Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00912

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02440 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 382 дугаар магадлалтай,                                                                                                                                                                 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох

2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ болон Г ХХК-иудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Жаргалсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Г” ХХК нь Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-тай 2014 оны 05 сарын 02-ны өдөр анх санамж бичиг үйлдсэн байдаг. Уг санамж бичгээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд аялал жуулчлалын цогцолбор барилгыг барьж байгуулах, түүнийг ашиглах талаар тохиролцоонд хүрч санамж бичгийг үйлдсэн байдаг. Уг санамж бичгийн хүрээнд 2014 оны 06 сарын 26-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Санамж бичиг болон гэрээнд талуудын тохиролцсоноор тухайн барилгыг барихад шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг “Г” ХХК гаргаж, нөгөө тал болох Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ нь энэхүү барилгыг барихад шаардлагатай зөвшөөрөл, техник хэрэгсэл, газрын эрх зүйн асуудлыг шийдвэрлэх зэрэг үүргүүдийг хүлээсэн байдаг. Ингээд гэрээ байгуулснаар “Г” ХХК нь яаралтай ажилдаа орж тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Тухайн барилгын холбогдох техник хэрэгсэл, зураг төслийг боловсруулах, уг барилгыг барихтай холбоотой зардлуудыг гаргаж, барилгыг барихад чиглүүлэх зэрэг зардал гаргасан. Гэвч 2015 онд Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ нь татан буугдсан байдаг. 2015 оны Засгийн газрын 310 дугаар тогтоолоор Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын чиг үүрэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамд шилжсэн. Хэдийгээр татан буугдсан хэдий ч эрх үүрэг нэгэнт шилжсэн учраас “Г” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, өөрсдийн зүгээс хийх эхний ээлжийн ажлуудаа хийж гүйцэтгэсний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний сайдад олон удаа хандсан байдаг. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хариу ирүүлэхдээ Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ нь татан буугдсан тул танай ажлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт эрх залгамжлагч нь тодорхой тогтоогдсон байхад уг үүргээс татгалзах үндэслэлгүй гэдгээр нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуягийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуучлалын яаманд холбогдох иргэний хэрэгт Аялал жуучлалын хөгжлийн төв ТӨҮГазрын 2014 оны 06 сарын 26-ны өдөр байгуулсан хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ нь “Г” ХХК-тай 2014 оны 06 сарын 26-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг болохоос манай яам гэрээ байгуулаагүй. Хэдийгээр манай яам Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын чиг, үүргийг шилжүүлэн авсан, энэ талаар маргахгүй. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон зарчмыг зөрчсөн тохиолдолд зохигч этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн гэрээ хэлцэл, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д зааснаар хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэрээ хэлцэл байгаа. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Тусгай хамгаалалтын газар нутгийг түр ашиглах журмын 3.4 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2011 оны 10 сарын 26-ны А-208 дугаартай тушаалд заасны дагуу газар ашиглаж зөрчсөн. Мөн барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эрх бүхий байгууллага олгосон газрын зөвшөөрөл, норм норматив, баримт бичиг стандарт технологи, төлбөрийн даалгавар, тоног төхөөрөмж, паспорт, техникийн дэвтэр, инженерийн хайгуулын судалгааны үндэслэл нь тодруулагдсан байх ёстой гэсэн энэ зураг төсөл газрын гэрчилгээ нь аялал жуучлалын хөгжлийн төвд огт байгаагүй. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас бүрдүүлдэг материал гэж байгаа бөгөөд барилга байгууламжийн зураг, төсөл, техникийн нөхцөлийг баталгаажуулахын тулд газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж нотариатаар баталгаажуулж өгөх ёстой, мөн байгаль орчны үнэлгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд энэ бүх шаардлагуудыг зөрчсөн. Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ дээр газар эзэмших гэрчилгээ байхгүй байгаа. Мөн байгаль орчин төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаанд “Г” ХХК-ийн төлөөлөл болон Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын захирал Цоодол бас оролцсон. Энэ шуурхай хуралдаан дээр энэхүү гэрээ нь анхнаасаа хууль бус гэрээ хийгдсэн гэдгийг хэлсэн байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02440 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 382 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.         

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Жаргалсайханы хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/02440 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 382 дугаартай магадлалыг нэхэмжлэгч “Г” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй тухайд: Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хавтаст хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг даалгах буюу гэрээний үүргийн гүйцэтгэлээ шаардаж нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан “Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ нь татан буугдаж эрх залгамжлал нь тус яаманд шилжсэн талаар маргаагүй. Мөн талуудын хооронд 2014 оны 05 сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”, 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсантай огт маргадаггүй, тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байдаг. Гэтэл шүүх хариуцагчийн зүгээс шүүхэд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”г хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл байна хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нөгөө талаас нэхэмжлэгч компани Аялал жуулчлалын үндэсний төв буюу төрийн байгууллагатай эрх зүйн харилцаанд орсон бөгөөд уг байгууллага нь ямар хэлцэлд ямар зөвшөөрөл авах тухай мэдээгүй, мэдэх боломжгүй юм. Иргэний хуулийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөл” гэсэн нөхцөлд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 хэрэгжсэн байх шаардлагатай хэдий ч зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий этгээд ямар нэгэн мэдээлэл огт өгөөгүй. Шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй асуудлаар буюу “талуудын байгуулсан дээрх гэрээ нь анхнаасаа хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тухайд: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “Г” ХХК нь тодорхой ажлуудыг хийж эхэлсэн байдаг. Энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх үнэлээгүй. “Г” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулсан “Аялал жуулчлалын үндэсний төв” ТӨҮГ татан буугдсантай холбоотой гэрээний харилцааг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудад албан бичгээр хандаж байсан бөгөөд үүний дагуу Төрийн өмчийн хорооноос Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлсэн байдаг. Тус саналд “Аялал жуучлалын үндэсний төв” ТӨҮГ-ын одоогийн байгаа өр төлбөрийг “Г” ХХК-иар бүрэн төлүүлэх, Газар эзэмших эрхийг Богд Хан-Уулын дархан цаазат газар, “Г” ХХК-ийн хамтарсан эзэмшилд шилжүүлэх, “Г” ХХК-ийн барих барилгаас төрд авах талбайн хэмжээг харилцан тохиролцох, “Г” ХХК-иас үнэ төлбөргүй төрд авсан талбайг Богд Хан-Уулын дархан цаазат газрын оффис болгон ашиглах боломжтой талаар дурьдаж, саналыг судлаж үзэхийг хүссэн байдаг. Энэхүү нөхцөл байдал нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний харилцаа үргэлжилж байсан гэдгийг тодорхой харуулсан нотлох баримт юм. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02440 дугаартай шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 382 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч ”Г” ХХК нь хариуцагч Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Аялал жуулчлалын үндэсний төв” ТӨҮГ болон “Г” ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... гэрээний нэг тал биш, шаардаж буй гэрээний үүрэг нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хууль бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 “Г” ХХК нь “Аялал жуучлалын үндэсний төв” ТӨҮГазартай 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичиг нэртэй хэлцлийг үндэслэн мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан, ... татан буугдсан “Аялал жуучлалын үндэсний төв” ТӨҮГазрын чиг үүргийг энэ яаманд шилжүүлсэн учир гэрээний үүргийг биелүүлэх ёстой гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

“Аялал жуулчлалын үндэсний төв” ТӨҮГ нь 2009 оны 05 дугаар сарын 20-нд Монгол Улсын Засгийн газрын 152 дугаар тогтоолоор Аялал, жуулчлалын салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээний болон харуул хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллахаар байгуулагдаж, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар тогтоолоор татан буугдаж эрх залгамжлал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжсэн талаар хариуцагч маргаагүй.

Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 1.9 га талбай бүхий газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зорилгоор 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газарт олгосон тухай баримт хэрэгт авагдсан ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасны дагуу газар ашиглагч нь газар ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах үүрэгтэй.

Гэтэл “Г” ХХК, “Аялал жуучлалын үндэсний төв” ТӨҮГазрын хооронд хийгдсэн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хэлцлийн гол нөхцөл нь “А тал буюу Аялал жуучлалын үндэсний төв ТӨҮГазар нь барилга барихтай холбоотой зайлшгүй шаардлагатай бүхий л техникийн нөхцлийг бүрдүүлэх, барилга барьж дууссаны дараа барилгад хамаарах газрыг Б талын нэр дээр шилжүүлэн өгөх болон газрын ямар эрх шилжүүлж байгаагаас үл хамааран барилгын насжилттай холбогдуулан газрын эрхийг байнга өөрчлөгдөх нөхцөлгүйгээр эрх зүйн орчинг бүрдүүлэн шилжүүлэх, Б тал болох “Г” ХХК нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцон, улмаар хамтран ажиллах гэрээний 2-т дээрх нөхцлийг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн төвийг байгуулахтай холбоотой талуудын гүйцэтгэх эрх, үүрэг” болгон заасан байна.

Талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлд заасан зөвшөөрлөөр хийх хэлцэлд хамаарах ба “Г” ХХК болон “Аялал жуучлалын үндэсний төв” ТӨҮГазар нь бусдын ашиглалтын газар дээр барилга барих гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй, мөн “Аялал жуучлалын үндэсний төв” ТӨҮГазар нь өөрийн байгууллагын дүрмэнд заасан үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй асуудлаар “Г” ХХК-тай хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02440 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 382 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН