Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Г.Д

Нэхэмжлэгч: Г.Д

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халагдсанаас хойших шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 792 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс:

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Д нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халагдсанаас хойших шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 792 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 273 дугаар зүйлийн 273.2.2, 280 дугаар зүйлийн 280.1-д заасныг тус тус баримтлан Г.Доос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар Г.Д-ийг албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халагдсанаас хойших шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Д нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Маргаан бүхий акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/1565 дугаар тушаалд Г.Д намайг албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байсан боловч “дахин сахилга ёс зүйн зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул” гэсэн үндэслэлээр албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тухайн үед Г.Д би сахилгын зөрчилгүй байсан бөгөөд ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байсан нь 2018, 2019 онуудад ажлын үр дүнгийн үнэлгээгээр хангалттай 80 хувиас дээш буюу /В/ үнэлгээтэй үнэлэгдэж зохих шагнал, урамшуулал авч байсан, мөн өдөр тутмын ажил үүргээ зохих хэмжээнд биелүүлэн тайлагнаж байсан баримтууд байгаа. Тиймээс ч хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлээгүй гэх нь үндэслэлгүй, мөн надад 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6/960 дүгээр тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болсон байсан тул анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн дахин зөрчил гаргасан... “ гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

3.2. Түүнчлэн албан тушаалаар хүлээсэн үүргээ хангалттгүй биелүүлсэн гэдгийн тухайд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар хариуцагч маргаагүй тул тушаалын энэ хэсэг үгүйсгэгдэнэ гэснээр тушаалын албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж гэх, мөн дахин сахилгын зөрчил гаргасан маргаан бүхий акт гарахаас өмнө 3 удаа сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6/960 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д зааснаар сахилгын шийтгэлүүд тооцогдсон, Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Г.Д-д сахипгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны Б/12 дугаар тушаалыг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 475 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны Б/32 дугаар тушаалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/1565 дугаар тушаалаар тус тус хүчингүй болгосон тул дахин зөрчил гаргасан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэнтэй маргахгүй байна.

3.3. Шүүх маргаан бүхий актын 2 дахь үндэслэл буюу “Г.Д-ийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй” гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бичиг хэргийн ажилтан н.Б-ийн гомдолд дурдсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.4. Г.Д намайг Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй буюу ёс зүйн зөрчил гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байгаа нь буруу юм. 2019 оны 11 дүгээр сард н.Бадамцэцгийн гаргасан өргөдлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирсэн ажлын хэсгийн дүгнэлтээр намайг ажлаас халах үед энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байсан, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор эрх бүхий байгууллага шалгаж байх явцад албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь миний эрх зүйн байдлыг хэт дордуулсан үйлдэл болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар албан тушаалаас түдгэлзүүлж шаардлагатай тохиолдолд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа хуулийн хүрээнд ажлаас халах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

3.5. Шүүхийн шийдвэрт “Г.Д нь ... шүүхийн тогтоол, магадлалаар ял оногдуулсан байх тул ажилд эгүүлэн томилох боломжгүй болсон гэдгийг дурьдах нь зүйтэй гэжээ. Г.Д би 2020 оны 02 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/1565 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээ гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрүүгийн хэргийг шийдвэрлэтэл түдгэлзүүлсэн бөгөөд өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг дахин сэргээсэн. Цар тахлын үед бид орон нутгаас тэр бүр очиж оролцох боломжгүй байсан бөгөөд шүүгч энэ хэргийг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэгтэй хамааралтай болохоор одоо шийдсэн ч дээд шүүхээс буцаадаг гэх мэтчилэнгээр хэргийг түдгэлзүүлсэн нь зөв гэх байдлаар тайлбарласаар хэрэг 2 удаа түдгэлзэж эцэст нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хэргийг сэргээн шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлсөн. Эрүүгийн хэрэгт гүтгэгдэж ял авч хохирсон миний эрх зүйн байдлыг дахин дордуулахгүй байхад анхаарч хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэж өгнө гэж найдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.1. Нэхэмжлэгч Г.Д нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халагдсанаас хойших шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.2. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, ажлаас халах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд нийцсэн” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Г.Д-ийг албанаас халах тухай” Б/1565 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга, ахмад Г.Д-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 273 дугаар зүйлийн 273.2.2, 280 дугаар зүйлийн 280.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.11, 2.1.13, 2.2.2 дахь заалт, Хорих ял эдлүүлэх албаны санал, Хяналт шалгалтын газрын шалгалтын дүнг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.4. Маргаан бүхий актад заасан “...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлсэн” зөрчлийг нэхэмжлэгч Г.Д гаргасан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хорих ял эдлүүлэх албаны даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Өргөдөл шалгасан тухай илтгэх хуудас, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 73 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 39 дүгээр магадлал болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

3.5. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Н.Ба-ийн гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналт шалгалт хариуцсан байцаагч, хошууч Н.Ба-ийн албаны шалгалт явуулсан дүнгийн талаар Хорих ял эдлүүлэх албаны даргын зөвлөл хуралдаж Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны дарга, ахмад Г.Д-д ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргаж “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах саналтайгаар Захиргааны удирдлагын газрын даргад санал хүргүүлж, “Г.Д-ийг албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, дахин сахилга, ёс зүйн зөрчил гаргасан” зэрэг үндэслэлээр түүнийг төрийн албанаас халах” шийдвэрийг гаргасан байна. Нэхэмжлэгчээс албаны шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийг үгүйсгэж, хоёр алба хаагчийг цохиж гэмтэл учруулаагүй гэж маргаагүй, харин Н.Бадамцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй гэж маргадаг ч шүүхээс цуглуулсан баримтуудаар түүнийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан заасан үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар тушаалын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.

Иймд маргаан бүхий актын үндэслэл болсон хяналт шалгалтаар тогтоосон зөрчлийг няцаан үгүйсгэх баримт байхгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ