Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00956

 

А.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00032 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 565 дугаар магадлалтай,                                                                                                                                                                 

А.Б-гийн нэхэмжлэлтэй,

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/80 тоот тушаалаар А.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан байдаг ба сахилгын шийтгэлийг давхар ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. А.Б- нь байнгын ажлын байранд ажилладаг тул хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан байхад хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж хугацаатай байгуулахаар санал ирүүлсэн нь ойлгомжгүй. Хугацаатай байгуулагдах хөдөлмөрийн гэрээнд ямар үндэслэл шаардлага, цаг хугацаагаа тодорхой дурдаагүй учраас гэрээг байгуулахаас татгалзсан. Иймд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтнаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,205,375 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн шүүхэд гаргасан тайлбарт: А.Б-д Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 тоот тушаалаар ажилтан хангалтгүй ажилласан тул цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Бүтцийн өөрчлөлтөөр Гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтны үндсэн үүрэг нэмэгдэж ажлын байрны тодорхойлолтоор эрх зүйч, сэтгэл зүйч мэргэжилтэй хүнийг албан тушаалд томилох шаардлага тавигдсан. А.Б- нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн. Тус хэлтсийн орлон гүйцэтгэгч дарга М.Цэцгээ нь А.Б-гийн 3 өдрийн кэйсийг шалгаж үзэхэд энэ бүгд хангалтгүй байсан. Үүрэг даалгавраа биелүүл гэхээр яахаараа биелүүлдэг юм, тийм ойлголт байхгүй гэдэг бөгөөд А.Б-г 2017 оны 09 дүгээр сарын 21, 22, 23-ны өдөр ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Дээрх хугацаанд өөрөө кэйст явсан гэж тайлбарладаг боловч кэйст явахаар тодорхой хэмжээний төлбөр мөнгө авдаг. Ингэхдээ замын зардал, бусад зардлуудыг ахлах мэргэжилтэн өөрөө бүртгэж тэмдэглэл хөтөлж, түүнд гарын үсэг зуруулж явдаг. Гэтэл кэйст явсан ямар нэгэн мэдээлэл, гарын үсэгтэй материал байдаггүй. А.Б-тай ажил олгогч Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд гэрээний баруун талд өөрөө  татгалзаж  гарын үсэг зурсан байдаг. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг тухайн ажилтны санаачлагаар цуцалсан. А.Б- удаа дараа ажлаа хангалтгүй хийж байнгын хэрүүл хийдэг болох нь хамт олны хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэжээ.                     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00032 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б-г Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,228,627 төгрөгийг  Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс  гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д  олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 34,037 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 565 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00032 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 565 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтан А.Б-г 2017 оны 08 сарын 09-ний өдрөөс Гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтнаар томилсон атлаа 2017 оны 08 сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал хүргүүлсэн, ажилтан эс зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан байдал нь буруутгах боломжгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 ажилтан ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэж заажээ. Иймд А.Б-г урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгасан” гэсэн бөгөөд энэ нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн. Учир нь 2013 оноос эхлэн Төвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 02 сарын 10-ны өдрөөс Хэлтсийн эрх хэмжээтэй болж өөрчлөгдсөн ба А.Б- нь хүүхэд хамгааллын ажлыг өмнө эрхэлж байгаад хэлтэс болгон өөрчлөгсөнтэй холбоотойгоор гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтан болж өөрчлөгдсөн. Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 7.1-т Хэлтсийн захиргаа ажилтныг ажилд авахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн төрийн албаны мэргэжлийн шалгалтанд тэнцсэн тухайн албан тушаалыг эрхлэх ур чадвар, боловсрол, мэргэжлийн бэлтгэл, туршлагыг харгалзан тухайн албадын эрхлэх болон хүний нөөцийн саналыг үндэслэн хэлтсийн даргын тушаалаар ажилд томилно. Ажилтан, ажилчдыг 1-3 сарын туршилтын хугацаатай түр авч ажиллуулах бөгөөд тогтоосон хугацаа дуусмагц Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж үргэлжлүүлэн ажиллах эсэхийг шийднэ гэж заасны дагуу урьд эрхэлж байсан албан тушаал нь өөрчлөгдсөн мөн эрх зүйч, сэтгэл зүйч байх тусгай шаардлага тавигдах болсон. Гэхдээ А.Б- нь тусгай шаардлагын дагуу ахин суралцаж болох бөгөөд ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд хүүхэд тусламжийн 108 утас программ, 107 дуудлагын кейс, эдгээрийн тайлбар мэдээ, мэдээллийн санг хариуцах, дүүргийн хэмжээнд кейст үзүүлсэн үйлчилгээний нэгдсэн тайлан гаргах (Хавтаст хэргийн 24 хуудас) ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн тухай хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тус алдаа дутагдлаа удаа, дараа сайжруулахыг үүрэгдсэн материалыг анхан шатны шүүх үнэлж үзээгүй. Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай мэдэгдсэн боловч А.Б- нь байгуулахгүй гэж өөрийн гараар бичиж өгсөн. 2017 оны 11 сарын 01-ний өдрийн Б/80 тоот тушаалын Тушаах хэсэгт “ажил олгогчийн өмнө нь гаргасан сахилгын шийтгэлийг дурьдсан бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй /107, 108 утасны дуудлага хүлээн авах, кейст явах түүнтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх, тайлан мэдээ боловсруулах ажил нь чанаргүй, албан хэрэг хөтлөлт нь дутуу үүнийг сайжруулах тухай үүрэгдсэн ба хэл амаар доромжлох, дарамтлан сүрдүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа/, Чингэлтэй дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн талаарх хурлын үеэр хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зургийг санаатайгаар том хэмжээтэй гаргаж тухайн хүүхдийн царайг олон нийтэд шууд тод харагдах байдлаар гаргасан үйлдэл нь тухайн хүүхдийн хувийн нууц, нэр төрд халдсан үйлдэл гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.9 албан үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх /дутагдал давтан гаргасан/, 2017 оны 1 сараас эхэлсэн кейсийн тайлан дутуу хангалгүй байгаа тул нөхөж бичих, албан хэрэг хөтлөлтийн дагуу хийж гүйцэтгэхийг шаардсан боловч 2017 оны 10 сар хүртэл хийж гүйцэтгээгүй тухай нотлох баримт хавтас хэрэгт авагдсан, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахаас татгалзсан тул 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй болно.

Магадлалын Хянавал хэсэгт “Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулах болсон үндэслэл тодорхойгүй, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна” гэж үзсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард төвийн статусаас хэлтэс болгож өөрчилсөн, түүнийг бүртгэж авсан тухай баримт байхад давах шатны шүүх өөрчлөгдсөнтэй холбоотой баримт байхгүй гэж үзэж байгаа нь хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэнэ гэсэн журмыг зөрчиж мөн адил үнэлж үзээгүй байна. Тус гэрчилгээгээр А.Б-гийн ажлын байр өөрчлөгдсөн бөгөөд өөр ажил хийх болсныг нотлох баримт юм. Удирдлагын өгсөн үүрэг даалгавар нь хийж гүйцэтгэх ажлаас нь өөр ажлыг хийхийг шаардаж байгаагүй, тухайн ажлын байранд тавигдсан ажлыг хийж гүйцэтгэхийг шаардсан боловч хангалтгүй удаа дараа санаатайгаар зөрчиж байсан нь нотлох баримтуудаар хэрэгт авагдсан болно. ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.Б- хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байгууллагад хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр ажилтны үндсэн үүрэг нэмэгдэж, ажлын байранд эрх зүйч, сэтгэл зүйч  мэргэжилтэн шаардлагатай болсон, ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өөрөө татгалзсан гэж маргажээ.

2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс А.Б- нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтнаар ажиллаж байсан ба ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/80 тоот тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3, 10.6, 12.2.1, 12.2.7, 14 дүгээр зүйлийг үндэслэсэн байна.

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 тоот тушаалаар А.Б-д ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хэл амаар доромжлох, дарамтлан сүрдүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа, дутагдал гаргасан гэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь дээрх Б/71 тоот тушаалаар А.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/80 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, А.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заагаагүй, А.Б-г 2017 оны 09 дүгээр сарын 21, 22, 23-ны өдөр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг  удаа дараа биелүүлээгүй, хэл амаар доромжлох, дарамтлан сүрдүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа, дутагдал гаргасан, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахаас татгалзсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн хуулийн  зохицуулалттай нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл тодорхойгүй, талууд энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул ажил олгогч нь гэрээг хугацаатай байгуулсан нь буруу гэсэн шүүхийн дүгнэлт зөв, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж А.Б-г Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,228,627 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00032 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 565 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН