Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01232

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00343 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 723 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “А” ХХК

         Хариуцагч: Х.Од холбогдох

         Зээлийн гэрээний үүрэгт 59.773.960,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

        Хариуцагчийн төлөөлөгч Н.Г хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

        Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О 2014-11-12-ны өдөр 2105004996 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай нэг жилийн 42 хувийн хүүтэй авсан. Зээлийн үүрэгт үндсэн зээл 29 964 539.18 төгрөг, зээлийн хүүд 27 273 476.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 535 944.37 төгрөг, нийт 59 773 960.18 төгрөг нэхэмжилж байна.  Зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20%-с хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсч байгаа тул нэхэмжлэлийг хангаж, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 2017-12-25-ны өдөр шаардлагаа 10 667 769.50 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 59 773 960.18 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 10 667 769.50 төгрөг нь хэдий үеийг хамарсан, ямар хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нь тодорхойгүй, ямар үндэслэлээр нэмэгдүүлж байгаагаа нотлоогүй байна. Мөн Аны талаас нэхэмжлэл гаргахдаа төлбөр, тооцооныхоо үндэслэл, нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс хариуцагч тал үндэслэл бүхий тоог тогтоолгохын тулд шат шатны шүүхэд хандаж байсан. Гэтэл хэрэг маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байхад Аны мөнгөний хэмжээ өсч байна. Зээлийн  30сая төгрөгийг 100% өсгөж, 60сая төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус юм.  Дээд шүүхийн 2008 оны  53 дугаар тогтоолоор батлагдсан тайлбарын 2.2-т зааснаар зээлийг ашиглавал зохих хугацаагаар гэрээнд заасан хэмжээгээр төлөх үнийг үндсэн хүү гэж тодорхойлсон. Гэтэл банк гэрээнд заасан хугацаа, хэмжээнээс илүү их мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00343 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан  Х.Оээс 47,242,114 төгрөгийн гаргуулан А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,531,846 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГазрын 24А байр, 10 тоот 48,6 м.кв талбайтай хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589 116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Оээс 394 160 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 723 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 29.964.539,18 төгрөг, зээлийн хүүнд 27.373.476,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.535.944,37 төгрөгөөр тодорхойлсон нь тооцооллын хувьд алдаатай тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн зээл 29.964.539,18 төгрөг, зээлийн хүүд 14.741.631 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.535.944,57 төгрөг, нийт 47.242.114 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах боломжгүй” гэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн хүү тооцоолсон тооцоолол нь зөвхөн 2 жилийн хүүг механикаар тооцсон байдаг. Талууд  2014-11-14-ний өдрийн 2105004996 тоот зээлийн гэрээнд сар бүр хуваарилж зааснаар /зээл, зээлийн хүүг төлөх хуваарь хавсралт №01/ үндсэн хүүнд 17.264.805 төгрөг төлөхөөр зээлдэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Үүнээс зээлдэгч 9.379.823 төгрөг төлсөн байгаа тул үндсэн хүүгийн үлдэгдэл 7.884.982 төгрөг төлөхөөр байна. Энэ байдлаар Х.О нь зээлийн үндсэн төлбөрт 29.964.539,18 төгрөг, үндсэн хүүнд 7.884.982 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.576.996 төгрөг нийт 39.426.517,59 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Х.Оээс 47.242.114 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бидний тооцоогоор 39.426.517,59 төгрөг төлөхөөр байгаа тул эдгээрийн зөрүү 7.815.597 төгрөгийг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2017-05-26-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэгч шүүгчээр Д.Дэлгэрцэцэг оролцсон атлаа хэргийг дахин хянан хэлэлцсэн ...шүүх хуралдаанд мөн илтгэгч шүүгчээр Д.Дэлгэрцэцэг оролцсон нь ИХШХШТХуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          А ХХК 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Х.Оээс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29,964,539.18 төгрөг, хүү 27,273,476.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,535,944.37 төгрөг нийт 59,773,960.18 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн байна.  /хх 1, 12, 112, 145/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...тооцоо хийхэд хүү 12,796,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867,387 болж байна ...” гэжээ /хх 45, 150/

        Анхан шатны шүүх “... үндсэн зээлийн үлдэгдэлд 29,964,539 төгрөг байна... 2014-12-12-ны өдрөөс 2016-11-12-ныг хүртэл 29,964,539,18 төгрөгийн хүү нь 24,121,454 төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 9,379,823 төгрөгийг хасч хүүгийн төлбөрт  14,741,631 төгрөг гаргуулна...нэмэгдүүлсэн хүүд 2,535,944 төгрөг төлөх үүрэгтэй тул нийт 47,242,114 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд давж  заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хариуцагч хяналтын гомдолдоо “...хариуцагч хүүд 7.884.982 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.576.996 төгрөг төлөх үндэслэлтэй байхад шүүх тооцоог буруу хийсэн мөн шүүх  ИХШХШТХ-ийн 84.1-г зөрчсөн...” гэжээ. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Зохигч талууд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг нэг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай  олгох үүрэг хүлээж, мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдожээ.

         Зээлийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд олгосон байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд заасан гэрээ хүчин төгөлдөр байна.    

        Зээлийн гэрээний хугацаанд Х.О үүргээ биелүүлээгүй тул А ХХК гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй  юм.      

        Үндсэн зээлийн үлдэгдэлд А ХХК 29,964,539.18 төгрөг шаардсаныг  хариуцагч зөвшөөрч, талууд маргаагүй тул энэ үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т нийцжээ.

         Зээлийн гэрээнд зааснаар хүүг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс  2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тооцоход 24,121,454 төгрөг байх бөгөөд уг үнийн дүнгээс шүүх хариуцагчийн төлсөн 9,379,823 төгрөгийг  хасаж, үлдэх мөнгийг төлбөл зохих хүү гэж үзсэн нь зөв тул “..хариуцагч хүүд 7.884.982 төгрөг төлөхөөр байна...” гэсэн гомдол үндэслэлгүй юм.

        Гэрээнд заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч хүлээх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 29,964,539,18 төгрөг, зээлийн хүү 14,741,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,535,944.57 төгрөг нийт 47,242,114 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцжээ.  

          2. “...Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй...” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан байна.

         Давж заалдах журмаар хэрэг хянан хянан шийдвэрлэсэн шүүгч уг хэрэг маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцоогүй байх тул “.. давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэгч шүүгчээр оролцсон шүүгч хэргийг дахин давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэж оролцсон...” гэсэн гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй юм.  

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00343 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 723 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Ганхуягийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 140.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ