Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Эийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн М газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн М газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлсний нэмэгдэл /зэрэг дэвийн 10%, төрийн алба хаасан хугацааны 20%/ болон цалингийн шатлалын зөрүүг нөхөн гаргуулах, ээлжийн амралтын олговрын зөрүүг олгож, ээлжийн амралтыг биечлэн эдлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганжуур нар оролцов.
                                                    ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, С.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь Дорноговь аймаг дахь М газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар тус газарт хүний нөөц эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Иймд намайг ажлаас чөлөөлсөн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаал болон анхнаасаа хууль зөрчиж Г.Мг ажилд томилсон 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх замаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлбол:
1.    Дорноговь аймгийн М газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,
2.    Мөн тус газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд олгогдоогүй нэмэгдэл хөлснүүд болох төрийн албан хаагчаар ажилласан хугацаа, зэрэг дэвийн нэмэгдлүүд, цалингийн шатлалын зөрүүг нөхөн гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх,
3.    Ээлжийн амралтын олговрын зөрүүг гаргуулж, амралтыг биеэр эдлэх шаардлагуудыг гаргаж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд: М газрын даргын 2016 оны Б/02 дугаар тушаалаар Г.Мг дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн байдаг. М газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх шаардлага тавигддаг. Гэтэл Г.М нь сэтгүүлч мэргэжилтэй, төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албанд ажиллаж байгаагүй, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, мэдлэг боловсрол, туршлагагүй байхад М газрын дарга түүнийг дээрх албан тушаалд томилон ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Г.Мг анх томилогдох үед би төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан бөгөөд тухайн үед тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Ганбаатартай утсаар холбогдож асуухад манай байгууллагад сул орон тоо гарна, гэхдээ Төрийн албаны салбар зөвлөлд саналаа хүргүүлж нийтэд зарлуулаад, нөөцөд бүртгэлтэй иргэдээс шаардлага хангасан хүнийг томилно гэж хэлсэн. Үүний дагуу Төрийн албаны салбар зөвлөлд очиход төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэдээс хамгийн олон жил төрийн албанд ажилласан туршлагатай, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангасан хүнийг тухайн байгууллагад нэр дэвшүүлдэг, тань шиг олон жил ажилласан хүн манай нөөцөд байхгүй. Сул орон тооны захиалга ирэхээр мэдэгдэнэ гэж хэлж байсан. Ингээд олон сар хүлээсний эцэст Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэлгүй М газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдсон.
Миний бие нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.5-т заасан тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадварыг бүрэн хангаж байсан төдийгүй тухайн үед төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан тул М газар нь сул орон тооны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн бол би хууль журмын дагуу тус албан тушаалд томилогдох байсан.
Иймд Г.Мг хууль зөрчиж ажилд томилсон гэж үзэж М газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Мөн намайг М газрын хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхад 1 сарын өмнө урьдчилан мэдэгдэлгүйгээр хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажиллаж байсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь намайг анх ажилд томилогдоход жирэмсний болон амаржсаны амралттай хүний оронд орж байгаа гэж огт хэлээгүй бөгөөд ажил хүлээлцэхэд ч энэ талаар яриагүй. Мөн ажилд томилсон 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаар тушаалын үндэслэлд хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр томилогдон ажиллах үед баримтлах хуулийн заалтыг огт дурдаагүй байдаг. Иймд би өөрийгөө анхнаасаа хуульд заасны дагуу жинхлэн томилогдсон гэж үзэж байгаа.
Мөн Г.Мг өөр ажил албан тушаалд томилох боломж байсан. Тухайлбал Г.Мг ажилдаа эргэн орох хүсэлт гаргах үед манай байгууллагад няравын сул орон тоо байсан. Гэтэл Г.М нь хүний нөөц, эрх зүйн ахлах мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Иймд М газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, мөн өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.
М газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны салбар зөвлөлд хандахад тус зөвлөлийн маргаан шалгах комиссоос дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтэд Г.Мг ажилд томилсон нь ямар хуулийг зөрчсөн мөн Г.М нь тухайн албан тушаалд тавигдах ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангаагүй, тухайн ажлын байранд эргэн томилогдох боломжгүй зэргийг огт дурдаагүй бөгөөд зөвхөн Г.Мг хуулийн дагуу томилогдоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Мөн Г.Мг ажилд эргүүлэн томилсон нь хууль зөрчөөгүй боловч уг ажлын байранд хуулийн дагуу нэр дэвшигдэн томилогдоогүй тул ажлаас чөлөөлж, сул орон тоог хуулийн дагуу нөхөгдөх хүртэл түр орлон гүйцэтгэгч томилж ажиллуулах шаардлагатай гэснээр уг дүгнэлт нь маш хангалтгүй дүгнэлт болсон.
Төрийн албаны зөвлөлөөс Г.Мг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзэж түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулах тухай албан бичгийг аймгийн М газарт хүргүүлснээр намайг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилсон. Уг тушаалаар намайг төрийн албанд анх томилогдон ажиллаж байгаа хүнтэй адилтгаж цалингийн шатлалыг ТЗ-6-4 байсныг ТЗ-6-1 болгон өөрчилж, төрийн алба хаасан хугацааны 10 хувийн нэмэгдэл болон зэрэг дэвийн 20 хувийн нэмэгдлийг олгохгүйгээр төрийн жинхэнэ албан хаагч намайг хохироож байна. Иймд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс, нэмэгдлүүдийг авах үндэслэлтэй гэж үзэж байна.
Г.М нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж томилогдсон тул түүнийг ажилд томилсон М газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаал болон намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд олгогдоогүй нэмэгдэл хөлснүүдийг нөхөн гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ээлжийн амралтын олговрын зөрүүг гаргуулж, амралтыг биеэр эдлүүлэх шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
    Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тухайн албан тушаалтны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.М нь М газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр 2015 онд ажиллаж байгаад 2016 онд хүүхэд асрах чөлөө авч, ажлаас түр чөлөөлөгдсөн бөгөөд түүний оронд С.Эийг томилон ажиллуулж байсан. Тэрээр Г.М нь 2018 онд ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар түүнийг ажилд нь эргүүлэн томилж, С.Эийг ажлаас чөлөөлсөн болно. Өөрөөр хэлбэл Г.М ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар С.Эийн уг албан тушаалд ажиллах хугацаа дуусгавар болсон.
С.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлий 36.1.2 дах заалтад “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай байгууллагаас хууль эрх зүй, хүний нөөцийн ахлах мэргэжилтний сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн дагуу нийтэд зарлуулахаар Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн тул Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон хүнийг жинхлэн томилж ажиллана. Г.Мг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд тухайн үед нь гомдлоо гаргах боломжтой байсан.
С.Эээс Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс уг ажлын байрыг нөхөгдөх хүртэл түр орлон гүйцэтгэгч томилуулан ажиллуулж байх чиглэлийг өгсөн бөгөөд хууль эрх зүй, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Г.М нь өөр ажил албан тушаалд шилжин ажиллах хүсэлт гаргаснаар түүнийг ажлаас чөлөөлсөн тул хууль эрх зүй, хүний нөөцийн ахлах мэргэжилтний сул орон тоонд С.Эийг 2018 оны Б/21 дүгээр тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан.
Дээрх тушаалын дагуу С.Эт зөвхөн албан тушаалын цалинг буюу  цалингийн шатлалыг ТЗ-6-1-ээр тооцож олгосон байгаа. Учир нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай” журмын 5.2 дахь хэсэгт “жирэмсний болон амаржсаны амралттай үед албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа иргэнд тухайн албан тушаалын цалинг олгоно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан юм.
Иймд цалин нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.
Харин ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх шаардлагын тухайд С.Эийн ээлжийн амралтыг энэ ондоо багтааж эдлүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
    Нэхэмжлэгч С.Э нь Дорноговь аймгийн М газрын даргад холбогдуулан тус газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан ажил албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсонтойгоо холбогдуулан өмнө гаргасан шаардлагуудаасаа “ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд олгогдоогүй  байгаа  төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл мөн албан тушаалын цалингийн шатлалын зөрүү /ТЗ-6-4/-г тус тус нөхөн гаргуулж цаашид ТЗ-6-4 шатлалаар цалинжуулж тухайн нэмэгдлүүдийг олгохыг болон 2018 оны ээлжийн амралтын олговрын зөрүүг гаргуулж, амралтыг биеэр эдлүүлэх агуулгаар өөрчилж байна хэмээн тодорхойлсноор шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон тухайн шаардлагуудын хүрээнд дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн болно.
    Дорноговь аймгийн М газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дорноговь аймгийн М газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг үндэслэл болгон Г.Мг тус байгууллагын дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр мөн өдрөөс эхлэн томилжээ.
Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж буй шаардлагын үндэслэлээ “...тухайн ажлын байранд тавигдах эрх зүйч байх мэргэжлийн шаардлага хангаагүй, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй  иргэнийг томилж Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан миний тухайн албан тушаалд томилогдон ажиллах эрхийг зөрчсөн” хэмээн тайлбарлаж байна.
Дээрх маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх”-ээр заажээ.
Хэрэгт авагдсан Г.Мн ажилд орох тухай хүсэлт  дэх мэдээлэл, хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/289 тоот албан бичгээр  маргаан бүхий ажлын байрны орон тоог нийтэд зарлуулж нөөцөөс нөхөх тухай захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж байсан нөхцөл байдал мөн  Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтэд  “...Мөнхсарнайг тухайн үед томилохдоо...салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулаагүй, сул орон тооны захиалгыг ирүүлээгүй...зэрэг зөрчлийг...гаргасан байна” гэж дурдсан байгаа болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд тус байгууллагад дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоо гарсан улмаар уг  орон тоог нөхөхдөө тухайн захиргааны актын үндэслэлд дурдсан журмын дагуу Г.Мг томилсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг албан тушаалд томилогдсон Г.Мгийн хувьд тухайн албан тушаалыг эрхлэхэд зайлшгүй шаардагдах эрх зүйч байх мэргэжлийн шаардлагыг хангаагүй байхын зэрэгцээ төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн этгээд биш байх бөгөөд талууд эдгээр асуудлын тухайд маргаагүй байна.
 Нэхэмжлэгч С.Э нь 2006 оны 10 дугаар сард төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-т заасан үндэслэлээр буюу биеийн эрүүл мэндийн байдлаа удаан хугацаагаар эмчлүүлэхээр 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.1-т зааснаар “төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан” болох нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоол , Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр тушаал , Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 107 тоот албан бичгээр  тус тус тогтоогдож байгаагаас үзвэл “маргаан бүхий дээрх шийдвэрийг гаргах тухайн үед төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх хэдий ч уг шийдвэрийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх талаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 5.1-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албаны  сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэн нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа...аймаг...дахь салбар зөвлөлд ирүүлнэ...”, 6.2-т “Төрийн албаны зөвлөл, аймаг...дэх салбар зөвлөл нь тус тус харьяаллын дагуу дараахь хэлбэрээр нөөцийн сангаас нэр дэвшүүлнэ”, 6.2.2-т “...журмын 2.2.1-2.2.4-т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг...хуралдаанаар хэлэлцэж холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу...томилуулахаар нэр дэвшүүлэх”-ээр, 6.2.3-т “...журмын 2.2.1-2.2.4-т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа  иргэдийн...судалгааг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Хэрэв томилох эрх бүхий этгээд энэхүү судалгаанд орсон иргэдээс хэн нэгнийг нь сонгон тухайн албан тушаалд томилох боломжтой гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа...салбар зөвлөлд ирүүлэх...”, 6.2.5-д “иргэний төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай холбогдох Зөвлөлийн шийдвэр гармагц уг шийдвэр, .../-ыг/ тухайн байгууллагад албан ёсоор шилжүүлэх”-ээр тус тус зохицуулжээ.
Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албаны сул орон тоог шууд нөөцөөс нөхөхгүй эхний ээлжинд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар нөхөх харин уг журмаар нөхөх боломжгүй тохиолдолд нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэдээс нэгийг нь сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх замаар нөхөх журамтай байх тул нэхэмжлэгчийн хувьд “төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй” байсан нөхцөл байдал нь түүнийг маргаан бүхий тухайн албан тушаалд шууд нэрийг дэвшүүлэх мөн уг албан тушаалд шууд томилох үндэслэл болохгүй бөгөөд нөөцөд бүртгэлтэй иргэдээс хэн алиныг сонгон шалгаруулж нэрийг  нь  дэвшүүлэх нь төрийн албаны салбар зөвлөлийн эрх хэмжээний асуудал учир тухайн тохиолдолд зөвхөн нэхэмжлэгчийн нэрийг дэвшүүлж томилуулахаар байсан гэж үзэх боломжгүй юм.    
Улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж “уг албан тушаалд томилогдох хүсэлтэй байгаагаа тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргатай утсаар холбогдож асуухад сул орон тоо гарна, гэхдээ Төрийн албаны салбар зөвлөлд саналаа хүргүүлж нийтэд зарлуулаад, нөөцөд бүртгэлтэй иргэдээс шаардлага хангасан хүнийг томилно гэж хэлсэн, үүний дагуу Төрийн албаны салбар зөвлөлд очиход төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэдээс хамгийн олон жил төрийн албанд ажилласан туршлагатай, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангасан хүнийг тухайн байгууллагад нэр дэвшүүлдэг, тань шиг олон жил ажилласан хүн манай нөөцөд байхгүй. Сул орон тооны захиалга ирэхээр мэдэгдэнэ гэж хэлж байсан” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч тэрээр уг хүсэлтээ тухайн байгууллага болон холбогдох албан тушаалтанд албан ёсоор гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “тухайн үед дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нь ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан тул аль алинд нь  хүсэлтээ бичгээр гаргаагүй” гэх тайлбараар тогтоогдож байна.   
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч Дорноговь аймгийн М газрын дарга, тус газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоонд Г.Мг томилох шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлээгүй буюу тухайн ажлын байрны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэх болон тухайн ажлын байрны сул орон тоог нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч хариуцагчийн хууль зөрчиж гаргасан энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгч С.Эийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн, Дорноговь аймгийн М газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй  байна.
М газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Дорноговь аймгийн М газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар  Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “...хүний нөөц эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мн жирэмсний болон амаржсаны хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилогдон ажиллаж байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.Эийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлийг “анх томилсон шийдвэрийн үндэслэлд жирэмсэн хүний оронд ажиллах талаарх заалтыг баримтлаагүй, Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг үндэслэл болгосон байсан,  уг оронд тоонд өмнө нь ажиллаж байсан Г.М нь анхнаасаа хууль зөрчиж томилогдсон учир түүнийг ажилд нь буцаан авч  ажиллуулах үндэслэл байхгүй” гэж, хариуцагч нь “...жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан албан тушаалтны оронд түр томилогдсон байсан тул түүнийг чөлөөлөх үндэслэлтэй” хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч С.Э нь анх, Дорноговь аймгийн М газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар  тус газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон, уг тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.6, Засгийн газрын 2014 оны 332, 1995 оны 96, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэл болгосон өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх талаарх хуулийн зохицуулалтыг баримталж тухайн шийдвэрийг гаргасан байх боловч бодит байдал дээр түүнийг томилох үйл ажиллагаа тухайн шийдвэрийн үндэслэлд дурдсан хуулийн зохицуулалтын дагуу явагдаагүй бөгөөд улмаар уг орон тоо нь сул орон тоо биш эзгүй байгаа буюу тодруулбал, жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Мн  ажиллаж байсан албан тушаал болох нь  тус газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар  “Г.Мд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө олгосон” нөхцөл байдал, хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 4401000039 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээн  дэх “...2017 оны 01 дүгээр сарын 22-нд...төрснийг...бүртгэж гэрчилгээ олгов” гэх мэдээлэл,  хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:”, 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө...дуусаагүй боловч эцэг эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж зааснаар Г.Мгийн ажиллаж байсан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалттай бөгөөд тухайн этгээдээс хүүхэд асрах чөлөөний хуульд заасан хугацаа дуусаагүй байхад ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар хариуцагчийн зүгээс түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хүрээнд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь уг захиргааны актын үндэслэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 21.2,  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт болон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгчийг чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийн анх томилогдсон “дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” гэсэн нэршлийг биш “...Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн...” гэсэн нэршлийг дурдсан байгаагаас үзэхэд Г.Мн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нэхэмжлэгч нь томилогдон ажиллаагүй мэт харагдаж байх боловч “М Ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/138 дугаар тушаалаар  “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” гэсэн албан тушаалын нэршлийг “Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн” гэж өөрчилсөн үүнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс тухайн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй  байна.
 Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Эийг анх тухайн албан тушаалд томилсон шийдвэрийн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан тушаалд томилох талаарх зохицуулалтыг баримталсан улмаар эзгүй байгаа албан хаагчийн орон тоонд томилогдож байгаа талаар томилох эрх бүхий этгээдийн зүгээс  мэдэгдээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх боловч  бодит байдал дээр түүнийг томилох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй түүнчлэн түүний томилогдон ажилласан уг албан тушаал нь хуульд заасны дагуу хэвээр хадгалагдах буюу эзгүй байгаа албан хаагчийн албан тушаал байсан бөгөөд эзгүй байсан албан хаагчаас ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж үргэлжлүүлэн ажиллах болсноор нэхэмжлэгчийн хувьд уг албан тушаалыг эрхлэх хугацаа дуусгавар болсон гэж үзэхээр байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд  Дорноговь аймгийн М газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх болон 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд дутуу олгогдсон нэмэгдлүүд мөн цалингийн шатлалын зөрүүг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн  шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой тухайн хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгох”-оор, 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн хувьд Дорноговь аймгийн М газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар  мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн боловч шүүхийн зүгээс түүнийг үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь тогтоосон шийдвэрийг нэгэнт гаргаагүй  тул түүнд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үндэслэлгүй байна. Иймд түүний уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Өмнө дурдсанаар хариуцагч нь хуулиар хүлээсэн ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах, үргэлжлүүлэн ажиллуулах үүргийнхээ дагуу Г.Мг  өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээд  төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалыг эрхтэй бөгөөд Г.Мгийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй, тухайн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг нэгэнт хангахгүй байгаа  тул хариуцагч нь тус байгууллагын “Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нийтэд зарлуулан нөөцөөс нөхөх тухай захиалгыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/289 тоот албан бичгээр  Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлжээ.
Улмаар Г.М нь өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах болсноор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар  нэхэмжлэгч С.Эийг “Төрийн албаны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх”-ээр томилон  цалин хөлсийг нь ТЗ-6 зэрэглэлийн 1-р шатлалаар /ТЗ-6-1/ буюу сарын 547,759,00 төгрөгөөр цалинжуулахаар шийдвэрлэсэн байна.
     Нэхэмжлэгч нь цалингийн шатлалын зөрүү болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлүүдийг нөхөн гаргуулж цаашид ТЗ-6-4 шатлалаар цалинжуулж холбогдох нэмэгдлүүдийг олгохыг даалгах шаардлагынхаа үндэслэлийг “...төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг дордуулсан” гэх агуулгаар, хариуцагч нь ”...түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон учир зөвхөн албан тушаалын цалин олгосон төдийгүй холбогдох дээд шатны байгууллагаас албан тушаалтнуудын цалингийн шатлалыг ахиулахгүй байх үүрэг даалгавар өгсөн тул цалингийн шатлалыг ТЗ-6-1-ээр тооцсон” хэмээн тайлбарлаж байна.
Засгийн газрын 2011 оны 62 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа тохиолдолд зөвхөн “албан тушаалын цалин” олгохоор зохицуулагдсан байх тул нэхэмжлэгч С.Эт төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлийг олгох үндэслэлгүй байна.
Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Э 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс өмнөх хугацаанд тус байгууллагад хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхдаа ТЗ-6-4-р шатлалаар цалинжиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд  улмаар цалингийн сүлжээний шатлал нь бүхэлдээ тухайн зэрэглэлд хамаарах “албан тушаалын цалин” бөгөөд энэ нь ажилласан жилээс хамааралтайгаар 1-5  шатлалаар тогтоогдсон байх тул цалингийн сүлжээний зөвхөн 1-р шатлалыг тухайн “албан тушаалын цалин” гэж ойлгох боломжгүй юм.
Хариуцагчийн зүгээс “...холбогдох дээд шатны байгууллагаас албан тушаалтнуудын цалингийн шатлалыг ахиулахгүй байх үүрэг даалгавар өгсөн тул С.Эийн албан тушаалын цалинг ТЗ-6-1-ээр тооцож олгосон” гэх тайлбар гаргаж байгаа боловч энэ нь түүнийг ТЗ-6-4-р шатлалаар цалинжуулахад хамааралгүй өөрөөр хэлбэл түүний цалингийн шатлалыг шинээр ахиулж байгаа асуудал бус уг ажил, албан тушаалыг эрхэлж байгаагийнх нь хувьд тухайн этгээдэд олгогдвол зохих  “албан тушаалынх цалин” тул нэхэмжлэгчийн цалинг ТЗ-6-4 шатлалаар олгоогүй хариуцагчийн энэхүү үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс нэхэмжлэгч С.Эт 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд дутуу олгосон цалин хөлс буюу ТЗ-6-1, ТЗ-6-4 шатлалын зөрүүг /7, 8, 9 дүгээр сарын/ нөхөн олгож улмаар ТЗ-6-4 шатлалаар цалинжуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй  байна.
Ээлжийн амралтын олговрын зөрүүг гаргуулж, амралтыг биеэр эдлэх нэхэмжлэлийн  шаардлагын тухайд:
Хариуцагч Дорноговь аймгийн М газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар С.Эийг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ээлжийн амралтын тооцоог хийж зохих олговрыг бодож олгохыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж шийдвэрлэснээр С.Эт 9,2 хоногийн ээлжийн амралтын олговор 369,753 төгрөгийг бодож олгожээ.
С.Э нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн М газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдож, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн жилийн ээлжийн амралтаа эдэлсэн байх тул түүнийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан түүнд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан 5 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож ээлжийн амралтын олговор 369,753 төгрөгийг олгосон нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралтын олговор тооцох журам” болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-тай нийцэж байна.
Гэвч нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны  өдрөөс тус байгууллагад “Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилогдон өмнө эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа тул  хуульд заасан  журмын дагуу түүний 2018 оны ээлжийн амралтыг зохих ёсоор биечлэн эдлүүлж улмаар үргэлжлүүлэн ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын олговрын зөрүүг тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч С.Эийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, 17 дугаар зүйлийн 17.4, 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эрдэнэхишигийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж түүнийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ТЗ-6 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар цалинжуулж түүнд 2018 оны 07, 08, 09 дүгээр саруудад дутуу олгосон цалингийн шатлалын зөрүүг нь нөхөн олгохыг болон 2018 оны ээлжийн амралтыг биечлэн эдлүүлж 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс томилогдон ажилласан хугацааны ээлжийн амралтын зохих олговрыг тооцож олгохыг тус тус хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны зэрэг дэвийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус олгохыг даалгах шаардлагуудыг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэхишигт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА