| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 118/2021/0036/З |
| Дугаар | 221/МА2022/0012 |
| Огноо | 2021-12-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2022/0012
Г.Сын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Б, улсын байцаагч Т.Цнарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай” 16, 17, 18 дугаартай нөхөн ногдуулалтын актуудыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Со
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагч Б.Б, Т.Цнар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 118/2021/0036/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Соос Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Б, улсын байцаагч Т.Цнарт холбогдуулан “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай” 16, 17, 18 дугаар нөхөн ногдуулалтын актуудыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр:
“...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 51.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Б, улсын байцаагч Т.Цнарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16, 17 дугаартай актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Улсын ахлах байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Хөгжимт бүжгийн театрын дарга Г.Со, нягтлан бодогч М.Б нарт нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай” 16 дугаар актын үндэслэл тодорхойгүй, агуулгын хувьд хоорондоо уялдаа холбоогүй, байцаагчид хяналт шалгалт хийх явцдаа маргаан бүхий актаас өөр зүйл хэрэгт хавсаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс холбогдох шийдвэр, журмын дагуу тухайн байгууллагын ажилчдын 2020 оны улирал тутмын урамшууллыг дүгнэсэн боловч бодит байдал дээр урамшуулал улирал тутам бус харин нэг мөр 2020 оны 12 дугаар сард олгогдсон байхад шүүх “журам зөрчиж олгосон байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2.Улсын ахлах байцаагчийн 17 дугаар актын хувьд Завхан аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу олгогдож байсан байхад өөртөө урамшуулал авсан мэт дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
2.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-т “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох”, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.
3. 17 дугаар актын тухайд 2019 оны Б/149 дүгээр тушаалаар аймгийн Хөгжимт жүжгийн театрын нэр бүхий 45 ажилтанд сарын цалингийн 100 хүртэл хувиар мөнгөн урамшуулал олгосноос 40 хувьд ногдох хэсгийг хасч, үлдсэн 60 хувьд акт тогтоосон гэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны Б/148 дугаар тушаалаар 40 хүртэл хувийн урамшуулал олгосон, нийтдээ 2019 онд цалингийн 140 хүртэл хувиар урамшуулал олгосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд ажлын үр дүнгээс хамаарч жилд цалингийн 160 хүртэл хувиар мөнгөн урамшуулал олгох боломжтой байна.
4.Өөрөөр хэлбэл 40 хүртэл хувиар ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал авах боломжтой дээрх харилцааг энэ тохиолдолд буюу актаар ногдуулсан 60 хувьд хамаарах мөнгөн урамшууллыг өмнө олгогдоогүй урамшуулалтай харьцуулан үзэхэд 160 хувиас хэтрэхээргүй байх тул 2019 онд улирал бүрт нь урамшуулал олгох асуудлыг шийдвэрлээгүй ч тухайн үед санхүүжилт хүрэлцэхгүй байсантай холбогдуулан оны эцэст цалингийн сангийн хэмнэлтээс олгогдоогүй улирлын урамшууллыг нөхөн олгосон гэж дүгнэж болно.
5.Түүнчлэн бодит байдалд нэг сарын цалинтай тэнцэх урамшууллыг театрын нийт албан хаагчдад олгосныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6.Харин нэхэмжлэгчийн тухайд цаг хугацааны хувьд 2019 онд сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээгээгүй байснаар бусад албан хаагчдын нэгэн адил урамшуулал авах эрхтэй, гэхдээ Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төсвийн ерөнхийлөн захирагч харъяа байгууллагын төсвийн шууд захирагчид, төсвийн шууд захирагч байгууллагынхаа албан хаагчид мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй” гэсэн зохицуулалтаас үзэхэд аймгийн Засаг даргын шийдвэрээр урамшуулал авах боломжтой байсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч 863534 төгрөгийг Засаг даргын шийдвэргүйгээр авсан нэхэмжлэгчийг буруутгахдаа журмын 2.7 буюу сахилын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй бол мөнгөн урамшуулал олгохгүй гэснийг баримталсан нь буруу.
7.Мөн журмын 1.2.2-т зааснаар мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг төсвийн шууд захирагч буюу нэхэмжлэгч бие даан шийдвэрлэхээр байх тул энэ хүрээнд цалингийн сангийн хэмнэлтээс өөрт болон алба хаагчдадаа урамшуулал олгосныг зөвхөн нэхэмжлэгчээр төлүүлэхээр акт тавьж буй нь хууль, журамд нийцсэнгүй.
8.Аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/303 дугаар захирамжаар аймгийн баяр наадмын ажиллагааг амжилттай зохион байгуулсантай холбогдуулан нэр бүхий албан тушаалтныг, түүний дотор нэхэмжлэгч Г.Сод 373047 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, гэтэл Г.Со нь Засаг даргын мөн оны Б/07 дугаар захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 30 хувь бууруулах, Б/08 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байсан боловч уг урамшууллыг өөртөө шийдвэр гаргаж бус харин Засаг даргын дээрх захирамжаар олгосон байх тул үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
9.Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.7-д заасан “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй” гэсэн зохицуулалтыг энэ тохиолдолд нэхэмжлэгчээс илүүтэй аймгийн Засаг дарга биелүүлэх үүрэгтэй.
10.Гэтэл шүүхийн шийдвэрт “…сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад урамшуулал олгох асуудлыг Г.Со өөрөө биш эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлэсэн…” гэж зөв дүгнэсэн атлаа “…уг шийдвэр нь хуульд нийцэхгүйг төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлдэг төсвийн шууд захирагч болохынхоо хувьд Г.Со мэдэх боломжтой байсан төдийгүй удирдлагаас гарах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх нь Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчимд нийцнэ…” гэх байдлаар нэхэмжлэгчийг буруутган дүгнэсэн нь үндэслэлгүй.
11. 18 дугаар актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөөгүй болгохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 51.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Б, Т.Цнарын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16, 17, 18 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Аийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН