Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 341

 

 “Авзага трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Авзага трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Авзага трейд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 444 тоот шүүгчийн захирамжийн дагуу “Авзага трейд” ХХК-иас зээлийн өр төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэн болохыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 16 370 395 800 төгрөгөөр үнэлснийг бүхэлд нь эс зөвшөөрч  байна.

Манай компани өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор 2014 оны 10 дугаар сард хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-д хандан хүсэлт гаргасны дагуу уг хөрөнгийн үнэ цэнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар  21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон. Уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Лэндс” ХХК-ийн үнэлгээг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ гэж үзэж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компанийн өмчлөлийн  барилгын үнэ цэнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 21 168 315 000 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3/7763 тоот мэдэгдлээр манай компанид мэдэгдэж байсан боловч   барилгын үнэлгээг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 16 370 395 800 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компанийн өмчлөлийн барилга нь 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Харин одоо 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад орж, улсын комисс албан ёсоор хүлээж авсан учраас орон нутгийн зах зээлийн одоогийн ханш нь улам нэмэгдсэн гэж үзэж байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэнд гайхан эргэлзэж байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэрээр “Авзага трейд” ХХК-иас          4 600 380 080 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 23 107 900 төгрөгийг хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк үлдэгдэл 3 774 061 441 төгрөгийн төлбөрийг барагдуулж шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус албанд ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 09 тоот тогтоолыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14/02 тоот тогтоолоор битүүмжпэх, хураах ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны анхны үнийн саналыг талуудаас авахаар “Авзага трейд” ХХК-ийн захирал П.Мэндбаярт үнийн санал өгөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 15 886 258 158 төгрөгөөр үнэлэгдсэн.

Дээрх үнэлгээнд “Авзага трейд” ХХК нь үнэлгээнд гомдол гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4726 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 15 886 258 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх үнэлгээг хүчингүй болгосон тул “Авзага трейд” ХХК-ний өөрийн хүсэлтээр тус үл хөдлөх хөрөнгийг “Лэндс” ХХК-иар үнэлүүлэхэд 21 168 315 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. “Авзага трейд” ХХК-ний өөрийн хүсэлтээр үнэлүүлсэн “Лэндс” ХХК-ийн 21 168 315 000 төгрөгийн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд уг үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах  зээлийн үнэ болох 21 168 315 000 төгрөгийн 70 хувиар тооцон 14 817 820 500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тухай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хүргүүлсэн.

Гэтэл “Авзага трейд” ХХК нь дахин шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1823 дугаар шийдвэрээр 21 168 315 000 төгрөгийн 70 хувиар тооцон 14 817 820 500 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/10999 дугаар албан бичгээр үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг гардуулж өгсөн. Улмаар “Авзага трейд” ХХК нь үнийн саналаа өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, тус үнэлгээний төв нь уг барилгыг 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3/26241 дүгээр албан бичгээр П.Мэндбаярт мэдэгдсэн. “Авзага трейд” ХХК нь үнэлгээний талаар шүүхэд 3 удаа гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж улмаар хүчингүй болгож төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл гаргаж байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авзага трейд” ХХК-ийн өөрийнх нь гаргуулсан үнэлгээг шинжээчийн үнэлгээ биш гэсэн үндэслэлээр шүүх хүчингүй болгосон тул уг үнэлгээг зах зээлийн үнэлгээ гэж үзэхгүй. 2014 оноос хойш эдийн засаг хямарсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ буурсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, тус үнэлгээний төв нь “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэн нь хуульд нийцсэн.

Иймд “Авзага трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “Авзага трейд” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилга, газрын зах зээлийн үнийг 16 370 395 800 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч “Авзага трейд” ХХК–ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн  шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Манай компани өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор 2014 оны 10 дугаар сард хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-д хандан хүсэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК нь "Авзага трейд" ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилгын үнэ цэнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 16 370 395 800 төгрөгийн үнэлгээ зах зээлийн үнэд нийцээгүй болох нь хэрэгт авагдсан "Лэндс" ХХК-ийн 21 168 315 000 төгрөгийн үнэлгээгээр нотлогдсон байхад анхан шатны шүүх 16 370 395 800 төгрөгийн үнэлгээг зах зээлийн үнэд нийцээгүй гэдгийг баримтаар нотлоогүй тул үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэсэн хууль бус үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

"Лэндс" ХХК үнэлгээ хийсэн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилгын шалны паркет, чулуугаар өнгөлөх болон бусад жижиг засварын ажил дутуу байсан. Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК энэхүү дутуу ажлуудыг харгалзан үзэж барилгын ажлын 2 орчим хувийн гүйцэтгэл дутуу, 98 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн. Манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилга нь 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй байсан. "Авзага трейд" ХХК нь үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусгаж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр улсын комисст бүрэн хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2016/352 дугаар актаар нотлогдсон.

"Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээ хийсэн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үйлчилгээ, конторын зориулалттай барилгын дээр дурдсан шалны паркет, чулуугаар өнгөлөх болон бусад жижиг засварын ажлууд бүрэн хийгдэж, барилга 100 хувийн гүйцэтгэлтэй баригдаж дууссан байсан. Барилга бүрэн баригдаж дууссан учраас шалны паркет, чулуугаар өнгөлөх болон бусад жижиг засварын ажлуудын үнэлгээ 21 168 315 000 төгрөгийн үнэлгээн дээр нэмэгдэж гарна гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа 16 370 395 800 төгрөгөөр үнэлж, манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 4 797 919 200 төгрөгөөр бууруулж үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүх зах зээлийн үнэ гэж үзсэнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1823 дугаар шийдвэрээр үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 21 168 315 000 төгрөгөөр үнэлсэн "Лэндс" ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон үндэслэлийг буруу дүгнэж хэргийг шийдврэлэсэнд гомдолтой байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1823 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба "Авзага трейд" ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 21 168 315 000 төгрөгөөр үнэлснийг "Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий этгээдээс томилогдсон үнэлгээ биш, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шинжээч томилон хийгдсэн үнэлгээ биш байна" гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Харин үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 21 168 315 000 төгрөгөөр үнэлсэн "Лэндс" ХХК-ийн үнэлгээг зах зээлийн үнэлгээ болохыг тогтоосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4726 дугаар шийдвэрийг анхан шатны шүүх анхааран үзээгүй байна. Үүнээс үзэхэд "Лэндс" ХХК-ийн 21 168 315 000 төгрөгийн үнэлгээг Сүхбаатар  дүүрэг, 1-р хороо, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгын зах зээлийн тухайн үеийн үнэлгээг тогтооход зайлшгүй анхаарах шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан "Лэндс" ХХК-ийн үнэлгээг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Мөн түүнчлэн анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үйлчилгээ, конторын зориулалттай барилгын үнэлгээг шинжээч томилон тогтоолгохоос өмнө төлбөр төлөгч, өмчлөгч "Авзага трейд" ХХК-д мэдэгдээгүй, "Авзага трейд" ХХК-иас үнийн санал огт аваагүй болно. Хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдэлд "Авзага трейд" ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч П.Еркебулан гарын үсэг зурсан байна. Гэтэл "Авзага трейд" ХХК-иас өмгөөлөгч П.Еркебуланд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгоогүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч, өмчлөгч "Авзага трейд" ХХК-ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхгүй этгээдэд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдлийг гардуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг ноцтой зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. “Авзага трейд" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13.30 цагт зарлагдсан боловч "өмнөх шүүх хурал дуусаагүй" гэсэн үндэслэлээр шүүх хурал хойшлогдсон. Шүүх хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 хоногийн хугацаатай хойшлуулсан боловч шүүх хурлын товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, өмгөөлөгч Р.Болдбаатар нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, шүүх хуралд биечлэн оролцох боломжоор хангаагүй байна. Шүүх хурлын товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйн улмаас нэхэмжлэгчийн шүүх хуралд биечлэн оролцох, тайлбар, хүсэлт гаргах, хариуцагчтай мэтгэлцэх эрх ноцтой зөрчигдсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан журам, үндэслэлээр шүүгчээс татгалзсан байхад хэргийг шийдвэрлэсэн бөгөөд “шүүгчийг татгалзах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй" гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Авзага трейд” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй байна. /хэргийн 139 дүгээр тал/

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт зааснаар хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэж захирамж гаргах журмыг шүүх зөрчжээ. Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Авзага трейд” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА