Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0085

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс:

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.А нь “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч С.А-гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.А нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч С.А нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй, мөн Төрийн албаны тухай хуулnйн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдохооргүй байхад Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс түүний нэрийг төрийн жинхэнэ албаны албан тушаалд нэр дэвшүүлж, түүнийг томилсон нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.А-ийн 2008 онд төрийн захиргааны албан хаагчийн шалгалт өгч, тангараг өргөн Увс аймгийн Эрүүл мэндийн газарт менежерээр ажиллаж байсан байдлыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллах хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд хуульд заасны дагуу бүртгэлтэй гэж тооцохгүй, түүнчлэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн байх журмын дагуу томилогдоогүй тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй юм.” гэжээ. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Миний бие намайг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд томилсон тушаалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд намайг ажлаас халсан тушаалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийн талаар буюу анх ажилд томилсон шийдвэрийн талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

3.3. Түүнчлэн харицагч намайг албанаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэг бөгөөд энэ нь “Хуульд заасан бусад үндэслэл” гэсэн зохицуулалт байгаа. Хэрэв хариуцагч тал энэ заалтын дагуу ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ямар хуулийн ямар зүйл заалтын дагуу чөлөөлж байгаагаа хамт хэрэглэх ёстой. Гэтэл Б/07 дугаар  тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг баримталсан атлаа бусад үндэслэл гэсэн нь юуг үндэслэл болгоод байгаа нь тодорхойгүй байхад шүүх анхаарч үзэхгүйгээр Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.1. Нэхэмжлэгч  С.А нь “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.2. Анхан шатны шүүх “...Хариуцагч маргаан бүхий актаар С.А-г төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд бүртгэгдээгүй байхдаа Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон гэж үзэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.

3.3. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын 9.38, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон С.А-г 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.

3.4. Нэхэмжлэгч нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын сувилахуйн менежер албан тушаалд нэр дэвшин төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцэж 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаар тушаалаар орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа гэсэн үндэслэлээр сувилахуйн менежер албан тушаалаас чөлөөлөгдсөн байх бөгөөд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон байна.

3.5. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд анх томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1-д “Төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай алба (цаашид "Төрийн жинхэнэ алба" гэх)-ны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална”, 2-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээшхи бусад албан тушаал хамаарна”, 38-д “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж заасны дагуу дээрх журмын дагуу төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох иргэн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тохиолдолд удирдах албан тушаалд томилогдох зохицуулалттай.

3.6. С.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ахлах түшмэл ангиллын ТЗ-9 зэрэглэлд сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн байх шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан шалгалтын хуудас, төрийн захиргааны албан хаагчийн тангараг, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/723 дугаар албан бичгээр нотлогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

3.7. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд анх томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 38-д “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч С.А нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтад тэнцэж Төрийн албаны зөвлөлөөс түүнийг нэр дэвшүүлсэн бол түүнийг уг албан тушаалд томилох бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, энэ үндэслэлээр түүнийг албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ