Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00612

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

        Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/02274 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 158 дугаар магадлалтай,

            Г.М-ийн нэхэмжлэлтэй,

            “Т” ХХК-д холбогдох

         Гүйцэтгэх захирлын Б/1215 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2017 оны 07 сарын 18-ны Б/987 дугаар тушаалаар тус банкны Эрсдэлийн удирдлагын газрын Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн ажилтнаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл гүйцэтгэх захирлын 2017 оны 08 сарын 24-ний Б/1215 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул дараах үндэслэлээр уг тушаалыг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэгт буюу дээд шатны албан тушаалтан руу 2017 оны 08 сарын 22-ны 08 цаг 53 минутад “хүү өвчтэй байх тул эмчид үзүүлж гэрт нь амраах хэрэгтэй байна, чөлөө олгоно уу” гэсэн мессежийг илгээхэд “чөлөө олгох боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн. Уг хариултаас үзэхэд миний мессежийг тэрээр хүлээн авсан байна. Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй юм.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “... эмчийн магадлагаагаар ... ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгална” хэмээн заасан. Миний бие эмчийн магадлагаатай байгаа талаараа 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 10 цаг 47 минутад мессежээр мэдэгдсэн тул хуулийн дээрх заалтыг ажил олгогч зөрчсөн байна.

3. Шууд удирдлагын зөвшөөрөлгүй удаа дараа ажлын байраа орхиж явсан гэсэн ч удирдлагын зөвшөөрөлгүй нэг ч удаа ажлын байраа орхин явж байгаагүй.

4. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй. Гүйцэтгэх захирлын Б/1215 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Тны Эрсдэлийн удирдлагын газрын Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.М- нь байгууллагын дотоод журмын 5.21.1-д заасан ноцтой зөрчил гаргасан бөгөөд гаргасан ноцтой зөрчилд 2 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол ноцтой зөрчил гаргасанд тооцно гэсэн гүйцэтгэх захирлын Б/15 дугаартай тушаалаар ажилтанг ажил олгогчийн санаачилгаар ажил үүргээс нь чөлөөлсөн байгаа. Ажил үүргээс нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ, хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй. Ажилтан Г.М-ийн ажил тасалсан үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдож нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ. 

  

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/02274 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан гүйцэтгэх захирлын Б/1215 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,560,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хураамж, шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийхийг даалгуулах тухай Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 158 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/02274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 40 дүгээр зүйлийн 40.1.4” гэснийг “69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.10-ны өдрийн дугаар 158 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Г.М- нь түр томилогдсон тул хөдөлмөрийн түр гэрээ байгуулан ажилласан харин 2017.07.18-нд албан тушаалдаа жинхэлсэн бөгөөд Б/987 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн шинэ гэрээнд гарын үсгээ зурж захиргаанд Г.М- өгсөн. Уг гэрээнд зөрчлийн талаар заагаагүй байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дуусгавар болсон гэрээний заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээний алдаа юм. Мессеж бичиж чөлөө олгохыг хүссэн нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үндэстэй хэмээн шат шатны шүүх дүгнэсэн. Гэвч уг мессеж нь шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг үгүйсгэж байгаа бөгөөд хүүхэд нь өвчтэйн улмаас ажилдаа ирээгүй гэдгийг ажил олгогч мэдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардллагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулсан боловч шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлт нь учир дутагдалтай болсон тул магадлалд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байгууллагын дотоод журмын 5.21.1-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ, хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Г.М-ийг банкны Эрсдэлийн удирдлагын газрын зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн ажилтнаар ажиллуулахаар 6 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон ба гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/1215 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөсөн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, “Т” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1, 13 дугаар зүйлийн 13.5.3, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-д заалтыг үндэслэсэн байна.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчлийг тохирсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 7.4.1, хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 өдөр ажил тасалсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэжээ.  

Ажилтан Г.М- нь 2017 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгаанаа хүүхэд өвчтэй байсан, эмнэлгийн магадлагаатай байсан гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй буюу эмнэлгийн магадлагаа хэрэгт авагдаагүй, байгууллагын бичиг бүртгэх дэвтэрт тэмдэглэгдээгүй, ажилтнаас удирдлагад мессэж илгээсэн нь хөдөлмөрийн дотоод журмын 9.16, 9.17-д заасан чөлөө хүсэх тухай шаардлагад нийцээгүй талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.  

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн боловч нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамаарах зохицуулалтыг үгүйсгэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт орох нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 158 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 гэж өөрчлөн” гэснийг ” ... 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Г.М- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН