдэгч Ч.Э нь хохирол төлбөрийг төлөх талаар 1 цагийн хугацаатай завсарлага авч 10 сая төгрөгийг нөхөн төлсөн болно.
Хохирогчийн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нийгмийн даатгалын хэлтсүүдэд хяналтын шалгалтын алба гэж байдаг, тухайн алба нь тогтоогдож байгаа тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын сангаас гарч байгаа зарлагад тогтмол хяналт шалгалт хийж байдаг, мөн Нийслэлийн нийгмийн даатгалын газарт хяналт шалгалтын хэлтэс гэж байгаа, энэ хэлтэс нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байдаг, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хяналт шалгалт үнэлгээний газар гэж тусдаа байдаг, тус газар нь мөн адил төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийдэг....” гэх мэдүүлэг /8хх-ийн 78-82/,
Гэрч Ж.Ариунтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би “Горхи газар”, “Мэргэнболд” ХХК-иудын талаар мэднэ. Би 2018 оны 04 дүгээр сараас энэ байгууллагуудыг хариуцсан байцаагчаар ажиллаж байна. ... Би нийт 700 аж ахуйн нэгж хариуцдаг. “Горхи газар” ХХК-ийн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ч.Э өгдөг, “Мэргэнболд” ХХК-ийн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Б.Ц өгдөг байсан....тухайн 2 байцаагч тэтгэмжийн зөрчилтэй юм шиг байна гэж хэлсэн. Түүний дагуу би Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Б.Ц, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ч.Э нарт хяналтын байцаагч дуудсан. “Мэргэнболд”, “Горхи газар” ХХК тэтгэмжийн зөрчилтэй байгаа талаар мэдэгдсэн...“ гэх мэдүүлэг /6хх-ийн 163-165/,
Гэрч З.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 1 хүүхэдтэй 2016 онд төрж байсан. Өөрөөр төрж байсан тохиолдол байхгүй. Би тухайн “Мэргэн болд” ХХК-д ажиллаж байсан удаа байхгүй. Нийгмийн даатгалын жирэмсний амаржсаны тэтгэмж нэг удаа буюу 2016 онд Б.Ц эгчээр дамжуулж төрөхдөө авч байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 245/,
Гэрч А.Халиунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 3 хүүхэдтэй. 2011, 2017, 2019 онуудад төрж байсан....Би тухайн “Мэргэн болд”, “Горхи газар” ХХК-иудад ажиллаж байгаагүй. Нийгмийн даатгалын жирэмсний амаржсаны тэтгэмж 1 удаа буюу 2017 онд Б.Ц эгчээр дамжуулж төрөхдөө авч байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 247/,
Гэрч Г.Чанцалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нярав Оюунчимэгээр жирэмсэн, амаржсаны эмнэлгийн хуудас авахуулаад буруу тамгалсны улмаас торгуулийн мөнгө 27,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкинд тушааж буруу тамгалсан эмнэлгийн хуудсуудаа Баянзүрх дүүргийн лист хариуцсан хүнд өгч байсан. Надаар гар өргөдөл бичүүлж авч байсан. Түүнээс биш би хэн нэгэнд хуурамч эмнэлгийн хуудас олгож байгаагүй...” гэх мэдүүлэг /7хх-ийн 249/,
Гэрч Н.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...”Мэргэнболд” ХХК нь 11,8 сая төгрөгийн шимтгэлийн өртэй, нийт 75,233,158 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын сангаас авсан байсан. “Горхи газар” ХХК нь 13,1 сая төгрөгийн шимтгэлийн өртэй, нийт 51,911,738 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын сангаас авсан байсан... Жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх нь жирэмсний өмнөх 6 сар нь тасралтгүй шимтгэл төлсөн байх ёстой. Тухайн үед “Мэргэн болд”, “Горхи газар” ХХК-иудыг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоогоогүй байсан учраас энэ байгууллагад ажиллаж байгаа ажилчдад хуулийн дагуу тэтгэмж олгогдох нь зөв байсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 1-3/,
Гэрч Ш.Чулуун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Горхи газар” гэсэн компанид ажиллаж байгаагүй....миний бие 1980-1990 он хүртэл улсад ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэртэй байсан. Түүнээс хойш 2017 оноос эхлэн Ханбогд хурд компанид ажиллаж байхдаа нийгмийн даатгал, татварын компани дээрээсээ цалингаасаа суутгаж төлөгдөж байгаа...” гэх мэдүүлэг /8хх-ийн 96/,
Гэрч Б.Хашбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2004-2008 онд Аврага дээд сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн, сургуулиа төгсөөд хувиараа Үндэсний бөхөөр хичээллэж байгаад, 2011-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин, түрүүч цолтойгоор бэлтгэл хийж байгаад гарсан, тэндээс цалин авдаг байсан учраас Нийгмийн даатгал төлж байсан, түүнээс хойш мөн адил хувиараа Үндэсний бөхөөр бэлтгэл хийж байгаа. Би дээрх хэсэгт мэдүүлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчнаар 2011-2016 онд ажиллаж байсан, би өөр хувийн байгууллагад ажиллаж байгаагүй, би хувиараа өөрөө Нийгмийн даатгал төлж байгаагүй, би Нийгмийн даатгалын газраас ямар нэгэн тэтгэмж авч байгаагүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 95/,
Гэрч Ш.Чулуун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Горхи газар” гэсэн нэртэй компанид ажиллаж байгаагүй, хувийн компанид ажиллаж байгаагүй....” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 96/,
Гэрч Ч.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сард МУИС-ийг био технологич мэргэжлээр төгссөн, одоогоор хийж байгаа ажил байхгүй. Урьд нь төрж амаржиж байгаагүй. Мөн “Горхи газар” нэртэй компаний талаар мэдэхгүй, уг компанид ажиллаж байгаагүй. Нийгмийн даатгалын газраас тэтгэмж авч байгаагүй. Би Аз их хүлэг ХХК-д /Ариг цэвэр усны үйлдвэрт/ 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл технологичоор ажиллаж байсан, тэнд ажиллаж байхдаа Нийгмийн даатгал төлөөгүй, мөн хувиараа Нийгмийн даатгал төлж байгаагүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 97/,
Гэрч Б.Отгончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2006-2011 он хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байсан, 2011-2013 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Түүнээс хойш ажил хийхгүй байж байгаад 2016 онд “Мэргэнболд” ХХК-ийг бусдаас “Оюутолгой” ХХК-д үйлчилгээ явуулахаар тендерт орох зорилгоор худалдан авсан, тэр компани дээрээ нийгмийн даатгал төлөөд явж байсан, тэгтэл Оюутолгойгоос орон нутгийн компани авна гээд намайг аваагүй, тэгээд би 2016 оны 07 дугаар сараас эхлэн компани дээрээсээ ажилгүйдлын тэтгэмжийг авсан, түүнээс хойш уг компанийг ашиглаагүй, эгч Цд өгсөн. Миний санаж байгаагаар “Мэргэнболд” ХХК-д 2016 онд байхаа есөн сар нийгмийн даатгалыг төлж байсан, гэхдээ хэдэн төгрөг төлж байснаа санахгүй байна. Мөн 2016 онд “Мэргэнболд” ХХК-д өөрөө Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад, тэндээсээ ажилгүйдлын тэтгэмж авсан, 2018 оны 03 дугаар сард жирэмсэн болоод, гурван сартай болж байтал хүүхэд маань өсөлтгүй болоод, БЗД-ийн “Амгалан” амаржих газарт цэвэрлэгээ хийлгэсэн, энэ үед ямар нэгэн тэтгэмж аваагүй, гэхдээ тэр үед хувиараа нийгмийн даатгал төлдөг байсан, тэгээд Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 98-99/,
Гэрч Я.Баяржавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Баянзүрх эрүүл мэндийн төв Поликлиникийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд үйлчлүүлэгчийн өвчний карт, эсвэл жирэмсний хяналтын карт, дүн бүртгэлийн бага эмч эмнэлгийн хуудас бичиж бөглөөд, эмчлэгч эмч гарын үсэг зурсан байдаг. Өвчний карт, мөн жирэмсний хяналтын картыг үзэн танилцан хянаад баталгаажуулан гарын үсэг зурдаг байсан. Манай эмнэлгийн дүн бүртгэлийн бага эмч дээр Нийгмийн даатгалын газраас авсан “эмнэлгийн хуудас”-н бүртгэл судалгаа байдаг байсан. Эмнэлгийн хуудас чинь өөрөө кодтой, хэн гэдэг хүнд өгсөн, хэн гэж эмч үзсэн, ямар оношоор олгогдсон зэрэг нь бүртгэлтэй байдаг.Намайг даргаар ажиллаж байх хугацаанд хэн нэгэн албан тушаалтан эмнэлгийн хуудас дээр баталгаажуулан гарын үсэг зурах, эсвэл бичвэргүй эмнэлгийн хуудас гуйн орж ирж байгүй. Харин эмнэлгийн хуудас дээр он сар буруу тавьсан, тоо үсэг засагдахаар байвал тухайн эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалд хураалган тооцоо хийдэг байсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 101-102/,
Гэрч Г.Чанцалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай эмнэлэг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс эмнэлгийн хуудас авахдаа банкинд нэг ширхгийг 300 төгрөг төлж авдаг, нэг удаа авахдаа ойролцоогоор 10-20 лист /эмнэлгийн хуудас/, жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудсыг олгохдоо өрхийн эмчид хянуулж байсан эрүүл жирэмсэн иргэнд хууль журмын дагуу хоногийг тооцож /төрөхийн өмнө 60, төрсний дараа 60 хоног/ олгодог байсан. Олгохдоо дүн бүртгэл хариуцсан эмч Сэлэнгэсайхан эмнэлгийн хуудас бичээд, тусгай гар журнал дээр бүртгээд, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлийг компьютерт бүртгэн даргаар батлуулан, дараагийн эмнэлгийн хуудас авдаг байсан. Хэрвээ эмнэлгийн хуудсыг бичих явцдаа ямар нэгэн бичвэрийн алдаа гаргасан тохиолдолд үнийг 3 нугалж төлөөд, хүчингүй болсон эмнэлгийн хуудсыг хамтад тушаадаг байсан. Эмнэлгийн хуудастай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн мөрдөгч Давхарбаяр дээр ирж уулзаж байсан, миний бие 2017 оны 07-р сард амрах гээд Нийгмийн даатгалын хэлтсээс 2 ширхэг эмнэлгийн хуудас аваад, намайг орлож ажиллах эмч Сэлэнгэсайхэн эмчид үлдээхээр гарын үсэг зурж тамга дарахдаа “эмнэлгийн хуудасны” ажил олгогч хэсэгт тамга дарж алдаа гаргасан тул өөрийн биеэр Нийгмийн даатгалын хэлтэст очиж, Улаанбаатар банкинд эмнэлгийн хуудсыг 3 нугалж төлөөд, хүчингүй болсон эмнэлгийн хуудсыг буцааж тушаасан, мөрдөгч Давхарбаяр дээр миний буруу бичсэн эмнэлгийн хуудас байсан, түүн дээр манай эмч Д.Жаргалын нэрийг дурайлган бичсэн байсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 103-104/,
Гэрч Ч.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай эмнэлэг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эмнэлгийн хуудас бичсэн хүмүүсийн тайлан өгч, буцаан шинээр эмнэлгийн хуудас авдаг, 2019 оноос өмнө манай эмнэлэг буруу бичигдсэн, засвар ихтэй эмнэлгийн хуудсыг өөрсдөө устгаж, шинээр эмнэлгийн хуудас авдаг байсан. Харин 2019 оноос хойш Нийгмийн даатгалд буцаан өгдөг байсан. Жирэмсний, амаржсаны эмнэлгийн хуудсыг олгохдоо жирэмсний хяналтын карт, хяналтад байгаа эмчийн зөвшөөрөл, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг үндэслэн төрөхийн өмнөх эмнэлгийн хуудас олгодог. Төрөх газрын тэмдэглэлтэй солилцох хуудсыг үндэслэж төрсний дараах 60 хоногийн эмнэлгийн хуудсыг олгодог. Манай эмнэлгийн дүн бүртгэлийн бага эмч Б.Алимаагийн ажлын компьютерт эмнэлгийн хуудасны код, мөн жирэмсэн /төрсөн/ эхийн овог нэр, регистрийн дугаар, хаяг, Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, жирэмсний хугацаа, онош, хяналтын эмчийн нэр, олгосон он сар өдөр зэргийг бүртгэн авч хадгалдаг, Нийгмийн даатгалын ерөнхий газраас саяхан магадлагч эмч Гансүх ирсэн, манай бүртгэлтэй танилцсан, түүний асуусан хүн лист аваагүй байсан, мөн манайд Ц.Алимаа гэж эмч ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 105-106/,
Гэрч Ж.Хуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Намайг 2010-2016 онд Баянзүрх эрүүл мэндийн төвийн 2-р амбулаторын эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд дүн бүртгэлийн бага эмч дээр жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас бүртгэгдэж, хянагдаж явагдаж байсан. Тухайн үед эмнэлгийн хуудас дээр бага эмч бичилтийг хийж, эмчлэгч эмч зөвшөөрлийг өгч гарын үсэг зураад, дараа нь надаар баталгаажуулан гарын үсэг зуруулдаг байсан, Карт дээр ажиллах асуудлыг эмчлэгч эмч хариуцдаг байсан. Нийгмийн даатгал дээрээс эмнэлгийн хуудас авах асуудлыг бага эмч хариуцаж ажилладаг байсан, Тэр үед бага эмч Цэнджав гэж эмч байсан. Мөн эмнэлгийн хуудас дээр буруу бичилт, он сар өдөр, балалсан байвал Нийгмийн даатгалд буцаан өгдөг байсан, миний хувьд хуурамч эмнэлгийн хуудаст хийх, бусдад туслаж туслалцаа үзүүлэх ажил хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 107-108/,
Гэрч Б.Дөлгөөнхэрлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Баянзүрх эрүүл мэндийн төвийн төвд эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байх хугацаандаа эрсдэлтэй жирэмсэн эмэгтэй хүнийг өөрийн хяналтад авахдаа бүх үзлэг шинжилгээг бүрдүүлэн жирэмсний хяналтад авдаг, Эрүүл мэндийн сайдын 338 тоот тушаалын дагуу жирэмсэн эмэгтэй хүнийг хянаж, 16, 20, 28, 32, 36, 38,40 неделийн хугацаанд хянаж, 31-ээс 32 долоо хоногтой жирэмсний өмнөх амралтыг олгодог. Олгохдоо Нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийг эх хувиар авчруулан, Нийгмийн даатгалын хуулиар 1 жил тасралтгүй нийгмийн даатгал бөглөсөн энэ байдал нь 32 долоо хоногтой жирэмсэн байх юм бол эрх үүссэн гэж үзэж олгодог, мөн урд нь ажиллаж байгаад дундаас тасалдаад сүүлийн 6-н сар бөглөгдсөн байвал эрх үүссэн гэж үзэн 32 долоо хоногтой олгодог. Жирэмсний карт дээр амралт олголтын он сар бичиж, гарын үсэг зурдаг. Тэгээд дүн бүртгэгч бага эмч руу явуулдаг, Дүн бүртгэгч эмнэлгийн хуудсыг бөглөж, эргэн над руу явуулж гарын үсэг зуруулдаг. Дараа нь тухайн эмнэлгийн эрхлэгч гарын үсэг зураад, иргэнд өгч явуулдаг. Б.Отгончимэг гэх хүний төрөхийн өмнөх эмнэлгийн хуудас дээр би гарын үсэг зурсан, төрсний дараах дээр манай эмнэлгийн Найдан эмч орлон зурсан байна. Б.Отгонцэнгэл дээр жирэмсний, төрсний дээр би өөрөө зурсан байна, Т.Болор-Эрдэний төрсний дараах дээр Уран эмч намайг орлон зурсан байна...” гэх мэдүүлэг /8хх-ийн 109-110/,
Шинжээч Д.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Мэргэнболд” ХХК нь 1995 оны 01 дүгээр сарын 01-наас 2018 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухайн хууль болон Нийгмийн даатгалын хуулийн дагуу шимтгэлийн тайлан өгсөн байна. Энэ хугацаанд 45 сая төгрөгийн авлага үүсгэн 33,1 сая төгрөг төлж, 11,8 сая төгрөгийн өртэй байна. ... Миний хувьд “Мэргэнболд” ХХК-ийн нэрээр нийгмийн даатгалын сангаас жирэмсэн амаржсаны тэтгэмж, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг авсан нийт 7 хүний 27-н удаагийн эмнэлгийн хуудасны бичилт олголтын үндэслэл шалгасан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 114-116/,
Шинжээч Ц.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын, нийслэлийн нийгмийн даатгалын газрын мэргэжилтэн, эмч нарын нийлсэн 5 албан хаагч уг хэрэгт шинжээчээр оролцов, бид шинжээчийн дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. “Горхи газар” ХХК нь Нийгмийн даатгалын газарт бүртгүүлж шимтгэл төлж явснаасаа хойш /2015 оны 07-р сард бүртгүүлээд, 2018 онд/ шимтгэлийг бага багаар төлж, үүссэн шимтгэлийг бүрэн төлөхгүй 13-н сая төгрөгийн өр үүсгэсэн байсан...Миний хувьд “Горхи газар” ХХК-ийн нэрээр нийгмийн даатгалын сангаас жирэмсэн амаржсаны тэтгэмж, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авсан нийт 7 хүний 21-н удаагийн эмнэлгийн хуудасны бичилт олголтын үндэслэл шалгасан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 116-118/,
Гэрч О.Адъяадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 2008 онд 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсролтой болсон, 2009-2010 онд Улаанбаатар хот 05 дугаар цэргийн ангид алба хаасан, 2010-2012 он хүртэл Төв аймгийн Баянцогт суманд байрлах гахайн ферм-д ажиллуулдаг Зургаан хошуу ХХК-д гахай малладаг байсан. 2013-2016 оны 06 дугаар сар хүртэл Эко ватор ХХК-д өрмийн туслах, өрөмчин зэрэг ажлыг хийж байсан. Тэгээд ажилгүй хувиараа хөдөлмөр эрхлэж байгаад, саяхан 2019 оны 10-р сараас эхлэн Ханбогд хурд ХХК-д суудлын автомашины жолоочоор ажиллаж байна. Би 2016 оны дундуур байхаа ажлаасаа гарчихсан байсан, тэгээд Солонгос Улс руу явах гээд хувиараа Нийгмийн даатгалын шимтгэл төлж явж байсан. Тэр үед найдвартай Солонгос улс руу гарах гээд Нийгмийн даатгалын шимтгэлийг компани дээрээс төлөх шаардлагатай болоод, манай эхнэр Халиунаа нь л танил хүн болох Цтай ярьж байгаад л миний шимтгэлийг компани дээрээс өндөрөөр төлүүлсэн, ойролцоогоор 3-н сар төлсөн, сард ойролцоогоор 200,000 мянган төгрөг төлсөн байхаа, тэгээд Солонгос Улс руу гарах гээд виз мэдүүлсэн, тэгтэл миний виз гараагүй, тэгээд ажилгүйдлийн тэтгэмжид 2 сая төгрөг авсан, миний санаж байгаагаар би Эко ватор ХХК-иас л тэтгэмжийг авсан байхаа, эсвэл 3 сар өндөрөөр төлсөн компани дээрээс ч тэтгэмжийг авсан байж магадгүй санахгүй байна.Би ажилгүйдлийн тэтгэмжийг авахдаа ямар материал бүрүүлснээ санахгүй байна, хэдэн жилийн өмнө болсон үйл явдал учраас санахгүй байна. Би ямар нэгэн байдлаар өөр тэтгэмжийг Нийгмийн даатгалын газраас, мөн өөр компани дээрээс аваагүй...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 124-125/,
Гэрч Б.Номин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Мастер дизайнд ажиллаж байгаад 2015 оны 08-р сард төрсөн, уг компанид ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, тэгээд жирэмсэн болоод 1 сая гаруй төгрөгийн тэтгэмж авсан, амаржсаны дараа 09-р сард байхаа 1 сая гаруй төгрөг авсан, тэр үед өөрөө материал бүрдүүлэн тэтгэмж авсан, тэтгэмж авахдаа эмнэлгийн хуудас, байгууллагаас мөнгө бодсон бичгийг нягтлан өгсөн, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгсөн. 2017 онд миний нийгмийн даатгал тасрах гээд байхаар нь танил эгч Э эгчээс гар утсаар залган зөвлөгөө авч, туслалцаа хүсэхэд, тэрээр надад байгууллагын татварын төлөөд, мөн нийгмийн даатгал төлөөд явж байвал болно гэсэн, тэгээд намайг “Горхи газар” ХХК-ийн нэр дээрээс Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын данс руу сар бүр шимтгэл төлж бай гэж хэлсэн, тэгээд би 2017 оны дундуур байхаа Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын данс руу сард 200 гаруй мянган төгрөг төлдөг байсан, өөр мөнгө тушаадаггүй байсан, би ойролцоогоор 1 жил 10 сар шимтгэл төлсөн. Тэгээд 2019 онд жирэмсэн болоод, жирэмсний тэтгэмж 3,2 сая төгрөг авсан, 2019 оны 04 дүгээр сард амаржаад тэтгэмж авах гэтэл Э эгч боломжгүй гэж надад хэлсэн, тэгээд би тэр тэтгэмжийг аваагүй. Би жирэмсэн болсон тэтгэмжийг авахдаа ямар нэгэн материалыг бүрдүүлээгүй, харин Э эгч надад бүрдүүлж өгсөн байж магадгүй. Би өөр ямар нэгэн тэтгэмжийг аваагүй...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 126-127/,
Гэрч А.Халиунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2017 онд жирэмсэн болоод, Ц эгчийн зөвлөснөөр сайн дураар нийгмийн даатгалын тэтгэмж төлж байсан, Ц эгч тэгээд нэг компани дээрээс өндөрөөр намайг төлүүлсэн, тэгээд төрөхдөө 2,5 сая төгрөг, төрсний дараа 3 сая төгрөгийн тэтгэмж авсан. Тэр үед миний санаж байгаагаар эмчийн хяналтанд байсан дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгч байсан. Харин 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрөхдөө нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлж байгаад, жирэмсэн байхдаа 3 сая, төрөхдөө 3 сая төгрөг авсан, харин энэ тэтгэмжийг авахад Ц эгч нөлөөлөөгүй, би өөрөө өндрөөр буюу сард 320,000 төгрөг өгч байгаад тэтгэмжийг авсан. Мөн миний санаж байгаагаар “Эко вотар” ХХК-иас 2015 оны сүүлээр ажлаас халагдаад, ажилгүйдлийн тэтгэмж авсан, ойролцоогоор 2 сая гаруй төгрөг авсан, би өөр тэтгэмж авч байгаагүй, ажилгүйдлийн тэтгэмж авахдаа ямар материал бүрдүүлснээ үнэхээр санахгүй байна...” гэх мэдүүлэг /8хх-ийн 128-129/,
Гэрч Б.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Сонгино хайрхан дүүргийн 105 дугаар сургуулийг 2005 онд 10-р анги төгсөж бүрэнд боловсролтой болсон. Миний санаж байгаагаар 2007-2009 онд Сонгино хайрхан дүүргийн 118-р цэцэрлэгт туслах багшаар, тэндээсээ гараад 2009-2009 онд 100-н айлын барилгын материалд нярав, 2012 онд анхны охин Л.Содгэрэлийг төрүүлсэн, 2014 онд хүү Л.Мөрөнг төрүүлсэн, 2018-2019 онд Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан, 2019 онд бага охин Л.Тодгэрэлийг төрүүлсэн. Би бага охин Л.Тодгэрэлийг төрүүлэхдээ л анх жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалаас авсан. Би цэцэрлэгээсээ гарчихсан байсан тул хувиараа нийгмийн даатгал төлөөд тэтгэмж авъя гэж бодсон, хувиараа төлөхөөр 70 хувийн тэтгэмж авдаг, компани дээрээс 100 хувийн тэтгэмж авдаг гэдгийг мэдээд, манай нөхөр Лхагвасүрэнгийн дүү Энхтуяагаар дамжуулан Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалаас тэтгэмж авсан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 132-133/,
Яллагдагч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний санаж байгаагаар анх 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл Нийгмийн даатгалаас жирэмсэн амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжийг хуурамчаар материал бүрдүүлэн өөрөөр хэлбэл хүчингүй болсон эмнэлгийн хуудсыг ашиглан өөрийн төрсөн дүү Ч.Эрдэнэцэцэг, үеэл Алтанцэцэг, өөрийн аав Чулуун-Эрдэнэ, танил дүү Номин-Эрдэнэ нарын нэрээр 25.100.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 78/,
Яллагдагч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2016, 2017, 2018 онуудад Мэргэнболд ХХК дээр өөрийн төрсөн дүү Б.Отгончимэг, Б.Отгонцэнгэл, хамаатны дүү З.Ариунтуяа нарыг төрсөн гэж хуурамч бичиг баримтыг бүрдүүлэн Нийгмийн даатгалаас жирэмсэн амаржсаны мөнгийг авсан. Мөн зарим хүмүүс нь буюу танил дүү Мөнх-Од, Халиунаа нарын жирэмсэн амаржсаны тэтгэмж нь хууль ёсоор авах тэтгэмж авсан байгаа. Харин Болор-Эрдэнэ гэж хүнийг санахгүй байгаа. 2016 онд хөдөлмөрийн чадвар түр алдсан буюу өвчтэй байх хугацааны тэтгэмжийг төрсөн дүү Б.Отгончимэг, Б.Отгонцэнгэл, танил дүү Халиунаагийн нөхөр Адъяадорж нар тэтгэмж авсан. Миний тооцоолсноор 40.000.000 гаруй төгрөгийн Нийгмийн даатгалаас жирэмсэн амаржсаны мөнгийг хуурамчаар материал бүрдүүлсэн авсан. Мэргэн болд ХХК-ийг 2016 оны 02 дугаар сард үл таних хүнээс 200.000-300.000 төгрөгөөр авсан, гэхдээ уг компанийг худалдан авсан зорилго нь Оюутолгой ХХК-д бичиг хэргийн тендер орох гэж авсан. Тэгсэн чинь тухайн үедээ Оюутолгой ХХК нь орон нутгийн компанийг авна гээд хасагдсан. Тэгээд зүгээр байлгаж байхаас гээд 2 төрсөн дүү Отгончимэг, Отгонцэнгэл нарын нийгмийн даатгалыг төлөөд л явж байсан. Хуурамчаар 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 08 дугаар сард хүртэл материал бүрдүүлсэн авсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 83-84/,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: “Мэргэнболд” ХХК-ний шимтгэлийн тайланд тусгагдсан иргэн О.Адъяадорж, З.Ариунтуяа, Т.Болор-Эрдэнэ, Б.Мөнх-Од, Б.Отгонцэнгэл, Б.Отгончимэг, А.Халиунаа нар нь 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж 61.526.180 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 3.726.605 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 9.980.373 төгрөг, нийт 75.233.158 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас тооцуулж авсан байдлыг доор хүснэгтээр харуулав...”,
“Горхи газар ХХК-ний шимтгэлийн тайланд тусгагдсан иргэн Б.Алтанцэцэг, Б.Номин-Эрдэнэ, Б.Отгонцэнгэл, Б.Өнөржаргал, А.Халиунаа, Ш.Чулуун-Эрдэнэ, Ч.Эрдэнэцэцэг, Б.Хашбат нар нь 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж 35.970.845 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 8 908 469 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 7.032.424 нийт 51.911.738 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас тооцуулж авсан байдлыг дараах хүснэгтээр харууллаа...” гэсэн дүгнэлт /8хх-ийн 136, 9хх-ийн 33 хуудас/,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт: “Горхи газар” ХХК-ийн нэр дээрээс Б.Өнөржаргал, Б.Номин-Эрдэнэ, А.Халиунаа, Б.Отгонцэнгэл нар 17.680.589 төгрөгийн жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг авсан. “Мэргэнболд” ХХК-ийн нэр дээрээс Б.Мөнх-Од нь 4.944.860 төгрөгийн жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг авсан..” гэсэн дүгнэлт /9хх-ийн 34-47 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /7хх-ийн 196, 226/, шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /9хх-ийн 133, 132/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Э нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн төрсөн эх Б.Баттөмөрийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Горхи газар” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглаж, 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд иргэн Б.Отгонцэнгэл, Б.Алтанцэцэг, А.Халиунаа, Б.Номин-Эрдэнэ, Ч.Эрдэнэцэцэг, Б.Өнөржаргал, Ш.Чулуун-Эрдэнэ, Б.Хашбат нарыг “Горхи газар” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж нийт 51.911.738 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас авч, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан завшсан болох нь
Гэрч Ж.Ариунтунгалагийн: “...Би “Горхи газар”, “Мэргэнболд” ХХК-иудын талаар мэднэ. Би 2018 оны 04 дүгээр сараас энэ байгууллагуудыг хариуцсан байцаагчаар ажиллаж байна... “Горхи газар” ХХК-ийн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ч.Э өгдөг, “Мэргэнболд” ХХК-ийн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Б.Ц өгдөг байсан... “Мэргэнболд”, “Горхи газар” ХХК тэтгэмжийн зөрчилтэй байгаа талаар мэдэгдсэн...“гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Халиунаагийн: “...Би 3 хүүхэдтэй. 2011, 2017, 2019 онуудад төрж байсан....Би тухайн “Мэргэн болд”, “Горхи газар” ХХК-иудад ажиллаж байгаагүй. Нийгмийн даатгалын жирэмсний амаржсаны тэтгэмж 1 удаа буюу 2017 онд Б.Ц эгчээр дамжуулж төрөхдөө авч байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Ундармаагийн: “...“Горхи газар” ХХК нь 13,1 сая төгрөгийн шимтгэлийн өртэй, нийт 51,911,738 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын сангаас авсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Чулуун-Эрдэнийн: “...Би “Горхи газар” гэсэн компанид ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Эрдэнэцэцэгийн: “...одоогоор хийж байгаа ажил байхгүй. Урьд нь төрж амаржиж байгаагүй. Мөн “Горхи газар” нэртэй компаний талаар мэдэхгүй, уг компанид ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Хашбатын: “...2011-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин, түрүүч цолтойгоор бэлтгэл хийж байгаад гарсан, тэндээс цалин авдаг байсан учраас Нийгмийн даатгал төлж байсан, ...би Нийгмийн даатгалын газраас ямар нэгэн тэтгэмж авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Шинжээч Ц.Гансүхийн: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын, нийслэлийн нийгмийн даатгалын газрын мэргэжилтэн, эмч нарын нийлсэн 5 албан хаагч уг хэрэгт шинжээчээр оролцов, бид шинжээчийн дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. “Горхи газар” ХХК нь Нийгмийн даатгалын газарт бүртгүүлж шимтгэл төлж явснаасаа хойш /2015 оны 07-р сард бүртгүүлээд, 2018 онд/ шимтгэлийг бага багаар төлж, үүссэн шимтгэлийг бүрэн төлөхгүй 13-н сая төгрөгийн өр үүсгэсэн байсан...Миний хувьд “Горхи газар” ХХК-ийн нэрээр нийгмийн даатгалын сангаас жирэмсэн амаржсаны тэтгэмж, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авсан нийт 7 хүний 21-н удаагийн эмнэлгийн хуудасны бичилт олголтын үндэслэл шалгасан...” гэсэн мэдүүлэг,
шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгч Ч.Эгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр,
Шүүгдэгч Б.Ц нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч магадлагч эмчээр ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Б.Отгончимэгийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Мэргэнболд” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Т.Болор-Эрдэнэ, Б.Отгончимэг, О.Адъяадорж, А.Халиунаа, З.Ариунтуяа, Б.Отгонцэнгэл, Б.Мөнх-Од нарыг “Мэргэнболд” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж нийт 75.233.158 төгрөг авч, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан завшсан болох нь
Гэрч Ж.Ариунтунгалагийн: “...Би “Горхи газар”, “Мэргэнболд” ХХК-иудын талаар мэднэ. Би 2018 оны 04 дүгээр сараас энэ байгууллагуудыг хариуцсан байцаагчаар ажиллаж байна... “Горхи газар” ХХК-ийн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ч.Э өгдөг, “Мэргэнболд” ХХК-ийн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Б.Ц өгдөг байсан... “Мэргэнболд”, “Горхи газар” ХХК тэтгэмжийн зөрчилтэй байгаа талаар мэдэгдсэн...“гэсэн мэдүүлэг,
Гэрч З.Ариунтуяагийн: “...Би 1 хүүхэдтэй 2016 онд төрж байсан. Өөрөөр төрж байсан тохиолдол байхгүй. Би тухайн “Мэргэн болд” ХХК-д ажиллаж байсан удаа байхгүй. Нийгмийн даатгалын жирэмсний амаржсаны тэтгэмж нэг удаа буюу 2016 онд Б.Ц эгчээр дамжуулж төрөхдөө авч байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Ундармаагийн: ”...”Мэргэнболд” ХХК нь 11.800.000 төгрөгийн шимтгэлийн өртэй, нийт 75,233,158 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын сангаас авсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Отгончимэгийн: “...2011-2013 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Түүнээс хойш ажил хийхгүй байж байгаад 2016 онд “Мэргэнболд” ХХК-ийг бусдаас “Оюутолгой” ХХК-д үйлчилгээ явуулахаар тендерт орох зорилгоор худалдан авсан, тэр компани дээрээ нийгмийн даатгал төлөөд явж байсан, тэгтэл Оюутолгойгоос орон нутгийн компани авна гээд намайг аваагүй, тэгээд би 2016 оны 07 дугаар сараас эхлэн компани дээрээсээ ажилгүйдлын тэтгэмжийг авсан, түүнээс хойш уг компанийг ашиглаагүй, эгч Цд өгсөн. Миний санаж байгаагаар “Мэргэнболд” ХХК-д 2016 онд байхаа есөн сар нийгмийн даатгалыг төлж байсан, гэхдээ хэдэн төгрөг төлж байснаа санахгүй байна. Мөн 2016 онд “Мэргэнболд” ХХК-д өөрөө Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад, тэндээсээ ажилгүйдлын тэтгэмж авсан, 2018 оны 03 дугаар сард жирэмсэн болоод, гурван сартай болж байтал хүүхэд маань өсөлтгүй болоод, БЗД-ийн “Амгалан” амаржих газарт цэвэрлэгээ хийлгэсэн, энэ үед ямар нэгэн тэтгэмж аваагүй, гэхдээ тэр үед хувиараа нийгмийн даатгал төлдөг байсан, тэгээд Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг,
Шинжээч Д.Анхбаярын: “Мэргэнболд” ХХК нь 1995 оны 01 дүгээр сарын 01-наас 2018 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухайн хууль болон Нийгмийн даатгалын хуулийн дагуу шимтгэлийн тайлан өгсөн байна. Энэ хугацаанд 45 сая төгрөгийн авлага үүсгэн 33,1 сая төгрөг төлж, 11,8 сая төгрөгийн өртэй байна. ... Миний хувьд “Мэргэнболд” ХХК-ийн нэрээр нийгмийн даатгалын сангаас жирэмсэн амаржсаны тэтгэмж, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг авсан нийт 7 хүний 27-н удаагийн эмнэлгийн хуудасны бичилт олголтын үндэслэл шалгасан...” гэсэн мэдүүлэг,
шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Цгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Ц, Ч.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ц, Ч.Э нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь уг гэмт хэргийн улмаас Нийгмийн даатгалын санд нийт 75.233.158 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Э нь уг гэмт хэргийн улмаас Нийгмийн даатгалын санд нийт 51.911.738 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь тогтоогдсон тул дээрх шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Ц нь хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн,
Шүүгдэгч Ч.Э хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдаж, Нийгмийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Цгаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх хэсэг болох нийт 65.233.158 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын санд олгохоор, шүүгдэгч Ч.Эгаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх хэсэг болох нийт 46.911.738 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын санд олгохоор тус тус шүүх шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Ц, Ч.Э нар нь хохирол төлбөр нөхөн төлөх 1 цагийн завсарлага авах хүсэлт гаргаж хохирол төлбөрөөс тодорхой хувийг нөхөн төлсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт хуульд заасан торгуулын ял шийтгэл оногдуулж өгнө үү, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж мэтгэлцсэн болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа улсад учруулсан хохирол төлбөрийг бүрэн гүйцэд нөхөн төлөөгүй, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт хуульд заасан торгуулын ял оногдуулах нь хуульд үл нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас улсад учирсан хор уршиг арилаагүй, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.Э, Б.Ц нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар Ч.Эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар Б.Цд 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц, Ч.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цгийн энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 1 /нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Э, Б.Ц нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Цгаас нийт 65.233.158 /жаран таван сая хоёр зуун гучин гурван мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг, Ч.Эгаас нийт 46.911.738 /дөчин зургаан сая есөн зуун арван нэгэн мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч байгууллага болох Нийгмийн даатгалын санд олгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Цгийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 10.000.000 төгрөгийг,
Ч.Эгийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 5.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч байгууллага болох Нийгмийн даатгалын санд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ц, Ч.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР