Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 20

 

А.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны  өдрийн 139/ШШ2017/00313 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  А.Уранчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төрийн банкны Дундговь салбарт  хариуцагдах  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Уранчимэг, хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү, Н.Батгэрэл, Э.Жавхлан, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлаар 2012 оны 12 сарын 10-ны өдөр томилогдсон. Уг албан тушаалд 5  жил гаран ажиллаж байна. 2017 оны 01 сард Э.Хөхөөхүү захирал шинээр томилогдсон ба 2017 оны 4, 5 саруудад манай тооцооны төвд хугацаатай даалгавар өгсөн. Даалгаврыг 57 хувьтай биелүүлсэн гэж надад 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Харин 2017 оны 05 сард өгсөн хугацаатай 5 даалгаврын 4-ийг биелүүлсэн ба уг 5 даалгаврын 4-ийг биелүүлэхэд 5 дахь даалгавар биелэх ёстой боловч биелэгдээгүй гэж үзэж дүгнэсэн. Уг даалгаврын биелэлтийг захирлын зөвлөлийн хурлаар оруулж 85.7 хувьтай дүгнэсэн. Гэтэл намайг хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлж ажиллаагүй гэж үзэж 2017 оны 06 сарын 09-ний өдрийн Б/72 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Мөн миний бие 2015 оны 03 сард хүүхэд төрүүлсэн ба манай охин одоогоор 3 нас хүрээгүй байхад намайг ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.  

Хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь салбарын тооцооны төв хариуцсан менежер О.Чойжилсүрэн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Дундговь салбарын 2016 оны 4-р улирал, 2017 оны 1, 2-р улирлын бодит ашиг алдагдлын мэдээний нэгтгэлээс үзэхэд Сайнцагаан тооцооны төв нь байнга алдагдалтай ажиллаж байгаа нь тодорхой харагдана. Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирал А.Уранчимэгийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилгод ‘’Тухайн тооцооны төвийг орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч нэгж байлгаж өндөр үр ашигтай ажилуулах’’ гэж заасан байгааг мөрдлөг болгон ажиллаагүй бөгөөд сүүлийн саруудад тогтмол алдагдалтай ажиллаж байгаатай холбогдуулан салбарын захирлын зүгээс хугацаатай үүрэг даалгаварыг 2017 оны 04 сарын 11-ний өдөр өгсөн. Гэвч өгсөн хугацаатай үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтын ‘’удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх’’ гэсэн заалтыг зөрчсөн тул 2017 оны 05 сарын 16-ны өдөр нэг сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед Сайнцагаан тооцооны төвийн захирал А.Уранчимэг 2017 оны 04 сарын 14-ний өдөр Тооцооны төвийн аюулгүй дохиоллыг идэвхжүүлээгүй хонуулсан ноцтой зөрчил гаргасан. Дээрх 2 зөрчил нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.3-т ‘’Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан’’ гэсэн заалтын дагуу ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байсан боловч ажил олгогчийн зүгээс ажилтны эрх зүйн байдлыг харгалзан үзээд 2017 оны 05 сарын 12-ноос 05 сарын 31-нийг хүртэл хугацаанд салбарын захирлын тооцооны төвийн санхүүгийн үзүүлэлт бүрээр төлөвлөгөө гаргаж тус бүр 100 хувь биелүүлж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлж ажиллаагүй зөрчил гаргасан. Энэ нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.18 дахь заалтыг зөрчсөн тул А.Уранчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, үүрэгт ажлаас нь халсан.

Ажилтан нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хамаарах зөрчил гаргасан тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ‘’ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ах ахуй нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно’’ гэсэн заалтыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгч А.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хувын отог овогт Алтансувдын Уранчимэг /ЖЮ83040501/-ийг Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Төрийн банкны Дундговь салбараас ажилгүй байсан хугацааны цалин болон 2093737,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Уранчимэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар А.Уранчимэгт олгох 2093739,5 төгрөгийн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төрийн банкны Дундговь салбарт үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банкны Дундговь салбараас 118649 төгрөгийг  гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хөхөөхүү давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны  өдрийн 139/ШШ2017/00313 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1.2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А.Уранчимэг нь Төрийн банкны Дундговь салбарын захирал Э.Хөхөөхүүд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлийг үндэслэн 2017 оны 7 сарын 21-нйи өдөр  Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 139/ШЗ2017/00997 дугаар захирамжий дагуу иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд  тухайн иргэний хэрэг маргаандаа “Төрийн банк” ХХК-ийн Дундговь салбарыг хариуцагчаар тогтоон нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийгджээ. Улмаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр  Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 139/ШШ2017/00313 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар  Хөдөлмөрий тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт зааснаар  А.Уранчимэгт олгох 2093739.5 төгрөгийн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг  Төрийн банк ХХК-ийн Дундговь салбарт үүрэг болгосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3-т заасны дагуу этгээд гэж иргэн, хуулийн этгээдийг ойлгох бөгөөд  шүүхийн хэрэг маргаанд гагцхүү хуулийн этгээдийн эрхтэй хууль, эрх зүйн чадамжтай этгээдийг  хариуцагчаар тодорхойлон иргэний маргаан үүсгэдэг.  Гэтэл Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5, 29.6-д заасан байдаг бөгөөд Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т  “банкны нэгж” гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг гэсэн байдаг.

“Төрийн банк” ХХК-ийн Дундговь салбар нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26.1 дэх заалтын дагуу  шүүхэд дангаараа хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн чадамжтай биш бөгөөд тусдаа хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болно. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох  эрхтэй боловч Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан болно. Гэвч ингэж шийдээгүй нь хуулийн дээрх зүйл, заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

2. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “... алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг хүү, өндөр хугацаатай хадгаламж эзэлдэг, боловсон хүчний зардал, түрээсийн байрны зардал өндөр байгаа нь нөлөөлсөн байна.

... Төрийн банкны Дундговь салбарын захирлын зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгөгдсөн хугацаатай үүргийн 5-р заалт буюу 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар алдагдлаас бүрэн гарч ашигтай ажиллах үүрэг нь 18 хоногийн хугацаанд биелүүлэх боломжгүй үүрэг гэж үзэж нэхэмжлэгч  А.Уранчимэгийг  Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмйин даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ ...” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Уранчимэг нь удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгавартай танилцан улмаар уг үүрэг даалгаврыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байгааг  Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн  анхан шатны шүүх  бүрэлдэхүүн үнэлсэнгүй. Хэрэв тухайн хугацаатай үүрэг даалгавар нь ажилтны хууль ёсны эрх, ашгийг хөндөж байна гэж үзсэн бол  Төрийн банкны ажилтнаас гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журмын дагуу холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэн өөрийн зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах бүрэн боломжтой байсан хэдий ч энэ эрхээ эдлэн  аливаа өргөдөл, гомдол  бичгээр гаргаж өгөөгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь уг хугацаатай үүрэг даалгавар нь тухайн хугацаанд бүрэн биелэх боломжгүй байсан гэж  маргаж байгаа бол энэ тухай нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөх үүрэг нь  энэ хэргийн оролцогч болох нэхэмжлэгчид өөрт нь байсан бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт  авагдаагүй байгааг  шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэнгүй. Шүүхийн хавтаст хэрэгт зөвхөн  уг хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийн тайлан болон Төрийн банкны Дундговь аймгийн салбар, нэгжүүдийн бодит ашиг, алдагдлын мэдээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан бөгөөд  анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан нөхцөл байдлыг нотлох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа болно.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтуудыг ноцтой гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.  Дээрхи бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн,  нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг  бүрэн дүүрэн үнэлж хэрэг маргааныг шийдвэрлээгүй бөгөөд  Банк ажилтантай байгуулсан  Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  А.Уранчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч А.Уранчимэг нь Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч А.Уранчимэг шүүх хуралдаанд гэрч Х.Байгалийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 8 сарын 22-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар үйл байдлыг тодруулах эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Шүүх хуралдаанд гэрч оролцуулах хэргийн оролцогчийн эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.1.5-д хуульчилагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн           38.6-д хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх шүүхийн үүргийн талаар хуульчилсан. Гэтэл шүүх хуралдаанд гэрч оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх  хэрэгсэхгүй болгож, уг хуулийн заалтыг зөрчсөн төдийгүй, хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжийг хэргийн оролцогчид танилцуулалгүй мөн эрхийг нь зөрчжээ.

Зохигчид хангалттай нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд өөр гаргах баримтгүй болохоо илэрхийлээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч өөрөө дүгнэсэн нь талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн байна.

Хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар шүүхээс бодитой дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 118 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдлыг залруулан шийдвэрлэх эрх зүйн боломжгүй гэж үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны  өдрийн 139/ШШ2017/00313 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                            ШҮҮГЧИД                              Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ