Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 242

 

Д.Жамъяндагвын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, А.Мишээлт нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0305 дугаар магадлалтай, Д.Жамъяндагвийн нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуульд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Жамъяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Жамъяндагва миний бие тус их сургуулийн захирлын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/513 тоот тушаалаар Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн захиралд хандан Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүний нөөцийн мэдэлд шилжүүлж өгөх тухай өргөдөл гаргасан билээ.

Гэтэл Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 тоот тушаалаар миний биеийг Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн хууль бусаар   төрийн албанаас чөлөөлсөн. Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 тоот тушаалыг миний бие эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан өргөдөл гаргасныг хүлээн авч, хуулийн дагуу Хууль зүйн яамны Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, хянан шалгаж, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 тоот тушаалыг үндэслэл буруу байх тул хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл дахин Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар бүхий тушаал гарч, миний 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэн дахин хууль бусаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн тухай тушаал гарсныг хүлээн авсан. Миний бие дээрх тушаалыг эс зөвшөөрч Хууль зүйн яамны Төрийн албаны салбар зөвлөлд дахин өргөдөл гаргасан боловч өргөдлийг хүлээн авах боломжгүй тухай албан бичгийг ирүүлсэн.

Ийнхүү миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүх хурлаар хэргийн харьяалал бус, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар хууль бус тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Эрдэм шинжилгээний ажилтан” албан тушаалд эргүүлэн томилуулахыг буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны үндсэн цалин бусад нэмэгдэл буюу 13 сарын цалин болох 14.812.126 төгрөгийг гаргуулахыг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хууль сахиулахын их сургуулийн захирал С.Баатаржав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Жамъяндагва 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр их сургуулийн захиралд хандан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэж заасны дагуу өргөдөл нь шийдвэрлэгдэх шатандаа явж байхад 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хууль сахиулахын их сургуулийн захирлын хууль бус тушаалыг хүчингүй болгуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэж Төрийн албаны зөвлөлд хандсан байна.

Төрийн албаны зөвлөлөөс Хууль зүйн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдлыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж, Хууль зүйн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр их сургуулийн захирлын 2014 оны Б/746 дугаар тушаалын үндэслэл буруу байна гэсэн шалтгаанаар хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь хуралдаанаараа хэлэлцээд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаар тушаалын үндэслэл буруу байх тул хүчингүй гэж үзсүгэй гэсэн бөгөөд иргэн Д.Жамъяндагвыг ажилд нь буцаан авах тухай шийдвэр гаргаагүй юм.

Төрийн албаны салбар зөвлөл нь их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 тушаалыг үндэслэл буруу гэж тооцон хүчингүй гэж үзсэн учраас Их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дууссан учраас 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн их сургуулийн захирлын нэр дээр гарсан өргөдлийнх нь дагуу Д.Жамъяндагвыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн болно.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй иргэн Д.Жамъяндагва нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд энэ хооронд түүний гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх боломжгүй түр түдгэлзсэн байсан.

Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөс тухайн маргааныг хянан шийдвэрлэсний дараа түүний 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр их сургуулийн захирлын нэр дээр бичсэн өргөдлийг нь үндэслэн төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлынх нь дагуу 2014 оны 10 дугаар сар хүртэлх ажилласан цалинг нь бодон олгож хүсэлтээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаартай тушаал гарган урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрийг биелүүлсэн болно.

Иргэн Д.Жамъяндагва нь Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гомдолдоо ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах талаар нэхэмжилсэн бөгөөд энэ нь их сургуулийн захирлын Б/746 дугаартай тушаал гарсан өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаа юм. Иргэн Д.Жамъяндагва нь өөрөө дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, мөн хууль зүйн зөвлөгөө авах эрх нь нээлттэй байсан бөгөөд шүүхийн харьяалал андуурсан асуудал нь тус их сургуулийн үйл ажиллагаанаас болоогүй учраас урьдчилан сэргийлэх ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд зарцуулагдсан хугацаа болон шүүхийн харьяалал андууран иргэний хэргийн шүүхэд хандсан хугацааны цалин хөлсийг олгох хууль зүйн үндэслэл байхгүй ба их сургууль нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд иргэн Д.Жамъяндагвын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 13 дугаар зүйлийн 13.3, 16 дугаар зүйлийн 16.1, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Д.Жамъяндагвын “Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Эрдэм шинжилгээний ажилтан” албан тушаалд эргүүлэн томилж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны үндсэн болон бусад нэмэгдэл цалин болох 15.240.960 төгрөг /арван таван сая хоёр зуун дөчин мянга есөн зуун жар/-ийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0305 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жамъяндагвын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, Д.Жамъяндагвыг урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний ажилтны албан албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрт

“2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Жамъяндагвын ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 11,401,264 /арван нэгэн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, олгохыг хариуцагч Хууль сахиулахын их сургуульд даалгасугай.” гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн “2” гэсэн дугаарыг “3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хууль сахиулах их сургуулийн захирал С.Баатаржав хяналтын журмаар гаргасан годмолдоо: Иргэн Д.Жамъяндагва 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Хууль сахиулахын их сургуулийн захирлын хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэж Төрийн албаны зөвлөлд хандсан байна.

Төрийн албаны зөвлөлөөс Хууль зүйн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдлыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж, Хууль зүйн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Их сургуулийн захирлын 2014 оны Б/746 дугаар тушаалын үндэслэл буруу байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Улсын их хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өргөдөл, маргааныг шийдвэрлэх хугацаа, журмыг тодорхой заасан байх боловч Төрийн албаны салбар зөвлөл иргэн Д.Жамъяндагвын гомдлыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан өдрөөс хойш 5 сарын дараа, Хууль зүйн яамны дэргэдэх Терийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар тогтоолоор Их сургуулийн захирлын 2014 оны Б/746 дугаартай тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс иргэн Д.Жамъяндагвыг ажилд нь буцаан авах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.

Дээрх шийдвэрийн дагуу Их сургуулийн захирлын 2015 оны Б/287 дугаар тушаалаар 2014 оны Б/746 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Их сургуулийн захирлын нэр дээр гаргасан өргөдлийнх нь дагуу иргэн Д.Жамъяндагвыг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/903 дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн.

Харин Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй иргэн Д.Жамъяндагва нь Төрийн албаны салбар зөвлөлд хандсан бөгөөд гомдолд Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд түүний гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй байсан болно.

Иргэн Д.Жамъяндагва нь Төрийн албаны зөвлөлд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гомдолдоо ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах талаар нэхэмжилсэн бөгөөд үүнийг Их сургуулийн захирлын Б/746 дугаартай тушаал гарсан өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаа гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх хариуцагчаас шүүхэд хүргүүлсэн нотлох баримтыг шүүгч дутуу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь тус их сургуулиас 2015 оны 01/658 дугаар албан бичгээр иргэн Д.Жамъяндагвын холбогдох материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн. Харин 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/903 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн, иргэн Д.Жамъяндагвыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хүний нөөцийн мэдэлд шилжүүлж, холбогдох материалын хуулбарыг хавсарган хүргүүлсэн болно.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Жамъяндагвыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Харин анхан шатны шүүх холбогдох хуулийг баримтлаагүй, цалинг буруу тооцсон алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Жамъяндагвыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/287 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт болжээ.

Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахад тавигдах гол нөхцөл нь ийнхүү шилжүүлэн ажиллуулах нь албан ажлын зайлшгүй шаардлагын үүднээс байхын зэрэгцээ өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр байх шаардлага хангагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шилжин ажиллах ажлын байр, албан тушаал тодорхой бус байхад 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Жамъяндагвын “өөрийнх нь хүсэлт...” гэх өргөдлийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан нь буруу болжээ.

Үүнээс гадна Д.Жамъяндагвын дээрх өргөдлийг үндэслэн гаргасан Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/746  дугаар тушаалыг Төрийн албаны салбар зөвлөлөөс хүчингүй болгосноор хариуцагч захиргааны байгууллага дахин тушаал гаргахдаа нэхэмжлэгчээс шилжин ажиллах талаарх хүсэлтийг дахин тодруулаагүй буюу тушаал нь бодит байдалд биелэгдэх боломжтой эсэхийг нягтлаагүй, буруутай талаар давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Хэрэгт Д.Жамъяндагвын холбогдох материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн тухай 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01/658, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 03/903 болон Д.Жамъяндагвын асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа тухай 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 20/823 дугаар албан бичгүүд авагджээ.

Эдгээр албан бичиг нь Д.Жамъяндагвыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах зайлшгүй шаардлагатай байсныг нотлох үндэслэл бүхий баримт биш болно.

Иймд, шүүх “... нотлох баримтыг дутуу үнэлсэн ...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, хариуцагч нь шүүх хуралдаанд цалингийн асуудлаар маргаагүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй. 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0305 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                     Л.АТАРЦЭЦЭГ