Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 019

 

И.Айгүлийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 751 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, Харахас овогт Идкейн Айгүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Хуралай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн И.Айгүлийг ажлаас халах тухай Б/576 тоот захирамжийг хүчингүй болгож, Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Улаанбаатар хотод ЦБНБэлтгэх сургуулийн өмнөх насны боловсролын багш мэргэжлээр төгсөж, 1983 оноос Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажилд орж, 2001 онд тус цэцэрлэгийн эрхлэгчээр дэвшин ажилласан. Ажилласан жилүүдэд өөрийн мэдлэг боловсрол ажлын олон жилийн туршлагаа дайчлан чадах чинээгээрээ ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б\576 захирамж гарган ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Уг захирамжийн захирамжлах хэсэгт зааснаар Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний зарим зүйл заалтыг зохих ёсоор биелүүлээгүй хэмээн дурдсан байх бөгөөд миний танилцаж гарын үсэг зурж баталгаажуулаагүй Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 04-03-046\309 дугаартай дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2-т заасан хугацаа нь өнгөрсөн зарим зөрчлүүдийг дурдаж, намайг 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хэдхэн сар дутуу байхад ажлаас халах шийтгэл оногдуулж ажил амьдралгүй болгосонд гомдлоо. Засаг дарга Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг надад гардуулж өгөөгүй сүүлд хүргүүлэхээр тохирсон боловч ирүүлээгүй. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 04-03-046\309 дугаартай дүгнэлтийг үзээгүй. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан ажил амьдралгүй болгож болдог юм уу. Энэ асуудлыг хянан үзэж аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа зөрчил гаргаж, албан үүргээ ухамсарлахгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлүүдийг удаа дараа давтан гаргаж байна. Үүнд: 1.И.Айгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөртөө хамаарал бүхий этгээд болох төрсөн охиныхоо гэрлэсний баярыг тохиолдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэн тушаал гаргаж, мөн түүнд заах аргач багш гэсэн мэргэжлийн зэрэг олгож, зэргийн нэмэгдлийг олгох тушаалуудыг гаргаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэлд тайлбар гаргаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын удаа дараагийн болон 2016 оны 05\573 албан тоотоор тогтоогдов. 2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй мэргэжлийн бус багшлах эрхгүй багш авч ажиллуулж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 04-03-046\309 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Иймд И.Айгүл нь Авлигатай тэмцэх газрын албан шаардлагаар цалинг хувиар бууруулах арга хэмжээ авагдаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Боловсрол соёлын газраас ажлаас халах дүгнэлт гарч мөн мэргэжлийн багшийг ажлаас нь хууль бус чөлөөлсөн зөрчлүүдийг гаргаж байсан байна. Энэ нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг бүрэн хариуцна, 4.6 удирдлагуудаас хууль тогтоомжийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих шаардлагын хэмжээнд биелүүлнэ, 4.14 цэцэрлэгийн хүүхдийн хоолонд хяналт тавьж хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллана гэсэн үүргээ тус тус зөрчсөн тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэл болгож И.Айгүлийг ажлаас халах шийдвэр гаргасан. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 751дүгээр шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн И.Айгүлийг ажлаас халах тухай Б/576 тоот захирамжийг хүчингүй болгож, Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.Айгүл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И.Айгүлээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баяннуур сумын иргэн М.Айгүлийн гомдолтой аймгийн Засаг даргад холбогдох хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

И.Айгүл нь 2001 оноос эхлэн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байхад аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг.

И.Айгүл нь тус цэцэрлэгийн эрхлэгч байхдаа 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүлгийн ахлагчаар ажилладаг өөрийн охин болох А.Нурсаулед байгууллагын дотоод журмын дагуу түүний хуримын үеэр 350000 төгрөгийн тусламжийг тушаал гарган олгосон, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Заах аргач багш мэргэжлийн зэрэг олгохдоо урьдчилан мэдэгдэл тайлбар гаргаагүй гэдгийг Авлигатай Тэмцэх Газар шалгаж тогтоогоод аймгийн Засаг даргад 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр албан бичиг илгээж хариуцлага тооцуулахыг дурдсан боловч аймгийн Засаг дарга хариуцлага тооцоогүй байна. Харин зарим иргэд Авлигатай Тэмцэх газарт дахин мэдээлэл бичсэнээр уг газар нь 2016 оны 9 дүгээр 29-ний өдөр аймгийн Засаг даргад 2016 оны 01 дүгээр сарын 21-ний албан бичгийг дахин хүргүүлснээр аймгийн Засаг дарга ашиг сонирхлын зөрчил гарсан гэх өдрөөс 3 жил 6 хоногоос 1 жил 1 сар 11 хоног өнгөрсний дараа И.Айгүлийг үүрэгт ажлаас нь халах шийтгэл оногдуулах үндэслэл болгосон нь хөдөлмөрлөх явцад гарсан зөрчил учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрснийг харгалзан үзээгүй. Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр эрхлэгч И.Айгүл нь өөрийн төрсөн охин, нөхөр, дүү, бэрийг авч ажиллуулсан гэдэг боловч, харин хэдэн онд ямар ажилд авч ажиллуулсныг тодорхой дурдаагүй мөртлөө ашиг сонирхлын тухай хуулийн 11.1, 12.1 дэх заалтыг зөрчсөн гэх өрөөсгөл дүгнэлт хийсэн байдаг. Эдгээр хүмүүс нь бүгд 2012 оноос өмнө ажилд орсон, өөрөөр хэлбэл ашиг сонирхлын тухай хууль гарахаас өмнө гэсэн үг юм.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчаас 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан дүгнэлтэд дурдсан зөрчлүүд нь И.Айгүлийг шууд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоос өөр аргагүй байдалд хүрэх үндэслэл, нөхцөл биш бөгөөд уг дүгнэлтийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу И.Айгүлд танилцуулаагүйгээс гадна уг дүгнэлтэд гомдол гаргах эрхийг нь ноцтой зөрчсөн.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчилд хариуцлага тооцох хугацаа үйлчлэхгүй мэтээр анхан шатны шүүх тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрлөх явцад гарсан зөрчил учраас хөдөлмөрийн хуульд заасан хариуцлага тооцох хугацаа үйлчлэх ёстой гэж үздэг. Болсон асуудлын явц, бодит байдлыг гомдол, тайлбар, мэдүүлгүүдэд тодорхой дурдсан учраас дахин нуршихыг хүссэнгүй. Насаараа мэргэжлээрээ хөдөлмөрлөж, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө сургуулийн өмнөх боловсролд зориулсан жирийн нэгэн эмэгтэйг өндөр насны тэтгэвэрт гарахад 4 сар дутуу байхад ажлаас халж түүнийг ажил амьдралгүй болгосон аймгийн Засаг даргад гомдож шүүхэд хандсан юм.

Анхан шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлэхдээ зарим нотлох баримтуудад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн гадна ажилтны гаргасан зөрчилд хариуцлага тооцох хугацааны асуудалд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзээд энэхүү гомдлыг гаргалаа.

Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч И.Айгүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж, албан үүргээ ухамсарлалгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлүүдийг удаа дараа давтан гаргаж байсан.

Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүлтэй холбоотой гомдол ирж Авлигатай тэмцэх газар болон Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын шалгалтаар И.Айгүл нь өөртөө хамаарал бүхий этгээдэд тушаал шийдвэр гаргаж, төсвөөс мөнгө гаргасан зөрчлүүдийг гаргаж байсан нь тогтоогдож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэлд тайлбар гаргаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Авилгатай тэмцэх газрын удаа дараагийн албан тоотоор болон 2016 оны 05/573 албан тоотоор нотлогдож байна.

Уг албан бичигт И.Айгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт хамаарал бүхий этгээд болох төрсөн охин нь тус цэцэрлэгт багш ажилтай Амалханы Нурсаулед гэрлэсний баярыг тохиолдуулан 2013 оны А/51 тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлж, мөн түүнд 2015 онд А/18 дугаар тушаалаар заах аргач багш гэсэн мэргэжпийн зэрэг олгож, зэргийн нэмэгдлийг олгох эрхийн акт гаргасан нь тогтоогдож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэлд тайлбар гаргаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн тул аймгийн Засаг дарга асан Х.Дарменд Авлигатай тэмцэх газраас И.Айгүлд хариуцлага тооцож, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар хариу ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч Х.Дармен И.Айгүлд ямар нэгэн хариуцлага тооцоогүй ба Авлигатай тэмцэх газарт хариу хүргүүлээгүй тул тус газраас 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 05/6671 дүгээр албан тоотоор И.Айгүлд холбогдох 2016 оны 05/573 дугаар албан тоотыг дахин ирүүлсэн.

2.Дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, мэргэжлийн бус багшлах эрхгүй багш нарыг авч ажиллуулж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь И.Айгүлийн ажлын хариуцлага суларсан, удирдан зохион байгуулах менежмент алдагдсан, өөрийн төрсөн охин, дүү, хамаатан садангуудыг авч ажиллуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь мөн адил Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын удаа дараагийн шалгалтаар болон 2016 оны 04-03-046/309 тоот дүгнэлтээр тогтоогдсон.

З.И.Айгүл удаа дараа Авлигатай тэмцэх газрын албан шаардлагаар цалинг бууруулах арга хэмжээ авагдаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Боловсрол соёлын газраас ажлаас халах дүгнэлт гарч, мөн мэргэжлийн хөгжмийн багшийг ажлаас нь хууль бус чөлөөлсөн зөрчлүүдийг гаргаж байсан нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2, 4.6, 4.14-т заасан үүргээ тус тус зөрчсөн тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгож И.Айгүлийг ажлаас халах шийдвэр гаргасан юм.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар И.Айгүлийн зөрчлийг Авилгатай тэмцэх газар шалган тогтоож, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ /29.2.4.энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах/ гэж заасан тул аймгийн Засаг даргын И.Айгүлийг ажлаас халах тухай гаргасан эрх зүйн акт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зүйл заалт тусгагдаагүй бөгөөд уг хуулиар хязгаарласан. хориглосон зөрчлүүдийг гаргаж Авлигатай тэмцэх газар шалган тогтоосон бол хуульд заасан зүйл заалтын дагуу хариуцлага тооцох заалтуудыг тодорхой тусгаж өгсөн тул үүнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 751 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.Айгүлийн тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаартай захирамжийг хүчингүй болгож, цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаартай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүлийг өөрт нь хамаарал бүхий этгээд болох төрсөн охин А.Нурсаулед гэрлэсний баярыг тохиолдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тушаал, мөн түүнд заах аргач багш гэсэн мэргэжлийн зэрэг олгож зэргийн нэмэгдлийг олгох тушаалуудыг гаргасан, хөдөлмөрийн гэрээний 4.2-д ажил үүрэгтээ холбоотой бүх шаардлагыг бүрэн хангаж хариуцна, 4.6-д удирдлагуудаас хууль тогтоомжийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих шаардлагын хэмжээнд бүрэн биелүүлнэ, 4.14-д цэцэрлэгийн хүүхдийн хоолонд хяналт тавьж хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллана гэсэн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжлийн бус багшлах эрхгүй багш нарыг авч ажиллуулж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 04-03-046/309 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Ажил олгогч нэхэмжлэгч И.Айгүлийг ажлаас халах захирамжид Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 04-03-046/309 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн боловч уг дүгнэлтэд дурдсан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд тухайлан заасан ноцтой зөрчлүүд биш байна.

 

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 04-09-046/295 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04-03-023/48 дугаартай үйл ажиллагааг зөрчил арилтал зогсоох тухай акт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн зөрчлүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх дээрх зөрчлүүд нь нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05/573 дугаартай Хариуцлага тооцуулах тухай албан бичигт И.Айгүл нь өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээд болох төрсөн охин сумын цэцэрлэгт багш ажилтай А.Нурсаулед гэрлэсний баярыг тохиолдуулан 358000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/51 дугаартай тушаалаар олгосон, мөн түүнд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/18 дугаар тушаалаар Заах аргач багш гэсэн мэргэжлийн зэрэг олгож, зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар тогтоосон шийдвэрийг тус тус гаргахын өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэл, тайлбар гаргаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн тогтоогдсон тул хариуцлага тооцуулах үндэслэлтэй байна гэж Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарменд хүргүүлсэн боловч Засаг дарга Х.Дармен нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба Авлигатай тэмцэх газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 05/6671 дугаартай албан бичгээр дахин хүргүүлсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх тул Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүлд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэлээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх журмыг зөрчсөн ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан И.Айгүлийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаар захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 751дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаар захирамжийг хүчингүй болгож, Харахас овогт Идкейн Айгүлийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар А.Айгүлийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий Засаг даргын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар И.Айгүлийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ