Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 0025

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2018/0025

             Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ”Монголын алт (МАК)” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг, гэрч Д.Гэрэлхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монголын алт (МАК)” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

 “Монголын Алт" (МАК)” ХХК нь Баянчандмань сумын нутаг Хадат толгой нэртэй газарт тариалангийн зориулалтаар 100 га газрыг Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 08 сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамж, 0208289 дугаартай гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшиж, Тариалангийн тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Гэтэл сумын Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай" А/57 тоот захирамж гарган дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгосныг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан. Төв аймгийн Засаг даргад 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1461 дугаартай албан бичгээр гомдол гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгсөнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж заасан. 2018 оны А/57 дугаартай захирамжийг хууль бус захиргааны акт гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 Нэгдүгээрт: Газрын гухай хуулийн 40.1.6-д заасан нөхцөл байхгүй тухайд: Захиргааны еренхий хуулийн 24, 40.4-т "захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдал байх" талаар заасан. Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг үндэслэх нөхцөл байдал бүрдсэн эсэхийг тогтоох ёстой байсан. "Монголын Алт (МАК)” ХХК-ийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д заасан нөхцөл байдал байхгүй тухай хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг албан бичгээр мэдэгдэж, мөн сонсох ажиллагаанд оролцохдоо маш тодорхой тайлбарласан. Тодруулбал: Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай тогтоол, 2006 оны зөвлөмж зэрэгт зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно" гэж тайлбарласан байдаг. ''Монголын Алт (МАК)” ХХК-ийн хувьд газар эзэмшүүлэх гэрээг анх 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хийснээс хойш 2013, 2014 онд тариалалт, уринш хийж, 2015 онд бордоо цацах зэргээр газрын хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхээр ажилласан нь Тариалангийн тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1, 9 дүгээр зүйл 9.1-д зааснаар тариалангийн газарт тариалалт хийлгүй өнжөөх, уринш хийж болох талаар заасантай нийцнэ, мөн байгаль цаг уурын байдал /ган, хуурайшилт/-аас шалтгаалан 2015, 2016 онд тариалалт хийлгүй өнжеөсөн. Харин 2017 онд тус газарт тариалалт хийгдсэн. Эндээс үзвэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойшхи дараалсан 2 жил /2013, 2014 онд/-ийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласан. 2012 онд манай компани нь гэрээ хийгээд ажиллаж байх хугацаанд газрын даамал нь Эрдэнэбаяр, Засаг дарга нь Баярнэмэх гэдэг хүн байсан. Манай компани хуулийн шаардлага нийцүүлээд ямар нэгэн байдлаар мэдэгдээд явж байсан. Шинэ хүмүүс гарч ирээд мэдэгдээгүй гэдэг байдлаас асуудалд хандаж байгаа. Газрын даамал Гэрэлхүү нь 2016 оны эхээр ажилдаа  оронгуутаа 2016 оны 04 сард манай компанийн гурван хэсэг газрыг нэгтгээд нэг гэрээ болгож хийсэн, гэрээгээ дүгнээд гэрээгээ шинэчилж байна гэсэн үг. Газрын хэмжээ дээр 20, 100, 20 га гээд, нийт 140 га газрын 162140 төгрөгийг газрын төлбөрт төлөхөөр гэрээнд заасан. б. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх тухайд: Давагдашгүй хүчин зүйлсийн нөлөө, бусдын гэм буруугаас шалтгаалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэж үздэг. 2015, 2016 онд ургац алдаж магадгүй байхад заавал тариалалт хийх ёстой гэж шаардах нь үндэслэлгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулж үзэх ёстой. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т "тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах", 20.2.7-д " ...сэлгэн тариалалтыг зохих түвшинд хадгалах" гэж заасан учраас Газрын гухай хуулийн 40  дүгээр зүйл 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэл бүрдээгүй юм.                                                                                      

Хоёрдугаарт, хууль тогтоомж зөрчсөн тухайд: Манай компанийн 100 га газар нь тариалангийн зориулалттай учир түүнтэй холбоотой харилцааг Тариалангийн тухай хуулийн дагуу зохицуулагдах ёстой атал зөвхөн Газрын тухай хуулийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтгай нийцээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д "захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Гэвч 2018 оны А/57 дугаартай захирамж нь газрын гэрчилгээг хүчингүй болгосон, мөн 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 273-р захирамжийг хүчингүй болгосон заалтуудтай байна. Мен Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байхаар заасныг зөрчсөн байна. Үүнд: а/ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээллийг бичих гэж заасан байхад компанийн нэрийг Монгол Алт ХХК гэж буруу бичиж, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээллийг огт дурдаагүй байна. Энэ байдал нь тус захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д заасан "илт хууль бус" гэж үзэх үндэслэл болж байна. b/ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т зааснаар захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тус захирамжид огт дурдаагүй. c/ Сонсох ажиллагаа гэх зүйл хийсэн боловч тус ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаагүй, мөн Засаг даргаас манай 100 га газрын гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрээ дотроо аль хэдийн гаргасан байсан бөгөөд зөвхөн хэлбэрийн шаардлага хангах төдий ажил болсон. d/ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т зааснаар захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй байна.

 Гуравдугаарт, Захирамж зорилгодоо нийцээгүй тухайд: Манай компани 2018 онд тариалалт хийхээр төлөвлөж төсөв, төлөвлөгөө гарган холбогдох бичиг баримтын хамт сумын Засаг даргад хүргүүлж, албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс өмнө Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/52 дугаартай захирамжаар манай компанийн 100 га газрын эрхийг хүчингүй болгож, мөн сумын Засаг дарга 2017 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн А/245 дугаартай захирамжаар өөрийн гаргасан 2017 оны А/52 дугаартай захирамжийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгож, манай компанийн газар эзэмших эрхийг сэргээж байсан. Сумын Засаг даргаас 2017 онд манай 100 га талбайд тариалалт хийснээ "амьдралын боломж муутай иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор тэжээлийн ургамал тариалсан" гэж тайлбарласнаас үзвэл тус газрыг нийтийн эдэлбэр, орон нутгийн хэрэгцээнд авахыг хүсч буй нь харагдаж байна. Газрыг нийтийн эдэлбэр, орон нутгийн хэрэгцээнд авах тохиолдолд газар эзэмшиж, ашиглагчид нөхөн олговор олгох хуулийн зохицуулалттай. Гэвч орон нутгаас Газрын тухай хуулийн 42, 43-т зааснаар газрыг ямар нэгэн нөхөн олговоргүйгээр буцаан авахын тулд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д заасныг баримталж байна. Иймд захиргааны актыг гаргах зорилго нь агуулгатайгаа нийцэхгүй байна. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны А/57 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчим, 37.6, 24, 40.3, 40.4, 39.1, 40.2.2, 40.2.3, 40.2.4, 47.1.4, Тариалангийн тухай хуулийн 8.1, 9.1, Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйл 40.1.6-д заасан болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус захиргааны акт болсноос гадна, зохих хууль тогтоомжийн дагуу эзэмшиж ирсэн газрын гэрчилгээг хуулийн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга Ц.Энхжаргал, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголын алт Мак компанид 2012 оны 08 сарын 06-ны өдрийн 273 тоот захирамжаар 100 га газрын эзэмшүүлсэн. Монголын алт Мак компани нь 2014, 2015, 2016 онд газар тариалан үйлдвэрлэл явуулаагүй талаар тогтоохоор нэлээн ажиллагаа хийсэн. Сонсгох ажиллагааг хийхдээ энэ компанийн 100 га газрыг хүчингүй болгохыг зориогүй. Анх 2017 оны хүчингүй болгосон захирамж нь хууль эрх зүйн мэргэжилтэнгээр хянуулаагүй, хууль зүйн үндэсгүй,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль заалтыг зөрчсөн болохыг аж ахуй нэгж бүрээр нь тогтоох шаардлагатай гээд хүчингүй болгосон. “Монголын алт Мак” ХХК нь татвараа төлчихөөд газрыг зориулалтаар нь ашиглаагүй. 2014 онд уринш хийсэн гэж байна. Уринш хийлээ гэхэд манай дээр Тамгын газарт заавал мэдээлэх хэрэгтэй. Газрын даамал, газар тариалангийн мэргэжилтэн энэ тухай тайландаа тусгах болно. 2015, 2016 онд тариалалт хийгээгүй талаараа өөрсдөө бол хүлээн зөвшөөрсөн. Улсын дээд шүүхийн зөвлөмжид давагдашгүй хүчин зүйл гэдгийг тайлбарласан. 2015, 2016 онд байгалийн тийм давагдашгүй хүчин зүйл байгаагүй, үер усны аюул, хөрсний эвдэрэл гэмтэл гараагүй. Энэ жилүүдэд иргэд аж ахуйн нэгж нь тариалалт хийж байсан. Магадгүй зарим газар тариалалтаа алдсан ийм асуудал байгаа ч тогтоолд заасанчлан хүндэтгэн үзэх шалтгаантай ашиглаагүй гэх зүйл бол байхгүй. Аж ахуй нэгж нь орон нутгийн засаг захиргаандаа энэ жил өнжүүллээ гээд мэдэгдэх ёстой, мэдэгдээгүй. Агро техникийн тайлангаа гаргаад өг гэж өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч гэсэн хэлж байсан. Сонсгох ажиллагаан дээр хүртэл ярьсан. Би сонсгох ажиллагааг зохион байгуулсан утсаар болон и-мэйлээр харьцаж байхдаа хэлсэн. Цагаан сараар буюу 02 сарын 21-ний өдөр танайх хэзээ нотлох баримтаа гаргаж өгөх вэ танайхыг хүлээе гээд хүлээсэн. Одоо захирамжийг хүчингүй болголоо шүү гэхэд нотлох баримтаа аваад ирье гэж хэлсэн. Харж байж болно гэж л хэлсэн. Тэгээд таг болсон. Арга буюу захирамжаа гаргасан. А/57 тоот захирамж нь хүчинтэй, хуулийн дагуу гарсан. Бордоо хийсэн гэсэн. Тариалалт хийчихээд дараа нь бордоогоо хийдэг. Уриншийн дараа бордоо хийх асуудал хаа ч байхгүй. Сонсгох ажиллагаа дээр сонсгох ажиллагааны тэмдэглэлд болохгүй дутуу зүйл байж магадгүй. Тэмдэглэл дутуу байна гэхээр нь би өөрөө тэмдэглэл бичсэн хүний өрөөнд нь дагуулж ороод тэмдэглэл дутуу байж магадгүй, чи өөрөө засаад хэлээрэй гэж хэлсэн. Энэ компани нь нийтдээ 140 га газар эзэмшдэг. 100 га газар дээр нь маргаад байгаа. Сүүл цагаан дээр хоёр удаа 20, 20 га-гаар газар авсан. 2016 оны 04 сарын 13-ны өдрийн гэрээ нь 2011 оны А/104 тоот захирамжийг үндэслэж, газрын төлбөрийн гэрээ хийсэн байгаа. Нийт 20 га газар гээд бичсэн байгаа, Гэрээг шинэчилсэн бол нийтдээ 140 га газрын гэрээ гэж тусгах ёстой байсан. Газрын төлбөрийг нь харахад төлбөрийг нь нэгтгэж хийсэн байсан. Сумаас 100 га талбайд 2017 он, 2018 онд малчдын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор тариалалт хийсэн байгаа захирамж үндэслэлтэй гэжээ.

Гэрч Д.Гэрэлхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 онд ажилдаа орсон. 2016 оны 04 сарын 13-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ нь Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А /104 тоот захирамжийг үндэслэж хийсэн гэрээ, Сүүл цагааны 20 га газарт тариалангийн талбай эзэмшүүлсэн байсан. Гэрээнд нийт 20 га гэж бичээд 100 га, 20 га гэж доор нь бичсэн. Энэ бол нийт эзэмшдэг газрын төлбөрийг төлүүлэхээр байгуулсан гэрээ байгаа. Гэрээ байгуулахдаа оны эхэнд болон сүүлд гэрээгээ шинэчилж дүгнэх болно, тариалалт, ургац хураалалтын мэдээллээ өгөөрэй гэж хэлж  зөвлөж байсан, 2017, 2018 онд гэрээ байгуулаагүй. Сумын Засаг даргын 2017 оны А/52 тоот захирамжийг 2017 оны 08 сард “Монголын алт” МАК ХХК-д мэдэгдсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ”Монголын алт (МАК)” ХХК-ийн “Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төв аймгийн Баянчандмань сумын “Банкын толгой” /“Хадат толгой”/ нэртэй газарт тариалангийн зориулалтаар газар эзэмшиж байсан “Чандмань зэндмэнь хайрхан” ХК-ийн эзэмшлийн 100 га газрыг тус сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 273 дугаар захирамжаар “Монголын алт (МАК)” ХХК-д шилжүүлэн 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2012 оны 08 сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Үүнээс гадна Баянчандмань сумын Эрдэнэ багийн Сүүлцагаан нэртэй газарт байршилтай 46 га газрын 20 га газрыг нь Баянчандмань сумын Засаг даргын 2011 оны 05 сарын 02-ны өдрийн 104 дүгээр захирамжаар, 20 га газрыг нь мөн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 05 сарын 11-ний өдрийн 194 дүгээр захирамжаар “Монголын алт (МАК)” ХХК-д тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Маргааны үйл баримтын талаар авч үзвэл:

1.  Баянчандмань сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/52 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нийт 58 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч ”Монголын алт (МАК)” ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба тус захирамжаа “...зарим аж ахуй нэгжүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсгийг зөрчсөнийг тус бүрээр тогтоож нэг бүрчлэн хүчингүй болгох шаардлагатай ...” гэх үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож байжээ[1].

2. Маргаан бүхий захиргааны акт болох Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан 2014, 2015, 2016 онуудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тариалалт хийгээгүй гэх үндэслэлээр ”Монголын алт (МАК)”-ийн  100 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна[2].

Нэхэмжлэгч тал “...хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлсэн, газар эзэмших гэрээг 2012 онд хийснээс хойш 2013, 2014 онд 2 жил дараалан тариалалт, уринш хийж, 2015 онд бордоо цацаж хөрсний үржил шим нэмэгдүүлсэн, Тариалангийн тухай хуулийн 8.1, 9.1-д зааснаар байгаль цаг уурын байдал, ган хуурайшилтаас шалтгаалан 2015, 2016 онд тариалалт хийлгүй өнжөөсөн... энэ талаар сумын Засаг даргад манай тариалан эрхэлсэн ахлагч хэлж байсан гэсэн... 2015, 2016 онд ургац алдаж магадгүй байхад тариалалт хийх ёстой гэж шаардах нь үндэслэлгүй...2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус..., захирамж зорилгодоо нийцээгүй... Тариалангийн тухай хуулийн 8.1, 9.1, Газрын тухай хуулийн 40.1.6, ...Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 24, 37.6, 39.1, 40.2.2, 40.2.3, 40.2.4, 40.3, 40.4, 47.1.4-ийг зөрчсөн, сонсох ажиллагааг хэлбэрийн шаардлага хангах төдий хийсэн, захирамж хууль бус...” хэмээн маргасан байна.

Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ: 17.2.1-д “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх  бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх” гэж заажээ.

Нэхэмжлэгч талаас 2015 онд бордоо цацсан, 2015, 2016 онуудад газраа хүндэтгэн үзэх шалтгаанаар эзэмшиж ашиглах боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлаа, тодруулбал тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулахаар бордоо цацсан, мөн ган, зуд хуурайшилтын улмаас тариалалт, уринш хийх боломжгүй байсан гэх нөхцөл байдлуудын талаараа сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдсэн гэх нотлох баримт гаргаж ирүүлээгүйгээс гадна Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.1-д заасны дагуу хүлээсэн үүрэг буюу тариалангийн газраа ашиглах боломжгүй талаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн хавтас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ”Монголын алт (МАК)” ХХК-ийн  ХАА-н төслийн 2015 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлангийн 7-р хуудсанд “...Төв аймгийн Баянчандмань...сумын нутагт тарьж ургуулан хураан авсан хүнсний ногооны мэдээ...төмс-12,456 кг, байцаа-1466 кг... малын өвс, тэжээл худалдан авсан...” гэж, 2016 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлангийн 7-р хуудсанд “...Төв аймгийн Баянчандмань...сумын нутагт тарьж ургуулан хураан авсан хүнсний ногооны мэдээ...төмс-18,400 кг, байцаа-1617 кг...малын өвс, тэжээл худалдан авсан...” гэж тус тус бичсэн, харин үр тариа тариалсан, хураан авсан талаар мэдээ тайлан гаргаагүй байгаагаас үзвэл Баянчандмань суманд 2015, 2016 онуудад гантай, хуурайшилтай байсны улмаас тариалалт, уринш хийх боломжгүй байсан, өөрөөр хэлбэл давагдашгүй хүчин зүйлсийн нөлөө, бусдын гэм буруугаас шалтгаалан тариалалт хийх боломжгүй байсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Үүнээс гадна хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч компани Сүүл цагаан нэртэй газарт тариалалт хийж байсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж үгүйсгээгүй тул дээр дурьдсан ”Монголын алт (МАК)” ХХК-ийн ХАА-н төслийн 2015, 2016 онуудын тайланд тусгагдсан  төмс, хүнсний ногооны тариалалтын мэдээ нь маргаан бүхий 100 га газарт хамааралгүй байна. Иймд нэхэмжлэгчийг 2015, 2016 онуудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа эзэмшиж, ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/52 дугаар захирамжаар нэхэмжлэгч ”Монголын алт (МАК)” ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч тус захирамжийг ”Монголын алт (МАК)” ХХК-д мэдэгдэлгүйгээр мөн оны 07-р сард түүний эзэмшлийн 100 га газарт тариалалт хийсэн,  тухайн оны 08-р сард А/52 дугаар захирамжийг нэхэмжлэгчид  мэдэгдсэн, мөн нэхэмжлэгч нь сумын Засаг даргын 2017 оны А/52 дугаар захирамжийг мэдээгүй байсан ч 2017 оны 08-р сар хүртэл хугацаанд эзэмшлийн газартаа тариалалт, уринш хийгээгүй зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/52 дугаар захирамжийг 2017 оны 08-р сард “Монголын алт МАК” ХХК-д мэдэгдсэн” гэсэн тайлбар, гэрч Д.Гэрэлхүүгийн “сумын Засаг даргын 2017 оны А/52 дугаар захирамжийг 2017 оны 08-р сард “Монголын алт (МАК)” ХХК-д мэдэгдсэн, сумын Засаг даргын Тамгын газраас 100 га газарт 2017 оны 07 дугаар сард тариалалт хийсэн” гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар энэ талаар маргаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 онд эзэмшлийн газартаа тариалалт, уринш хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй болно.

Үүнээс гадна Баянчандмань сумын Засаг даргын 2011 оны 5 сарын 02-ны өдрийн А/104 дугаар захирамжийг үндэслэн Баянчандмань сумын газрын даамал Д.Гэрэлхүү, “Монголын алт (МАК)” ХХК-ийн төлөөлөгч Х.Алтангэрэл нар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байх бөгөөд тухайн гэрээнд “нийт хэмжээ 20 га”, “зориулалт газар тариалан” гэж хар өнгөөр тодруулан бичсэнээс гадна газрын зориулалт хэмжээ хэсэгт “хүнсний ногоо-100 га”, “тариалан 20 га”, газрын төлбөрийн хэмжээ нэгжийн үнэ 1158 төгрөг, нийт 162140 төгрөг гэж бичсэн байна. Гэрч Д.Гэрэлхүү шүүх хуралдаанд “Баянчандмань сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/104 дугаар захирамжийг үндэслэн “Монголын алт (МАК)” ХХК-тай гэрээ байгуулсан, энэ компани манай суманд нийт 140 га газар эзэмшдэг, газрын төлбөрийг нь төлүүлэх гэж гэрээ байгуулсан” гэж мэдүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал...газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ...” гэж, 34.6-д “газар эзэмшүүлэх гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.1. газар эзэмшүүлэх үндэслэл, 34.6.2. газар эзэмших зориулалт...” гэж тус тус зааснаас үзвэл дээр дурьдсан нэхэмжлэгчийн төлөөлөгч, газрын даамал нарын 2016 оны 4 сарын 13-ны өдөр байгуулсан “газар эзэмшүүлэх гэрээ” нь маргаан бүхий 100 газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар байгуулсан гэрээ биш харин  Баянчандмань сумын Засаг даргын 2011 оны 5 сарын 02-ны өдрийн А/104 дугаар захирамжаар “Монголын алт (МАК)” ХХК-д эзэмшүүлсэн тариалангийн зориулалттай 20 га газрыг эзэмшүүлж, ашиглуулах гэрээ байна. Иймд нэхэмжлэгчийн “2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч ”Монголын алт (МАК)” ХХК нь Баянчандмань сумын нутагт байршилтай, тариалангийн зориулалттай 100 га газраа 2015, 2016, 2017 онуудад зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах...” үүргээ биелүүлээгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

3. Нэхэмжлэгч талын “...захирамж зорилгодоо нийцээгүй... Тариалангийн тухай хуулийн 8.1, 9.1, Газрын тухай хуулийн 40.1.6, ...Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 24, 37.6, 39.1, 40.2.2, 40.2.3, 40.2.4, 40.3, 40.4, 47.1.4-ийг зөрчсөн, сонсох ажиллагааг хэлбэрийн шаардлага хангах төдий хийсэн, захирамж хууль бус...” гэсний тухайд:

Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжид нэхэмжлэгч ”Монголын алт (МАК)” ХХК-ийн нэрийг “Монголын алт ХХК” гэж бичсэн боловч нэхэмжлэгчээс тус захиргааны актыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул шүүхээс тус захирамжийг ”Монголын алт (МАК)” ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт гэж үзсэн болно. Харин маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч ”Монголын алт (МАК)” ХХК-ийн нэрийг алдаатай бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2..2-д “захиргааны акт хаяглагдсан этгээд нь ...хуулийн этгээд бол түүний нэр, бүртгэлийн дугаар....” гэж заасныг зөрчсөн байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг ...оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй”, 4.5.2-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу захиргааны актын илэрхий алдааг захиргааны байгууллага өөрөө засварлаж, оролцогчид мэдэгдэх үүрэгтэй байна. Нөгөө талаар нэхэмжлэгчээс Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхээс тухайн захиргааны актын илэрхий алдааг засах, улмаар түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д заасны дагуу “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” хэмээн илт хууль бус болохыг тогтоох боломжгүйг дурьдаж байна.

Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонгох ажиллагааг явуулж, нэхэмжлэгч талд тариалангийн зориулалтаар эзэмшиж буй 100 га газартаа явуулсан үйл ажиллагаанд холбогдох нотлох баримтаа гаргаж ирүүлэх бололцоог олгож, хугацаа тогтоосон байгаа нь сонсох ажиллагааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдсон. Мөн хариуцагч нь газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн зүйл заалтыг захирамждаа заасан байгаагаас гадна уг захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсээгүй харин газрын даамлын судалгаанд үндэслэн болох нь гэрч Д.Гэрэлхүүгийн “...хяналт шалгалтын хүрээнд мэдээ гаргасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн “захирамж зорилгодоо нийцээгүй, сонсох ажиллагааг хэлбэрийн шаардлага хангах төдий хийсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Эдгээр нөхцөл байдлаас хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, маргаан бүхий захиргааны акт Тариалангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчим үйлчилнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.4-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”, 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн заалтыг тодорхой заана”, 40.4-д “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасныг зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамж хуульд нийцсэн бөгөөд маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх байдал нотлох баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ”Монголын алт (МАК)” ХХК-ийн “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

 


[1] Хавтас хэргийн 11 дэх тал,

[2] Хавтас хэргийн 8 дахь тал,