Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 7

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                       Н.Идэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 327 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ын Б-д холбогдох эрүүгийн 1718000140024 тоот, 2 хавтастай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х- овогт Г-ын Б- /РД:**********/, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сараар хойшлуулсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 327 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тугсай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-гаас 6,225.000 төгрөг гаргуулж 400,000 төгрөгийг хохирогч С-ийн Ж- /РД:**********/-д, 1,720,000 төгрөгийг хохирогч Н-ийн Х- /РД: **********/-т, 210,000 төгрөгийг хохирогч Д-ийн Г- /РД: **********/-д, 660,000 төгрөгийг хохирогч Б-ийн А- /РД: **********, утас ********/-д, 950,000 төгрөгийг хохирогч Б-н А- /РД: **********, утас ********/-д, 645,000 төгрөгийг М-ийн О- /РД:**********/-д, 1,540,000 төгрөгийг хохирогч П-ын Б- /РД: **********, утас ********/-т, 100,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н-ын Ц- /РД: ТЖ**********, утас ********/-д тус тус олгохоор,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-г 5 жил /таван жил/-ийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногуулсан 8 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гийн урьдчилан цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Уг тогтоолд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Г.Б- нь хэдийгээр олон үйлдэлтэй гэмт хэргийг үйлдсэн боловч засрашгүй хүнд гэмт хэрэгтэн биш гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Г.Б- нь сурч байсан сургуульдаа болон хамт олондоо нэр хүндтэй тэргүүлэгч сурагч байсан.

1985 оны НҮБ-ын өсвөр насны хүнд хэрэглэх шүүн таслах ажиллагаа явуулахдаа Бээжингийн дүрмийн 3.3 дугаар зүйлд гишүүн улс орнууд энэхүү дүрэмд заасан жишиг хэм хэмжээг өсвөр насны хүнд хэрэглэхээс гадна тухайн улсын хуулиар насанд хүрсэн гэж тооцогдсон залуу хүнд мөн адил хэрэглэх боломжийг дотоодын хууль тогтоомжид тусгахыг үүрэг болгосон. Уг олон улсын хүний эрхийн стандартыг одоо мөрдөгдөж буй Монгол улсын Эрүүгийн хуульд тусгаж өгсөн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж болно” гэж заасан байгаа.

Иймд энэ наймдугаар бүлгийн 8.5 дугаар зүйлийн 1-д ...энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар ...хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана... гэсэн заалтыг арван есхөн настай Г.Б-д түүний ар гэр, хувийн байдал, залуу насыг нь бодож хэрэглэж шийдвэрлэж өгнө үү. Шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг харгалзан үзнэ үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

 “...Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцсэн. Г.Б- нь хулгайн гэмт хэргийг үйлдэж олсон мөнгөөрөө тоглоом тоглож, хувцас, хоол хүнс зэргийг авч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх шаардлагыг хангасан байна. 

Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Зурагтын 5-50 тоотод оршин суух С.Жаргалсайханы байшингийн цонхоор нэвтэрч бэлэн 400.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж 2.084. 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 11-ээс 15-ны хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 3-57 тоотод оршин суух Н.Хосбаярын гэрт нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, “Dell” маркийн зөөврийн комьпютер 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж 1.720.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсэг, 5-21 тоотод оршин суух иргэн Д.Гантуяагийн байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 4 дүгээр хэсгийн 4-24 тоотод оршин суух иргэн Б.Алтангэрэлийн байшингийн цонхоор нэвтэрч “Самсунг галакси таб-4” 1 ширхэг, “Самсунг i3” зөөврийн комьпютер 1 ширхэг зэргийг хулгайлж 660.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Их сургуулийн гудамжны 3-09 тоотод оршин суух иргэн Б.Бальдирын байшингийн цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 4 ш, мөнгөн бугуйвч 3 ш, хос мөнгөн ээмэг 1 ш, мөнгөн бөгж 5 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 1.210.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Их Сургуулийн гудамжны 1-13 тоотод оршин суух иргэн Д.Отгонжаргалын байшингийн цонхоор нэвтэрч монетон ээмэг 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж /хос/, монетон гинж /кулонтой/ 1 ширхэг, бугуйн цаг /утсаар ярьдаг/ 1 ширхэг, монетон кулон 1 ширхэг, хөлний мөнгөн гинж 1 ширхэг зэргийг хулгайлж 645.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

-2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн гудамжны 20-161 а тоотод оршин суух иргэн П.Болдбаатарын гэрийн цонхоор нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, сүүжин хэлбэртэй алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж /хос/ зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.540.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Шар дэрсний 3-1 тоотод оршин суух иргэн Т.Сэнгээгийн байшинд нэвтэрч “Самсунг” маркийн мэдрэгчтэй гар утас 1 ширхэг, “Самсунг”, “Нокиа” маркийн товчлууртай гар утас 3 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 6 ширхэг, мөнгөн хос ээмэг 1 ширхэг, өрөөсөн мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, шар металл нарийн гинж 1 ширхэг, кулонтой мөнгөн гинж 1 ширхэг, дуураймал мөнгөн гинж 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 670.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Б-гаас нийт 6,225.000 төгрөг гаргуулж, үүнээс 400,000 төгрөгийг хохирогч С.Жаргалсайханд, 1,720,000 төгрөгийг хохирогч Н.Хосбаярт, 210,000 төгрөгийг хохирогч Д.Гантуяад, 660,000 төгрөгийг хохирогч Б.Алтангэрэлд, 950,000 төгрөгийг хохирогч Барамсайн Алтангэрэлд, 645,000 төгрөгийг хохирогч М.Отгонжаргалд, 1,540,000 төгрөгийг хохирогч П.Болдбаатарт, 100,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.Цогцолбоод тус тус олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-г 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг төмөр хадаасыг устгаж, чихэвчийг хохирогч Д.Отгонжаргалд олгож, таб 1 ширхэг, “S3” маркийн гар утас 1 ширхэг, хүрэн өнгийн спикер 1 ширхэг, цэнхэр өнгийн зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, 1 ширхэг хошуу, цагаан өнгийн адаптор 1 ширхэг, 500 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 4 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, “S1” маркийн гар утас 1 ширхэг, 1 ширхэг хөшиг, 1 ширхэг USB залгуур зэргийг шүүгдэгч Г.Б-д буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлавал хохирогч С.Жаргалсайхан, Н.Хосбаяр, Д.Гантуяа, Б.Алтангэрэл, М.Отгонжаргал, П.Болдбаатар, Б.Бальдар, иргэний нэхэмжлэгч Н.Цогцолбоо, гэрч Н.Бодьгэрэл, Р.Энхгэрэл, С.Бибиш, Ш.Галдан, Б.Болорцэцэг, Д.Батцэцэг, Д.Дарханбаатар, Б.Ганширнэн, Ш.Мөнхөө, Х.Өлзийтогтох нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газруудад үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн № 84 дугаартай гарын мөрийн адилтгалын шинжилгээгээр 2 ширхэг гарын мөр нь Г-ын Б- гэх нэрээр бүртгэгдсэн 1 хүний баруун болон зүүн гарын алганы дардастай тохирч байгааг шинжилсэн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч Г.Б- нь дээрх хулгайлах гэмт хэргүүдийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, түүнд оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ