| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0485/Э |
| Дугаар | 592 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
шүүгдэгч: Н.Э, түүний өмгөөлөгч А.Ганзориг;
хохирогч: Ц.Сувд-Эрдэнэ;
хохирогч: П.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт, урьд
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 586 дугаартай магадлалаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Н.Э.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Н.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар цэцэрлэгийн гадна хохирогч П.Ариунаад “гаалийн бичигтэй орж ирсэн автомашин авч өгнө, гааль руу явж байна” хэмээн бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан автомашины урьдчилгаа мөнгө хэмээн 5.200.000 төгрөгийг авсан,
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...Анхнаасаа хүн залилах санаа зорилго байгаагүй. Дэлгүүрт ажиллаж байхдаа өрөнд орчихсон байсан. Нэг хүнтэй танилцаад тэр хүнээсээ машин авч зараад нэг машинаас 200.000-300.0000 төгрөгийн ашиг аваад дэлгүүрийн өрийг төлөх бодолтой байсан. Эхний 1-2 машин зарагдсан. Тэгтэл дэлгүүрийн өр нэхэгдээд байхаар нь машин руу өгөх мөнгөө дэлгүүрт өгсөн. Сүүлдээ машинуудаа хямдхан зараад эхний хүнийхээ өрөнд өгсөөр байгаад ийм зүйлд хүрсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сувд-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би анх Цэцэгжаргал гэх найзтайгаа уулзахад “Н.Э гэх хүнтэй холбогдоод үзээрэй, найдвартай хүн байдаг, би машин авсан” гэж хэлсэн. Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энэ хүнтэй холбогдоход “эгч нь автомашины зах дээр машин зарж байна, эгчийн дүү ирээд үзээд ав” гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн 12.000.000 төгрөг байсан. Очсон чинь хэсэг зогсоол зааж өгөөд хямдхан зарж байгаа болохоор хүн авчихлаа гэсэн. Надад утсан дээрээсээ 2010 оны “Приус 30” маркийн машины зураг үзүүлсэн. Уг машиныг нь 14.500.000 төгрөгөөр авахаар тохирсон. Тэгээд “маргааш өглөө 09:00 цагаас гааль дээр хамт очоод бичиг баримтаа бүрдүүлээд авчихъя, өнөөдөр мөнгөө шилжүүлчихвэл гаалиас чөлөөлөөд авчихъя” гэж надтай тохирсон боловч худлаа ярьсаар байгаад хойшлогдсон. Мөнгөө буцааж авъя гэхэд “эгч нь хүүтэй нь буцааж өгнө, хүнээс мөнгө орж ирэхгүй байна” гээд нилээн хэд хоног хойшлуулсан. Сансарт байрлах ломбарданд өөрийнх нь спорт загварын машин байгаа гээд “тэр машиныг чөлөөлөөд өгье, өөрийн чинь машин иртэл түр унаж бай” гэж хэлэхээр нь хамт тухайн ломбарданд очтол хаалттай байсан. Тэр машиныг нь ч авч чадаагүй. Удахгүй машин орж ирнэ гэхээр 11.400.000 төгрөг өгсөн. Үүнээс 200.000 төгрөгийг буцааж авсан. Одоо 11.200.000 төгрөгөө гаргуулж авах саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ариунаа мэдүүлэхдээ: “...Би 36 дугаар цэцэрлэгт няравын ажил хийж байхдаа машинаа солих гээд цалингийн зээл авсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.Эт 5.200.000 төгрөгийг орж ирсэн “Приус 30” маркийн машин авах зорилгоор өгөөд машинаа авч чадаагүй. Надад 1.000.000 төгрөгөөр хямд өгье гэж хэлж байсан. 13.000.000 төгрөгөөр зарна гэж байгаад надад 12.000.000 төгрөгөөр өгөхөөр болсон. Гэтэл номертой “Приус-30” машин авчирч өгсөн. Би “гаалийн бичигтэй машин яасан бэ” гэхэд “та хүлээж байгаарай, 2-3 хоногоос “Приус-30” орж ирнэ, тэгэхээр нь та аваарай” гэж хэлсэн. Миний бие өвдөөд эмнэлэгт хэвтээд ажлаасаа гарсан. Одоог хүртэл цалингийн зээлээ өөрөө төлж байгаа. Надад 1.600.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг хүүнд тооцоорой гэж хэлж байсан. Үлдэгдэл 5.200.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Ариунаа /1хх-ийн 16-18, 19-20/, гэрч Х.Чинбат /1хх-ийн 27-29/, гэрч Э.Энхтамир /1хх-ийн 30-32/, хохирогч Ц.Сувд-Эрдэнэ /1хх-ийн 173-174, 175/, гэрч Б.Уянгабадрал /1хх-ийн 176/, гэрч Б.Цэцэгжаргал /1хх-ийн 177/, хохирогч Б.Бямбасүрэн /2хх-ийн 12, 29-30, 31-32/ нарын мэдүүлэг, Н.Эийн “ХААН” банк, Төрийн банкны депозит дансны хуулга /1хх-ийн 43-45, 2хх-ийн 55-69, 85-88/, Б.Бямбасүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 243-246, 16-17/, Б.Уянгабадралын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 161-164/, Б.Уянгабадралаас Ц.Сувд-Эрдэнэд олгосон итгэмжлэл /1хх-ийн 165/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 231, 2хх-ийн 101/, Б.Бямбасүрэн, Н.Э нарын байгуулсан зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 39/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /2хх-ийн 102-103/, Н.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 33, 35, 41, 46-47, 51-56, 61-66, 92-95, 96-101, 2хх-ийн 21, 100/, Н.Эийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 5-7, 180-181, 232-234, 2хх-ийн 76-78, 81-82, 92-94, 104-106/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Э нь ямар нэгэн баталгаагүй амлалт өгч, итгүүлэн үнэмшүүлж, хуурч мэхлэн “гаалийн бичигтэй орж ирсэн автомашин авч өгнө, гааль руу явж байна” хэмээн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар цэцэрлэгийн гадна иргэн П.Ариунаагаас автомашины урьдчилгаа мөнгө хэмээн 5.200.000 төгрөгийг,
-дээрх байдлаар ““Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл зарна” хэмээн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт иргэн Ц.Сувд-Эрдэнээс 11.400.000 төгрөгийг,
-мөн “шинэ машинаа зараад мөнгө өгье, ...мөнгөө зээл бүтэхээр эргэн төлье, зээл авахын тулд яаралтай мөнгө хэрэгтэй байна” хэмээн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний хооронд иргэн Б.Бямбасүрэнгээс 17.500.360 төгрөгийг буюу бусдаас нийт 34.100.960 төгрөгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч П.Ариунаагийн /1хх-ийн 16-18, 19-20/: “...манай манаач залуу “орж ирсэн “Приус 30” 14.000.000 төгрөгөөр зарна” гэж байна гэж хэлсэн. Би уулзъя гээд манаач залуугийн машин дотор уулзахад Н.Э “одоо би гааль руу явах гэж байна, танд хэдэн төгрөг байна, байгаа мөнгөө өгчих” гэж хэлсэн. ...Би 5.200.000 төгрөг өгсөн. Хоёр хоногийн дараа “та машинаа ирээд авчих” гэж хэлсэн. Би хүүхдээ
явуулсан. Нэг цагаан өнгийн “Приус 30” авч ирсэн. Тэр машиныг нь үзсэн
чинь номертой машин байхаар нь “номертой юм байна, гаалийн бичиг нь хаана байгаа юм бэ” гэхэд “номер авахаар гаалийн бичгийг нь хураагаад авдаг юм” гэж хэлсэн. Би “номертой машин авахгүй, гаалийн бичигтэй машин авна” гэхэд “хагас, бүтэн сайн өдрөөс гааль дээр гурван машин бууна, тэр гурваас үзэж байгаад аваарай” гэж хэлсэн. ...ажил дээр ирж уулзаад “та санаа зоволтгүй, таны машиныг авч өгнө” гээд яваад өгсөн. Тэрнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр утасдаад “чи яачихав, худлаа яриад байх юм, би мөнгөө авъя” гэхэд “хоёулаа нотариатаар оръё” гээд нотариатаар ороод “маргааш таны мөнгийг хүүтэй нь өгнө” гээд явсан. ...2018 оны 12 дугаар зарын 15-ны өдөр “та зах дээр хүрээд ир” гэхээр нь очиход нэг машин үзүүлсэн. Намайг “та одоо 2.000.000 төгрөгөө өгчих” гэхээр нь “машинаа авч байж мөнгөө өгнө, машиныхаа гаалийн бичгийг аваад ир” гэж хэлэхэд шал өөр юм авч ирээд “гаалийн бичиг нь хэд хоногоос ирнэ” гэж хэлэхээр нь “за тэгвэл энэ машиныг чинь аваад гаръя” гэж хэлсэн. Тэгтэгл “гаалийн бичиггүй машиныг энэ хашаанаас гаргадаггүй” юм гээд байсан. Би Н.Эээс 1.600.000 төгрөг авсан, харин 500.000 төгрөг аваагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Чинбатын /1хх-ийн 27-29/: “...Н.Э гэх хүн “машин авч зарж байя” гэж бид хоёрт ярилцаж тохиролцсон гэрээ хийсэн юм байхгүй. Анх надаас “Мазда” гэдэг машинаа аваад долоо хоногийн дараа “эгч нь нөгөө машинаа хамаатныхаа хүнд зарчихлаа, дахиад чамд хямдхан машин байна уу” гээд ирсэн. ...Надаас “Хонда пит” гэдэг машин 10.200.000 төгрөг шууд бэлэн өгөөд аваад явсан. ...хэд хоногийн дараа дахиад ирээд “цагаан Приус 30 машин 14.500.000 төгрөгөөр бодоод мөнгөө бэлэн өгсөн. Тэгэхдээ нэг залуугийн хамт ирсэн. Над руу утсаар яриад “би цэцэрлэгийн эрхлэгчийн хүүхдийг дагуулж очно, чи гурав, дөрвөн зуун мянган төгрөг нэмж хэлээрээ” гэж хэлсэн. Би тэр хоёрыг ирэхээр нь үнээ нэмж хэлээд Н.Эт гурван зуун мянган төгрөг буцааж өгөөд тэр хоёр машинаа аваад явсан. ...Би дандаа номероо аваагүй машин зардаг. Надаас авсан машинуудаа Н.Э өөрийнхөө нэр дээр надтай гэрээ хийж авдаг. Тэгээд цаашаагаа ямар хүнд хэдэн төгрөгөөр зарж байгааг мэдэхгүй. Надаас “Приус-30” машин авахаас өмнө “Хонда” машин авахдаа цэцэрлэгийн багшид зарсан. ...Над руу яриад “хүн машин авъя гээд байна, Приус-30 машин байна уу, байвал энэ хаяг руу зураг явуулчих” гэж хэлсэн. Би Ариунаа Пүрэвээ гэсэн фейсбүүк хаяг руу нэг ширхэг цагаан өнгийн Приус-30 машины зураг явуулсан. Мөн Ээгий Энхцэцэг гэсэн хаяг руу бас хэдэн машины зураг явуулсан. ...Н.Э гэдэг хүн залилан хийгээд байгааг нь сүүлд мэдсэн. ...хоногийн дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс “таны данс руу 11.000.000 төгрөг орсон, энэ талаар ирж уулз” гэж хэлсэн. Би Н.Э гэх хүнийг залилан хийгээд яваад байгааг нь мэдсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Энхтамирын /1хх-ийн 30-32/: “...П.Ариунаа эгч бид хоёр цуг явж байгаад Н.Эийн ажилладаг дэлгүүрт ороод юм авах хооронд Н.Э дүүтэйгээ “хамт машин зарах гэж байгаа, гааль дээр хоёр гурван “Приус 30” маркийн машин бууж байгаа, ...урьдчилгаа өгөөд авах хүн байна уу” гэж асууж байсан. П.Ариунаа эгч намайг дуудаад “нөгөө хүний чинь машин тэрэг нь байгаа юу” гээд надаас асуусан. ...П.Ариунаа эгчид хэлсэн. Маргааш нь П.Ариунаа эгчийн машин дотор ярилцаж байгаад мөнгөө өгч авалцсан...” гэх мэдүүлгээр,
Н.Эийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 5-7/: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр П.Ариунаа гэх эмэгтэйд “машин авч өгнө, би машин зарна” гэж хэлээд 5.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны тэнд байрлах П.Ариунаагийн ажилладаг цэцэрлэгийн гадаа машин дотор авсан. Би П.Ариунаагаас авсан мөнгөө өөрийн ажилладаг байсан хүнсний дэлгүүрийн өрөндөө өгсөн. ...Би П.Ариунаа эгчид 1.600.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг өгсөн. Одоо би П.Ариунаа эгчид 3.100.000 төгрөгийн өр байгаа. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ц.Сувд-Эрдэнийн /1хх-ийн 173-174, 175/: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний найз Х.Цэцэгжаргал Н.Э гэх хүнээс “Тоёота фит” маркийн автомашин худалдаж авсан байсан. ...Н.Э Х.Цэцэгжаргалд “гааль дээр татвараа төлж чадахгүй 3 контейнер “Тоёота приус 30” маркийн автомашин хураалгасан байгаа, хямд гаргана шүү, машин сонирхож байгаа хүн байвал хэлээрэй” гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н.Э гэх хүнтэй утсаар холбогдоход “техникийн зах дээр байна, энд 3 ширхэг “Приус 30” байна, ирээд үз” гэж хэлсэн. Би очиход “машин зарагдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд маргааш гааль дээр буух машин гээд 2-3 машины зураг үзүүлээд сонгуулсан. “Мөнгөө шилжүүлчих ...” гэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрөөд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС-ийн түргэн хоолны газрын хажууд байрлах “ХААН” банкны АТМ-аас дансаар Н.Эийн 5740213396 дугаарын данс руу 11.400.000 төгрөг шилжүүлсэн. Гомдолтой байна, мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Уянгабадралын /1хх-ийн 176/: “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эхнэрийн хамт “Да хүрээ” зах дээр очиж уулзахад Н.Э “одоо гааль дээр ирчихсэн бэлэн машинууд байна, татварыг нь төлөх шаардлагатай байна, маргааш машиныг чинь гаалиас аваад ирнэ” гэхээр нь түүнээс “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг хямдаар буюу 11.600.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд “мөнгө яаралтай өнөөдөр өгчих, одоо гааль руу явах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь ...итгээд тэр өдрөө өөрийн 5034424811 гэсэн данснаас түүний “ХААН” банкны данс руу 11.600.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Маргааш өдрөөс нь “гааль бүтсэнгүй, ажил явдалтай” гээд алга болсон. Мөнгө миний данснаас шилжүүлсэн боловч эхнэр Ц.Сувд-Эрдэнийн мөнгө байгаа юм...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Цэцэгжаргалын /1хх-ийн 177/: “...Н.Э бид хоёрыг наймаа хийж байх зуур “машин зарж байгаа залууг манай дүү байгаа юм, бид нар энд машин зардаг” гэж ярьж байсан. Н.Э “бүх төрлийн машин зардаг, Приус 20, 30, Харриер” маркийн машинууд байгаа, өөр машин авах хүн байвал холбогдоно” гэж дугаараа өгч байсан. ...тэгээд гэр рүүгээ явж байхад Н.Э араас байн байн утасдаад “мөнгө шилжүүлж байна уу, орой болохоос өмнө мөнгө шилжүүлчих” гээд яаруулаад байсан. ... Б.Уянгабадрал “өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлчихлээ” гэж байсан...” гэх мэдүүлгээр,
Н.Эийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 180-181/: “...Би Ц.Сувд-Эрдэнэ гэх хүнд “өөрт зарах машин байхгүй байхад Приус 30 маркийн машиныг зарна, гааль дээрээс маргааш, нөгөөдрөөс машинаа авна, ирээд авчих” гэж худлаа хэлээд өөрийн 5740213396 тоот дансаар 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Уг мөнгийг өртэй байсан хүндээ өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлгээр,
хохирогч Б.Бямбасүрэнгийн /2хх-ийн 12, 29-30, 31-32/: “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н.Э гэх хүнээс “Тоёота румио” маркийн машиныг 12.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...12 дугаар сарын эхээр ““Приус 20” маркийн машин хямдхан байна” гэхээр нь 12 дугаар сарын 13-ны өдөр тэр машиныг нь худалдаж авахаар болсон. Өмнө нь надаас авч явсан байсан машины зөрүү гэж 6.900.000 төгрөг дансаар шилжүүлж байсан. Тэр хүн машин ч өгөхгүй, мөнгө ч өгөхгүй байж байгаад нэг өдөр “зээл хөөцөлдөж байгаа, бүтэхээр нь мөнгийг чинь өгөх болно” гээд мөнгө нэмж зээлэхээр болж 4.700.960 төгрөг зээлж авсан. Н.Э нь тээврийн хэрэгсэл худалдаж авсан гэх 5.900.000 төгрөг, мөнгө нэмж машин авах гэж шилжүүлсэн 6.900.000 төгрөг, зээл хөөцөлдөнө гэж авсан 4.700.000 төгрөг нийт 17.500.960 төгрөгийг авсан. Ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэл болон миний мөнгийг эргүүлж өгөөгүй, мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлгээр,
Н.Эийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 81-82, 104-106/: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хохирол төлбөрийг боломжоороо барагдуулах болно...” гэх мэдүүлэг болон Н.Эийн “ХААН” банк, Төрийн банкны депозит дансны хуулга /1хх-ийн 43-45, 2хх-ийн 55-69, 85-88/, Б.Бямбасүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 243-246, 16-17/, Б.Уянгабадралын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 161-164/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нар нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Н.Эийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүгдэгч Н.Э нь “гааль дээр татавараа төлж чадаагүй автомашинуудыг хямд зарна, автомашин худалдана” гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Эийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь үндэстэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 32.300.960 төгрөгийг гаргуулж үүнээс 3.200.000 төгрөгийг хохирогч П.Ариунаад, 11.200.000 төгрөгийг хохирогч Ц.Сувд-Эрдэнэд, 17.500.960 төгрөгийг хохирогч Б.Бямбасүрэнд тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Н.Э Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ДШМ/586 дугаартай магадлалаар дээрх хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Н.Э нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнөх нэг төрлийн нэгтгэн шалгагдаагүй гэмт хэрэгтээ ял шийтгүүлж буй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, мөн гурав хүртэлх насны хүүхэдтэй болох нь /1хх-ийн 193-197/ нотлогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулллагад үүрэг болгож шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Эт энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурдсугай.
7. Шүүгдэгч Н.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эээс нийт 32.300.960 төгрөгийг гаргуулж үүнээс 3.600.000 төгрөгийг хохирогч П.Ариунаад, 11.200.000 төгрөгийг хохирогч Ц.Сувд-Эрдэнэд, 17.500.960 төгрөгийг хохирогч Б.Бямбасүрэнд тус тус олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ