Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 09

 

Б.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 153/ШШ2017/00084 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Эсба 48 айлын орон сууцны 44 тоотод оршин  суух Хорхон овогт Бүрбаяагийн Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь 2010 онд Ховд их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг нягтлан бодогч, бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2014 оны 12 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жирэмсний амралтаа авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Гэтэл З.Лхамхүү дарга 10 дугаар сарын 05-нд хүүхэд асрах чөлөө дуусаагүй байхад намайг дуудаад ажлаас халагдах хүсэлтээ өг гэсэн. Би хүсэлт бичиж өгөхгүй гэж хэлсэн.

 2016 оны 10 дугаар сарын 12-нд бичиг хэрэг Ц.Мягмаржаргал өнөөдөр тушаал чинь гарсан ирж гардаж ав гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 13-нд очиж тушаалаа авсан. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг дарга З.Лхамхүү нь нөхөж гаргасан тушаал байна. Мөн Аудитын газрын гүйцэтгэлийн шалгалт ороод албан бичиг өгсөн байсан. Аудитын газрын дарга Л.Галбадрахын албан бичигт ажлаас халах арга хэмжээ авах тухай байгаагүй. Намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ажил хүлээлцээгүй. Иймд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  хариу тайлбар: Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг дарга З.Лхамхүү нөхөж гаргасан байна гэжээ. Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн Аудитын газрын даргын Аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага батлах тухай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Ховд аймгийн БОАЖГ-ын даргын 16 дугаартай тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан байдаг. Мөн Аудитын газрын дарга Л.Галбадрахын албан бичигт ажлаас халах тухай байгаагүй гэжээ. Дээр дурдсан Аудитын газрын даргын тушаалын даалгах хэсгийн 2.4-т байгууллагын нягтлан бодогчид холбогдох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх гэж заасан байдаг тул хуулийн дагуу ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах арга хэмжээ авсан байдаг. Аймгийн Аудитын газрын дарга нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу ажлаас халах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш юм. Хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийн алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг. Ховд аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн БОАЖГ-ын 2015 оны ажиллагааны үр дүн, төсвийн зарцуулалтын үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлангийн 2 дугаар бүлгийн илрүүлэлт хэсэгт байгууллагын нягтлан бодогч Б.Бадамцэцэг нь баталсан цэснээс зөрүүтэй хуулгийг банкинд өгч өөрийн дансанд 2250433 төгрөгийг шилжүүлж, албан тушаалаа урвуулан ашиглажээ. Нийт 34 албан хаагчийн цалингаас 2015 оны 11 дүгээр сард 262 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 450 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 214 400 төгрөг, 2016 оны 03 дугаар сард 924 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сард 400 000 төгрөг нийт 2 250 433 төгрөгийг суутган авсан байна гэсэн нь нягтлан бодогч Б.Бадамцэцэгийн буруутай үйлдлийг нотлосон байдаг. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн тохиолдолд ажлаас халж болохыг заасан байдаг. Мөн Б.Бадамцэцэгтэй холбоотой санхүүгийн болон эд хөрөнгийн тооцоог хийж дуусгахыг өмч хамгаалах комисст даалгасан боловч Б.Бадамцэцэг нь өнөөдрийг хүртэл ирээгүй болно. Ховд аймгийн БОАЖГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2017/00084 дугаар шийдвэрээр:”

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:  Шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна.

            Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүүгийн гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны  16 дугаартай тушаал нь Авилгатай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх хуулийн заалт барьсан нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэннь тушаал бүхэлдээ зөрчсөнийг нотлож байна. Авилгын эсрэг хуулийн нэр томъёог шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүү нь Авилгын эсрэг хуулиар бусдыг буруутгах эрх түүнд олгогдоогүй байна. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.4-д Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шатн дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэх хуулийн заалт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын талаар хуульчилсан хуулийн заалтыг буруу тайлбарласан байна. Анхан шатны шүүх нь Б.Бадамцэцэгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.13-т “эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах нягтлан бодогчийн ёс зүйг зөрчсөн гэжээ. Гэтэл нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд 20 дугаар зүйлийн 20.1.13 гэсэн хуулийн заалт байхгүй байхад байхгүй хуулиар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 жирэмсэний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан тушаалтнй ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгална гэсэн байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Анхан шатны шүүх иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан  гаргажээ.  

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан   байна.          

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх бөгөөд шүүхээс шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байна. 

Тодруулбал, нэхэмжлэгчийн дээр гаргасан шаардлагын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн16 дугаартай тушаал, мөн өдрийн Б/16 дугаартай тушаалуудын алиныг нь хүчингүй болгуулах гэж байгаа, хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдэн оны хэдэн сарын хэдэн хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэнд холбогдуулан гаргаж байгаа талаар тодорхойгүй ойлгомжгүй байна. Энэ талаар шүүхээс тодруулах байжээ.

 Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь шаардлагаа нотлох, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, бодит байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг тогтоолгохоор шүүхэд гэрч асуулгах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа гаргуулах тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 55-57 дугаар тал/ Шүүх уг хүсэлтүүдийг хүлээн авч захирамж гарган хянан шийдвэрлэсэн боловч дээрх хүсэлтийн гэрч асуух тухай хүсэлтийг бүрэн хангаагүй дутуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх журам зөрчсөн байх тул    шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул маргааны агуулга болон давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна. 

 

Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2017/0084 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

      ШҮҮГЧИД                                     Д.КӨБЕШ

                                  

                                                                                                           Н.ТУЯА