Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00158

 

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/02274 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг

           

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж, Х.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/987 дугаар тушаалаар тус банкны Эрсдэлийн удирдлагын газрын зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн ажилтнаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/1215 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул дараах үндэслэлээр уг тушаалыг эс хүлээн зөвшөөрч, нэхэмжлэл гаргасан. Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Г-т буюу дээд шатны албан тушаалтан руу 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 53 минутад “хүү өвчтэй байх тул эмчид үзүүлж гэрт нь амраах хэрэгтэй байна, чөлөө олгоно уу” гэсэн мессэжийг илгээхэд “чөлөө олгох боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн. Уг хариултаас үзэхэд миний мессэжийг тэрээр хүлээн авсан байна. Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “... эмчийн магадалгаагаар ...ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгална” хэмээн заасан. Миний бие эмчийн магадлагаатай байгаа талаараа 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 47 минутад мессэжээр мэдэгдсэн тул хуулийн дээрх заалтыг ажил олгогч зөрчсөн байна. Удирдлагын зөвшөөрөлгүй нэг ч удаа ажлын байраа орхин явж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй. Иймд гүйцэтгэх захирлын Б/1215 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн эрсдэлийн удирдлагын газрын зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.М нь байгууллагын дотоод журмын 5.21.1-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын Б/1215 дугаартай тушаалаар ажилтанг ажил олгогчийн санаачилгаар ажил үүргээс нь чөлөөлсөн байгаа. Ажил үүргээс нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ, хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй. Ажилтан Г.М-ийн ажил тасалсан үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдож нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан гүйцэтгэх захирлын Б/1215 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 560 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хураамж, шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийхийг даалгуулах тухай Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Г.М нь түр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Харин 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр албан тушаалдаа жинхэлсэн бөгөөд Б/987 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн шинэ гэрээнд гарын үсэг зурж захиргаанд нэхэмжлэгч өгсөн уг гэрээнд зөрчлийн талаар заагаагүй байсан. Гэтэл шүүх дуусгавар болсон гэрээний заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа юм. Мессэж бичиж чөлөө олгохыг хүссэн нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үндэстэй хэмээн шүүх дүгнэсэн. Гэвч уг мессэж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг үгүйсгэж байгаа бөгөөд хүүхэд нь өвчтэйн улмаас ажилдаа ирээгүй гэдгийг ажил олгогч мэдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Г.М нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Т” ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын газрын зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн ажилтнаар ажиллахаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон ба гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/1215 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, “Төрийн банк” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1, 13 дугаар зүйлийн 13.5.3, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-д заалтыг тус тус үндэслэсэн байна. /хх-ийн 5, 6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүү өвчтэй байсан тул түүнийг эмчид үзүүлж, гэрт амраах хэрэгтэй байна, чөлөө олгоно уу, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр миний бие эмчийн магадлагаатай байсан тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, энэ тухайгаа удирдлагад мессэжээр мэдэгдсэн ...” гэсэн бол хариуцагч “Т” ХХК нь “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажил олгогчоос чөлөө олгох боломжгүй гэх хариу мессэж илгээсэн, ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 3 хоног тасалсан ...” гэж тайлбарлажээ.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчлийг тохирсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 7.4.1, хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 өдөр ажил тасалсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заажээ.

 

Ажилтан Г.М нь 2017 оны 8 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгаанаа хүүхэд өвчтэй байсан, эмнэлгийн магадлагаатай байсан гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн эмнэлгийн магадлагаа хавтаст хэрэгт авагдаагүй, ирсэн бичиг бүртгэх дэвтэрт тэмдэглэгдээгүй, удирдлагад мессэж илгээсэн нь хөдөлмөрийн дотоод журмын 9.16, 9.17-д заасан чөлөө хүсэх тухай шаардлагад нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх Г.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөх үндэслэлтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/02274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“ ... 40 дүгээр зүйлийн 40.1.4” гэснийг “69 дүгээр зүлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ