Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 84

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Эсба 48 айлын орон сууцны 44 тоотод оршин суух, ПЖ88100209 дугаарын регистртэй, Хорхон овогт Бүрбаяагийн Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох, “Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Л.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2010 онд Ховд их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг нягтлан бодогч, бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2014 оны 12 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жирэмсний амралтаа авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Гэтэл З.Лхамхүү дарга 10 дугаар сарын 05-нд хүүхэд асрах чөлөө дуусаагүй байхад намайг дуудаад ажлаас халагдах хүсэлтээ өг гэсэн. Би хүсэлт бичиж өгөхгүй гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 12-нд бичиг хэрэг Ц.Мягмаржаргал өнөөдөр тушаал чинь гарсан ирж гардаж ав гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 13-нд очиж тушаалаа авсан. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг дарга З.Лхамхүү нь нөхөж гаргасан тушаал байна. Мөн Аудитын газрын гүйцэтгэлийн шалгалт ороод албан бичиг өгсөн байсан. Аудитын газрын дарга Л.Галбадрахын албан бичигт ажлаас халах арга хэмжээ авах тухай байгаагүй. Намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ажил хүлээлцээгүй. Иймд “Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

           Хариуцагчийн төлөөлөгч Л.Батбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг дарга З.Лхамхүү нөхөж гаргасан байна гэжээ. Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн Аудитын газрын даргын “Аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага батлах тухай” 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Ховд аймгийн БОАЖГ-ын даргын 16 дугаартай тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан байдаг. Мөн Аудитын газрын дарга Л.Галбадрахын албан бичигт ажлаас халах тухай байгаагүй гэжээ. Дээр дурдсан Аудитын газрын даргын тушаалын даалгах хэсгийн 2.4-т “байгууллагын нягтлан бодогчид холбогдох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх гэж заасан байдаг тул хуулийн дагуу ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах арга хэмжээ авсан байдаг. Аймгийн Аудитын газрын дарга нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу ажлаас халах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш юм. Хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийн алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг. Ховд аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн БОАЖГ-ын 2015 оны ажиллагааны үр дүн, төсвийн зарцуулалтын үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлангийн 2 дугаар бүлгийн илрүүлэлт хэсэгт байгууллагын нягтлан бодогч Б.Бадамцэцэг нь баталсан цэснээс зөрүүтэй хуулгийг банкинд өгч өөрийн дансанд 2250433 төгрөгийг шилжүүлж, албан тушаалаа урвуулан ашиглажээ. Нийт 34 албан хаагчийн цалингаас 2015 оны 11 дүгээр сард 262 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 450 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 214 400 төгрөг, 2016 оны 03 дугаар сард 924 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сард 400 000 төгрөг нийт 2 250 433 төгрөгийг суутган авсан байна” гэсэн нь нягтлан бодогч Б.Бадамцэцэгийн буруутай үйлдлийг нотлосон байдаг. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн тохиолдолд ажлаас халж болохыг заасан байдаг. Мөн Б.Бадамцэцэгтэй холбоотой санхүүгийн болон эд хөрөнгийн тооцоог хийж дуусгахыг өмч хамгаалах комисст даалгасан боловч Б.Бадамцэцэг нь өнөөдрийг хүртэл ирээгүй болно. Ховд аймгийн БОАЖГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Ховд аймгийн Аудитын газрын шалгалтаар нягтлан бодогч Б.Бадамцэцэг нь бүх ажилтны цалингаас өөрийн дансанд 2 250 433 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь нэхэмжлэгч Б.Бадамцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Ховд аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалыг баримтлан Б.Бадамцэцэгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4 дэх заалт, Авилгын эсрэг хуулийн 7.1.6-д заасныг зөрчин  албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн баталсан цэснээс зөрүүтэй хуулгийг банкинд өгч өөрийн дансанд 2250433 төгрөгийг шилжүүлж, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 тоот тушаалаар нягтлан бодогчийн  үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтанд “ мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ.

Ажилтан Б.Бадамцэцэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа баталсан цэснээс зөрүүтэй хуулгийг банкинд өгч тус байгууллагын нэр бүхий 34 ажилтны цалингаас өөрийн дансанд 2250433 төгрөгийг шилжүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг гаргасан болох нь Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 01 дүгээр сар, 2016 оны 02 дугаар сар, 2016 оны 03 дугаар сар, 2016 оны 04 дүгээр саруудын картын цалингийн цэс /хх-ийн 26-36 дугаар хуудас/, Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар “аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага батлах тухай” тушаал /хх-ийн 37 дугаар хуудас/, Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар “аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага батлах тухай” тушаалын хавсралт /хх-ийн 38 дугаар хуудас/, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан /хх-ийн 39-48 дугаар хуудас/, Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн Аудитын газрын ХОА-2016/04/ГА 1/64 дугаар “Буцаан олгох тухай” акт, актын хавсралт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн Аудитын газрын ХОА-2016/04/ГА 1/58 дугаар “Зөрчлийг арилгах тухай” албан шаардлага /хх-ийн 51 дүгээр хуудас/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Ажилтан Б.Бадамцэцэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг гаргаж , Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 .1.13-т заасан “эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах” нягтлан бодогчийн ёс зүйг зөрчсөнөөс гадна Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан Монгол улсын иргэний “үндсэн эрх, эрх чөлөө” буюу “ цалин хөлс авах” эрхэд халдаж нэр бүхий 34 албан хаагчдын цалингаас өөрийн данс руу 2 250 433 төгрөгийг нэг бус удаа шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар зөрчлийг ажилтан гаргасан гэсэн үндэслэлээр, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4-т заасан “нягтлан бодогч нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө эх үүсвэрийн хөдлөл , өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна” гэсэн, Авилгалтай тэмцэх тухай хуулийн 7.1.6 –д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасан илүү нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримталж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг  гаргасан нь буруу биш байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртлэх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага, татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг зөвтгөх боломжгүй, ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардах эрхгүй ба, ажил олгогчийн ажилтныг халсан тушаал нь хуулийг зөрчөөгүй, үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116. 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, “Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ