Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0856/З |
Дугаар | 221/МА2022/0013 |
Огноо | 2021-12-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2022/0013
“Б х т” НҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгийн төлөөлөгч С.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Д з о у бад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн “Х х т” ТББ, Д з о у бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-.... дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 639 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Б-Э
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 128/2020/0856/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б х” НҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Д з о у бад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн “Х х т” ТББ, Д з о у бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-.... дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 639 дүгээр шийдвэрээр:
“...Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /хуучин хууль/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б х” НҮТББ-аас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Д з о у бад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн “Х х т” ТББ, Д з о у бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-.... дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.1.Шийдвэрт “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг ямар учраас утга агуулгын илэрхий алдаатай, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаагаа үндэслэл бүхий тайлбарлаж, мэтгэлцээгүй... тайлбар авахаар асуухад өнөөдрийн шүүх хуралдаанд хууль ёсны эрх, ашгийг хамгаалан оролцож байгаа болохоос эрх зүйн мэдлэгээ шалгуулах гэж ирээгүй” гэжээ.
3.1.2.Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулан тайлбарлаж мэтгэлцсэн, гэвч шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс санаатайгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн үгийг таслан зогсоох үйлдлийг гаргасан.
3.1.3.Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно”, 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, концессын гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.6-д “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заасан.
3.1.4.Д з о у ба нь Монгол Улсад гадаад орны болон олон улсын засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчийн газрыг нээж ажиллуулах зөвшөөрөлтэй бөгөөд Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсад газар эзэмших эрх эдлэх ямар ч хууль эрх зүйн боломжгүй.
3.1.5.Хавтаст хэрэгт авагдсан “Х х т” ТББ-ын /Б х ТББ-ын өмнөх нэр/ Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандан гаргасан 92 тоот албан бичигт “Д з М О у б Б ОНХХ-ийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Соёлын төвийн” барилгыг хамтран эзэмшихэд татгалзах зүйлгүй” гэж, Д з М О у б Б ОНХХ-ийн удирдагч М.Бгийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандан гаргасан 2005 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/05 тоот албан бичигт “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Соёлын төвийн барилгыг “Х х т” ТББ-тай хамтран эзэмших тул гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэснээс үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хүсэл зориг нь газар эзэмших эрх бус, тус газарт баригдаж бий болсон барилгыг хамтран эзэмших хүсэлтээ илэрхийлж байсан байна.
3.1.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс Д з о у ба нь Монгол Улсад газар эзэмшүүлэхийг хуулиар хязгаарласан, хориглосон, “Х х т” ТББ болон Д з о у быг төлөөлөх эрхгүй этгээдүүд Газрын албанд хандан хүсэлт гаргасан, Газрын албанд хандан гаргасан хүсэлт нь газар эзэмших эрхтэй холбоотой бус барилгыг хамтран өмчлөхтэй холбоотой асуудал байтал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжаар Д з о у бад газар эзэмших эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлд хамаарна хэмээн удаа дараа маргаж мэтгэлцсэн.
3.1.7.Гэвч шүүхээс маргаж буй дээрх үндэслэлд огт дүгнэлт өгөөгүйгээр барахгүй нэхэмжлэгч талыг маргаж буй үндэслэлээ тодорхойлж чадсангүй хэмээн ор үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэртээ дүгнэж бичсэнд нь гомдолтой байна.
3.1.8.Нөгөөтээгүүр улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад шүүгчийн удаа дараа хөтлөн асуусан асуултад манай өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн мэдлэгийг шалгуулах шаардлагагүй гэж үзсэн ба энэ асуудалд анхан шатны шүүгч хэт хувийн байдлаар хандсан гэж үзэж байна.
3.2.Мөн шүүхийн шийдвэрт "... Д з о у ба нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд албан ёсны хүсэлтээ эрх бүхий байгууллагад бичгээр гаргаж, газар эзэмших эрхтэй болсон нь хавтаст хэрэгт цугласан бичгийн нотлох баримт болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаар тогтоогдож байна ...Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийг гаргасан төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ” гэжээ.
3.2.1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамж нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжид үндэслэсэн, өмнөх газар эзэмших захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцох хангалттай үндэслэл бий гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа.
3.2.2.“Б х” ТББ нь “Х х т” ТББ /РД:1029479/ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны А/554 тоот захирамжаар газар ашиглах эрхийг олж авсан талаар нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн, улмаар газар ашиглах эрх олгосон гэрчилгээ, захирамжид манай байгууллагыг санаатайгаар хассан үйлдлийг гаргасан байна.
3.2.3.Маргаан бүхий газар нь анхнаасаа манай байгууллагын эзэмших эрхтэй газар байсан ба Д з о у ба нь манай байгууллагыг эзэмшлийн газраас маань хөөж эхэлснээр тус байгууллага газрыг хууль бусаар хамтран эзэмшиж ирсэн болохыг, шүүх холбогдох төрийн байгууллагаас нотлох баримт шаардсанаар манай байгууллага газар ашиглах эрх, газар эзэмших эрхээ бүрмөсөн гадаадын олон улсын байгууллагад алдсан болохыг олж мэдсэн.
3.2.4.Хавтаст хэрэгт авагдсан газрын хувийн хэрэгт Д з о у бын удаа дараагийн санал, хүсэлт байдаг ба “Х х т” НҮТББ-аас санал, хүсэлт, зөвшөөрөл авсан талаарх үйл баримт нэг ч байхгүй, харин ямар хүчин зүйлд үндэслэн “Х х т” ТББ нэртэй шинэ хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон гэдэг нь ойлгомжгүй байна.
3.2.5.Түүнчлэн тус хэрэгт гэрчээр оролцсон М.О нь гуравдагч этгээд Д з о у батай хамаарал бүхий этгээд ба газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцаанд Б х ТББ-д мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар оролцож байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байна.
3.2.6.Гуравдагч этгээдийн зүгээс газар болон барилга нь манай өмч, манай эзэмшил тул зарж борлуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн, эзэмшил газраасаа хөөгдөж буй Б х ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар хүчин зүйлд тулгуурлан хөндөгдөөгүй гэж үзэж байгаад нь туйлын гомдолтой байна.
3.3.1.Шүүхийн шийдвэрт “... Д з о у баас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан баримтууд нь хуульд заасан шаардлагуудыг хангасан ... мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй” гэжээ.
3.3.2.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна”, 12 дугаар зүйлийн 12.4-д “Улсын бүртгэгч дараах эрхтэй”, 12.4.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах”, 12.4.2-т “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах”, 12.5-д “Улсын бүртгэгч дараах үүрэгтэй”, 12.5.1-д “эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх”, 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэж тус тус заасан.
3.3.3.Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-.... тоот дугаарт бүртгэж, гэрчилгээ олгохдоо дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн, манай байгууллагын маргаж буй газар эзэмших эрх, газар ашиглах эрхийн гэрчилгээнд тус тус үндэслэсэн байна.
3.3.4.Улсын бүртгэлийн байгууллагаас газар ашиглах эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байгууллагаас уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохоос өмнө зөвшөөрч буй эсэх талаар нягтлан шалгах ёстой байсан гэж маргасан ч шүүхээс мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
3.3.5.Түүнчлэн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-.... тоот гэрчилгээг гуравдагч этгээдэд олгосонтой холбоотойгоор тус барилгад байрлах оффисоосоо хөөгдөхөд хүрсэн, энэ нөхцөл байдал нь улсын бүртгэлээс нягтлан шалгах, мэдүүлэг үнэн, зөв байх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор үүссэн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 639 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаар захирамжаар “Х х т” ТББ-ын эзэмшиж байсан тус дүүргийн 9 дүгээр хороо, 76 дугаар сургуулийн ард байрлах соёлын төвийн зориулалттай 320 м.кв газрын эзэмших эрхийг тус ТББ-ын хүсэлтээр “Д з” олон улсын байгууллагатай хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.
Учир нь одоогийн нэхэмжлэгч нь тухайн үед “Х х т” ТББ нэрээр дээрх газрыг 2004 онд анх эзэмших эрхтэй болж, улмаар уг газар дээр “Д з” олон улсын байгууллагын санхүүжилтээр баригдсан Соёлын төвийн барилгыг хамтран эзэмшихэд татгалзах зүйлгүй болохоо 2015 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд илэрхийлсэн, “Д з” ОУБ-аас ч ийм агуулга бүхий хүсэлтийг мөн дүүргийн Газрын албанд гаргасныг тус тус үндэслэн дээрх захирамж гарсан байх тул уг захирамжийг хуулийн 47.1.1-д зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай, 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д зааснаар “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж дүгнэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д дээрх хүсэлтийг 2005 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Харин “Х х т” ТББ-аас гаргасан хүсэлт нь газар эзэмших эрхийг биш уг газар дээр баригдсан барилгыг хамтран эзэмших хүсэлт байсан гэж маргадаг боловч уг хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад бус дүүргийн Газрын албанд гаргаснаас үзэхэд газраа хамтран эзэмшихийг хүсч холбогдох захиргааны байгууллагад хандсан гэж үзнэ. Энэ нь ч “Д з” ОУБ-аас гаргасан хүсэлтэд “…гэрчилгээнд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн…”-ээр батлагдана.
2.Засаг даргын дээрх захирамжид баримталсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд ТББ-аас газар эзэмших эрхээ шилжүүлээгүй, зөвхөн хамтран эзэмших хүсэлт гаргасныг баталгаажуулсан, иймд нэгж талбарын нэг дугаар бүхий газрын эзэмших, ашиглах эрхийг нэгэн зэрэг олгох боломжгүй тул утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэхгүй.
3.Түүнчлэн газар эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий захирамжийг гаргаснаар одоогийн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнчлэн газар эзэмших эрхийг 2 этгээдэд хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус дүгнэхгүй.
4.Дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/554 дүгээр захирамжаар “Х х т” ТББ, “Д з” ОУБ-ын газрын хэмжээнд зохих өөрчлөлт оруулж, улмаар 5 жилийн хугацаагаар “эзэмшүүлэх” бус харин “ашиглуулах”-аар шийдвэрлэснээр давж заалдах гомдолд дурдсан хуулийн шаардлага хангагдсан, түүнчлэн уг захирамжид “…манай ТББ-ыг санаатайгаар хассан…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, захирамж төдийгүй газар ашиглах гэрээ, гэрчилгээний аль алинд “Х х т” ТББ газар ашиглагчаар тусгагдсан байна.
Өөрөөр хэлбэл газар эзэмших, ашиглах эрхээ нэхэмжлэгч огт алдаагүй, ТББ-ын солигдсон нэрээ газар ашиглах захирамж, гэрээ, гэрчилгээнд оруулах эрх нь ч нээлттэй.
Харин нэхэмжлэгчээс дээрх захирамжийн үндэслэл болсон өмнөх 2006 оны 133 дугаар захирамж илт хууль бус учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэдэг ч энэ нь дээрх байдлаар үгүйсгэгдсэн болно.
5.Улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй талаар шүүхийн шийдвэрт зөв дүгнэсэн байна.
Тухайлбал нэхэмжлэгчтэй хамтарсан газар ашиглах эрх хүчинтэй, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн санхүүжилтээр барьсан болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг, мөн хуульд заасан бусад шаардлагыг хангасан тул 749.16 м.кв талбайтай сургалтын төвийн барилгыг “Д з” ОУБ-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б х т” НҮТББ-ын захирал С.Дгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН