Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0148

 

Я.Ц, Ч.С нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Я.Ц, түүний өмгөөлөгч О.С

Нэхэмжлэгч Ч.Сгийн өмгөөлөгч Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Я.Цын өмгөөлөгч О.С, нэхэмжлэгч Ч.Сгийн өмгөөлөгч Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Гуравдагч этгээд Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 119/2020/0009/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нараас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.7, 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар Я.Ц, Ч.С нарын “Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх”, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Барьцаалбар чөлөөлөх”, “худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх” тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Я.Ц, түүний өмгөөлөгч О.Сарантуул нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэсэн хуулиар тавигдсан шаардлагыг хангасангүй. Улсны бүртгэлийн хэлтэс барьцааны гэрээг бүртгэхдээ 2 өмчлөгчөөр хоёулангаар нь бүртгүүлэх мэдүүлэг гаргуулсан байдаг. Ингэж барьцааг бүртгэхдээ өмчлөгч бүрийн гарын үсэг зөвшөөрлийг авсан хирнээ барьцаа дуусгавар болох бүртгэлийг хийхдээ Я.Цын бичээгүй Г.Цэнгэлмаагийн бичсэн мэдүүлэг, Г.Цэнгэлмаагийн хүсэлтийг үндэслэсэн нь өмчлөгч Ч.Сгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хүсэл зорилгыг үгүйсгэн, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн гэж үзэж байна.

3.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн хийсэн дүгнэлт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4-д заасан тухайн захиргааны актын үндэслэл, түүнд шүүхээс ямар тайлбар өгч байгаа, салбар хуулийн хэм хэмжээг, хэрхэн тайлбарлаж, хэрэглэсэн тухайгаа тусгана гэснийг хангахгүй байна.

3.3. Барьцааг дуусгавар болгосон бүртгэлд хавсаргасан н.Ц-гийн 1/2-ны хүсэлт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэл хавсаргасан бөгөөд уг итгэмжлэл дэх үйлдэл хийх тухай, хэний ямар хөрөнгийг, ямар үнийн дүнд гэх зэрэг мэдээлэл нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн, бүртгүүлсэн гэх барьцааны гэрээтэй агуулгаараа зөрүүтэй байхад улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаагүй нь хууль зөрчсөн байна. Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт ... шүүхийн шийдвэрийг үндэслэн дуусгавар болгоно гэснээс үзэхэд Я.Ц, Ч.С нар нь барьцаалбар үйлдээгүй, тэд дуусгавар болгох мэдүүлэг огт гаргаагүй. Хууль ёсны эзэмшигч гэж заасан байгаа нь хууль ёсны өмчлөгчдийг хэлж байна. Дуусгавар болгоход өмчлөгч, эзэмшигчдийн аль нэг нь мэдүүлэг гаргах зохицуулалт байхгүй байна. Шүүгч та нар иргэний хэргийн асуудал гэрээ хэлцэл, итгэмжлэл ярилаа гэж буруутган, хэлж буй тайлбарыг няцааж байсан, тэгсэн хирнээ гуравдагч этгээдийн хуралд гэрчээр оролцуулахаар дуудсан нотариатчийг хуралд оруулсан мөртлөө асуулт асуухаар итгэмжлэлийн талаар асуух шаардлагагүй гэж тэгш эрхтэйгээр оролцох эрхийг хязгаарлаж байсан. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ч.Сгийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг "Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24\засвартай\-ний өдрийн "барьцааны гэрээ бүртгүүлэх", 2020 оны 01 дүгээр сарын 02 ны өдрийн "барьцаалбар чөлөөлөх", "худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх" тухай мэдүүлгүүд Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтууд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, журам болон нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, сөргөөр нөлөөлсөн учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон" гэж үнэлсэн.

4.2. Зээлийн гэрээ, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг Г.Ц бичиж, Я.Цыг Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс дээр дуудаж, гарын үсэг зуруулаад улсын бүртгэгчид Г.Ц өгч, бүртгүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Ч.С энэ ажиллагаанд оролцоогүй. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үзлэг хийхэд эдгээр баримтуудад байгаа гарын үсгийг Ч.Сгийн гарын үсэг биш гэдгийг хэлдэг.Мэдүүлэгт зурсан Ч.Сгийн гарын үсэг биш болохыг тэрээр тайлбарлаж, түүний гарын үсгийг шинжлүүлэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй юм.

4.3. Анхан шатны шүүх маргаан бүхий " нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нарын Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан " Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24 ний өдрийн " барьцааны гэрээ бүртгүүлэх", 2020 оны 01 дүгээр сарын 02 ны өдрийн "барьцаалбар чөлөөлөх", "худалдах худалдан авах гэрээ бүртгүүлэх" тухай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг хүчингүй болгохдоо " Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай \шинэчлэн найруулсан\ хуулийн 7 дугаарын зүйлийн 7.1, 7.4, 7.7, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэл болгож байгаа нь хийсвэр дүгнэлт болжээ.

4.4. "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 16 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хийхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан " үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэх ... мэдээллийг тусгана” гэснийг хариуцагч Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нягтлан шалгаагүй.Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Мөн нэхэмжлэгч Ч.Сг " ... хэргийн материалтай танилцъя" гэж хүсэлт гаргахад "хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан..." үндэслэлээр түүний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үздэг.

Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан шалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн 27 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байр суурь тодорхой бус эргэлзээтэй нөхцөлд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

2. Анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “барьцааны гэрээ бүртгүүлэх” 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Барьцаалбар чөлөөлөх”, “худалдах, худалдан авах гэрээ бүртгүүлэх тухай” эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүдийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тодорхой тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо ч дээрх мэдүүлгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан талаар дурдсан байна. Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагын талаарх байр суурь тодорхой бус буюу “мэдүүлгүүдийг үндэслэн хийсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан”, “зөвхөн мэдүүлгүүдийг хүчингүй болгуулахаар маргасан” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг зөрүүтэй байдлаар тайлбарласан байх тул давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

4. Шүүх хуулиар тогтоосон журмын дагуу зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байр суурийг бүрэн дүүрэн тодруулаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх нөхцөлийг үүсгэсэн байна.

5. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн тодруулахаас гадна маргаж буй шалтгаан үндэслэл тэр дундаа шүүхээр нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаарх үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулж, энэ хүрээнд маргааны үйл баримтад хамаарах шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхэд анхан шатны шүүх анхаарах нь зүйтэйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ