| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2021/0686/З |
| Дугаар | 221/МА2022/0184 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0184
“Х а с” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч “Х а с” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э,
Гомдол гаргагч: “Х а с” ХХК,
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар,
Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/259 дүгнэлтийн 2, 3, “Авто бензиний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/260 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтуудын өөрт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Л.А нар.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж.
Хэргийн индекс: 128/2021/0686/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Х а с” ХХК Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/259, “Авто бензиний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, бусад заалтын гомдол гаргагчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр: ”3өрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хэмжил зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан “Х а с” ХХК-ийн захирал Ч.Г-гаас гаргасан, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч З.Энхдэлгэрийн гаргасан, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б-ийн гаргасан “Авто бензиний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 болон “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтүүдийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, бусад заалтын гомдол гаргагчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Х а с” ХХК нь зөрчил үйлдсэнээ зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, эсхүл уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
3.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар шүүх дүгнэлт өгөөгүй.
3.3. Шүүх нэхэмжлэгчийн маргаж байгаа нотлох баримт, үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, нэхэмжпэгч болон хариуцагч талуудын хоорондын гаргасан тайлбар, нотлох баримт зөрүүтэй байхад зөвхөн хариуцагчийн гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзсэн нь илт үндэслэлгүй байна.
3.4. Анхан шатны шүүх хэрэг маргааныг нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хууль бус ажиллагаа болно.
3.5. Шүүх “өөрийн үзэмжээр сонгож авч дүгнэлт хийх” эрхийг хариуцагчид олгож байгаа ийнхүү дүгнэлт хийж, тэдгээрт хууль бус эрх олгож байгаа нь шүүхийн дураар авирлалт гэж үзэхээр байна.
3.6. Улсын байцаагч нь шалгалтыг явуулж тайлбар аваагүй, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуудаж очиход шийтгэлийн хуудсаа биччихсэн байсныгаа танилцуулж тайлбар авсан тул зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар гаргаж байсан.
3.7. Нэхэмжлэгчээс актаа гаргасны дараа танилцуулсан гэх тайлбар, хариуцагчийн “зөрчил шалгаж байгаа” гэх албан бичиг хоёр хоорондоо эрс зөрүүтэй тайлбар, нотолгоо байхад шүүх яагаад зөвхөн нэг талыг баримталж, зөрчил шалгаж байсан гэж үзсэн нь тодорхой биш байна.
3.8. Шийтгэлийн хуудсаа танилцуулж тайлбар авснаас өөрөөр зөрчил шийдвэрлэх ажиллагаанд зөрчлийг нотлох талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, холбогдогчийн хувьд эрхээ эдлэх боломжоор хангаагүй.
3.9. Шийтгэлийн хуудас нь ойлгомжгүй, үг үсэг нь уншигдахгүй, яг ямар зөрчилд шийтгэл оногдуулж байгаа үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй, ерөнхий, “Стандартын бус шатахуун худалдсан” гэж таамаглан уншигдахаар, мөн аль бүтээгдэхүүнийг стандарт бус гэж үзсэнийгээ тайлбарлаагүй ерөнхий бичсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй
3.10. Хэмжил зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 гэсэн заалт байхгүй, баримталсан 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.2 заалтууд нь маргаанд хамааралгүй, нэхэмжлэгчийн маргаагүй заалтыг баримталсан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.
3.11. Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нар гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Шүүх гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Гомдол гаргагч “Х а с” ХХК “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай“ гомдлын шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/259 дүгнэлтийн 2, 3, “Авто бензиний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/260 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай“ гэж нэмэгдүүлж, үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан буюу хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй“ гэж тодорхойлжээ.
2.1.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Дүгнэлт гаргуулах тухай” 01/1297 дугаар албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/259, “Авто бензиний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг үйлджээ.
2.1.2. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байх учиртай.
2.1.3. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэх”, 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
2.1.5. Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хүсэлтийг үндэслэн дүгнэлт үйлдэж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлжээ.
2.1.7. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн маргаан бүхий дүгнэлтүүдийн холбогдох заалтууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, хариуцагч албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж гаргасан буюу уг маргаан бүхий дүгнэлтүүдийн холбогдох заалтуудыг “гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.1.8. Гомдол гаргагч “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн маргаан бүхий дүгнэлтүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон энэ тохиолдолд гомдлын шаардлагыг хангах боломжгүй.
2.1.9. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй боловч энэ нь гомдлын шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
2.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн” үндэслэлээр 0003007 дугаар шийтгэлийн хуудсаар “Х а с” ХХК-д 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар авто бензиний 60, дизель түлшний 84 дээжүүдэд Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лобаратори, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжилт зүйн лобаратори тус тус шинжилгээ хийсэн.
2.2.2. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна”, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
2.2.3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/259 дүгнэлтийн 2 дахь заалтаар “ ... цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь Монгол Улсын “Дизелийн түлш-Евро, Техникийн шаардлага MNS 0216:2017”, “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020”, 3 дахь заалтаар “... 200 С дахь хувийн жин 736.30-829.4 кг/м3 буюу дунджаар 820.5 кг/м3 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартуудын шаардлагуудыг тус тус хангахгүй болохыг тогтоосонд “Х а с” ХХК-ийн Дизелийн түлшний СШ21/160, СШ21/164, СШ21/159, СШ21/163,
“Авто бензиний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/260 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтаар “ ... Авто бензиний октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартуудын шаардлагуудыг хангахгүй болохыг тогтоосонд “Х а с” ХХК-ийн Авто бензиний GT030 дугаар үр дүн буюу дээжүүд багтжээ.
2.2.4. Үүнээс үзвэл “Х а с” ХХК-ийн шатахуун түгээх станцуудаар борлуулж буй дизель түлшний цетаны тоо болон хувийн жин бага, агуулахын дизель түлшний цетаны тоо болон хувийн жин бага, АИ-92 авто бензиний октаны тоо бага тодорхойлогдсон нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй” нь тогтоогдсон байна.
2.2.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулах боломжтой.
2.2.6. Энэ тохиолдолд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч хялбаршуулсан журмаар “Х а с” ХХК-д шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д нийцжээ.
2.2.7. Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул энэ талаар гаргасан гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
3. Анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х а с” ХХК-ийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/259 дүгнэлтийн 2, 3, “Авто бензиний шинжилгээний дүнгийн тухай” 01-07-106/260 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтуудын өөрт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, гомдол гаргагч “Х а с” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР