Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0123

 

 

 

 

 

                     “Х.Х.Х” ХХК-ийн

                                 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.МөнхЖ,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч “Х.Х.Х” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “Х.Х.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 331 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2019/0279/З,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  “Х.Х.Х” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “Х.Х.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус  тус заасныг баримтлан “Х.Х.Х” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “Х.Х.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

                    2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шүүхийн шийдвэр гарцаагүй, үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байгаа тул энэхүү үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр телнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус зааснаар MV-*** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Х.Х.Х” ХХК жил бүр 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй байна. Ийнхүү хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ...” гэж зааснаар тухайн төлбөр төлөх хугацаанаас хойш 30 хүртэл хоногийн хугацаанд төлбөр болон төлбөрт ногдох алдангийг төлөх боломжтой байна, нэхэмжлэгчид энэ боломж мөн байжээ. Хариуцагч захиргааны байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/59 дугаартай албан бичгийг “Х.Х.Х” ХХК-д хуульд заасан хугацааны дотор хүргүүлсэн. Энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө бүрэн төлөх ёстой байсан. Энэ хугацаа өнгөрснөөс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж хуульчилснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хуульд заасан агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн болох нь, энэ мэдэгдэл нь ажлын 10 өдөрт багтсан болох нь, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаягт хүргэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна” гэжээ. Мөн “маргаан бүхий харилцаа нь нарийвчилсан хуулийн зохицуулалттай, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн эзэмшигч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тусгай зөвшөөрлийн төлбөр тухайн цаг хугацаанд нас барсан байсан гэдгийг тогтоох үүргийг захиргаа хүлээхгүй юм” гэжээ.

           3.2.  Нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн, хугацаа хэтрүүлснийг эс зөвшөөрч маргаагүй бөгөөд “зөвхөн хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс анхааран үзсэнгүй, хуульд заасан гүйцэтгэвэл зохих ажиллагааг хэрэгжүүлсэнгүй, захиргааны байгууллага зохих этгээдэд мэдэгдлийг (захиргааны актыг) хүргүүлээгүй” гэж маргасан.

3.3. Шүүхийн энэхүү дүгнэлт нь дараах байдлаар үндэслэл бүхий, гарцаагүй байх зарчимд нийцээгүй. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан.

3.4.   Гэтэл Захиргааны байгууллагаас “Х.Х.Х” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн гэх 2019 оны “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбарт иргэн Г.Ж буюу “Х.Х.Х” ХХК-тай хамааралгүй иргэн байсан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус, мөн өргөдөл гаргагч бус байсныг зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн хаягийн бүртгэлээр хүргүүлсэн гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Учир нь тухайн захиргааны актыг хүлээн авах хугацаанд жинхэнэ өргөдөл гаргагч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нас барсан байсан нь (2018.8.20) нотлох баримтаар тогтоогддог. Энэхүү нөхцөл байдлыг захиргааны байгууллагад мэдэгдэх, захиргааны актын үйлчлэлийг зогсоох талаар 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/1355 дугаар албан бичгээр “гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгснийг шүүх “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн эзэмшигч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх тухайн цаг хугацаанд нас барсан байсан гэдгийг тогтоох үүргийг захиргаа хүлээхгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 95 дугаар зүйлд гомдлыг хянан шийдвэрлэх журам гэж байгаа бөгөөд 95.1.1-д зааснаар захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах ажиллагаа буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч, өргөдөл гаргагч нь нас барсан хугацаа болон аж ахуйн нэгжийн өмчлөгчийн гэр бүлийн хүмүүс хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн (өвлөх эрх) Ашигт малтмалын тухай хуульд заасан төлбөрийг төлж болох эсэх тухай үндэслэлийг шалгах, өргөдөл гаргагчийг сонсох боломжтой буюу үүрэгтэй байсныг “захиргааны байгууллага энэхүү үүрэггүй” гэж шүүхээс үзсэн нь шүүхийн шийдвэр гарцаагүй байна гэснийг зөрчиж байна.

3.5. Иймээс захиргааны байгууллагаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаартай шийдвэрийн “Х.Х.Х” ХХК-д холбогдох хэсгийг гаргахдаа хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс анхааран үзээгүй буюу энэхүү нөхцөл байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтэд хуульд заасан гүйцэтгэвэл зохих ажиллагааг хэрэгжүүлээгүй, захиргааны байгууллага зохих этгээдэд мэдэгдлийг (захиргааны актыг) хүргүүлээгүйг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Х.Х.Х” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “Х.Х.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байх бөгөөд 70 дугаар шийдвэрээр “тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр MV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

3.2. Нэхэмжлэгчийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 409 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт “Баясгалантын дэнж” нэртэй 52.88 гектар талбай бүхий MV-*** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлөх байсан боловч төлөөгүй, энэхүү үйл баримттай талууд маргаагүй.

3.3. Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/59 дугаартай албан бичгээр “Х.Х.Х” ХХК-д “... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх, ... мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой” болохыг мэдэгдсэн, уг албан бичгийг тус компанийн Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороонд байрлах хаягаар хүргүүлснийг н.Ж гэх хүн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардан авсан, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7/819 дүгээр албан бичгээр мөн оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг нэхэмжлэгч компанид мэдэгджээ.

3.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж нь “... хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс анхааран үзсэнгүй, хуульд заасан гүйцэтгэвэл зохих ажиллагааг хэрэгжүүлээгүй, захиргааны байгууллага мэдэгдлийг зохих этгээдэд хүргүүлээгүй, ... миний нөхөр Т.Д 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан, 2019 оны 02 дугаар сарын дундуур 7/819 дүгээр албан бичгийг хүлээн аваад тусгай зөвшөөрлийн талаар мэдээд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Х.Х.Х” ХХК-ийг өвлөн авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр тус компанийг төлөөлөх эрхтэй болж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой болсноор төлбөрийг төлсөн” гэж тайлбарлан маргаж байна.

3.5. Хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг тус байгууллагад бүртгүүлсэн нэхэмжлэгч компанийн бүртгэлтэй хаягаар, шуудангаар хүргүүлж мэдэгдэх ажиллагааг хийснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд уг маргааны хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх нөхцөл бүрдсэн гэж үзэхээргүй байна.

3.6. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөхөөр, 34.6-д зааснаар 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулахаар, 34.7-д зааснаар 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан.

3.7. Нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх ёстой гэж үзвэл 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд багтаан хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийн хамт төлж болох бөгөөд хэрэв энэ хугацааг хэтрүүлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар мэдэгдэл хүргүүлж тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.

3.8. “Х.Х.Х” ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээнээс үзвэл тус компани нь 1 гишүүнтэй, захирлаар бүртгэгдсэн Т.Д нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нас барснаар компани өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон, түүний эхнэр Г.Ж нь өөрийн хүүхдүүд болох Д.Я, Д.Б, Д.М, Д.Э нарын хамт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн эрх болон хувьцааг өвлөн авч, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр компанийн захирлаар томилогдож тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, тухайн компани үйл ажиллагааг хэвийн явуулах, эрх зүйн харилцаанд орох боломжтой болсон хүндэтгэн үзэх шалтгаан бүхий үйл баримтуудаас үзвэл хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцүүлэн тус компанийн тусгай зөвшөөрлийг “ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй, маргаан бүхий 70 дугаартай шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Т.Д нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нас барсан учир 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэргийн бодит нөхцөл байдлыг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуульд заасан хугацаатай харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х.Х.Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “Х.Х.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР    

ШҮҮГЧ                                                                           С.МӨНХЖ

ШҮҮГЧ                                                                           Н.ДОЛГОРСҮРЭН