Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01279

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/00283 дугаар шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 842 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Э” ХХК

         Хариуцагч: Б.Тт холбогдох

         Зээлийн гэрээний үүрэгт 335.170.212 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа:  Б.Т, Ө.Энхзул нар 2017-03- 09-ний өдөр “Э” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 264 сая төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний  үүргийг хангах баталгаа болгон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б байр, 75 тоот, Б.Тийн өмчлөлийн 1 өрөө орон сууц мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Эрдэнийн төгөл хотхон, Б.Т, Ө.Энхзул, Т.Аминжин нарын өмчлөлийн ХД-24 тоот  амины орон сууц, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байр,  Ө.Энхзул, Б.Өлзийбаатар нарын өмчлөлийн 59 тоот  орон сууц,  Баянзүрх 11 дүгээр хороо, “Грейтпарагон групп” ХХК-ийн аж ахуйн хашаанд байрлах, Sangmu super 13MWC 2011-07-SM-DE12T0010 загварын 16,5 тн өөрийн жинтэй, Daewoo12T 280 НP хөдөлгүүртэй, 600, 1000 метр өрөмдөх хүчин чадалтай “Грэйтпарагон групп” ХХК-ийн өмчлөлийн хайгуулын өрмийн машин, трэйлерийн хамт барьцаалан  барьцааны гэрээ   байгуулж, нотариатаар гэрчлүүлэн  Улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбар үйлдсэн. Зээлийг дансаар хүлээн авсан.  Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл  263,900,000 төгрөг, хүү 60,977,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,260,432 төгрөг, нотариатын төлбөр 32,500 төгрөг, нийт 335,170,212 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Б.Т энэ зээлийг авахаас өмнө тухайн ББСБ-аас 2 удаагийн зээл аваад төлж байсан. 2015-04- 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 200 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй авч гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 200 сая төгрөг, хүү 113,688,565 төгрөг нийт 313,688,565 төгрөгийг буцааж төлөхөөр  тохиролцсоноос 316,683,897 төгрөг буюу  хүүд 2,995,332 төгрөг илүү төлсөн. 2016-06- 30-ны өдрийн гэрээгээр 35 сая  төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 3,6 сарын хүүтэй авч, хугацаанаас нь өмнө буюу 2016-11- 09-нд үндсэн зээл 35 сая төгрөг, хүү 5,544,000 төгрөг, нийт 40,544,000 төгрөг төлсөн. 2017-03- 09-ний өдөр  264 сая  төгрөгийг, сарын 3,6 хувийн хүүтэй аваад 100,000 төгрөгийн зээл, 9,900,000 төгрөгийн хүү төлөөд байна. Зээл төлөх явцад зээлийн хүү бодох аргачлал нь эргэлзээ төрүүлсэн тул шалгаж үзэхэд зөрчил илэрсэн. Зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг жилийн 43,2 хувиар тохиролцсон мөртлөө “Э” ХХК эргэн төлөлтийн хуваарьт оруулахдаа жилийн хүү бодох хоногийг 360 хоногоор тооцсон нь 1 өдөрт ногдох хүүгийн хэмжээг бодит байдлаас илүү бодсон байна. Нэхэмжлэгч  зээл олгох үйл ажиллагаандаа Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 648 тоот тушаалын ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн журамын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.8-д заасныг удирдлага болгох ёстой бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.4 дэх хэсэгт зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж заажээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2013-12- 13-ны өдрийн А-236 тушаалын хавсралтаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2.2-т хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүү 4-т сараар бол жилийн хүүг 12-т өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно гэж заасан. 2015-04-20-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээлийн хүүг хоногоор тооцож оруулсан байна. Мөн журмын 1 дүгээр хавсралтын мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал бүлгийн 4 дүгээр хэсэгт нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг журамласан байна. Монголбанкнаас гаргасан журмын дагуу нэмэгдүүлсэн хүүг бодоход төлөгдөөгүй зээл 264сая төгрөг, зарласан хүүгийн хэмжээ жилээр 43,2 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувь, хугацаа хэтэрсэн хоног 43 хоног /2017-09- 09-ний өдрөөс 2017-10- 20-ны өдөр хүртэл/, нэмэгдүүлсэн хүү = 264 000 000*43,2%*20%*/43 хоног/365/= 2 687 158 төгрөг болно. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүүний 20 хувиар тооцож 10,260,432 төгрөг нэхэмжилсэн нь журмыг зөрчсөн хууль бус үйлдэл байна. Нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх зээлэнд илүү төлсөн 2,995,332 төгрөгийг хасуулах, нэмэгдүүлсэн хүүгээс 7,573,274 төгрөгийг зөвшөөрөхгүй. Зээлдэгч тус байгууллагаас удаа дараа их хэмжээний зээл авч хугацаандаа төлж байсан ч хүүгийн хэмжээ буураагүй, харин нэмж байсан нь зээлийн гэрээнүүдээр нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж буй хүүг 50 хувийг хөнгөлж  өгнө үү гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/00283 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар  Б.Төөс  311,964,604 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 23,205,608 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг баримтлан  Б.Т шийдвэрийг эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,833,805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,717,773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 842 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/00283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “311,964,604” гэснийг “325,922,828” гэж, “23,205,608” гэснийг “9,247,384” гэж, 3 дахь заалтад “1,717,773” гэснийг “1,787,564” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулснаа тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг хянаж зөвхөн тооцооллыг засварласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Э” ХХК 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандаж, Б.Төөс үндсэн зээлийн үлдэгдэлд 263,900,000 төгрөг, хүү 60,977,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,260,432 төгрөгийг нотариатын зардал 32,500 төгрөгийн хамт  шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн /хх 1-2/ байна.

        Хариуцагч эс зөвшөөрч маргахдаа үндсэн зээлд 263,900,000 төгрөг, хүүд 30,009,357 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,620,454 төгрөг нийт 300,529,811 төгрөг төлнө гэжээ. /хх 40-41, 142, 157-158/

        Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлд 262,162,388 төгрөг, хүүд 47,163,320 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,606,394 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөгийн хамт нийт 311,964,604 гаргуулахаар шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нь үндсэн зээлд 263,900,000 төгрөг, зээлийн хүү  60,977,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,260,432 төгрөг, нотариатын төлбөр 32,500 төгрөгийн хамт бүгд 335,170,212 төгрөг нэхэмжлэхдээ  4,607,901 төгрөг илүү шаардсан байна... 264,000,000 төгрөг зээлүүлэхээс 262,680,000 төгрөг өгсөн байх тул уг мөнгөнөөс 517,612 төгрөгийг хасаж, үлдэх 262,162,388 төгрөгийг хариуцагч үндсэн зээлд төлөх үүрэгтэй гэж үзлээ... 262,680,000 төгрөгийн нэг өдрийн хүү нь 310,285 төгрөг тул 152 хоногийн зээлийн үндсэн хүүд хариуцагчаас 47,163,320 төгрөг гаргуулна... 262,162,388 төгрөгийн нэг өдрийн нэмэгдүүлсэн хүү нь 62,057 төгрөг байх бөгөөд хариуцагч 42 хоногийн нэмэгдүүлсэн хүү 2 606 394 төгрөг төлөх үүрэгтэй ...нотариатын зардалд 32,500 төгрөг гаргуулна...” гэсэн дүгнэлт хийжээ.

      Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...нэхэмжлэгч 264,000,000 төгрөгийн зээлд 0,5 хувийн шимтгэлийг суутган үлдэх 262,680,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд зээлдэгч үндсэн зээлд 100,000 төгрөг, зээлийн хүүд 9,900,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг төлсөн талаар маргаангүй байна…анхан шатны шүүх хүү тооцох хоногийг бодохдоо гэрээ дууссан өдрөөр хязгаарласанаас гадна нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийг төлөх хуваарь зөрчигдсөн үеэс бодох ёстой байхад буруу тооцож алдаа гаргасныг залруулах шаардлагатай байна...иймд хариуцагч үндсэн зээлд 262,162,388 төгрөг төлөх үүрэгтэй... 2017-04-09-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017-10-20-ны өдөр хүртэл 191 хоног байх бөгөөд нэг өдрийн хүү 310,285 төгрөгийг тооцвол хүүд 59,264,448 төгрөг төлөх үүрэгтэй байна. ...нэмэгдүүлсэн хүүнд 2017-07-10-ны өдрөөс 2017-10-20-ны өдөр хүртэл 72 хоног байх бөгөөд 62,057 төгрөгөөр тооцвол нэмэгдүүлсэн хүүд 4,495,992 төгрөг нийт  325,922,828 төгрөг төлөх үүрэг хүлээнэ...нотариатын зардал 32,500 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 227.3-т хамаарахгүй тул уг мөнгийг гаргуулах боломжгүй ...” гэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Хариуцагч нь 2017-03-09-ний өдрийн гэрээгээр 264,000,000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх гэрээ байгуулж /хх 6-9/, 262,800,000 төгрөг хүлээн аван, зээлийн төлбөрт нийт 10,000,000 төгрөг төлсөн нь тогтоогджээ.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. 

       Хариуцагч 2017-03-09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 262,680,000 төгрөг хүлээн авсан талаар зохигч маргаагүй бөгөөд зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.         

      Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул Б.Т зээлийн гэрээний дагуу төлөөгүй үлдсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.  

      Давж заалдах шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

       Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангасан нь зөв байна. 

       Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 842 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 227.904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ