Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0648/З |
Дугаар | 221/МА2022/0068 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2022/0068
“В” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.А
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын Улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003022 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 829 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч В.Б
Хариуцагч: В.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 128/2021/0648/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “В” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын Улсын байцаагч Э.Бд холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003022 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан “В” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын Улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003022 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Анхан шатны шүүхээс "В” ХХК-ийн импортоор оруулж ирсэн өвлийн дизель түлшийг MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй зөрчил гэж үзсэнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2.“В” ХХК нь шинжилгээнд хамрагдсан өвлийн дизель түлшийг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид шинжилгээнд оруулсан, улмаар тус лабораторийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 000470 дугаартай шинжилгээний дүнг үндэслэн Монгол Улсын хилээр оруулж өөрийн агуулахад буулгасан байдаг.
3.3.Гаалийн төв лаборатори нь MNS 6861:2020 стандарт болон түүний эш татсан ГОСТ 305:2013 стандартын хүрээнд өвлийн дизель түлшний цетаны тоо, 15°С-ын нягт буюу хувийн жин /маргаан бүхий/ зэрэгт сорилын дүн гаргасан байх бөгөөд эдгээр нь дээрх стандартыг зөрчөөгүй байдаг.
3.4.Гэтэл хариуцагчаас дээрх түлшнээс 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3 шилэн саванд дээж авсан, ингэхдээ эхний дээжийг нь Иргэний нисэхийн үндэсний төвийн, оношилгоо хэмжил зүйн лабораторид, хоёр дахь дээжийг нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус шинжлүүлсэн байна.
3.5.ИНЕГ-ийн шинжилгээ хэмжил зүйн лабораторийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн СШ21139 дугаартай сорилтын үр дүнгийн тайлангаар 15°С-ын нягт буюу хувийн жин нь 843.3 г/литр ихгүй байхаар заасан байхад 826.3 г/литр, 20°С-ын нягт буюу хувийн жин нь өвлийн дизелийн түлшний хувьд 840.0 г/литр -с ихгүй /ихгүй гэж заасан байхад Улсын байцаагч 840.0-860.0 г/литр хооронд гэж ташаа үйлдсэн/ байхаар заасан байхад 822.7 г/литр, нийт бохирдол нь 24 хувиас ихгүй байхаар заасан байхад 27 хувь, цетаны тоо 45-аас багагүй байхаар заасан байтал 43 гарч дээрх дүгнэлтээр дизель өвлийн түлшний 15°С-ын нягт буюу хувийн жин 826,3 г/литр гарч стандартын шаардлагад нийцсэн байна.
3.6.Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн TL-025 дугаартай сорилтын үр дүнгийн тайлангаар 15°С-ын нягт буюу хувийн жин нь 800-845 г/литр (ө) байхаар заасан байхад 821.7 г/литр, цетаны тоо 45-аас багагүй байхаар заасан байхад 46 гарч, механик хольцын бохирдол 0.0000 гарсан байна.
3.7.Түүнчлэн захиргааны маргаан үүссэний дараа хэрэв маргаан гарвал таслах зорилготой 3 дахь дээжийг гомдол гаргагчийн хүсэлтээр “А” ХХК-д шинжилгээ хийлгэхэд 15°С-ын нягт буюу хувийн жин нь 843.4 г/литр ихгүй байхаар заасан байхад 820.6 г/литр, цетаны тоо 45-аас багагүй байхаар заасан байхад 58, механик хольцын бохирдол 0.0024 мг/кг ихгүй байхаар заасан байхад 0.0000 хувьтай гарсан байна.
3.8.Дээрх шинжилгээний дүн зөрчлийн хэрэг үүсгэхээс өмнө нь хариуцагч талд мэдэгдэж байсан баримтууд бөгөөд сорилтын үр дүнгийн тайлангууд илтэд зөрүүтэй байхад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад маргааныг таслах 3 дахь дээжид шинжилгээ хийж тухайн шинжилгээний дүнгээр өвлийн дизель түлшийг стандартад нийцэж байгааг тогтоосон байхад анхан шатны шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
3.9.Түүнчлэн хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шийтгэл оногдуулсан гэж байгаа боловч ийнхүү шийдвэрлэхдээ зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гомдол гаргагчийн өвлийн дизель түлшний талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн, шинжилгээ хэмжил зүйн лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори тус тус дүгнэлт гаргаж тэдгээр нь илтэд зөрүүтэй байхад зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.10.Анхан шатны шүүхээс гомдол гаргагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, холбогдох хүсэлт, гомдлоо прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн үндэслэлгүй байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурор нь зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд тухайн ажиллагаанд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд хариуцагчийн хэрэгжүүлсэн ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хийгдсэн ажиллагаа байдаг.
3.11.Нөгөөтээгүүр хариуцагчаас гомдол гаргагчид шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар 3.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүйгээс гадна мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийнхээ үндэслэлийг нотлоогүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 829 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
4.1. “Гаалийн төв лаборатори нь өвлийн дизель түлшний цетаны тоо, 15 градус дахь хувийн жин буюу нягт /маргаан бүхий/ зэрэгт сорилын үр дүн гаргасан байх бөгөөд эдгээр нь MNS 6861:2020 стандартыг зөрчөөгүй байдаг” гэх талаар:
4.2.Гомдолд “В” ХХК нь “Гаалийн ерөнхий газрын төв лабораторид 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр дээж өгч шинжилгээний дүнгээр зөвшөөрөгдсөний дагуу 3 дугаар сарын 5-ны өдөр агуулахад буулгасан” гэжээ. Зах зээлд нийлүүлж байгаа түлш нь заавал мөрдөх стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах буюу гаалиар оруулсны дараагаар газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах, тээвэрлэх, хадгалах журмыг баримтлаагүй, бүтээгдэхүүний чанар өөрчлөгдсөн байж болзошгүй асуудлыг тогтоох үүднээс түүвэрлэгдсэн шатахуун түгээх станц, агуулахаас дээж авсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу хяналт, шалгалтаар авсан дээжээс бусад буюу өөр лабораторид “В” ХХК-ийн борлуулж буй шатахууныг ямар арга, стандартаар авч, хэрхэн шинжлүүлсэн талаар баримт нотолгоо байхгүй тул дүгнэлт хийж, харьцуулах боломжгүй юм. Хяналт шалгалтын хамтарсан ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “В” ХХК-ийн агуулахад бөөнөөр борлуулж буй дизелийн түлшнээс дээж авч шинжлүүлэхэд сорилт шинжилгээний үр дүнгээр дараах зөрчил илэрсэн. Үүнд:
4.2.1.Дизелийн түлш: Цетаны тоо
“Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартаар дизелийн түлшний цетаны тоо 45-аас багагүй байхаар заасан байдаг ба сорилт шинжилгээний үр дүнгээр 43.1 ±0.1 тодорхойлогдсон байна.
4.2.2.Хувийн жин 20°С-д:
“Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартаар дизелийн түлшний хувийн жин 20°С-д 840-860 кг/м3 байхаар заасан байдаг ба сорилт шинжилгээний үр дүнгээр 822.7±0.1кг/м3 тодорхойлогдсон байна.
4.2.3.Нийт бохирдол:
“Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартаар дизелийн түлшний нийт бохирдол 24-өөс ихгүй байхаар заасан байдаг ба сорилт шинжилгээний үр дүнгээр 27±0.2 мг/кг тодорхойлогдсон байна.
Харин “В” ХХК-ийн борлуулж буй шатахуун хувийн жин 15°С-д стандартын шаардлага хангасан ба энэ үзүүлэлтийн тухайд манай талаас маргаагүй бөгөөд Улсын байцаагчийн дүгнэлт хувийн жин 15°С-ын сорилын үр дүнг үндэслээгүй болно.
4.3.Гомдол гаргагчийн хүсэлтээр “А” ХХК-д маргаан таслах дээжийг шинжлүүлсэн талаар:
4.3.1“В” ХХК нь өөрийн хүсэлтээр маргаан таслах дээжийг “А" ХХК-д шинжлүүлсэн бөгөөд тус лаборатори нь цетаны тоо болон хувийн жин 15°С-д үзүүлэлтүүдийг үзсэн. “А” ХХК болон Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн төхөөрөмж нь хувийн жин 20°С-д үздэггүй байна.
4.3.2.Иргэний нисэхийн үндэсний төвийн лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүнийг 12 үзүүлэлтээр хэмждэг. Ашигт малтмал, газрын тосны газрын төв лаборатори нь 15 үзүүлэлтээр үздэг бөгөөд эдгээр лабораториуд нь Монгол Улсын итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн, өөрсдийн багаж тоног төхөөрөмжүүдээр шинжилгээний аргачлалаар шинжилгээ хийх хүчин чадалтай юм. “А” ХХК нь хадгалах хугацаа хэтэрсэн дээжийг шинжилж, лабораторийн сорилын үр дүн нь хэт зөрүүтэй гарсан ба цетаны тооны тухайд Иргэний нисэхийн үндэсний төвийн үр дүн 43.1, Ашигт малтмал газрын тосны газрын тосны газрын үр дүн 46, А ХХК-ийн сорилын үр дүн 58 гарсан.
4.3.3.Шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар 3.1 дүгээр зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй, шийдвэрийнхээ үндэслэлийг нотлоогүй гэх талаар:
Зөрчлийг шалган шийдвэрлэсэн Улсын байцаагч нь “В” ХХК-ийн дэд захирал Т.Тыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалыг танилцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд дэд захирал Т.Т танилцсан тухай гарын үсэг зурж баталгаажуулсан нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс нотлогдох ба хуулиар олгогдсон эрхийг нь хориглосон зөрчсөн үйлдэл гаргаагүй тул холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Хууль ёсны төлөөлөгч болох Т.Т нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа хүсэлт гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй юм.
4.4.Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр уг дүгнэлттэй холбогдуулан гаргасан “Шатахууны чанарын тухай” албан бичиг зэрэг нь тухайн Улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн эцэслэн гарсан шийдвэр бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу Төрийн хяналт шалгалт хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчмыг баримтлах бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг баримтлан тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм. Иймд Улсын байцаагч нь сорилын үр дүнд дүгнэлт гаргах эрх бүхий албан хаагчид хүсэлт гаргаж зөрчлийг тогтоолгосон.
Иймд “В” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, “В” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангав.
2.Дизель түлшний техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын 5.2-ын “Түлшинд тавих шаардлага” /1-р хүснэгт/-ын 1-д цетаны тоог 45-аас багагүй, 14-т нийт бохирдол 24 мг/кг-аас ихгүй, 16, 17-д хувийн жингийн үзүүлэлтийг 150С, 200С-ын аль алинаар нь, тухайлбал өвлийн улиралд хэрэглэх түлшний тухайд 150С-д 843,4 кг/м-ээс ихгүй, 200С-д 840-860 кг/м-аас ихгүй байхаар тус тус тодорхойлсон байх бөгөөд хамтарсан ажлын хэсгээс 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “В” ХХК-ийн агуулахад бөөнөөр борлуулж буй дизель түлшнээс авсан 3 дээжийн 2-т болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 дахь дээжид хийсэн лабораторийн сорилтын дүнгүүдээс үзэхэд тухайн үед хариуцагчаас зөрчлийн хэрэг нээлгүйгээр, өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах байдлаар шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд нийцээгүй, мөн уг хуульд заасан оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг гомдол гаргагчид олгоогүй байна.
2.1.Учир нь тус компанийн бөөнөөр борлуулж байсан дизель түлш дээрх стандартын холбогдох шаардлагуудыг хангаагүй талаарх Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлт 1 дээжид хийгдсэн Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо хэмжил зүйн лабораторийн СШ21/139, СШ21/140 дугаар сорилтын дүнгийн тайлангийн цетаны тоо 43.1±0.1, хувийн жин 150С-д 826.3±0.1, 200С-д 822.7±0.1, бохирдол 27±0.2 мг/кг гэсэн үзүүлэлтэд үндэслэсэн, гэтэл нөгөө дээжид хийсэн АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн GT060 дугаар сорилтын үр дүнгээр цетаны тоо 46, хувийн жин 150С-д 821.7 кг/м3, механик хольц буюу бохирдол 0.0% гэх байдлаар хоорондоо илтэд зөрүүтэй гарчээ.
3.Шийтгэл оногдуулах үндэслэл болсон Улсын байцаагчийн дүгнэлтээс үзэхэд дээрх лабораторийн сорилтуудыг харьцуулж огт дүгнээгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгад мөн л тус лабораторийн тайланг үндэслэн дүгнэлт гаргасан байхад шууд шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-ийн “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэсэн шаардлагад нийцсэнгүй.
4.Үндэсний итгэмжлэлийн төвийн итгэмжлэлийн гэрчилгээгээр дээрх лабораториудын аль аль нь дизель түлшний стандартын шаардлага хангасан эсэх талаарх сорилтыг гүйцэтгэх эрхтэй байхад чухам ямар үндэслэлээр АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн GT060 дугаар сорилтын үр дүнг харгалзан үзээгүй болох, 3 үзүүлэлт нь стандартын шаардлага хангасан, эс хангасан талаарх 2 лабораторийн сорилтын дүн дээрх байдлаар зөрүүтэй гарсан энэ тохиолдолд хялбаршуулсан журмаар бус харин зөрчлийн хэрэг нээн Газрын тосны бүтээгдэхүүний дээж авах арга MNS 0218:2008 стандартын дагуу Гаалийн ерөнхий газрын төв лабораторид хадгалагдаж байсан 3 дахь дээжийг маргаан таслах зорилгоор шинжлүүлэх ажиллагаа явуулаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болно.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “А” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ий өдрийн 05194/21 дугаар сорилтын дүнгийн тайлангаар 3 дахь дээжээс авсан үзүүлэлт MNS 6861:2020 стандартыг хангасан, тухайлбал маргаанд хамаарал бүхий үзүүлэлтүүд болох цетаны тоо 58.0, механик хольцын хэмжээ байхгүй, “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн 2021 оны 7010 дугаар захирамжид заасанчлан хувийн жинг 150С-д үзэхэд 0.8206 буюу стандартад нийцсэн гэсэн нь “сорилтын дүнгийн маргаан таслагдсан буюу стандартын шаардлага хангасан” гэх дүгнэлтэд хүргэхгүй боловч энэ нь хариуцагч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйг нотлох үндэслэл болно.
6.Тухай үед хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн тул сорилтын зөрүүтэй үр дүнг таслах 3 дахь дээжийг шинжүүлэх хүсэлт гаргах, прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлэх бодит боломжгүй байсан байхад шүүхийн шийдвэрт энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр “…энэ талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж, холбогдох хүсэлт, гомдлоо прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд “В” ХХК-ийн бөөнөөр борлуулж байсан дизель түлш стандартын шаардлага хангасан эсэх талаарх лабораторийн сорилтын дүнгүүд зөрүүтэй байхад уг зөрүүг арилгах ажиллагаа явуулалгүйгээр хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэн шийтгэлийн хуудас ногдуулснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, үүний улмаас уг хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тул энэ үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “В” ХХК-ийн гомдлыг ханган, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003022 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Агийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН