Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

      Ц.От холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Г.Эсэн,

            нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1058 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.От холбогдох 1710009210234 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Цэрэндоржийн Ц.О, Өмнөговь аймагт 1972 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Витсамо” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28-01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: КЮ72111314/

Ц.О нь 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Дунд голын 28-01 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Аийг зодож, бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай танилцаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд даруй шилжүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заажээ.

Гэтэл Ц.От холбогдох хэрэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын санал, шийдвэр, уг саналд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулсан тухай баримт авагдаагүй, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу, хуульд заасан дээрх ажиллагааг прокурор хийж гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4-т яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна гэсэн бөгөөд прокурор хэргийн материал болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх бичсэн саналаа хохирогчид огт танилцуулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчдын эдлэх эрхийг эдлүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлийг заан Ц.От холбогдох хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Яллагдагч Ц.Оийн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэрэгт хамаарсан гэмт үйлдэл учир уг хэргийн яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэхээс үл хамаарч Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойшхи хийгдэх ажиллагаа бүр хялбаршуулсан журмаар явагдах юм.

2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Заавал хялбаршуулсан журмаар” хянан шийдвэрлэх, Яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь 2 тусдаа ойлголт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ” гэж хуульчилсан байх ба яллагдагч Ц.От холбогдох гэмт хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хуульд заасны дагуу яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа уг яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсгийн 2 дугаар зүйлд тусгайлан гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичсэн яллах дүгнэлтийг яллагдагчид танилцуулж түүнд гардуулан өгсөн ба шүүх хуульд тусгайлан заагаагүй “хүлээлгэх” эрүүгийн хариуцлагын талаарх санал гэх прокурорын тогтоол, санал зэргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Ц.От холбогдох хэрэгт яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаар хохирогч Б.А нь танилцахаар хүсэлт гаргаагүй байхад шүүхээс хохирогчид танилцуулаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй гэж дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу ойлгож тайлбарлаж байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн тогтоол нь “цагаатгах, эсхүл шийтгэх” хэлбэртэй байна гэсэн заалтыг зөрчсөн, Шүүхээс хуульд байхгүй “шүүгчийн захирамж” гаргасан байна.

Шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар прокурорт хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгосон нь мөн хууль зөрчсөн байна.

2015 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүх хэргийг зөвхөн шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгээс буцаах”-аар хуульчилсан байхад шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр хэргийг хүлээн авснаас хойш 1 хоногийн дараа шууд шүүгчийн захирамжаар хэрэг буцаасан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу ойлгож, буруу хэрэглэж, хуулийг ноцтой зөрчсөн алдаанууд байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан 1058 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Ц.От холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дахь хэсэгт яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд прокурор уг хүсэлтийг хянан үзээд хангах, эсхүл хангахаас татгалзах тогтоолын аль нэгийг гаргахаар хуульчилсныг прокурорт үүрэг хүлээлгэсэн зохицуулалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийн хувьд ч яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Гэтэл Ц.Оийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 40/-ийг прокурор хүлээн авч, хянан шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүх энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Мөн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс гадна Ц.О нь гэр бүлийн гишүүн эхнэр Б.Аийн биед хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй байгаа эсэхэд прокурор хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

   Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ уг бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж үзээд, хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан тул “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүй прокурорт буцааж шүүх өөрт олгогдоогүй эрх эдэлсэн, хуулийг буруу ойлгож тайлбарласан” гэх прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй бичигдсэн болохыг тэмдэглэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1058 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эсэнгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН