Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0106

 

“Н ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч “Н ш” ХХК-ийн төлөөлөгч Ц.Билгүүн,

Нэхэмжлэгч: “Н ш” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Н ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 772 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Э.Ж нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0331/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н ш” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Н ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 772 дугаар шийдвэрээр: ”Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ш ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 тоот тушаалын Н ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хариуцагч бүхэлд нь нэг адил үндэслэл зааж шийдвэрээ гаргасан, гэрээнүүдэд Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, хууль зөрчиж албажуулаагүй байгаагаас шалтгаалж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн, дундын мэдээллийн санд дугаар оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэсэн хуулийн заалт хэрэгжих нөхцөл бүрдүүлээгүй байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

3.2. ... Сайд газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл үүсээгүй нөхцөл байдлыг харгалзан газар эзэмших эрхийг 2020 оны Б/519 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаагаар сунгасан байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.  

3.3. ... Гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлүүдийг Иргэний хуульд тодорхой заасан, нэг тал гарын үсэг зурж албажуулаагүй байхад гэрээг байгуулагдсан гэх хууль зүйн ойлголт огт байхгүй.

3.4. Захиргааны байгууллагуудын хоорондын буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ байгуулагдаагүйг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж тайлбарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан, захиргааны байгууллагын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж үзэхэд хүргэж байна.

3.5. ... Газар эзэмших зөвшөөрлийг анх авахдаа анхны төлбөр 30,0 сая төгрөг төлсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдаагүй байна.

3.6. ... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангалаа. Үүнд:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-222 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газар, Х-ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 6.0 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар “Н ш” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/65 дугаар эрхийн гэрчилгээ олгожээ.

2.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан.

2.3. Нэхэмжлэгч “Н ш” ХХК газар ашиглах тухай гэрээ байгуулах хүсэлтээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-11 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2017/059 дугаартай гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Баянзүрх дүүргийн Засаг дарга, үүний дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин хүргүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/149 дугаартай гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гарын үсэг зурсан боловч уг гэрээнд гэрээг байгуулах эрх бүхий этгээд болох Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй байна.

2.4. Нэхэмжлэгч 2017 онд газар ашиглах гэрээ байгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж байсан, тухайн гэрээг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга батламжлаагүй, үүнээс хойш Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан хандаж байгаагүй үйл баримт тогтоогджээ.

2.5. Гэвч газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрыг ашиглах үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамаарч хариуцагч албан тушаалтан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “”Н ш” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2015 оны 2015/65 дугаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг дэмжсэн” 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1528 дугаар санал”-ыг үндэслэн мөн өдрийн А/519 дүгээр тушаалаар “Н ш” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 5 жилээр сунгажээ.

2.6. Энэ тохиолдолд газар ашиглах эрхийг сунгаснаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад урд гаргасан шийдвэрээ үгүйсгэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ.

2.7. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар эзэмших гэрээнд тусгахаар заасан, нэхэмжлэгчийн удаа дараа хүргүүлсэн гэрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, гэрээг байгуулаагүйгээс газрын төлбөр төлөх нөхцөл боломжгүй байсан нэхэмжлэгчийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж буруутгах үндэслэлгүй.

2.8. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч  “Н ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын Н ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР