Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0067

 

 

 

 

 

 

 

 

                         “Ө г а” ХХК-ийн

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Б.П

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 240010886 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийн тухай” актыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 740 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Ш.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2020/0810/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ө г а” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Гд холбогдуулан “2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 240010886 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийн тухай” актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 740 дүгээр шийдвэрээр: 

“...Татварын ерөнхий хууль /2008/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг тус тус баримтлан Ө г а ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нарын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 240010886 дугаар актаар тогтоосон төлбөрийг хэмжээг 60,310,454.55 төгрөгөөс хасч багасган, нэхэмжлэлийн 36,363,636,4 төгрөгийн татвар төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Б.П нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... “Ө г а” ХХК-ийн 2012-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 24150600462 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нар нь санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татвар төлөгчийн ярилцлага зэрэгт үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалтаар бараа ажил үйлчилгээ худалдан аваагүй атлаа худалдан авалт гэж татварын тайлангаар хасалт хийсэн нь нотлогдсон.

Хүснэгтээр харуулбал:

ДД/д

 

   

    Татвар төлөгч

 

       огноо

 

Падааны дугаар

 

зөрчлийн дүн

 

Нөхөн татвар

1

   В ХХК

 

 

309,090,909.08

30,909,090.91

2

Г б б ХХК

  2012.03.27

   9863865

  77,272,727.30

 7,727,272.73

3

Б ХХК

  2020.03.01

    4253684

 9,304,545.50

 930,454.55

44

 

С ХХК

   012.11.30

 12186459

  40,090,909.09

 4,009,090.91

55

 

 1216460

  49,000,000.00

 4,900,000.00

6

 Д ХХК

  2012.11.30

 11677849

  363,636,364.00

 36,363,636.40

7

 ГБТ трейдинг ХХК

 

  2012.12.31

 13038118

   45,454,545.45

 4,545,454.55

8

  А ХХК

 

 2012.12.31

 13278810

 72,890,909.09

  7,289,090.91

9

нийт

 

 

  966,740,909.51

 96,674,090.95

3.1.1.Татварын улсын байцаагч нар нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу татварын хүү, торгууль алданги тооцоогүйг тэмдэглэж байна.

3.1.2.Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 240010886 дугаар актыг татвар төлөгч нь үл зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол гарган актыг хуулийн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

3.1.3.Татвар төлөгч нь дээрх зөрчлийг гаргаснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан гэж маргадаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.Мын ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Н/150 дугаар нууцын зэрэглэлтэй албан бичигт “Ө г а” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар бараа борлуулсны орлогод 37.227.272.73  төгрөг тайлагнаж ЭЗИТБДТ хуулийн дагуу чөлөөлөгдөх албан татвар 3,722,727.27 төгрөг байна гэж ирүүлснийг шүүх үндэслэл бүхий гэж үзжээ.

3.2.Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг үндэслэлгүй тайлбарласан гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

3.2.1.”В” ХХК-д холбогдох 30.909.090.91 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.2-т “Дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Хэргийн материалд “В” ХХК-д холбогдох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 113 дугаар тогтоол авагдсан байдаг. “В” ХХК болон “Г б б” ХХК-иас “Ө г а” ХХК-ийн худалдан авалт хийсэн нь бодит бус бөгөөд “Ө г а” ХХК-ийн захирал Л.Т нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирлоо сайн дураараа төлөхөө илэрхийлсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан байдаг. Уг хүчин төгөлдөр прокурорын тогтоолыг анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

3.2.2”А” ХХК-д холбогдох 7.289.090.91 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолд Д.Х нь “А” ХХК болон бусад компаниудыг НӨАТ-ын падааныг худалдан борлуулж татвар төлөх орлогыг бууруулах зорилгоор үүсгэн байгуулан “Ө г а” ХХК болон бусад нэр бүхий компаниудад худалдан борлуулсан учир Эрүүгийн хуулийн /2002 он/ 166 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 35 дугаар зүйлийн 35.3-т “...дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн хуулийг заалтыг зөрчин өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан.

3.2.3.“Г б б” ХХК, “ВХХК, “Б” ХХК, “С” ХХК, “ГБТ трейдинг” ХХК, “А” ХХК нь 2012 оны 3 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд НӨАТ-ын падааны хий бичилт хийлгэн тайлагнасан байдаг. Гэтэл ЦЕГ-ын ЗБГХТГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын дарга Б.Ад ирүүлсэн бичигт “...201301000499 дугаар хэрэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан 2 дугаар хавсралтад дурдсан 175 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хий бичилттэй падаан ашигласан аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж хариуг ирүүлэх, 175 сая төгрөгөөс доош үнийн дүн бүхий хий бичилттэй падаан ашигласан аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн акт тавьж захиргааны арга хэмжээ авч тус тус шийдвэрлэх шаардлагатай байна” гэсэн. Үүнээс үзэхэд дээрх нэр бүхий компаниудад эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж гэм буруутайг тогтоосон байна.

3.3.НӨАТ-ын падааныг татвар төлөх орлогыг бууруулах боломжийг бусдад олгосон татвар төлөгчдийг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

3.4.Дээрх баримт, татвар төлөгч “Ө г а” ХХК-ийн захирал Л.Тгийн тайлбарласнаас үзэхэд “Ө г а” ХХК нь НӨАТ-ын падаанд хий бичилт хийлгэн авч төлөх татвараа бууруулснаа хүлээн зөвшөөрсөн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.3-т заасан ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоо, баримт байхгүй, нягтлан бодох бүртгэлд тусгаагүй, харилцах дансаар гүйлгээ хийгдээгүй нь нотлогдож байхад шүүх хуулийг буруу хэрэглэн өөрийн эрх хэмжээнээс давсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 740 дүгээр шийдвэрт “Д” ХХК-иас бичүүлсэн НӨАТ-ын төлөлт төлөх үндэслэлтэй учир улсад төлүүлэхээр шийдвэрлэснээс бусад шийдвэрийг хүчингүй болгож “Ө г а” ХХК-иар 96.674.090.95 төгрөгийн татварын өрийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

2.“Ө г а” ХХК-ийн тухайд нэр бүхий компаниудаас НӨАТ-тай бараа, ажил үйлчилгээ худалдсан авсан байхад акт ногдуулсан гэсэн үндэслэлээр бус харин Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасан хугацаанд өмнө гаргасан алдаатай тайлангаа засч мэдүүлсэн, иймд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “…хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин захиргааны хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж заасныг зөрчин, акт ногдуулсан гэж маргаснаас үзэхэд НӨАТ-ын хий бичилттэй падаан ашиглан татвар ногдох орлогыг бууруулсантай холбоотой “зөрчил”-өө хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

2.1.Өөрөөр хэлбэл дээрх хуулийн дагуу зөрчлөө хүлээн зөвшөөрч тайлагнасан гэх боловч Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тус компаниас Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар бараа борлуулсны орлогод тайлагнасан болон түүнээс чөлөөлөгдөх албан татварын дүн нь актаар ногдуулсан 966.740.908,43 төгрөгийн зөрчилд 96.674.090,84 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэнтэй таарахгүй, мөнгөн дүнгийн хувьд илтэд зөрүүтэй буюу актаар тогтоосноос маш бага, иймд актаар тогтоосон зөрчлийг дээрх хуулийн дагуу өмнө тайлагнасан гэж үзэхгүй.

2.2.Түүнчлэн НӨАТ-ын хий бичилттэй падаанд хамаарах зөрчлийг нэхэмжлэгчээс сайн дураар тайлагнасан эсэх талаар шүүхийн шийдвэрт “…дээрх хуульд заасан 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд нэхэмжлэгчийн болон бараа борлуулсан гэх нэр бүхий компаниудын татвар ногдуулалт, төлөлтөд хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн тул сайн дураараа тайлагнасанд тооцохгүй…” гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй дүгнэлт болно.

3.“Ө г а” ХХК нь 2012 онд нэр бүхий 7 компаниас нийт 966.740.908,43 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “…дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх татварыг 96.674.090,84 төгрөгөөр бууруулсан болох нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, мөн шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн “борлуулагч” гэх “Г б б” ХХК, “Б” ХХК, “В” ХХК, “С” ХХК, “ГБТ” ХХК болон “А” ХХК-иуд дээрх байдлаар нэхэмжлэгчид борлуулалт хийсэн, мөн уг борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан болохоо тус тус “хүлээн зөвшөөрч” тайлагнасан мэт боловч энэ нь бодит худалдан авалт биш, өөрөөр хэлбэл эдгээр компаниуд нь хий бичилттэй падааныг ашиглах боломжийг л шууд болон шууд бусаар нэхэмжлэгчид олгосноос бус тайлагнасан дүнгээрээ татвар төлөх үүрэг хүлээхгүй.

4.Иймд татварын хяналт шалгалтын явцад илэрсэн дээрх зөрчилд ногдох нөхөн татварыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр акт ногдуулсан нь НӨАТ-ыг давхардуулан хураах нөхцөлийг огт бүрдүүлэхгүй болохыг шүүх шийдвэр гаргахдаа анхаараагүй, энэ талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

5.Түүнчлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 482 дугаар тогтоолоор “Ө г а” ХХК-ийн захирал Л.Тг 2012 онд “В” ХХК-ийн НӨАТ-ын падааныг ашиглаж нийт 309.090.909,08 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын хасалт хийж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон,

5.1-дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр шүүгдэгч Д.Хийг 2012-2013 онд “А” ХХК-ийн 632 ширхэг падаан дээр 295 аж ахуйн нэгжид 94.731.899.668,39 төгрөгийн бараа бүрээгдэхүүн борлуулсан мэтээр НӨАТ-ын падаан дээр хуурамч бичилт хийсэн гэм буруутай болохыг тогтоосон,

5.2.-Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн СД/2933 дугаар албан бичиг болон нэхэмжлэлийн үндэслэл, бодит байдалд НӨАТ-тай худалдан авалт хийсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй, харилцах дансаар гүйлгээ хийгдээгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухайд заасан шаардлагыг огт хангаагүй байхад “…нэгэнт борлуулагчдаас төлөхөөр тайлагнасан татварыг худалдан авагчид давхар ногдуулах үндэслэлгүй…” гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. 

5.3.Тухайлбал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, мөн хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул актаар 966.740.908,43 төгрөгийн зөрчилд 96.674.090,8 нөхөн татвар оногдуулсан нь дээрх хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ны өдрийн 740 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн /2008  оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Ө г а” ХХК-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийн тухай” 240010886 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ш.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Б.П нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН