Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 357

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, шүүгч М.Цэцэгмаа, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, иргэдийн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг “Ананд” нэртэй газарт орших 2306.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийг XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байсан билээ.

Тусгай зөвшөөрлийг 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл буюу 3 жилийн хугацаагаар олгосон. Манай компани тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2014 оны 12 дугаар сард хандсан боловч Аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн тул компанийн үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулсан.

Ийнхүү дүгнэлт гаргуулсны дараагаар бид 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгсөн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайгаа 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6/4114 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно.

Гэтэл дээрх 467 дугаартай шийдвэр гарахаас өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2015 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг, 2014 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус баталгаажуулж тамга дарсан.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь дээрх 467 дугаартай шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн 2015 оны хайгуулын ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг тус тус баталгаажуулж тамга дарсан.

Тийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь холбогдох материалыг бүрдүүлээд ирсний үндсэн дээр сунгаж болно хэмээн бидний хүргүүлсэн материалыг баталгаажуулж байх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь манай XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, EX-007486 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг бүртгэлээс хасаж, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь төрийн байгууллагын буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон Геологийн албаны үйл ажиллагаа нь хоорондоо нягт уялдаатай байх ёстой. Гэтэл Геологийн алба нь холбогдох баримт бичгүүдийг баталгаажуулж хүлээн зөвшөөрч байхад Кадастрын хэлтэс нь Геологийн албанаас мэдээлэл авалгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг бүртгэхээс татгалзаж, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдсан байна.

Дээрх асуудалтай холбоотойгоор буюу тусгай зөвшөөрлөө сунгуулах асуудлаар бид дараах албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсаны дагуу дор дурдсан хариу албан бичгүүдээр сунгах боломжгүй тухай мэдэгдэж байсан. Үүнд:

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны даргад бичгээр хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/77 дугаартай хариуг гардан авсан;

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад бичгээр хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7/1666 дугаартай хариуг гардан авсан;

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад бичгээр хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/1678 дугаартай хариуг гардан авсан;

Иймд Кадастрын хэлтсийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай компанид дараах хохирол учрах нөхцөл байдалд хүргээд байна. Үүнд:

Тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2013 он хүртэлх хайгуулын ажил хийсэн зардал болон тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр;

2014, 2015 оны хайгуулын ажлын зардал болон 2014, 2015, 2016 оны тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг хохирол.

Тийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн албаны шаардсаны дагуу холбогдох баримт бичиг, материал өдгөө бүрэн байхад Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус байна.

Иймд дараах шийдвэрүүдийг гаргаж өгөхийг шүүхээс хүсье. Үүнд:

1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7/3997 тоот албан бичигтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Өргөдлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар”-ыг хавсарган хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авсан болохыг дурджээ.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийн  зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчин хамгаалах төлөвлөгөө, үе шатны ажил гүйцэтгэсэн тухай тайлан, түүний баримтыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-д зааснаар хавсаргахыг шаарддаг.

Ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч холбогдох бичиг баримтуудыг тулган үзэж эрх бүхий албан тушаалтан өөрийн гараар бөглөсөн баримт байдаг.

“Б” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд өгсөн дээрх материалын хүрээнд нэмэлт аливаа бичиг баримт шаардаж авалгүйгээр компанийн аудитын тайланг үндэслэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн хайгуулын хэлтсийн зүгээс баталгаажуулсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлын тайланг цаг тухайд нь хүргүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй байна. Үүссэн үр дагавар нь тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл болохгүй харин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид сануулга өгөх байдлаар тайланг хүргүүлэх үүргээ биелүүлэхийг шаардах болон хүргүүлэхийг 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу эрх хэмжээг Ашигт малтмал, газрын тосны газарт хуулиар олгосон.

Цаг тухайд нь тайлангаа хүргүүлээгүй үндэслэлээр “Б” ХХК хэзээ ч торгууль төлж байгаагүй учир ийм баримт байхгүй. “Б” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ганцхан тусгай зөвшөөрөлтэй. Үүнийг банкны хуулга болон Ашигт малтмал, газрын тосны газрын төлбөрийн журналаас харж болно

Хэрэв хайгуулын ажлын тайланг хугацаа хоцорч хүргүүлсэн тохиолдолд хайгуулын ажлын тайлангаа хугацаа хоцорч өгсний улмаас торгууль төлсөн болохыг гэрчилсэн баримтыг өргөдөл гаргагч Ашигт Малтмалын Газрын Геологийн алба (хуучин нэршлээр)-нд өгөх ёстой. Хэрэв энэ баримтыг өгөөгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас Ашигт Малтмалын Газрын Геологийн алба хүлээн авахаас татгалздаг практик тогтсон. Гэвч “Б” ХХК-д ийм нөхцөл байдал үүсээгүй. Ийм нөхцөл үүссэн бол хайгуулын ажлын тайланг цаг хугацаанд нь өгөөгүйн улмаас торгууль төлсөн баримтыг хавсаргаж өгөх байсан.

Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авсны эрх зүйн үр дагавар шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн алдаа гарсан гэж нэхэмжлэгч үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан “хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт  багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацаа буюу тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг “ажлын 10 өдөрт багтааж хянах” үүргээ хариуцагч биелүүлээгүй болохоо хариуцагч тал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ээс гаргасан тайлбарт: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч бүртгээд зураг зүйн шүүлт хийж, холбогдох мэргэжилтнүүдээр хянуулан шийдвэр гаргах хүртэл 10 хоногийн хугацаа хангалтгүй байдаг. Практик дээр тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг 1-ээс 2 сарын дотор шийдэж байгаа” гэж бодит нөхцөл байдлыг дүгнэсэн байдаг. Хайгуулын ажлын тайланг баталгаажуулаагүй гэсэн нөхцөл байдлыг хариуцагч тодорхой мэдэж байсан юм бол холбогдох тайлбар татгалзал буюу тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан мэдэгдлийг хуулийн шаардлага хангаж ажлын 10 хоногт багтаан нэн даруй гаргах боломжтой байсан. Тухайн үед 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба хүлээн авч баталгаажуулсан.

Хариуцагч анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш “10 өдөрт багтааж хянах” үүргээ яагаад биелүүлээгүй тухайгаа зөвтгөсөн нотлох баримтыг “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж байгаагүй.

Тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж хянах үүргээ хариуцагч сахин биелүүлээгүй үндэслэл нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэл болно гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтаар тогтоосон хэлбэрийн алдааг хариуцагч гаргасан. Улсын дээд шүүхийн зөвлөмжид мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасан “бичгээр мэдэгдэх” гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн төвийн эрх бүхий этгээдэд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан албан бичгийг хүлээн авагч талд гардуулсан эсхүл хүргүүлснийг” ойлговол зохино гэж тодорхойлсон.

Дүгнэн үзвэл захиргааны байгууллагын зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хуулиар тогтоосон хугацаанд бичгээр мэдэгдэх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэхэд хуульд заасан 10 хоногоор тооцож үзэхэд Кадастрын бүртгэлийн төвийн эрх бүхий этгээдэд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан албан бичгийг хүлээн авагч талд гардуулах эсхүл хүргүүлсэн байх ёстой байжээ.

Нэгдүгээрт төлөвлөгөөг “хянуулаагүй” гэх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй; хоёрдугаарт жилийн төлөвлөгөө хянуулсан эсэх тухай асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцалж болох долоон үндэслэлд биш, гуравдугаарт 2015 он, 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй гэсэн тодорхойлолт нь бодит үйл баримттай нийцдэггүй.

“Б” ХХК-ийн 2015 он, 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө тус бүрийг үзвэл: 2015 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологийн албаны мэргэжилтэн “хянаж, хүлээн авсан” гэж  гарын үсэг зуран, тэмдэг дарсан, мөн өдөр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын ахлах байцаагч “хянасан” гэж гарын үсэг зуран, огноо, тэмдэг дарсан;

2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгөхөд Ашигт малтмалын газрын Геологийн албаны мэргэжилтэн “хянаж, хүлээн авсан” гэж гарын үсэг зурж, огноо, тэмдэг дарсан. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар Улсын ахлах байцаагч “хянасан” гэж гарын үсэг зуран огноо, тэмдэг дарсан.

Хариуцагчийн зүгээс “Дотоод хяналтын хуудас”-ны бусад тэмдэглэл гэсэн хэсэгт Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус тоот утсанд нарийн бичиг Б.Эрдэнэтуяад хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй талаар мэдэгдэж, мөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сунгахаас татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулсан тэмдэглэгээ хийсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг татгалзсаныг бичгээр мэдэгдэх шаардлага тавигддаг. Дээрх мэдэгдэл нь хуулийн энэхүү шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд энэхүү мэдэгдэл нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 2016 оны 05 дугаар сард утсаар мэдэгдсэн гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн хэрэг биш юм.

Хариуцагчийн зүгээс “Б” ХХК нь хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг ирүүлээгүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын хэлтсийн даргийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр сунгахаас татгалзсан” гэж тайлбар ирүүлжээ.

Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар тогтоолын хянах хэсэгт “тайлангаа Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасан хугацаанд ирүүлж байгаагүй, хугацаа хэтрүүлсэн, өргөдөлдөө хайгуулын ажлын тайлан, зардлыг баталгаажуулсан баримтыг хавсаргаж ирүүлээгүй хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэл муутай болжээ” гэж дүгнэсэн болохыг анхан шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзэхийг хүсч байна.

“Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэг буюу Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хангасан эсэх тухай юм.

Хэрэгт авагдсан материалыг дахин нягтлан үзвэл маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь хайгуулын зардлын доод хэмжээг хангаж байгаа эсэх асуудал болох нь тодорхой байна. Үүнтэй холбоотойгоор хэрэгт авагдсан материалын 2 дугаар хавтасны 31-32 дахь хуудсанд талууд хоорондоо харилцсан 6 ширхэг албан бичгүүдийн агуулгад шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Зардлын доод хэмжээг хангаж ажиллах буюу Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан зардлын доод хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажил хийх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг бөгөөд энэ үүргийг нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн нь хэрэгт авагдсан. Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газарт давхар хүргэгдсэн аудитын тайлан болон хайгуулын ажлын тайланг баталгаажуулсан баримтуудаар нотлогдож байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д дурдсан материалыг судлан “баталгаажуулах” үүрэг нь төрийн захиргааны байгууллагад ногдож байгаа бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн материалын хүрээнд хайгуулын ажлын зардлын доод хэмжээг төрийн захиргааны байгууллага баталгаажуулсан тул баталгаажуулсан шийдвэрийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хэдийд ч гаргасан нэхэмжлэгчийн шаардах эрхэд сөргөөр нөлөөлөх эрх зүйн үндэслэл болохгүй.

Маргаан бүхий захиргааны актын иш үндэс болсон Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг хэрэглэхийн тулд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан 10 өдрийн дотор мэдэгдэл өгөх үүргээ хариуцагч биелээгүй бөгөөд мөн хуулийн 56.3-т заасан “зардлын доод хэмжээг хангаж ажилласан болохоо нотлох баримт бичгийг нэмж гарган өгөх эрхийг” нэхэмжлэгч эдлэх боломжийг хариуцагч олгоогүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “мэдэгдэл”-д заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлж “мэдэгдэл”-ийн үндэслэлийг хянуулах боломжтойг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 болон 56.3-т зохицуулсан. Энэ үндэслэлээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 288 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж шийдсэн.

Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг “Б” ХХК хэд дахин хангасан. Асуудал нь энэ хэмжээг хэд дахин хангасан тул гайхсан байх магадлалтай. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл, түүнд хавсарган өгсөн аудитын тайлан зэргээр нотлогдож байна.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой манай зүгээс 670 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. “Б” ХХК нь ганцхан тусгай зөвшөөрөл бөгөөд энэ тусгай зөвшөөрөлтэй холбоотой гуравдагч этгээдийн нэхэмжлэл шүүхийн маргаан байхгүй.

Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхэд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Манай байгууллагын хөрөнгө оруулагчид Монгол хүмүүс бөгөөд банкны зээл авч хөрөнгө оруулсан байдаг.

Энэ маргаан 3 шатны шүүхэд яваад буцаж ирсэн. Хяналтын шатны шүүхийн тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй, өргөдөлдөө хайгуулын ажлын тайлан, зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримтыг хавсаргаж ирүүлээгүй гэж  дүгнэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна гэж тодорхойлсон.

Энэ асуудлаар гурван шатны шүүхэд ярьж байсан тул шүүх, шүүх бүрэлдэхүүнд шийдвэрийнхээ үндэслэл болгож тайлбарлаж байсныг анхаарч үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Ананд нэртэй 2307.64 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр “Б” ХХК-д олгосон байна.

Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

“Б” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.4 дэх хэсэгт заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг гаргуулахын тулд Геологийн хэлтсээс тайлан төлөвлөгөө ирүүлсэн байдал болон геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажсан тухай тодорхойлолт ирүүлдэг ба “Б” ХХК нь 2015 онд төлөвлөгөө ирүүлээгүй, 2014-2015 онд тайлан ирүүлээгүй, 2014-2015 онд хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажуулаагүй талаар баримт ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд хуульд заасан хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ, 33.2 Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна гэж тус тус заасан байна.

“Б” ХХК нь хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө ирүүлээгүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хуульд заасан хэмжээгээр баталгаажуулаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм.

Дээрх кадастрын хэлтсийн даргын татгалзсан шийдвэр гарснаар ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болж, кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна.

“Б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, 2014-2015 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж, ажиллаагүй тул сунгахаас татгалзсан шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон учраас ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан ба “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дуусаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/1678 тоотоор гомдлын хариуг хүргүүлсэн байхад 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд “Б” ХХК-иас гаргаж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан зэргийг хавсаргаж ирүүлсэн.

Энэ тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хянан хэлэлцэх явцад “Б” ХХК 2014 оны тайлангаа ирүүлээгүй гэж Геологийн албанаас мэдэгдсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд  хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгосон талбайд гектар тутам хуульд заасан хэмжээнээс багагүй хэмжээний зардлаар хайгуулын ажил жил бүр хтйж гүйцэтгэнэ гэж заасан. 2014 оны тайланг 2015 оын 12 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газарт ирүүлсэн. Манайх ирсэн тайлан бүрдүүлэх материал дутуу бол буцаагаад бүрэн бол манайх хянаад Мэргэжлийн хяналтын газарт явуулж баталгаажуулдаг. Баталгаажиж ирсний дараа бүрэн хэмжээгээр систем дээр бүртгэж хайгуулын ажлын тайлан ирүүллээ гэж бүртгэж Геологийн албаны мэдээллийн төвд баримт болгож хадгалуулдаг.

2014 оны хайгуулын ажлын тайланг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлж, тэр оныхоо 07 дугаар сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулж ирүүлсэн. 2015 оны  хайгуулын ажлын тайлангаа 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ирүүлээд 07 дугаар сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулж эцсийн байдлаар баталгаажуулж Ашигт малтмалын газар ирүүлсэн байдаг.  Энэ хугацаа бол тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа дуусгавар болсны дараа сард орж байгаа.

Ингээд 2014, 2015 оны хайгуулын ажлын тайлангаа ирүүлээгүй байсан учир 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 467 дугаар шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч  тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрөл цуцлах гэдгийг ялгаж ойлгохгүй байна. Тусгай зөвшөөрөл цуцлах бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлээр зүйчлэгдэнэ. Энэ тусгай зөвшөөрөл цуцлах тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл цуцлагдах  тухай мэдэгдлийг аж ахуй нэгжид хүргүүлдэг. Тусгай зөвшөөрөл сунгах тухай материалтай холбоотой тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзах нь тухай мэдэгдлийг аж ахуй нэгж байгууллагад хүргүүлдэггүй, хүргүүлэх талаар хуульчлаагүй. Мөн дуусгавар болгох талаар мэдэгдэл хүргүүлэх тухай хуулийн зохицуулалт байхгүй.

Тусгай зөвшөөрөл сунгахыг 10 хоногт шийдвэрлэнэ гэсэн нь хүсэлт өгсөн байгууллагын бүрдүүлж өгсөн материалаас хамаарч 10 хоногийн дотроо шийдэгдэж чаддаггүй. “Б” ХХК-ийн өргөдлөө өгснөөс хойш 2 сарын дараа тусгай зөвшөөрөл сунгах эсэх талаар хурлын шийдвэр гарсан.  Тусгай зөвшөөрөл сунгах 10 хоногоос  илүү хугацаанд шийдвэрлэсэн нь өргөдөл өгсөн байгууллагад илүү давуу байдал бий болгож, хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг шийдэх хугацаа олгосон байдаг. “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг татгалзах үндэслэл болсон гол баримт бол Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн хэлтсийн баримт юм. 04 дүгээр сарын 08-ны өдөр хурал хэлэлцэж тодорхойлолт авахад хайгуулын ажлын доод хэмжээг баталгаажуулаагүй байсан. Дараа өргөдөл гаргасны дараа 05 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын ажлын тайлангаа  ирүүлсэн байдаг. Тиймээс энэ хугацааг шүүхээс анхаарч үзнэ үү. Хайгуулын ажлын тайланг дараа оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор хуулийн дагуу ирүүлэх ёстой.  

 Төрийн захиргааны байгууллага хууль зөрчсөн ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Анх Ашигт малтмалын газар Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 388 дугаар шийдвэрээр  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ананд нэртэй 2307.64 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосноор нэхэмжлэгч нь 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр XV-0******* дугаар бүхий “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” эзэмших эрхийг олж авсан байна. 

Үүний дараа Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 128 дугаар шийдвэрээр  нэхэмжлэгч “Б” ХХК-ны XV-0******* дугаар бүхий “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь XV-0******* дугаар бүхий “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн эрхийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр   Булгантайхар ХХК-ийн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шийдвэр гарахаас өмнө 2014, 2015 оны тайланг хариуцагч баталгаажуулсан, тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан, хайгуулын зардалд хуульд зааснаас хэд дахин их зардал гаргасан зэргийг харгалзан үзээгүй, хайгуулын зардлын хэмжээг баталгаажуулсан баримтыг ирүүлээгүй гэдгээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

Хариуцагч нь маргаан бүхий акт болох 2016 оны 467 дугаар шийдвэртээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг үндэслэл болгон мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д” тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь хуулийн 32 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй, 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах нөхцөлийг аль алийг нь хангаагүй байхаар ойлгож хэрэгжүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй нөхцөл байдал зэрэг үүссэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага хуулийн энэ зүйлийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, хэрэглэхээр байна.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий 2016 оны 467 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн “31 дүгээр зүйл” гэх хэт ерөнхий заалтыг баримталж шийдвэр гаргах бодит нөхцөлийг зөв, ойлгомжтой байхаар тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл 32 дугаар зүйлд заасан “тусгай зөвшөөрлийн төлбөр” төлөөгүй, 33 дугаар зүйлд заасан “хайгуулын зардлыг баталгаажуулаагүй” гэх нөхцөлийн алийг нь хангаагүйгээс тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгааг тодорхой дурдаагүй байдаг боловч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамирын /тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзаж шийдвэрлэсний дараа/ нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ц.Ганболдод хаяглан түүний гомдлын хариу болгон хүргүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өддрийн 7/1266 дугаар албан бичигт  “...ЕХ-007486 дугаар өргөдлийн хянах явцад танай компаниас дээрх талбайд хийсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан тухай баримт ирүүлээгүй” гэж дурдсан, мөн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудас”-ны Бусад тэмдэглэл хэсгийн “тэмдэглэл” гэсэн баганад 2.Геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 2014, 2015 онд баталгаажуулаагүй байна”   гэж тэмдэглэсэн байгаагаар хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан “...хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан” баримтыг өргөдөлд хавсарган ирүүлээгүй нөхцөлийг нэхэмжлэгч компаний хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэл болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. 

Харин маргаан бүхий актад хамааралгүй буюу шийдвэр гаргах нөхцөл болгоогүй “...тайлан, төлөвлөгөө ирүүлээгүй” гэх үндэслэлийг шийдвэр гаргах үндэслэл болгосон гэх агуулгаар “...2015 онд төлөвлөгөө ирүүлээгүй, 2014-2015 онд тайлан ирүүлээгүй,...”  “...2015 онд төлөвлөгөө ирүүлээгүй, 2014-2014 онд тайлан ирүүлээгүй...”  гэж хариуцагчаас бичгээр, түүний төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “...2015 онд төлөвлөгөө ирүүлээгүй, 2014-2015 онд тайлан ирүүлээгүй” гэж тус тус тайлбарлаж байх ба энэ нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2014 онд буюу 5 дахь жилд гүйцэтгэсэн ажлын тайлан”-г Ашигт малтмалын газрын Геологийн албаны мэргэжилтэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталгаажуулсан гэж тэмдэглэснээр,  2015 онд буюу 6 дахь жилд гүйцэтгэсэн ажлын тайлан”-г мөн Геологийн албаны мэргэжилтэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр баталгаажуулсан,  2015 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө”-г мөн Геологийн албаны мэргэжилтэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мэргэжлийн хяналтын байцаагч мөн өдөр баталгаажуулсан байгаагаар  тус тус үгүйсгэгдэж байна. Иймээс нэгэнт шийдвэрийн үндэслэл болгоогүй “тайлан, төлөвлөгөө ирүүлээгүй” гэх үндэслэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

1. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах нөхцөл болсон “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримтыг өргөдөлд хавсаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлийн талаар 

Дээр дурдсанаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын нэгж болох Геологийн алба нэхэмжлэгч компаний 2014 оны тайланг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2015 оны тайланг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө тус тус хүлээн авсан нь, мэргэжлийн хяналтын байцаагчаас 2014 оны тайланг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр баталгаажуулсан гэж тэмдэглэсэн боловч мэргэжлийн хяналтын байцаагчийг баталгаажуулахаас 1 сар 21 хоногийн өмнө Геологийн алба баталгаажуулсан, 2015 оны тайланг 467 дугаар шийдвэр гарсанаас 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Геологийн алба болон мэргэжлийн хяналтын байцаагчаас баталгаажуулснаар тус тус тэмдэглэсэн байдаг ба энэхүү тайланг хүлээн авсан, баталгаажуулсан он сар өдрийн зөрүүтэй тэмдэглэгээний талаар хариуцагч түүний төлөөлөгчөөс “...геологийн хэлтсээс тайлан төлөвлөгөө ирүүлсэн байдал болон геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан талаар тодорхойлолтыг авдаг ба энэ тодорхойлолтод “Б” ХХК 2014, 2015 оны жилийн тайланг хянуулаагүй, мөн 2014, 2015 оны зардлын тайланг баталгаажуулаагүй байсан” , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...манайд ирсэн тайлан бүрдүүлэх материал дутуу бол буцаагаад бүрэн бол хянаад Мэргэжлийн хяналтын газарт явуулж баталгаажуулдаг. Баталгаажиж ирсний дараа бүрэн хэмжээгээр систем дээр бүртгэж хайгуулын ажлын тайлан ирүүллээ гэж бүртгэж Геологийн албаны мэдээллийн төвд баримт болгож хадгалуулдаг, 2014 оны хайгуулын ажлын тайланг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлж, тэр оныхоо 07 дугаар сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулж ирүүлсэн. 2015 оны хайгуулын ажлын тайлангаа 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ирүүлээд 07 дугаар сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулж эцсийн байдлаар баталгаажуулж Ашигт малтмалын газар ирүүлсэн байдаг. Энэ хугацаа бол тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа дуусгавар болсны дараа сард орж байгаа” гэж тус тус тайлбарлаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ” гэж заасан байгааг төрийн захиргааны байгууллага буюу Геологийн алба /хэлтэс/-д болон мэргэжлийн хяналтын албанд нэгэн зэрэг хүргүүлэхээр ойлгож; 

мөн хуулийн 33 дугаар зүйлийн мөн хуулийн 33.2-т “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна” гэж заасныг хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулахын тулд тайлан, санхүүгийн баримтыг хамтад хүргүүлсэн байхаар, энэ тохиолдолд Геологийн алба болон мэргэжлийн хяналтын байцаагч баталгаажуулахаар тус тус ойлгож хэрэгжүүлэхээр байна.

Гэтэл хуульд “геологийн алба нь тайланг эхлээд хүлээн авч хянасны дараа нь мэргэжлийн хяналтаар баталгаажуулдаг, үүний дараа дахин геологийн албаар баталгаажуулах” талаар заагаагүй, ийнхүү журамлаагүй байхад нэгэнт хүлээн авсан тайлангаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаадаг, мэргэжлийн хяналтын байцаагч баталгаажуулсны дараа геологийн алба баталгаажуулдаг гэх буруу практик тогтоон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид ойлгомжгүй, хүндрэлтэй нөхцлийг бий болгож, хуулийн хугацаанд тайлан, төлөвлөгөө, хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байх ба, тэрээр өргөдлийг 10 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан байхад “судалсан” гэх шалтгаанаар 2 сар 20 хоногийн дараа нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэж тусгай зөвшөөрөл эзэмших хугацааг сунгахаас татгалзаж байгаа, тусгай зөвшөөрлийг хугацааг татгалзаж шийдвэрлэсний дараа Геологийн алба нь хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулсан байгаа зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын нэгж болох Кадастрын хэлтэс болон Геологийн хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдал, хууль зөрчсөн буруу практик тогтоосны улмаас хуульд заасан тусгай сонгон шалгаруулалтын журмаар “хайгуулын тусгай зөвшөөрөл” эзэмших эрх олж авсан этгээд болох нэхэмжлэгч “Б” ХХК-ны “хайгуулын талбайн хилийн дотор хуулийн дагуу ашигт малтмал эрэх хайх”, “хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дараахь нөхцөл байдлуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж зааснаар Ашигт малтмал газрын тосны газрын, кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 10 хоногийн дотор шийдвэрлэхээр байна. Гэтэл хариуцагч нь өргөдлийг шийдвэрлэх хуулийн хугацааг 2 сар 20 хоногоор хэтрүүлсэн байдаг энэ талаараа “...өргөдлийг хүлээн авч бүртгээд зураг зүйн шүүлт хийгээд, холбогдох мэргэжилтнүүдэд нь хянуулаад шийдвэр гарах хүртэл 10 хоногийн хугацаа хангалтгүй байдаг, иймээс практик дээр 1-2 сарын дотор шийдээд явж байгаа”  гэж тайлбарладаг боловч төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаа, журмыг баримтлаагүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. 

Гэвч нэгэнт хуульд заасан хугацааг 2 сар 20 хоногийг хэтрүүлэн өргөдлийг шийдвэрлэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр гаргасан хүсэлтэд  /хайгуулын зөвшөөрөл сунгуулах хүсэлтийн хамт/ дурдсан “...2016 онд 3 жилийн хугацааны сунгалттай бөгөөд зардлын доод хэмжээг баталгаажуулахад Аудитын байгууллагаар баталгаажуулах шаардлага гарсны улмаас удааширсан болно, бид санхүүгийн тайланг аудитаар батлгаажуулан хүргүүлсэн” нөхцөл байдлыг тодруулах, улмаар Геологийн хэлтсээс нэхэмжлэгчийн 2015 оны тайланг хэзээ хүлээн авсан талаар тодруулга авах зэргээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүндэтгэн үзэх нөхцөл, шалтгаан бий судлаагүйгээр зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй гэж үзэж хугацааг сунгахаас татгалзсан нь буруу байна. Учир нь хэрэв 31 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй гэж үзвэл 32 дугаар зүйлд заасан “тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй”, 33 дугаар зүйлд заасан “хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” зэрэг нөхцөл байдал 2 үүссэн байхыг шаардах юм. Гэтэл зөвхөн “хайгуулын зардлыг баталгаажуулсан баримт ирүүлээгүй” гэх 1 нөхцөлөөр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. 

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих” үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах эрхтэй” хэрэгжүүлээгүй өөрийн шууд буруутай үйл ажиллагаанд дүгнэлт хийлгүйгээр “хуульд заасан хугацаанд хугацаанд тайлан, төлөвлөгөөгөө өгөөгүй, зардлын хэмжээг баталгаажуулаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, тэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймээс нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн нэхэмжлэгчийн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дах зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА

                       ШҮҮГЧ                               М.ЦЭЦЭГМАА

                             ШҮҮГЧ                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ