Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1661

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр            Дугаар 181/ШШ2017/01661          Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 19 байрны 1 тоот хаягт байрлах, “Авзага трейд” ХХК /РД:2082241/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгт

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19-д байрлах, “Худалдаа хөгжлийн банк” ХХК /РД:2635534/-ийг оролцуулан,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, шинжээч Р.Зоригт, нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 444 тоот шүүгчийн захирамжийн дагуу “Авзага трейд” ХХК-аас зээлийн өр төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа билээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэн болохыг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олж мэдлээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 16,370,395,800 төгрөгөөр үнэлснийг бүхэлд нь эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу энэхүү шаардлагыг гаргасан. Үүнд:

Манай компани өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор 2014 оны 10 дугаар сард хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-д хандан хүсэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК нь “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн барилгын үнэ, цэнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 21,168,315.0 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон.

Манай компанийн өмчлөлийн барилга нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд, төв зам дагуу байрладаг, төвийн дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усны системд бүрэн холбогдсон, шугаман болон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркастай, төмөр бетон хучилттай, хөөсөнцөр дулаалгатай, тоосго болон блокон ханатай, хавтгай дээвэртэй, зоорийн болон техникийн давхар бүхий 9 давхар үл хөдлөх эд хөрөнгө тул хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс” ХХК-ийн үнэлгээг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ гэж үзэж байна.

“Лэндс” ХХК-ийн үнэлгээ нь орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ байсан учраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилгын үнэ цэнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 21,168,315,000 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/7763 тоот мэдэгдлээр манай компанид мэдэгдэж байсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/7763 тоот мэдэгдлээрээ манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 21,168,315,000 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдэж байсан атлаа энэхүү барилгын үнэлгээг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 16,370,395,800 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилга нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар шалны паркет, чулуугаар өнгөлөх болон бусад жижиг засварын ажил дутуу байсан. Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК энэхүү дутуу ажлуудыг харгалзан үзэж барилгын ажлын 2 орчим хувийн гүйцэтгэл дутуу, 98 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн.

Одоогийн байдлаар манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилгын дутуу ажлууд бүрэн хийгдэж дууссан бөгөөд улсын комисст бүрэн хүлээлгэж өгөөд байна.

Манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилга нь 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21,168,315,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Харин одоо 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтанд орж, улсын комисс албан ёсоор хүлээж авсан учраас орон нутгийн зах зээлийн одоогийн ханш нь улам нэмэгдсэн гэж үзэж байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21,168,315,000 төгрөгийн үнэлгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэнд гайхан эргэлзэж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК нь өмнө манай өмчлөлийн барилгын зах зээлийн үнэ цэнийг 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 15,886,258,158 төгрөгөөр үнэлсэн байсан. Тухайн үед манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилга нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан.

Манай компанийн зүгээс хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4726 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 15,886,258,158 төгрөгөөр үнэлсэн “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ биш байна” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон.

Манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилга 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байхад 15,886,258,158 төгрөгөөр үнэлсэн “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ биш байна” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг дахин 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг “орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ” гэж үзэх боломжгүй байна.

Иймд “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэрээр “Авзага трейд” ХХК-аас 4,600,380,080 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 23,107,900 төгрөгийг хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк үлдэгдэл 3,774,061,441 төгрөгийн төлбөрийг барагдуулж шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус албанд ирүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 9 тоот тогтоолыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Кпиникийн 1 дүгээр эмнэлгийн хойно байрлах үйлчилгээ, конторын зориулалттай 3,543 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 14/02 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар албадан дуудлага худалдааны анхны үнийн саналыг талуудаас авахаар “Авзага трейд” ХХК-ийн захирал П.Мэндбаярт үнийн санал өгөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 15,886,258,158 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх үнэлгээнд “Авзага трейд” ХХК гомдол гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4726 дугаар шийдвэрээр “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн барилгыг 15,886,258,158 төгрөгөөр үнэлсэн “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх үнэлгээг хүчингүй болгосон тул “Авзага трейд” ХХК нь өөрийн хүсэлтээр тус үл хөдлөх хөрөнгийг “Лэндс” ХХК-аар үнэлүүлэхэд 21,168,315,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Манайх “Авзага трейд” ХХК-ний өөрийн хүсэлтээр үнэлүүлсэн “Лэндс” хөрөнгийн үнэлгээний компанийн 21,168,315,000 төгрөгийн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд уг үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 21,168,315,000 төгрөгийн 70 хувиар тооцон 14,817,820,500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тухай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хүргүүлсэн.

Гэтэл “Авзага трейд” ХХК нь дахин шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1823 дугаар шийдвэрээр 21,168,315,000 төгрөгийн 70 хувиар тооцон 14,817,820,500 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/10999 дугаар албан бичгээр үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг гардуулж өгсөн. Улмаар “Авзага трейд” ХХК нь үнийн саналаа өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, тус үнэлгээний төв нь “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн барилгыг 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3/26241 дүгээр албан бичгээр П.Мэндбаярт мэдэгдсэн.

“Авзага трейд” ХХК нь үнэлгээний талаар шүүхэд 3 удаа гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж улмаар хүчингүй болгож, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл гаргаж байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Авзага трейд” ХХК-ийн өөрийнх нь гаргуулсан үнэлгээг шинжээчийн үнэлгээ биш гэсэн үндэслэлээр шүүх хүчингүй болгосон тул уг үнэлгээг зах зээлийн үнэлгээ гэж үзэхгүй. 2014 оноос хойш эдийн засаг хямарсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ буурсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, тус үнэлгээний төв нь “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн барилгыг 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэн нь хуульд нийцсэн. Иймд “Авзага трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Авзага трейд” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16,370,395,800 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн татгалзлыг дэмжсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 3 дүгнэлт зөрүүтэй үндэслэлээр үнэлгээг дахин тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, мөн шүүх тус хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хойшлуулах шаардлага гараагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 “Авзага трейд” ХХК-аас 4,600,380,080 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 23,107,900 төгрөгийн хамт гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр захирамжид 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 123 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо ажиллагаа явагдаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Авзага трейд” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө-13/3 тоотод байрлах, 3,543 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 14/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 14/03 тоот тогтоолоор хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 50 тоот тогтоолоор “Бэсгэ төв” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн байна.

 

Шинжээч “Бэсгэ” ХХК нь барилгын үнэ, цэнийг 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 15,886,258,158 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр төлөгч уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг шүүх хянаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4726 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон байна.

 

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3/28808 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчийн хүсэлтээр барилгын үнэ, цэнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар 21,168,315,000 төгрөгөөр тогтоосон “Лэндс” ХХК-ийн үнэлгээгээр үнэлэх болсныг мэдэгдэж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/7763 тоот мэдэгдлээр тогтоогдсон дээрх үнэлгээний 70 хувь буюу 14,817,820,500 төгрөгөөр анхан албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдэж, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/41 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл “Авзага трейд” ХХК нь албадан дуудлага худалдааны үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/1823 тоот шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг “Лэндс” ХХК-ийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 14,817,820,500 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгожээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/10999 тоот мэдэгдлээр барилгын үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоон энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх, хэрэв үнийг харилцан тохиролцоогүй бол үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгохыг төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгчийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд үнийн санал гаргаагүй, төлбөр авагчтай харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч мөн өдрийн 5/2557 тоот албан бичгээр хөндлөнгийн үнэлгээчнээр барилгын үнийг тогтоолгож, албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулахыг хүссэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 93 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь барилгыг 2016 оны 8 дугаар сарын 18-ны байдлаар 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэн тул тогтоогдсон энэ үнэлгээний 70 хувь болох 11,459,277,060 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3/26241 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэнийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан төлбөр төлөгч үнэлгээг хүчингүй болгуулах гомдлоо 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоолгох зорилгоор шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх эдгээр ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчээс 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байхдаа 15,886,258,158 төгрөгөөр, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 98 хувийн гүйцэтгэлтэй байхдаа 21,168,315,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан барилгыг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бүрэн ашиглалтад орсон байхад нь 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн үндэслэлээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд энэхүү гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Хуульд заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтоолын дагуу барилгыг үнэлэхдээ мөн хуулийн 8.1-д заасан аргууд /өртгийн, жишиг үнийн, орлогын/-ыг хослуулан хуульд заасан аргачлалд нийцүүлэн үнэлгээ хийж, арга тус бүрд үндэслэл бүхий ач холбогдол өгч, жигнэсэн дунджаар /өртөг 10% 733,068,410 төг, орлого 10% 858,811,350 төг, жишиг үнэ 80% 14,928,516,000 төг/ хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг тогтоосон нь үнэлгээний ажлын тайлангаар тогтоогдож байх ба 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үлдсэн ажилд 150,000,000 төгрөг шаардлагатай үндэслэлээр нийлбэр үнээс мөн дүнг хасан тооцож, барилгыг 16,370,395,800 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй болжээ.

 

“Авзага трейд” ХХК-ийн барилга 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй байхдаа 15,886,258,158 төгрөгөөр, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 98 хувийн гүйцэтгэлтэй байхдаа 21,168,315,000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж байсан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

 

Тодруулбал, тухайн цаг үед тийм барилгыг барихад ямар хэмжээний зардал гарахыг тооцож гаргадаг өртгийн хадлагын аргаар гаргасан “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээ 7,180,062,855 төгрөг, “Лэндс” ХХК-ийн үнэлгээ 8,807,629,502 төгрөг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ 7,330,684,100 төгрөг гарсан нь тухайн үеийн мөнгөний ханшийн болон материалын үнийн хэлбэлзэлтэй холбоотойгоор байж болох үндэслэл бүхий зөрүү байна.

 

Харин орлогын хадлагын аргаар гаргасан “Лэндс” ХХК-ийн үнэлгээ 18,135,009,797 төгрөг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ 8,588,113,500 төгрөг, зах зээлийн буюу жишиг үнийн хандлагын аргаар тооцож гаргасан “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээ 15,886,258,158 төгрөг, “Лэндс” ХХК-ийн үнэлгээ 21,168,315,000 төгрөг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ 18,660,645,000 төгрөг гарсан нь харилцан адилгүй байгаа ч энэ нь 3 өөр цаг хугацаанд хийгдсэн учир эдгээрийг өөр хооронд нь харьцуулах, нэгээр нь нөгөөг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзнэ.

 

Учир нь, үнэлгээний орлогын хандлагын арга нь тухайн хөрөнгийн одоогийн үйл ажиллагааг хэвээр үргэлжлүүлнэ гэж үзэж, ирээдүйн эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, мөнгөний ханш, гадаад валютын ханшийн хэлбэлзэл, зах зээл дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрэлт, нийлүүлэлт, худалдан авах чадвар, гарч болох төрөл бүрийн эрсдэл зэрэг бүхий л хүчин зүйлийн талаар таамаглал хийсний үндсэн дээр тухайн хөрөнгийн эзэндээ орлого авчрах чадварыг тодорхой хугацаануудад тооцоолон үржүүлэх хувийг ашиглан өнөөдрийн үнэнд шилжүүлэн үнэлдэг, харин зах зээлийн буюу жиших үнийн хадлагын арга нь тухайн цаг хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй тухайлбал, байршил, хийц, үйл ажиллагааны хэлбэр, ашигласан хугацаа зэрэг хүчин зүйл ойролцоо үл хөдлөх хөрөнгүүдийн арилжааны мэдээллийг ашиглаж хөрөнгийн үнэ, цэнийг тодорхойлдог тул эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа өнөө үед өөр өөр цаг хугацаанд харилцан адилгүй үнэлгээ гарах боломжтойг үгүйсгэхгүй юм.

 

Иймд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй тул “Авзага трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 590 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “Авзага Трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 17 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА