Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/107

 

                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Н.Наранхүү

Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Хд холбогдох эрүүгийн 1925009150037 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Х

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Хийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хуримт зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн Н.Наранхүүгийн эрх чөлөөнд  халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Хийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг,

-хохирогч Н.Наранхүүгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Хаалга нүдэхэд онгойлгохгүй байсан. Би нүдсээр дайрч ороход энэ залуу над руу дайрч элдэвээр хэлсэн. 2-3 удаа цохиж авсан. Би цагдаа дуудсан. Гомдолтой байна. Хамраа эмчлүүлэхэд шаардлагатай үнийн баримт эмнэлгээс авчирсан байгаа. 10 хоногоор тооцоход 1,500,000 орчим төгрөгний зардал гарах юм болов уу гэж бодож байна  гэх мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/

-Зочид буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл дэвтрийн хуулбарын /хх-ийн 13-15-р хуудас/

-Шүүгдэгч Ц.Хийн согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 16-р хуудас/

-Хохирогч Н.Наранхүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  “...тэр өдөр 17 цаг өнгөрч байхад гэртээ очиход хүн байхгүй цоожтой байхаар нь би эхнэр Золзаяа руу залгахад утсаа авахгүй байсан. Найз Туул руу нь залгаж асуутал Хуримт буудлын гадаа байна хүрээд ир, танай эхнэр чинь 304 тоотод байгаа явахгүй байна гэж хэлэхээр нь би эхнэрээ авах гээд яваад очтол буудлын өрөөний хаалга нь дотроосоо цоожтой байхаар нь би хаалга тогшсон тэгсэн чинь үл таних залуу хаалга онгойлгосон. Би дотогшоо дайраад ортол манай эхнэр орон дээр сууж байхаар нь би хамт байсан залуу руу нь чи ямар учиртай хүн бэ, яаж энэ хүнийг таньдаг юм бэ гэхэд тэрээр миний хэн байх нь чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би, энэ хүн чинь миний эхнэр гэсэн чинь тэрээр, танай эхнэр гэдгийг би яаж мэдэх юм бэ гэж хэлээд миний зүүн талын хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би чи манай эхнэртэй юу хийж байгаа юм гэтэл би яаж мэддэг юм гэж хэлээд миний хацар руу дахиад алгадсан тэгсэн чинь буудлын ажилтан хаалгаар шагайхаар нь энэ залуу хүн зодоод байна цагдаа дууд гэсэн чинь нөгөө залуу чи цагдаагаа дууд чамайг ална шүү банди минь гээд бид хоёр маргалдаж байтал буудлын ресейпшин орж ирээд эхнэр бид хоёрыг өрөөнөөс гаргах гээд байж байтал нөгөө залуу араас хэрүүл хийж яваад миний нүүр рүү духаараа мөргөөд намайг үүдний орон дээр унагаж байгаад миний нүүр лүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/  

-гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ..“...удалгүй юм түжигнээд дуу чимээ сонсогдоод эхлэхээр нь би яваад очтол сүүлд орсон эрэгтэй хүний хамраас цус гарсан байдалтай орон дээр сууж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-р хуудас/

-гэрч Э.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:....”... нэг мэдсэн Туул гараад явчихсан байсан. Тэр хоёр залуугийн нэгийг нь буюу манай нөхрийг цохисон залууг Х гэдэг гэсэн. Бид хоёр хамт буудалд ороод 2-3 цаг орчим болж байсан. Тэгсэн чинь гаднаас хаалга тогшоод манай нөхөр Наранхүү орж ирээд намайг “чи энд юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд  уурлахад Х гэдэг залуу “чи хэн бэ яах гээд байгаа юм гээд нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгсэн чинь хамарнаас нь цус гарсан. Х нөгөө залуутайгаа хамт гараад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

-гэрч Д.Туулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид 2 Хуримтын 304 тоотод тэр хоёр залуутай хамт ороод 2 ширхэг том пиво уугаад байж байтал манай хүүхдийн хичээл тарах цаг болсон. ...Тэгээд би Хуримт зочид буудлаас гараад Золоогийн нөхөр Наранхүү рүү залгасан. Учир нь найз Золоог танихгүй хүнтэй зочид буудалд үлдээсэн болохоор санаа зовсон...”гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай ... Н.Наранхүүгийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Дээрх гэмтэлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

-Хохирлын баримт/ дүрс оношлогоо/ хохирогчийн эмнэлэгийн картны хуулбар /хх-ийн 62-64-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалахд дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг “Хуримт” зочид буудлын 304 тоот өрөөнд архидан согтуурч байхдаа эхнэр Э.Золзаяаг авахаар ирсэн Н.Наранхүүгийн биед халдан зодож биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтээр Н.Наранхүүгийн биед учирсан хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана” гэж дүгнэсэн ,шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Ц.Хийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Хийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хуримт зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн Н.Наранхүүгийн эрх чөлөөнд нь халдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа маргахгүй байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн нэхэмжилсэн 725,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Эмчилгээний зардлыг төлнө. Гэхдээ хэвтэн эмчлүүлсний дараа баримтыг үндэслэн төлөх саналтай байна. Би одоогоор ажилгүй байгаа ба 4 сард ажил эхэлнэ. Торгуулийн ял оногдуулна уу. Ажилдаа явна гэжээ.        

 Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Наранхүү шүүх хуралдаанд Орхон аймгийн чих хамар хоолойн Эрхэст-Оргил эмнэлгийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан ба уг баримтад “...хамрын яс хугарсан, таславч мөгөөрсний муруйлттай байгаа тул хагалгаанд орох шаардлагатай болно. Уг хагалгааны төлбөр нь 580,000 төгрөг, ор хоног нь өдрийн 25,000 төгрөг, 5-7 хоног хэвтэн эмчлүүлнэ” гэжээ. Хохирогч “бусад зардал ороод 1,500,000 орчим төгрөг болох байх”гэжээ. Хохирогч хэд хоног хэвтэн эмчлүүлэх нь тодорхой бус, мөн “Бүтээгч” ХХК-д нярав ажилтай нийгмийн даатгал төлдөг гэсэн байх тул нийгмийн даатгалын сангаас хэдэн хувиар хөнгөлөлт эдлэх зэрэг нь тодорхойгүй байдлаас шалтгаалан ор хоногийн мөнгийг урьдчилан гаргуулах боломжгүй байна. Харин хагалгааны төлбөр 580,000 төгрөг, оношлогооны 20,000 төгрөг зэргийг гаргуулах үндэслэлтэй тул шүүгдэгчээс төлсөн 50,000 төгрөгийг /баримт хэрэгт/ хасаж 550,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч З овогт Ц.Хийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ц.Хд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Хээс 550,000 төгрөг гаргуулан Н.Наранхүүд/ Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 31-41 тоот/ олгуулж,нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж,иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ренгтен зургийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ