Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

Ч.Өлзийтэгшид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                    Прокурор                            Д.Уранчимэг

    Шүүгдэгчийн өмгөөлөгч     С.Сувдаа, Э.Ганбат   

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Булгадар овогт Чонодоогийн Өлзийтэгшид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201728020086 дугаартай, 149/2017/00085/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 09-ний Увс аймаг Зүүнговь суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Булгадар овогт Чонодоогийн Өлзийтэгш / Регистрийн дугаар:ОД86060907/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Ч.Өлзийтэгш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Орхироо гэх газарт малчин Батчулууны гэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б.Гантөмөрийг бусадтай хардан маргалдаж, түүний толгой хэсэгт нь санаатайгаар цохиж, улмаар түлхэж унагаан Б.Гантөмөрийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас Б.Гантөмөр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ч.Өлзийтэгшид холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 125 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Булгадар овогт Чондоогийн Өлзийтэгшийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулснаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлзийтэгшийг 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлзийтэгшийн эдлэх 05 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Өлзийтэгш нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдаж,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдан,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Өлзийтэгшид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Өлзийтэгшид 5 жилийн хорих ял нээлттэй хорих ангид эдүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ч.Өлзийтэгшид холбогдох хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлэг өгөхдөө надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.Өлзийтэгш нь миний дүү Б.Гантөмөрийн хүүхдийг төрүүлсэн нялх хүүхэдтэй юм чинь надад болон манай гэр бүлийнхэнд гомдол санал байхгүй гэжээ.

Энэ нь талийгаачийнхаа ганц хүүхдийг эхтэй нь хамт байлгаж өсгөж бойжуулах саналтай байгаагаа хэлсэн. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван шүүх хуралдаан дээр 7.235.700 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо энэ нэхэмжлэлээсээ татгалзаж гомдол саналгүй гэж байгаа. Шүүгдэгч Ч.Өлзийтэгш нь 01 нас 01 сартайгаас 06 насны 4 хүүхэдтэй, өөрийн гэсэн гэр орон байхгүй, ажилгүй, орлогогүй нэн ядуу амьдралтай өрх толгойлсон эмэгтэй юм. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй гэж байгаа, өөрөө бага насны 4 хүүхэдтэй зэрэг байдлыг нь харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1.4 энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил эсвэл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад ялын дээд хэмжээнээс гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэсэн зарчмыг баримталж 3 жил 2 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлоо дэмжиж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батчулуун овогт Энхтайван миний бие Ч.Өлзийтэгшид маш их гомдолтой байгаа. 7.235.700 төгрөг нэхэмжилсэн хэвээрээ байгаа. Би энэ нэхэмжлэлээсээ татгалзаагүй, хэвээрээ байгаа шүүхэд гомдолгүй гэж хэлээгүй. Ч.Өлзийтэгшийн өмгөөлөгч миний өмнөөс худлаа бичсэнд гомдолтой байна. Бид хүнээрээ хохироод дээр нь мөнгө төгрөгөөр хохирч байхад Ч.Өлзийтэгшийн ар гэрийнхэн “Чи өөрөө дүүгээ алсан” гэж загнасан. Миний бие Ч.Өлзийтэгшид маш их гомдолтой байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд Ч.Өлзийтэгшийн эгчийн хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд гомдол гаргасан өмгөөлөгчийн саналыг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна.

Энэ хэргийн нотлогдсон байдлын хувьд ярьвал шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Энэ хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэнгүй. Хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь тархины цус бөглөрч 2 удаа хагалгаанд орсон боловч нас барсан. Энэ үйлдлийн хувьд гэрч Б.Энхтайваны өгсөн мэдүүлэгт “гэрээс гарахад тэр хоёр цагаан орны урд сууж үлдсэн” гэсэн байдаг. Энэ хоёр хүний өмнө нь маргалдсан байдал нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.  Нөхөр нь Ч.Өлзийтэгшийн 2 гарыг бариад цээжин дээр нь гараад суусан. Ч.Өлзийтэгшийн 04 сарын 05-нд өгсөн тайлбар, сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь дээрх гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирдог. Тухайн үед талийгаачийг арагш нь түлхээд баруун гэрт орж 2 хүүхдээ аваад машинд суусан байгаа юм. Энэ түвшинд нь дүгнэж үзвэл санаатай хүнд гэмтэл учруулсан гэсэн ойлголтоор хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, талийгаачийн шүүгдэгчийн гэдсэн дээр гарч суусан нөхцөл байдлыг арилгах зайлуулах зорилгоор талийгаачийг түлхсэн байдаг. Энэ үйлдэл нь шууд болон шууд бус санаатай гэмтэл  учруулна гэсэн сэдэлтээр хийгээгүй, тэр хүний доороос нь босч явна гэсэн санаагаар хийсэн үйлдэл юм. Ард нь төмөр ор байж талийгаач орны пүршийг мөргөсөн байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл болгож өөрчлөх боломжтой байна. Болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх дүгнэлт хийхдээ маргаан хийж нөхрийгөө алгадаж авсан үйлдэлтэй холбож үзсэн байдаг. Гэтэл тэр маргаан тасраад дараа нь өөр үйлдэл болсон. Талийгаачийг тэгээд унтчихаар нь тоогоогүй. Өглөө болоход сэрэхгүй байхаар нь эмнэлэг дуудсан гэдэг. Энэ хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлээр зүйлчилвэл Ч.Өлзийтэгшийн хувийн байдал буюу бага насны хүүхдүүдтэйг нь үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлийг өөрчлүүлэх санал хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар түүний хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан зүйлчлэл тохирсон учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

Тодорхойлох нь:

 

 Шүүгдэгч Ч.Өлзийтэгш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Орхироо гэх газарт малчин Батчулууны гэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б.Гантөмөрийг бусадтай хардан маргалдаж, түүний толгой хэсэгт нь санаатайгаар цохиж, улмаар түлхэж унагаан Б.Гантөмөрийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас Б.Гантөмөр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө нас барсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 125 дугаартай шийтгэх тогтоолоор Булгадар овогт Чонодоогийн Өлзийтэгшийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулснаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлзийтэгшийг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Өлзийтэгшид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал түүний үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Өлзийтэгш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван /хх-ийн 40-43, 145-146-р ху/, гэрч Н.Энхтайван /хх-ийн 49-50-р ху/, гэрч Б.Буянжаргал /хх-ийн 51-52-р ху/, гэрч Т.Саран /хх-ийн 46-47-р ху/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4902 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн ¹797 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-75-р ху/, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81-р ху/, туршилт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 127-130-р ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 131-134-р ху/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р ху/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “…хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, …шүүх хуралдаан дээр 7.235.700 төгрөгийг нэхэмжилсэн боловч одоо энэ нэхэмжлэлээсээ татгалзаж гомдол саналгүй гэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэх гомдлын үндэслэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайваны давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн “…Ч.Өлзийтэгшид маш их гомдолтой байгаа.7.235.700 төгрөг нэхэмжилсэн хэвээрээ байгаа. Би энэ нэхэмжлэлээсээ татгалзаагүй, хэвээрээ байгаа шүүхэд гомдолгүй гэж хэлээгүй. Ч.Өлзийтэгшийн өмгөөлөгч миний өмнөөс худлаа бичсэнд гомдолтой байна.” гэх тайлбараар үгүйсгэгдэж байгаа ба түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй гэмт хэргийн үндсэн шинжийг “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...гэж заажээ.

 

Гэтэл Ч.Өлзийтэгш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   өөрийн хамтран амьдрагч Б.Гантөмөрийг бусадтай хардан маргалдаж, түүний толгой хэсэгт нь санаатайгаар цохиж, улмаар түлхэж унагаан Б.Гантөмөрийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын давж заалдах шатны шүүх хуралд гаргасан “…хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл болгож өгнө үү. …Болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлтэй” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч Ч.Өлзийтэгш нь энэ  гэмт хэргийн улмаас хорих ялаар шийтгүүлж, хүүхдүүдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн Сүхтулгын Сугардаш, 2012 оны 07 дугаар сарын 13-нд төрсөн Сүхтулгын Сугаржаргал, 2014 оны 08 дугаар сарын      10-нд төрсөн Сүхтулгын Марал-Эрдэнэ, 2016 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн Гантөмөрийн Гансувд нарт асран хамгаалагч тогтоож, хүүхдүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах шаардлагатай байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  125 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт 51 гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5, 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  125  дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт:

 “51. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн Сүхтулгын Сугардаш, 2012 оны 07 дугаар сарын 13-нд төрсөн Сүхтулгын Сугаржаргал, 2014 оны 08 дугаар сарын 10-нд төрсөн Сүхтулгын Марал-Эрдэнэ, 2016 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн Гантөмөрийн Гансувд нарт асран хамгаалагч тогтоож, хүүхдүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад даалгасугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                  Я.ТУУЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ