Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 217

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, МТ байрт байрлах, МТ Баянгол ХХК /гүйцэтгэх захирал Г.Дашням, утас 93110503, 780011010/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тилеген, утас 7042-3762 /-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, Д.Бекболат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газартай байгуулсан 106/13 тоот Газрын тоосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газартай байгуулсан 106/13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан болно. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор МТ Баянгол ХХК-ийн Хаан банкан дахь 5028036836 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 5588270 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах талаар бидний зүгээс удаа дараа асуудал тавьж байсан боловч одоог хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд 106/13 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 5588270 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 2794135 төгрөг, нийт 8382405 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: МТ Баянгол ХХК нь анх Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 106/13 тоот газрын тоосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай байсан. Ингээд 2013 оны 12 дугаар сар хүртэл шатахуун нийлүүлсэн. Улмаар цаашид худалдан авах журмаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хүсэлтээр шатахууныг нийлүүлсээр ирсэн. Хоёр тал хоорондоо гэрээгээ бичгээр сунгая гэсэн хэлцэл хийгээгүй ч гэсэн хоёр талын өөрсдийн зөвшөөрлөөр өмнөх гэрээний хугацааг сунгасанд тооцъё гэдэг тохиролцоонд хүрсний үндсэн дээр 2014 оны 7 дугаар сар хүртэл шатахуунаа нийлүүлж ирсэн. Ингэхдээ шатахуун түгээх 145, 156, 155 дугаар салбаруудаар шатахуунаа нийлүүлсэн. Ингээд нийт хугацаанд 69118680 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн. Төлбөр төлөлт нь ер нь байнга хоцорч төлдөг. Тухайн сард авсан шатахуунаа дараа сарын 05-ны өдөр хүртэл төлөх ёстой байтал бодит байдал дээр дараа сарын сүүлээр, эсхүл тэрний дараа сард төлж ирсэн. Төлбөр төлөлтийн нийт төлсөн хэмжээн дээр маргахгүй байх шиг байна. Ингээд 2013 оны жилийн эцсийн үлдэгдлээр 1980150 төгрөгийн үлдэгдэлтэй төлбөр төлөөгүй. 2014 оны 01 дүгээр сард авсан шатахуун буюу 4502000 төгрөгийн шатахууны төлбөрийг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн байдаг. Ингээд 2 дугаар сард төлсөн шатахуунаа 3 дугаар сард, 3 дугаар сард авсан шатахуунаа 4 дүгээр сард гэх мэт явсаар байгаад 2014 онд 43498510 төлбөрийн төлбөрийг төлж нийт авсан шатахуун буюу 47373630 төгрөгийн шатахуун авсан байдаг. 2013 оны эцсийн үлдэгдэл 1980150 төгрөг, 2014 онд авсан шатахууны төлбөр 3875120 төлбөрийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг илүү дэлгэрүүлж ярвал ер нь МТ Баянгол ХХК нь ганцхан Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай харилцдаг компани биш. Манайх 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Яг ийм төрлийн авсан, аваагүй гэсэн маргаан бараг л гарч байгаагүй. Манайх шатахуунаа бодитой нийлүүлчхээд төлбөрөө авч чадахгүй байгаад гайхаж байна. Авсан шатахуунаа эднийх ямар үндэслэлээр аваагүй гэж хэлээд байгаа юм бэ?. Эсвэл авсан шатахууны төлбөрөө ингээд төлсөн ингээд төлсөн гэх баримтуудыг одоо хүртэл гаргаж ирээгүй. Бид нарын зүгээс хариуцагч талаас өгдөг бензиний талон гэх нэртэй шатахууны зөвшөөрлийн бичгээ хоёр тал нэг нэгэндээ өгч тэрнийх нь дагуу шатахуун өгөөд тэрнийгээ шар нь А-80, ягаан нь А92, ногоон нь дизель нэртэй байдаг. Тэрэн дээр шатахуун авсан автомашины дугаар болон жолоочийн гарын үсгийг тэмдэглэгээ хийж өгдөг. Буцаагаад тооцоо хийхдээ зөвшөөрлийн бичиг нэртэй нотариатаар батлуулсан эдгээр зүйлсийг ЗДТГ-т буцаан өгч үүгээр төлбөрөө авдаг байсан. Хамгийн гол маргаан хаана үүсээд байгаа юм бэ гэхээр 2014 оны 7 дугаар сард 3,8 сая төгрөгийн шатахуун авсан, аваагүй гэдэг маргаан гарч байх шиг байна. Энэ дээр тухайн үед Алтай таван богд хайрханыг тахих ёс болж байсан. Тэр үед бусад аймаг, төр захиргааны байгууллага, Засгийн газар, гаднын нэлээн төлөөлөгчид ирсэн юм шиг байгаа юм. Эдгээр нарын автомашинд яаралтай шатахуун өгөх шаардлагатай боллоо. Зөвшөөрлийн бичгийг дараа нь нөхөөд өгчихье гээд аж ахуйн дарга Бейбитхан гэдэг хүн утсаар ярьдаг. Тэрийгээ баталгаажуулах зорилгоор ЗДТГ-аас гаргасан автомашины үйлчилгээнд гаргасан автомашины бүртгэл гэсэн нэртэй баримт байгаа. Энэ дээр ЗДТГ-аас гараар бичээд дээр нь тамгаа дараад өгчихсөн байдаг. Үүнийг хавтаст хэрэгт одоо хүртэл өгч чадахгүй яваад байгаа шалтгаан нь ганцхан хувь үйлдэгддэг. Үүний эх хувийг төлбөр авахын тулд ЗДТГ-т хүлээлгэж өгчихсөн байдаг. Үүний хуулбар хувийг нотариатаар батлуулж чадахгүй яваад байгаа. Энэ баримтуудаа буцаагаад өөртөө авчхаад тэр хүмүүс нь зөвшөөрлийн бичгээ санаатай ч юм уу, санамсаргүй байдлаар ч юм уу ямар нэгэн байдлаар алга болгосон юм уу, дутаасан юм уу?. Өөрсдөд хадгалагдаж байгаа зүйлээ өөрсдөө алга болгосноо аваагүй мэтээр тайлбарлаж шатахууны мөнгийг өгөхгүй байгааг нь туйлын их гайхаж байна. Үүнийг нотолгоо болгох зорилгоор өмнөх анхан шатны шүүх хуралдаанд ЗДТГ-т шатахууны өгч байсан шатахуун түгээх станцын эрхлэгч Берикбол гэдэг этгээдийг гэрчээр оруулсан. Тэр хүнд хууль сануулж гэрчээр асуулгаж байгаа. Тэрэн дээр манайх нэхэмжлэхээ өгдөг байсан. Тэрийг ганцхан хувь үйлдээд ЗДТГ-т өгдөг байсан. Мөн зөвшөөрлийн бичгийг 7 дугаар сард дараа нь нөхөж өгнө гэж хэлээд өгөхгүй авдаг байсан. Дараа нь нөхөж өгнө гэж хэлээд шатахуунаа авчихсан. Дараа нь Бейбитханаас нэхэхэд би үүнийг яриад зохицуулна, би эндээс аваад өгнө, нягтлан байхгүй байна, амарсан байна гэх мэтчилэн тайлбар хэлсээр байгаад сүүлд нь ажлаас гараад олдохоо байсан. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бекболат амралтаа аваад байхгүй юм шиг байсан байгаа юм. Ингээд бид нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Х.Тилеген шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага МТ Баянгол ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 106/13 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж энэ гэрээний дагуу авсан бензин, шатахууны үнийг МТ Баянгол ХХК-ний гурван удаагийн нэхэмжлэлийн дагуу 9764900 төгрөгийг №241, 255, 271 тоот төлбөрийн хүсэлтээр ХААН банк дахь 5028036836 тоот дансанд шилжүүлсэн. Иймд МТ Баянгол ХХК-ний нэхэмжилсэн 8382405 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар газрын тоосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажилласан. Тухайн үед авсан 3 сарын шатахууны төлбөр болох 9764900 төгрөгийг 241255271 тоот төлбөрийн хүсэлтээр ХААН банкны 5028036836 тоот дансанд шилжүүлж байсан. 2014 онд авсан шатахууны үнэ болох 43449760 төгрөгийн шатахууны үнийг бүрэн төлж МТ Баянгол ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын нягтлан бодогчтой тооцоогоо хийгээд дуусгасан байсан. МТ Баянгол ХХК-иас манайд сар бүр зөвшөөрлийн бичигтэй нэхэмжлэх ирдэг байсан ба үүний дагуу тухай бүр авсан шатахууны үнийг төлж тус компанийн нэхэмжлэх ирээгүй үед манайхаас алданги нэхдэг байсан. Тэрнийг бас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хоёр дахь шалтгаан маань зарим бичгүүд нь илүү гараад байна. Жишээ нь саяны эх хувь нь байхгүй байна гээд гаргаж ирсэн бичиг нь манайд олдохгүй байсан. Тэгээд бас Бекболд гэдэг хүнийг гэрчээр асуулгасан гэж ярлаа. Бид нарт Бейбитхан гэдэг хүн утсаар яриад тийм машин явуулчихлаа, тухайн машин бензин өгөөрэй гэж хэлдэг байсан. Дараа нь талон байхгүй учраас урьдах талонуудыг давхар хуулбарлаж явуулдаг байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тийм учраас зарим талонууд нь давхар гарч ирж байгаа учраас жишээ нь Бекболат гэдэг хүн 50 литр бензин авлаа гэхэд дахиад 50 литрийн талоныг давхар явуулаад нэхэмжилж байгаа юм болов уу гэсэн хардалт үүсээд байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй байна. Сая тооцоо нийлсэн үед МТ Баянгол ХХК нь манай талаас мөнгө нэхэмжлэх биш, харин ч ЗДТГ-аас эдний талаас 100 литр бензиний авлагатай болж гарч ирсэн. Сая бензин авсан жолооч нарын гарын үсэгтэй жагсаалт өгсөн. Тэрэн дээрх 2899, 3429, 1031, 0021, 8000, 1872, 0250, 2998 гэсэн дугаартай машинууд манайд байхгүй. Тийм учраас нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эднийх өөр байгууллагуудын авсан тооцоог нийлээд ЗДТГ-аас мөнгө нэхэмжилж байгаа гэж ойлгож байгаа учраас манай тал бүх мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн дизель түлшний мөнгийг нэхэмжилж байгаа гэж ойлгож байгаа. Манайд бас дизель түлш хэрэглэдэг машин байхгүй. Бүх машинууд бензинээр явдаг учраас дизель түлшний төлбөр болох 9999600 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учир шүүхээс хуулийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бекболат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны тооцоо нийлсэн дээр МТ Баянгол ХХК-аас манайд 10 сая төгрөгийн дизель түлшний мөнгийг нэхэмжилсэн. Манайд дизель түлш хэрэглэдэг ганцхан машин байгаа. Тэр бол үйлчилгээнд явдаг. Нэг өдөрт 10 хэдхэн км явдаг. Тэр машин бол тухайн үед эвдэрсэн байсан. Тэгээд МТ Баянгол ХХК-ийн ХААН банкан дахь дансанд 12 дугаар сарын 27-ны өдөр 10 сая төгрөг орсон гэсэн. Тийм мөнгийг манайх ерөөсөө шилжүүлээгүй. Мөн сая тооцоо нийлсэн. Эднийд байгаа талон болон манайд байгаа талонуудыг тулгаж үзэхэд 100 литрийн зөрүү гарсан. Ерөнхийдөө тооцоо нь зөв гарсан. Бид нар зөвхөн 7 сарын тооцоог тулгаж үзсэн гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч МТ Баянгол ХХК болон хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 106/13 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г харилцан байгуулсан байна.

Энэ Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-д талууд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж гэрээний хугацааг тогтоосон ба гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч 2014 оны 7 дугаар сар дуустал нэхэмжлэгч МТ Баянгол ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнээ хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазарт нийлүүлж байсныг талууд харилцан зөвшөөрч маргаагүй болно.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 31-ний хүртэл нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-наас Н-80 маркийн бензин 1 литр 1720 төгрөгөөр 5000 литр буюу 8599070 төгрөг, Р-92 маркийн бензин 1 литр 1950 төгрөгөөр 21966 литр буюу 42811759 төгрөг, Д-түлш 1 литр 1950 төгрөгөөр 9073 литр буюу 17707850 төгрөгийн бүгд 69118680 төгрөгийн шатахуун авсан болох нь МТ Баянгол ХХК-аас Аймгийн ЗДТГазар-ын картаар авсан шатахууны тооцоо, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын Газрын аж ахуйн дарга Х.Бейбитхан гэж гарын үсэг зурж, тэмдэг дарсан Аймгийн ЗДТГазрын бензиний талонууд, мөн машины дугаар, жолооч түгээгч нарын гарын үсэгтэй шатахуун авсан огноог тэмдэглэсэн 704, 712, 703, 702 дугаартай ШТС-156 карт, МТ Баянгол ХХК-ний нэхэмжлэлүүд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын төлбөрийн баримтууд зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын гаргаж өгсөн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тээвэр шатахууны 2014 оны зарцуулалтын тооцоо гэдэг баримтад МТ Баянгол ШТСтанц болон НИК ХХК-наас авсан нэхэмжлэх болон төлсөн мөнгөний дүн бичсэн боловч тухайн нэхэмжлэх болон төлсөн мөнгөний талаарх нотлох баримтаа хариуцагч тал шүүхэд бүрэн гаргаж өгч чадаагүй, мөн тооцоо нийлсэн МТ Баянгол ШТС-ын ня-бо Бекболд гэж бичигдсэн боловч МТ Баянгол ХХК-ний тамга тэмдэг дарагдаагүй нь эргэлзээтэй байгаа тул ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар энэ тооцооны баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын гаргаж өгсөн доорх төлбөрийн хүснэгтээр нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-нд шатахууны үнэ 1) 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №255 Төлбөрийн хүснэгтээр 2650500 төгрөг,

2) 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №241 Төлбөрийн хүснэгтээр 4126000 төгрөг,

3) 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №271 Төлбөрийн хүснэгтээр 2988400 төгрөг,

4) 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №63 Төлбөрийн хүснэгтээр 4502410 төгрөг,

5) 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №77 Төлбөрийн хүснэгтээр 4727200 төгрөг,

6) 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №110 Төлбөрийн хүснэгтээр 3945800 төгрөг,

7) 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №174 Төлбөрийн хүснэгтээр 4950090 төгрөг,

8) 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №479 Төлбөрийн хүснэгтээр 9921030 төгрөг, мөн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №58 Төлбөрийн хүснэгтээр 1122430 төгрөг,

9) 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №236 Төлбөрийн хүснэгтээр 4180800 төгрөг,

10) 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №206 Төлбөрийн хүснэгтээр 5050000 төгрөг,

11) 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн №225 Төлбөрийн хүснэгтээр 5050000 төгрөгийг тус тус төлсөн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эдгээр төлбөрийн баримтаар нийт авсан 69118680 төгрөгийн шатахууны үнээс 53214660 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа боловч шатахууны үнээс 63263410 төгрөгийг хариуцагч төлсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байна.

Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2013.10.01-2016.07.31 МТ Баянгол ХХК-аас Аймгийн ЗДТГазар-ын картаар авсан шатахууны тооцоогоор нийт шатахууны үнэ 69118680 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 63263410 төгрөгийг хасахад үлдэгдэл 5855270 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийн шатахууны үлдэгдэл үнэ 5588270 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч МТ Баянгол ХХК болон хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 106/13 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 7.2-т худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% -тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэж байгаа боловч мөн гэрээний 2.1-т зааснаар гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад 9.1-т заасны дагуу гэрээнд тусгагдаагүй бусад асуудлаар буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохигчдын хооронд ямар нэгэн бичгээр гэрээ байгуулагдаагүй байна. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д заасныг дагуу анз (алданги) шаардах эрхээ алдаж байгаа болно.

Талууд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зэлээр худалдах, худалдан авах гэж нэрлэсэн боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөлүүдийг тусгаагүй тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Газрын тоосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байна гэж дүгнэх нь хуульд нийцнэ.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас шатахууны үлдэгдэл үнэ 5588270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-нд олгож, нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ний илүү нэхэмжилсэн алданги 2794135 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149070 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 104362 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас шатахууны үнэ 5588270 ( таван сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан) төгрөгийг гаргуулан МТ Баянгол ХХК-д олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 2794135 (хоёр сая долоон зуун ерэн дөрвөн мянга нэг зуун гучин таван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149070 (нэг зуун дөчин есөн мянга далан) орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 104362 (нэг зуун дөрвөн мянга гурван зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ Баянгол ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК