| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0068/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/75 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2025000470077 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Б-г 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-10 дугаар байр, Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт иргэн Н.Бямбацогтыг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн мэдүүлсэн “ Гэм буруугаа хүлээж байна. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг,
-Хохирогч Н.Бямбацогтын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...” 2020 оны 01 дүгээр сарын 04-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-10 дугаар байрнаас хадам аав Эрдэнэчулуун, ээж Нэргүй нарыг аваад машиндаа суулгаад хөдлөх гэхэд урдаас 20-84 орх улсын дугаартай тээврийн хэрэгсэл тулаад зогссон. Би машинаас буугаад 20-84 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод хажуугаар зөрөх зай байхад яагаад урдаас тулаад зогсоод байгаа юм бэ гэж хэлэхэд тэр машины ар талаас улаан өнгийн куртиктэй архи уучихсан эрэгтэй гарч ирээд надтай маргалдсан, миний машинаас хадам аав Эрдэнчулуун гарч ирээд залуучууд яагаад байна гэхэд улаан куртиктэй залуу хадам аавтай маргалдаж зууралдахаар нь би салгахад улаан куртиктэй залуу миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Би улаан куртиктэй залуутай зууралдаж байхад 20-84 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч машиндаа суугаад 7 дугаар хорооллын зүүн талын байр руу явчихсан. Би араас нь очоод та нар яаж байгаа юм бэ гэхэд нөгөө улаан куртиктэй залуу дахиад миний толгой руу цохиж газар унагаасан. Мөн цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэр хоёр залуу зугтаагаад явсаны дараа цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6 дугаар хуудас/
-гэрч А.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтад өгсөн: ...” Бямбацогт 6-10 дугаар байрны гадаа 22 цаг өнгөрч байхад ирээд эхнэр бид хоёр Төмөрбаатарын гэрээс гарч Бямбацогтын машинд суугаад хөдлөх гэхэд урдаас нэг машин ирээд тулчихсан. Уул нь тэр машин хажуугаар зөрөөд гарах боломжтой байсан. Бямбацогт машинаас буугаад нөгөө машины жолоочтой маргалдсан. Би араас нь гараад залуучууд яагаад байна аа гэж хэлэхэд улаан куртиктэй, том биетэй залуу миний хувцаснаас зуурч надтай маргалдсан, тэр үед Бямбацогт ирээд салгахад улаан куртиктэй залуу Бямбацогтын нүүрэн тус газарт нь олон удаа цохиж зодсон, мөн газар унагаасан. Нөгөө машины жолооч залуу маргалдаж байгаад машинаа асаагаад 7 дугаар хорооллын чиглэлтэй явчихсан. Улаан куртиктэй байсан залуу Бямбацогтыг зодчихоод 7 дугаар хорооллын зүг алхаад явчихсан. Тэр залуугийн араас Бямбацогт, манай эхнэр хоёр алхаад явсан. Би цагдаад дуудлага өгчихөөд хүлээд зогсож байхад Бямбацогт, манай эхнэр хоёр ирээд Бямбацогтыг дахиад зодчихлоо, машинаа үлдээгээд зугтаачихсан, цагдаа нар хайж байгаа гэж хэлсэн. Эхнэр Бямбацогтыг эмнэлэг рүү авч явсан... ’’ гэсэн мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/
-гэрч Ж.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...” Бямбацогт машинаас буугаад нөгөө машины жолоочтой маргалдсан. Эрдэнэчулуун араас нь гараад залуучууд яагаад байна аа гэж хэлэхэд улаан куртиктэй, том биетэй залуу Эрдэнэчулууны хувцаснаас зуурч хэрэлдээд байсан. Тэр үед Бямбацогт салгахад улаан куртиктэй залуу Бямбацогтын нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохиж зодсон, мөн газар унагаасан. Би машинаас буугаад улаан куртиктэй залууг Бямбацогтоос салгах гээд зууралдаж байхад нөгөө машины жолооч залуу машинаа асаагаад 7 дугаар хорооллын чиглэлтэй явчихсан. Улаан куртиктэй байсан залуу Бямбацогтыг зодчихоод 7 дугаар хорооллын алхаад явчихсан. Тэр залуугийн араас Бямбацогт бид хоёр очоод машины дугаарыг нь харчихаад та нар яаж байгаа юм бэ гэж хэлэхэд улаан куртиктэй нөгөө залуу ирээд Бямбацогтын толгойн тус газарт цохиж газар унагаасан, мөн цээж хэсэг рүү нь цохисон. Би салгах гээд дийлэхгүй байсан. Тэр залуу Бямбацогтыг зодчихоод зугтаачихсан... ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12 дугаар хуудас/
-гэрч Б.Даваадорж мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 1 сарын 4-ний орой миний төрсөн дүү Нямгэрэлийн нөхөр Бат-Эрдэний хамт өөрийнхөө машинд хүний нэг ширхэг лаазтай пиво уусан. Би машинаас зүс таних Цэнд-Аюуш гэдэг нэртэй дүүгээр бариулчихсан байсан. 6-10 дугаар байрны урд талын машины зогсоол дээр машинаа тавих гээд явж байхад урд талаас приус 20 маркийн тээврийн хэрэгсэл тулаад зогссон. Тээврийн хэрэгслийн жолооч болон арын суудалд сууж байсан эрэгтэй ах нар гарч ирээд маргалдсан. Жолооч залуутай Б маргалдаж зодолдсон...Бат- Эрдэний араас нөгөө машины жолооч залуу нэг эмэгтэй хүний хамт ирээд дахиад маргалдсан. Б тэр залуугийн толгойн тус газарт цохиод газар унагаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 95 дугаартай ... Н.Бямбацогтын биед тархи доргилт, цээжний баруун талд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цээжний баруун талд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов.
2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-10 дугаар байрны гадна шүүгдэгч Г.Б согтуурсан үедээ үл таних Н.Бямбацогттой зүй бусаар харьцаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, мөн Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Н.Бямбацогтыг дахин зодож толгой руу нь цохиж газарт унагаж биед нь тархи доргилт, цээжний баруун талд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 95 дугаартай дүгнэлтээр Н.Бямбацогтын биед учирсан тархи доргилт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-10 дугаар байр, Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт тус тус иргэн Н.Бямбацогтыг зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: шүүгдэгч Г.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд 400,000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Н.Бямбацогт цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохиролын хэр хэмжээ,гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч А овгийн Г.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ