Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 98

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч А.Батдулам,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,   

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Б.Б,

хохирогчийн өмгөөлөгч Б.Балжидмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овогт Л.Цт холбогдох эрүүгийн 2007000560059 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 26 гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,уг ялыг эдлэхээс зайлсхийсэн үйлдлээр 1 сар 11 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн гэх, регистрийн   дугаартай, Анчин овогт Л.Ц.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 11-33 тоотод хамтран амьдрагч Б.Бтэй маргалдан улмаар зэвсэг болох хутгаар баруун гуяны тус газарт хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....би Улаанбаатар хотоос архи уугаад найзындаа ирсэн. Б.Б намайг найзынхаас 2 найзтайгаа ирж аваад явсан. Гэрт ирээд архи уусан гээд маргалдахад 2 найз нь гараад явсан. бид хоёр маргалдаж байтал юу болсын гэв гэнэт цавьнаас нь цус годгодоод сөхрөөд суусан. Цусыг нь тогтоох гээд гараараа дарсан ч оргилж гарч ирээд байсан. би дүүгийн ах чинь цус алдаад байна гээд дуудаж ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хутга хаанаас авснаа мэдэхгүй байна. намайг гэртээ шууд ирсэнгүй гэснээс болж маргалдсан байх. ” гэв.

 

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2020 оны 01 р сарын 28 ны өдрийн орой 21 цагт буян налайхад ирлээ гээд залгасан. Тэгээд байхгүй болохоор нь хайж байгаад найзынхаас нь авсан. Гэрт ирсэн хойно найз руугаа явна гээд уурлаад байсан би гарахгүй гэж байсан. би хоол хийсэн байсан. мах чанаад гаргаж ирээд эргээд харахад хөл рүү хутгалсан. Эмчилгээний зардал 4027439 төгрөгийг нэхэмжилж байна. хохирол барагдуулаагүй. ” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Л.Цийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би согтуу байсан болохоор санахгүй байна. намайг Налайхад ирээд шууд гэртээ ирсэнгүй найзындаа очлоо гээд Б.Б уурласан. Гэрийн дотор ззүн талд зуух , тогооны шүүгээ 2-ын хооронд зогсчихсон хэрэлдэж байснаа санаж байна. Түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. нэг мэдэхэд зуухны зүүн талд газраар нэг цус болчихсон Б.Б хэвтэж байсан  .” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01р сарын 27 ны өдөр манай найз Ганхөлөг өдөр ирээд миний хийж байгаа дарханы ажилд тусласан.Тэгээд 2 найздаа хоол унд хийж өгөөд Л.Цийг ирж байгаа байх гээд залгахад найз Наранцэцэгийн гэрт ирчихсэн согтуу бололтой гэртээ ирж чадахгүй байх шиг болохоор нь Ганхөлөгийн машинтай Л.Цийг авчирсан. Л.Ц жаахан агсан тавих шинжтэй маргаж муудах Би гэрийн зүүн талд ширээ зуух 2-ын дунд зогсчихсон Л.Ц ширээний баруун талд урдаа түмпэнтэй мах тавьсан хутгаараа огтолж идэж байхдаа шууд гуя руу хатгачихсан. Тэр үед би мэдээд хойшоо болоход гуя руу орчихсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-19 дүгээр хуудас/

           

            Гэрч Б.Батбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01-р сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад ахынд ороход ах зүгээр найз нь эхнэртэйгээ ирчихсэн юм яриад сууж байсан. Тэгэхээр нь би унтлаа гэж хэлээд гэр рүүгээ ороод унтсан юм. Гэрт хороод хэвтэж байхад хашааны хаалга дуугараад машин дуугараад найз нь явж байгаа юм шиг харагдсан. Тэгээд унтах гээд хэвтэж байтал гэнэт гэрийн хаалга нүдсэн тэгэхээр нь онгойлготол  ахын найз охин болох Л.Ц нь “Ах чинь цус алдаад байна” гэж хэлсэн тэгэхээр нь би гэр рүү нь яваад ортол гэрийн зүүн талд зуухны өмнө газар нэл цус болчихсон цус алдаад ах маань хэвтэж байсан. тэгээд яасан юу болсон талаар асуугаад дээш нь татахад өмдөө хагас шувталсан байдалтай байсан. намайг татах үед баруун талны гуяны дотор хэсгээс цус олгойдоод гарч эхэлсэн. Тухайн үед цусыг нь гараараа дараад түргэн дуудсан юм....түргэн ирээд явсаны дараа манай эхнэрт Л.Ц нь “Би хутгалчихлаа” гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар хуудас/

 

            Гэрч Л.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой би гэртээ байхад 23 цаг 52 минутад манай бэр Баярцэцэг над руу залгаад гэрээр дүүрэн цус болчихсон Баяа ахаас цус гараад байна та түргэн дуудаад хүрээд ирээч ээ гэхээр нь би 103 руу залгаж дуудлага өгчихөөд гарч машинаа асаагаад Тайжийн 11-33 тоотод дүү Б.Бийн гэрт явж ороход гэрээс нь цус болчихсон манай дүү Батбуян баруун хөлийнх нь цавь орчимд цус гарч байгаа хэсэгт нь гараараа дарчихсан гараа авахад цус олгойдохоор байдалтай байсан. Би өөрөө сувилагч болохоор шууд пульс нь захад мэдэгдэхгүй гүрээний судсан дээр нь дарахад сулхан цохилж байсан. Түргэн ирээд эмнэлэг рүү авч явахад Б.Б маш хүнд байдалтай явсан. Тэр шөнөдөө Улаанбаатар хот Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж очиход судасны MRI шинжилгээ хийлгэхгүй бол судас нь тасарсан хагалгаанд орох шаардлагатай гээд тэндээсээ 2-р эмнэлэг түргэнээр очиход энэ шинжилгээг хийх боломжгүй гэхээр нь Интермед хувийн эмнэлэг авч очиж шинжилгээ хийлгээд 3-р эмнэлэг дээрээ очиж хагалгаанд орсон. Эмч нь хэлэхдээ артерын 2 судас, венийн 2 судас тасарсан, шөрмөс тасарсан дагалдах жижиг судаснууд мөн тасарсан гэж хэлсэн. Хагалгаа маш хүнд явагдаж зүрх зогсох аюултай амь насаа алдаж болзошгүй байсан. шөрмөс тасарсан тул цаашдаа баруун хөл мэдээ орохгүй гэсэн. Б.Б Улаанбаатар хот руу түргэнээр явж байхдаа Л.Ц намайгг зогсож байхад хутгалчихлаа гэж хэлсэн. Гэрт нь очиход Л.Ц би санаандгүй хутгалчихлаа, ийм юм болно гэж бодоогүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

            Гэрч Л.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020.01.27-28-нд шилжих шөнийн 00 цагийн орчим унтаж байхад Л.Ц манай хаалгыг балбаад орилоод ах чинь цус алдаад байна худлаач ээ Батбуянаа гээд бид 2 босож урд гэрт ороход Б.Б ах гэртээ зуухныхаа зүүн талд уначихсан ойр хавьд нь нэл цус болчихсон хэвтэж байсан. Манай нөхөр цус гарч байгаа гуяыг нь нам дараад цус гаргахгүй дарсан. Би эмнэлэг түргэн рүү залгаж эгч Батцэцэг рүү залгаж мөн мэдэгдсэн. Түргэн нэг их удаагүй ойролцоогоор 10 минут орчим болсон, түргэн ирэх хүртэл цусыг гаргахгүй дарсан ба жаахан гар хөндийрөхөд  баруун гуянаас нь цус годогдож оргилоод аймаар байсан. тэр үед хажууд Л.Ц би ийм болгочихлоо гээд уйлаад байсан. Чи хүнийг ийм болгоод байхдаа яадаг юм гэхэд би найзындаа хонох гэж байхад хүн ирж аваад гэхээр нь би тэглээ гээд хүн ингээд байхдаа яахав дээ гэхэд миний буруу би хутгалчихлаа одоо яанаа гээд уйлаад зогсоод байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 08 шэ/97 дугаар:

            “1. Б.Бийн биед баруун гуяны гүний артери, венийн судас, мэдрэлийн судлуудын бүрэн тасрал, баруун гуяны гүний артери ба венийн судсыг залгах, нөхөн сэргээх мэс заслын дараах байдал /ШУГТЭ 2020.01.28/ гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 47 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 924 дүгээр:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх 30 см урттай, шар эрээн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэх дүгнэлт, /хх-ийн 51 дүгээр хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 977 дугаар:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Бийн өмсөж байсан гэх хар өнгийн зузаан өмдөн дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр А (II) бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 54 дүгээр хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07 р тал/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай Прокурорын 2020.02.23 ны өдрийн №29 дугаартай тогтоол / хх-ий 10 р тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд /хх-ийн 75-79 р тал/,

            Хохирогчийн эрүүл мэндийн талаар болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 11-33 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Бтэй гэрээсээ явна гэж маргалдан улмаар зэвсэг болох хутгаар хохирогчийн баруун гуяны тус газарт хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Л.Цийн өгсөн: “....би Улаанбаатар хотоос архи уугаад найзындаа ирсэн. Б.Б намайг найзынхаас 2 найзтайгаа ирж аваад явсан. Гэрт ирээд архи уусан гээд маргалдахад 2 найз нь гараад явсан. бид хоёр маргалдаж байтал юу болсын гэв гэнэт цавьнаас нь цус годгодоод сөхрөөд суусан. Цусыг нь тогтоох гээд гараараа дарсан ч оргилж гарч ирээд байсан. би дүүгийн ах чинь цус алдаад байна гээд дуудаж ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хутга хаанаас авснаа мэдэхгүй байна. намайг гэртээ шууд ирсэнгүй гэснээс болж маргалдсан байх. ” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бийн  өгсөн:  “... 2020 оны 01 дугаар сарын 28 ны өдрийн орой 21 цагт буян налайхад ирлээ гээд залгасан. Тэгээд байхгүй болохоор нь хайж байгаад найзынхаас нь авсан. Гэрт ирсэн хойно найз руугаа явна гээд уурлаад байсан би гарахгүй гэж байсан. Л.Ц жаахан агсан тавих шинжтэй маргаж муудах гээд байсан.  Би гэрийн зүүн талд ширээ зуух 2-ын дунд зогсчихсон Л.Ц ширээний баруун талд урдаа түмпэнтэй мах тавьсан хутгаараа огтолж идэж байхдаа шууд гуя руу хатгачихсан. Тэр үед би мэдээд хойшоо болоход гуя руу орчихсон Эмчилгээний зардал 4027439 төгрөгийг нэхэмжилж байна. хохирол барагдуулаагүй. ” гэв..” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Батбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд унтах гээд хэвтэж байтал гэнэт гэрийн хаалга нүдсэн тэгэхээр нь онгойлготол  ахын найз охин болох Л.Ц нь “Ах чинь цус алдаад байна” гэж хэлсэн тэгэхээр нь би гэр рүү нь яваад ортол гэрийн зүүн талд зуухны өмнө газар нэл цус болчихсон цус алдаад ах маань хэвтэж байсан....түргэн ирээд явсаны дараа манай эхнэрт Л.Ц нь “Би хутгалчихлаа” гэж хэлсэн гэсэн” гэсэн мэдүүлэг, 

            Гэрч Л.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тайжийн 11-33 тоотод дүү Б.Бийн гэрт явж ороход гэрээс нь цус болчихсон манай дүү Батбуян баруун хөлийнх нь цавь орчимд цус гарч байгаа хэсэгт нь гараараа дарчихсан гараа авахад цус олгойдохоор байдалтай байсан. ...Б.Б Улаанбаатар хот руу түргэнээр явж байхдаа Л.Ц намайгг зогсож байхад хутгалчихлаа гэж хэлсэн. Гэрт нь очиход Л.Ц би санаандгүй хутгалчихлаа, ийм юм болно гэж бодоогүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Л.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020.01.27-28-нд шилжих шөнийн 00 цагийн орчим унтаж байхад Л.Ц манай хаалгыг балбаад орилоод ах чинь цус алдаад байна худлаач ээ Батбуянаа гээд бид 2 босож урд гэрт ороход Б.Б ах гэртээ зуухныхаа зүүн талд уначихсан ойр хавьд нь нэл цус болчихсон хэвтэж байсан. Манай нөхөр цус гарч байгаа гуяыг нь нам дараад цус гаргахгүй дарсан.... тэр үед хажууд Л.Ц би ийм болгочихлоо гээд уйлаад байсан. Чи хүнийг ийм болгоод байхдаа яадаг юм гэхэд би найзындаа хонох гэж байхад хүн ирж аваад гэхээр нь би тэглээ гээд хүн ингээд байхдаа яахав дээ гэхэд миний буруу би хутгалчихлаа одоо яанаа гээд уйлаад зогсоод байсан.” гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 08 шэ/97 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №924 дугаартай  дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 977 дугаартай дүгнэлт, :Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , Эд мөрийн баримтаар тооцох тухай Прокурорын 2020.02.23 ны өдрийн №29 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг хэрхэн хутгалснаа согтуу учраас санахгүй талаар мэдүүлсэн ч хохирогч Б.Б болон гэрч Батбуян, Л.Баярцэцэг нарын мэдүүлгээр шүүгдэгч нь дээрх үйлдлийг хохирогчтой хоёулаа байхдаа гүйцэтгэсэн нь тогтоогдож байна

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.Цт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Анчин овогтой Л.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

           Шүүхэд шүүгдэгчийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Цт 7 жил 5 сарын хорих ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулахаар дүгнэлтүүдийг  тус тус гаргасан болно

 

Шүүхээс шүүгдэгч Л.Цт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх  хүндрүүлэх нөхцлүүд тогтоогдоогүй, бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан түүнд 6/ зургаан/ жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж хохирогч нь 4027439 төгрөгийн шаардлагыг шүүгдэгчид холбогдуулан шүүхэд гаргажээ.

            Шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хянаж үзээд эмчилгээ, эм тариа, асаргаа сувилгаатай холбоотой 2 231 846 төгрөгийн шаардлагыг хангаж, пицца худалдаж авсан гэх 49900 төгрөг, ямар зардал нь тодорхойгүй 75193 төгрөг нийт 125093 төгрөгийг шаардлагыг гэмт хэргийн хохиролд холбогдолгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Хэрэгт хохирогчийн цаашид эмчлүүлэх шаардлагатай гэх 1670500 төгрөгийн шаардлагыг хохирогч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахаар дурьдаж шийдвэрлэлээ

            Шүүгдэгч Л.Цийн  урьд 2020 оны 06 дугаар сарын 03-ноос 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Анчин овогт Л.Цийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цт 6 /зургаан/ жилийн хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цт оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цийн 2020 оны 06 дугаар сарын 03-ноос 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. шүүгдэгчийн эд хөрөнгө хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

           

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цээс 2231846 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бөд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 125093 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Б.Б нь 1670500 төгрөгийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх дахин эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД

                                   ШҮҮГЧИД                                Д.ЧИНЗОРИГ

                                                                                   П.БАЯСГАЛАН