Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 007

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 630 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, МТ байранд байрлах, МТ Баянгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бекболат, Ө.Хуралай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газартай байгуулсан 106/13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:Манай компани Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 106/13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан болно. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж, акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор МТ Баянгол ХХК-ийн Хаан банк дахь 5028036836 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 5588270 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах талаар бидний зүгээс удаа дараа асуудал тавьж байсан боловч одоог хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд 106/13 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай байгууллага МТ Баянгол ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах тухай 106/13 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж, энэ гэрээний дагуу авсан бензин, шатахууны үнийг МТ Баянгол ХХК-ний гурван удаагийн нэхэмжлэлийн дагуу 9764900 төгрөгийг №241, 255, 271 тоот төлбөрийн хүсэлтээр ХААН банк дахь 5028036836 тоот дансанд шилжүүлсэн. Иймд МТ Баянгол ХХК-ний нэхэмжилсэн 8382405 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 630 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 8382405 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-д олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 149070 төгрөг гаргуулан МТ Баянгол ХХК-д олгосугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 630 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Манай байгууллага МТ Баянгол" ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах тухай 106/13 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж, энэ гэрээний дагуу авсан бензин, шатахууны үнийг МТ Баянгол" ХХК-ний гурван удаагийн нэхэмжлэлийн дагуу 9764900 төгрөгийг №241, 255,271 тоот төлбөрийн хүсэлтээр ХААН банк дахь 5028036836 тоот дансанд шилжүүлсэн ба 2014 онд 43449760 төгрөгийн шатахуунавч, үүнийг бас бүрэн төлж "МТ Баянгол" ХХК-ний Баян-Өлгий салбарын нягтлантай тооцоо нийлээд дууссан байгаа.

Нэхэмжлэгч "МТ Баянгол" ХХК-иас манайд сар бүр зөвшөөрлийн бичигтэй нэхэмжлэх ирдэг ба үүний дагуу тухай бүр авсан шатахууны үнийг төлж байсан ба тус компани нь нэхэмжлэл ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн шатахууны үнэ болон алдангийг төлөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч тал зөвшөөрлийн бичиг нь илүү гараад байгаа гэсэн ба яагаад илүү гараад байгааг мэдэхгүй байгаа. "МТ Баянгол" ХХК-ний тооцоо нийлж байсан нягтлангийн тайлбарласнаар бид нар зөвшөөрлийн бичгийг давхар хуулбарлаж хот руу явуулж байсан. Мөн "МТ Баянгол" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газартай удаа дараа тооцоо нийлэхээр 3 удаа миний бие хотоос ирсэн боловч тооцоо нийлж чадахгүй буцаж байсан гэж тайлбарласан байна.

Дээрх тайлбаруудаас харахад нэхэмжлэгч тал хуурамч бичиг баримт бүрдүүлэн илүү шатахууны мөнгө нэхэмжилж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хурал дээр Баян-Өлгий аймгийн ЗДТГазар манайхаас дизель түлш авч байсан гэж тайлбарласан байна. Гэтэл манайд дизель түлш хзрэглэдэг машин байхгүй ба ямар бичиг баримтыг үндэслэл болгож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал болон хариуцагч талын анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн нотлох баримт нь зөрүүтэй, нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн бензиний талонд жолооч нарын нэр болон авсан литр бензиний шатахууны марк, литр зэрэг нь янз бүр байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагчаас гаргаж өгсөн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаартай, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дугаартай, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 271 дугаартай төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, хэргийн 56-61, 75-79 дүгээр талд авагдсан. МТ Баянгол ХХК-аас Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын картаар авсан шатахууны тооцоо, хэргийн 80-86 дугаар талд авагдсан баримтад тус байгууллагын тэмдэг бүхий хуулбар үнэн гэсэн тэмдэглэгээ хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүйталаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, МТ Баянгол ХХК-аас Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын картаар авсан шатахууны тооцоо зэрэг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ