| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 116/2018/0029/З |
| Дугаар | 221/МА2022/0077 |
| Огноо | 2022-01-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0077
“Дор” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “ “Х” ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байршилд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай улсын бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ““Дор” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс:
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Дор” ХХК нь ““Х” ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байршилд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай улсын бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар
Гуравдагч этгээд “Х” ХХК нь “Дор” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-аар маргасан байна.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч “Дор” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3.1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
3.1.1. Тус шийдвэрт эрх зүйн үндэслэлээ тодорхойлохдоо Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрлэжээ.
3.1.2. Дээрх хэм хэмжээ нь нэхэмжлэгчийн шаардлагынхаа үндэслэл болгож буй, маргаан бүхий харилцааг шууд зохицуулаагүй, ерөнхий агуулгын шинжтэй хэм хэмжээ байна. Нэхэмжлэгчээс шаардлагынхаа үндэслэл буюу, маргаан бүхий бүртгэл, гэрчилгээ нь хууль бус болохыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.6-д заасныг тус тус зөрчсөн тул хууль бус бүртгэл, гэрчилгээ байна гэж маргасан. Энэхүү хэм хэмжээ нь тухайн маргааныг зохицуулж байгаа хамгийн нарийвчилсан хэм хэмжээ юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан энэхүү саналд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.
3.1.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож буй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
3.1.4. Маргаан бүхий бүртгэлийг хийлгэж, гэрчилгээ авахдаа “Х” ХХК нь өөр байршилд байх газрын гэрчилгээгээ хавсарган мэдүүлэг гаргаж, баримт бичгийг үнэн зөв гаргах үүргээ зөрчсөнөөс дээрх бүртгэл хууль бус болсон гэх үндэслэл нотлох баримтын хэмжээнд бүрэн тогтоогдсон бөгөөд дээрх хуулийн хэм хэмжээг ч зөрчиж байгааг харуулж байна.
3.1.5. Гэтэл энэ зохицуулалтыг зориудаар, буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гэж үзэж байна.
3.1.6. Мөн шийдвэр гаргахдаа баримталсан, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна”,17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 13.3-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана”, 17.1.3-т “өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэг зэрэг зохицуулалт нь хэрхэн тайлбарлагдаж хэрэглэгдэн энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байгааг нотлох баримтын хэмжээнд тайлбарлаагүй байна.
3.1.7. Хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нотлох баримтад үндэслэн, хуулийн зохих хэм хэмжээг тохируулан хэрэглэх, тайлбарлах зарчим алдагдсан байна гэж үзэж байна.
3.2. Нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн талаар:
3.2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс бүхий л бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд шүүхэд хүсэлт гаргасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах, гэрч асуулгах гэх мэт ажиллагааг хийж, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж байгаа.
3.2.2. Харин шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад буруу, дутуу дүгнэлт хийж, зарим нотлох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсан байна.
3.2.3. Хэрэгт авагдсан баримтууд болох “Төвийн барилга угсралтын конторын үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай акт” нь комиссын дарга, нарийн бичгийн даргын тамга гарын үсгээр баталгаажсан, маргаан" бүхий объектуудыг дарааллын дагуу жагсаан үнэлсэн нотлох баримт бөгөөд, “А” ХК-ийн өмчлөлд ямар ямар объект хувьчлагдсан шилжсэнийг нотлох юм. Гэтэл дээрх баримтыг үнэлэлгүйгээр, “Х” ХХК-ийн буюу “Ов” компанийн хөрөнгө гэх тамга, гарын үсэггүй нотлох баримтыг үнэн зөв гэж үзэж байгаа нь алдаатай бөгөөд хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.
3.2.4. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрчийн мэдүүлгийг авч үзэлгүй орхигдуулсан байна.
3.2.5. Нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргуулахаар, Дорнод аймаг дахь Техник туслалцааны барилга трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Комисс томилох тухай” тушаалыг гаргаж өгсөн бөгөөд, уг комиссын бүрэлдэхүүнд байгаа Ц.Зүн “маргаан бүхий улаан тоосгон складыг өмч хувьчлалын комиссын шийдвэрээр ”А” ХК-д хувьчлагдсан гэж үзэж байна, гэрч Ц.Шир “маргаан бүхий улаан тоосгон складыг Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Анги контор зохион байгуулах тухай” 314 дүгээр тушаалаар “А” ХК-д хүлээлгэн өгсөн, гэрч Б.Ц “Контор, тоосгон агуулах, шифр агуулах нь бүгд залгаа. Төвийн барилга угсралтын контор буюу “А” ХК-д хуваарилсан,” гэх зэргээр мэдүүлсээр байхад хэрэгт ач холбогдол бүхий дээрх мэдүүлгүүдийг үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг баримталж байгааг харуулж байна.
3.2.6. Хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр тогтоогдсон компаниудын газар эзэмшлийн байдал, хөрөнгийн байдалд бүхэлд нь Шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр “Х” ХХК үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хэрхэн олж авсан талаар тодорхой тусгагдсаар байтал анхаарахгүй, орхигдуулж байгаа нь нотлох баримтын талаарх холбогдох зохицуулалтыг зөрчиж байна.
3.2.7. Нэхэмжлэгч талаас шүүхийн бүх шатуудад маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг нотлох баримтын хэмжээнд ярихдаа, “Х” ХХК-ийн 2005 онд Улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгсөн баримтуудыг албан ёсоор гаргуулж, энэхүү бүрдэлд хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл өөр байршилд байгаа газрын гэрчилгээг ашигласан гэж үзэж нотлох баримтын хэмжээнд авч үздэг.
3.2.8. Гэтэл маргаан бүхий актыг хууль бус болох тухай эдгээр хамгийн гол баримтуудад ямар ч дүгнэлт хийгээгүй, дурдалгүй орхисон нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр гаргасан тайлбартаа
4.1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүх хуулийг зөв хэрэглэж, зөв тайлбарлаж, зөв дүгнэлт өгсөн. Маргаан бүхий объект нь анхнаасаа “Х” ХХК-ийн өмч болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч Д.А, Д.А, И.С, С.Ц нарын мэдүүлэг нь анхнаасаа үнэн зөв, өмч хувьчлалаар авсан болохыг нотолдог ба мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй болох нь өмч хувьчлалаар авсан болохыг бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар нотлогддог. Шүүх өмч хувьчлалын материалыг эх хувиар нь судалсан. “Дор” ХХК энэ талаар маргаан үүсгэж, үгүйсгэж чаддаггүй.
4.2. Харин нэхэмжлэгч “Дор” ХХК-ийн захирал нь маргаан бүхий объектыг өмч хувьчлалаар авсан, түрээслүүлдэг, брокерийн пүүсээр авсан гэж шүүх хурал болгонд мэдүүлдэг боловч гэрч Ц.Шир, Ц.Зүн, Б.Ц нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, маргаан бүхий объектыг ямар үндэслэлээр авсан эх сурвалжаа шүүхэд гаргаж өгч чадаагүй. Шүүх маргаан бүхий объектын талаар хууль зүйн дүгнэлтийг сайн гаргаж өгсөн гэж үзэж байна.
4.3. Гэтэл “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн 710 м.кв талбайтай маргаан бүхий агуулахын доорх газар биш, уг объектын зүүн хойд талд 500-600 орчим метр зайд байршилтай, “Х” ХХК-д эзэмшүүлсэн, өөр газрын эзэмших эрхийн гэрчилгээ болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй болохыг шүүх дүгнэсэн.
4.4. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхээс явуулсан тодорхой ажиллагааны явцад цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар “Х” ХХК-ийн өмчлөлд 710 м.кв талбайтай агуулахын объектыг бүртгэсэн эд хөрөнгийн эрхийн улсын Ү-0611003858 дугаар бүртгэлийн улмаас нэхэмжлэгч “Дор” ХХК-ийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэсэн.
4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “1990 оны өмч хувьчлалаар “А” ХХК” авсан, 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, “А” ХК нь татан буугдсанаар хөрөнгө нь “Дор” ХХК-д шилжсэн, манай өмч гэдэг нь газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан нь үнэлсэн актаар нотлогдоно гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлах боловч түүний гаргаж өгсөн, аймгийн захиргааны өмч хувьчлалын комиссын үндсэн “Төвийн барилга угсралтын конторын үндсэн хөрөнгийг үнэлсэн акт” гэх огноо тэмдэглэгээгүй баримт нь дангаараа маргаан бүхий объектыг бүхэлд нь төвийн барилга угсралтын контороос “А” ХК-д хувьчилсан, хуваарилсан зэргээр өмчлөлд шилжүүлсэн гэх үйл баримтыг нотлохгүй байна гэж дүгнэв.
4.6. Дорнод аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Барилга угсралтын конторыг “А” ХК болгон өөрчилж” шийдвэрлэснээс бус, маргаан бүхий тоосгон агуулахыг “А” ХК-д хувьчлах асуудлыг эдгээр тушаал, тогтоолоор шийдвэрлээгүй байна гэж шүүх үзжээ.
4.7. Иймд нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг нь шүүхийн үзлэг зэрэг хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаагаар цуглуулсан бичгийн нотлох баримтаар олж тогтоосон үйл баримттай нийцэхгүй, зөрүүтэй байгаа тул түүнийг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаас илүү ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн гэж үнэлэх буюу шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
4.8. “Х” ХХК-ийн өмчлөлд 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт 710 м.кв талбайтай гэж бүртгэсэн агуулах нь “А” ХК-аас 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх эрхийн улсын Ү- 0611002324 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан зургаан барилгын бүрэлдэхүүнд хамаарахгүй, уг тоосгон агуулахыг төвийн барилга угсралтын контороос “А” ХК-д хувьчилсан, шилжүүлснийг буюу одоогийн өмчлөгч “Дор” ХХК болохыг тогтоох нотлох баримт байхгүй.
4.9. 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Дор” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002324 дугаарт шилжүүлэн бүртгүүлэхэд өөрчлөгдөөгүй, харин тэдгээрийг “Дор” ХХК-аас 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002324, Ү-0614006321, Ү-0614006315 дугаарт тус тусад нь салган бүртгүүлэхдээ Ү-0611003858 дугаарт бүртгүүлсэн “Х” ХХК-ийн тоосгон агуулахын 710 м.кв талбайг Ү-0614006321 дугаарт бүртгүүлсэн тоосгон агуулахад бүхэлд нь багтааж “Дор” ХХК-ийн тоосгон агуулахын талбайн хэмжээг 1209.88 м.кв гэж өөрчлөн бүртгүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн шүүхийн үзлэг зэрэг тодорхой ажиллагаагаар хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон болно.
4.10. Иймд Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай эрхийн улсын бүртгэл, түүнд үндэслэж “Х” ХХК-д олгосон 000109497 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний улмаас нэхэмжлэгч “Дор” ХХК-ийн эрх зөрчигдөхгүй гэж шүүхээс дүгнэсэн болно.
4.11. Мөн нэхэмжлэгчийн маргаад буй 1.7 га газар нь маргаан бүхий “Х” ХХК-ийн өмч хувьчлалаар авсан өмч болох объектоос хол зайтай, өөр гэрчилгээтэй, өөр объект болохыг шүүх нотлох баримтыг үндэслэж, хуульд зааснаар сайн дүгнэлт өгсөн гэж үзэж байна.
4.12. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн үйлдсэн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг ямар арга хэрэгсэл, ажиллагаагаар хийж гаргасан нь тодорхойгүй, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн мэргэжилтэй шинжээч нар нь маргаан бүхий объектын өмчлөлийн талаар болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар дүгнэлт гаргасан нь томилогдсон шинжээчдийн тусгай мэдлэгт хамаарахгүй асуудал тул эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь нотлох баримтаар тогтоогдохгүй, маргаад буй объектын өмч болох гэдгээ баримтаар нотолж чадаагүй, мөн “Дор” ХХК нь маргаан бүхий объектыг 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй, манай өмч гэдгийг мэдсээр байж бүртгүүлсэн болох нь баримтаар тогтоогддог. Мөн нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь зөрүүтэй, аймгийн архив болон өөрсдөө гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар “Дор” ХХК-ийн өмч гэдэг нь нотлогддоггүй юм.
4.13. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан, хуулийг зөв хэрэглэж, зөв тайлбарласан, маргаан бүхий объектод хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг үндэслэж зөв дүгнэлт өгсөн байх тул хэвээр үлдээж өгөхийг хүсч байна” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул гомдлоор хязгаарлахгүйгээр хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/ болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
3.1. Нэхэмжлэгч “Дор” ХХК нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “ “Х” ХХК-ийн өмчлөлд Хивсний үйлдвэрийн урд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай улсын бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...”А” ХК нь 2005 онд татан буугдаж, “Дор” ХХК-д нэгдсэн. 2001 онд “А” ХК-ийн хөрөнгөд улсын бүртгэлийн 0611002324 дугаартай 6 дугаар багт 6 объектын өмчлөх эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгосон. Дээрх хөрөнгүүд 2008 онд “Дор” ХХК-ийн өмчлөлд шилжсэн бөгөөд гэрчилгээг хөрөнгө тус бүрээр салгаж, 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл “Дор” ХХК-ийн өмчлөлийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойно байрлалтай тоосгон агуулахыг “Х” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ давхардуулан гаргаж авсан байна ... “Х” ХХК үл хөдлөх хөрөнгө өмчлөн авахдаа газартай байх шаардлагыг хангаагүй...” гэж, гуравдагч этгээд “Х” ХХК-аас “Дор” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Х” ХХК нь 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий складны барилгыг хууль ёсны өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-0611003858 дугаартай гэрчилгээтэй складыг хууль ёсны дагуу авсан, хүчин төгөлдөр гэрчилгээтэй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байхад “Дор” ХХК нь 2012 онд буюу 7 жилийн дараа өөрийн эзэмшлийн складын өмчлөх эрхийн гэрчилгээг авахдаа манай компанийн 710 м.кв складны барилгыг салгалгүй давхардуулан бүртгүүлэн авсан нь хууль бус” гэж тус тус тайлбарлан маргажээ.
3.2. Анхан шатны шүүхийн “...”Х” ХХК-ийн өмчлөлд 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт, 710 м.кв талбайтай гэж бүртгэсэн агуулах нь “А” ХК-аас 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх эрхийн улсын 0611002324 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 6 барилгын бүрэлдэхүүнд хамаарахгүй, уг тоосгон агуулахыг Төвийн барилга угсралтын контороос “А” ХК-д хувьчилсан, шилжүүлснийг буюу одоогийн өмчлөгч нь “Дор” ХХК болохыг тогтоох нотлох баримт байхгүй, нөгөө талаар “Дор” ХХК-ийн өмчлөлд 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006321 дугаарт, 1209.88 м.кв талбайтай гэж бүртгэсэн тоосгон агуулах нь “А” ХК-аас 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх эрхийн улсын 0611002324 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 6 барилгын бүрэлдэхүүнд бүхэлдээ /талбайн хэмжээгээр/ хамаарахгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол шүүх түүнийг хүчингүй болгож шийдвэрлэхээр заасан.
3.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “А” ХК нь 2005 онд татан буугдаж, “Дор” ХХК-д нэгдсэн. 2001 онд “А” ХК-ийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0611002324 дугаартай 6 дугаар багт 6 объектын өмчлөх эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгосон, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Х” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт, 710 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Хивсний үйлдвэрийн урд гэсэн хаяг байршилтайгаар бүртгэл хийгдсэн, улсын бүртгэлийн 0611002324 дугаартай 6 дугаар багт 6 объектыг салгаж тус бүрээр нь 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Дор” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006321 дугаарт, 1209.88 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын зүүн хойд талд байрлах конторын залгаа гэсэн хаяг байршилтайгаар тус тус бүртгэсэн байх боловч нэхэмжлэгчийн анхнаасаа өмчилж байсан гэх үндэслэл болсон 0611002324 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 6 объект барилга гэсний дотор маргаан бүхий 710 м.кв склад хамаарна гэж үзэх боломжгүй.
3.5. Учир нь хэрэгт авагдсан “А” ХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үнэлгээний товч тайланд тусгагдсан үнэлгээний жагсаалтад конторын барилга-144 м.кв, шифрэн агуулах-264 м.кв, тоосгон агуулах 360 м.кв, шифрэн агуулах 492 м.кв, автогражийн барилга-648 м.кв, гэр зочид буудал-72 м.кв гэж тусгагдсанаас үзвэл “Дор” ХХК анхнаасаа дээрх 6 барилгыг өмчилж байсан бөгөөд энэ нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.
3.6. Тодруулбал, маргаан бүхий барилга нь баруун талаасаа конторын барилга, “Дор” ХХК-ийн өмчлөлийн гэх склад, “Х” ХХК-ийн өмчлөлийн гэх склад байхаас залгаа “Дор” ХХК-ийн өмчлөлийн шифрэн агуулах байрлаж байх бөгөөд залгаа шифрэн агуулахаас тусдаа 277 м.кв шифрэн агуулах тусдаа байрлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан сансрын болон фото зургаар нотлогдож байх энэ тохиолдолд “Х” ХХК-ийн өмчлөлийн 710 м.кв складыг “Дор” ХХК-ийн өмчлөлд байсан гэж үзэх нь боломжгүй.
3.7. Өөрөөр хэлбэл, “Х” ХХК нь маргаан бүхий 710 м.кв складыг 1990 оноос хойш барилгын материал хадгалан, бусдад түрээслэх болон зээлийн барьцаанд барьцаалуулах байдлаар өмчлөх эрхээ хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, уг үйл баримттай нэхэмжлэгч өмнө нь маргаж байгаагүй, гуравдагч этгээд “Х” ХХК маргаан бүхий объектыг хэрхэн захиран зарцуулж байсныг нэхэмжлэгч “Дор” ХХК мэдэж байсан гэж үзэхээр байна.
3.8. Түүнчлэн хэргийн үйл баримтыг харьцуулан дүгнэхэд 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0611002324 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд 6 объект гэж дурдсан боловч маргаан бүхий 710 м.кв склад уг 6 объектод хамаарахааргүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нэгэнт тогтоогдсон байхаас гадна 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Дор” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006321 дугаарт, 1209.88 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын зүүн хойд талд байрлах конторын залгаа, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Х” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт, 710 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Хивсний үйлдвэрийн урд гэсэн хаяг байршилтайгаар тус тус бүртгэл хийгдсэнээс үзэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий складыг өмчлөх эрх “Х” ХХК-ийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэснээс хойш үүссэн байна.
3.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй бүртгэл хийгдэж байх үед тухайн эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд мэдэгдэх эсхүл “Х” ХХК-ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, бүртгэл хийгдэхгүй байх хуулийн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгчийн “тухайн объект анхнаасаа манай өмчлөлд байсан нь 2001 оны бүртгэлээр нотлогдоно” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.
3.10. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна.” гэж заасан байх ба “гуравдагч этгээд “Х” ХХК нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгтээ үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй доорх газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэдгийг нотолсон бус, өөр байршилд эзэмшүүлсэн газрын гэрчилгээ хавсаргасныг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үл хэрэгсэж, эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх үүргийг зөрчиж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэж, 00019497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн мэдүүлэг гаргах, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч “нэг объект олон өмчлөгчтэй гэсэн шалтгаанаар газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байсан” гэх гуравдагч этгээдийн тайлбараас газар эзэмших эрхийн гэрчилгээг мэдүүлэгт хавсаргаагүй нь гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй.
3.11. Учир нь Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрийн “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч “Х”, гуравдагч этгээд “Дор” ХХК-иуд нь хоёулаа тухайн объектын өмчлөх эрхийн гэрчилгээтэй бөгөөд өмчлөлийн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлсэн тохиолдолд түүнийг нь үндэслэн “Дор” ХХК-д эзэмшүүлсэн 4069 м.кв газрын асуудлыг өөрчлөн шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласан...” гэсэн дүгнэлт, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “2005 онд төрийн байгууллагуудын бүртгэл цахимжаагүй, кадастрын зургийн нэгдсэн мэдээллийн сан гараагүй байхаас гадна олон өмчлөгчтэй нэг объект байрлаж байх үл хөдлөх эд хөрөнгийн доор байрлах газрын асуудлыг дараа тусад нь шийдвэрлэх боломжтой гээд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож байсан” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 13.5.2-т “газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг” гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн гуравдагч этгээдийг шууд буруутгах боломжгүй.
4. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн биет даасан шаардлагын тухайд,
4.1. Нэгэнт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй буюу үндэслэлгүй байхад анхан шатны шүүх маргаан бүхий объектын хууль ёсны өмчлөгч болох “Х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрхэх нь тодорхойгүй байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан үндэслэлгүй байна.
4.2. Гуравдагч этгээдээс “манай компани энэ агуулахыг 1990 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаад 2005 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, “Дор” ХХК нь 2012 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа манай 710 м.кв талбайтай агуулахыг давхардуулан бүртгүүлсэн учир “Х” ХХК-ийн өмчлөх эрх зөрчигдөж байна” гэж тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүхийн дүгнэснээр гуравдагч этгээдийг эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэгдсэн 710 м.кв талбайтай тоосгон агуулахыг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хамгаалуулах, бусдын халдлагаас хамгаалах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хамгаалуулах шаардлага бүхий нэхэмжлэл нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэхээргүй байна.
4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу гуравдагч этгээд “Х” ХХК-аас Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж ““Дор” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг даалгах”-аар бие даасан шаардлага гаргасан байна.
4.4. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” гэж заасан бөгөөд бие даасан шаардлага болон түүнд хавсаргасан баримтуудаас үзвэл талбайн хэмжээг багасгаж бүртгэхийг хүсч буй газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “Х” ХХК-д хадгалагдаж байх нөхцөлд маргаан бүхий бүртгэлийн улмаас гуравдагч этгээд “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна.
4.5. Дээрхийг нэгтгэн дүгнэн үзвэл цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн гуравдагч этгээд “Х” ХХК-ийн бүртгэлийг хууль ёсны буюу нэхэмжлэгч “Дор” ХХК-ийн бүртгэлийг хууль бус гэж дүгнэж байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээд “Х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
4.6. Учир нь “Х” ХХК-ийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Хивсний үйлдвэрийн урд талд байршилтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий 1 давхар складын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэж 00109497 тоот гэрчилгээг олгосон байхад хариуцагч байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлд заасан нягтлан шалгах үүргээ биелүүлээгүйгээс “Дор” ХХК-д давхардсан бүртгэл хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэснийг ““Дор” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ