Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0541

 

 

 

 

“Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0434 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0434 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газарт “Г х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын “Х-У” нэртэй, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг болон “И х” нэртэй, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын “Х-У” нэртэй, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг болон “И х” нэртэй, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “Үндэслэх” нь хэсэгтээ “Г х” ХХК-иас тусгай зөвшөөрлүүдийн төлбөр төлсөн үнийн дүн, төлбөр төлөх хугацааг болон нөхцөл байдлуудыг буруу тодорхойлон дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“Г х” ХХК нь ХҮ-00000 тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны жилийн төлбөрт нийт 4.483.050 төгрөг төлөгдсөн нь баримтуудаар тогтоогддог бөгөөд үүнээс 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 407550 төгрөг нь 33 хоногийн алдангид /нэг хоногийн алданги 12226,5 төгрөг нийт 403474,5 төгрөг/ хангалттай хүрч байгаа бөгөөд төлбөр төлөх хуульд заасан хугацаанаас 72 цагийн дараа үндсэн төлбөр болох 6.106.344,4 төгрөг төлөгдсөн юм.

Иймд “Г х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7-д заасныг тус тус зөрчөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, “Г х” ХХК нь хуулийн хугацаанд багтаж тусгай зөвшөөрлүүдийн жилийн хураамжийн төлбөрт төлбөр төлсөн нь баримтаар тогтоогддог, компанийн ажилчдад үл ойлголцол үүссэнээс болж төлбөл зохих төлбөрийг 72 цагийн дотор төлж барагдуулсан, мөн төлөгдсөн төлбөрүүд нь алдангийн хамт бүрэн төлөгдөж дууссан болох нь хавтас хэргийн баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

“Г х” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлбөрийн үнийн дүнг андуурч төлөөгүй, тусгай зөвшөөрлийн жилийн хураамжийн төлбөрийн үнийн дүнг бүрэн төлсөн бол бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгдэх байлаа. Харин өнөөдөр зөвхөн төлбөрийг хоцруулж төлсөн 72 цагийн асуудал яригдаж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Г х” ХХК-иас 100 хувь төлөгдсөн тусгай зөвшөөрлүүдийн 2017 оны жилийн төлбөр болон алдангийн нийт төлбөр нь улсын төсөвт орж, 2017 оны хагас жилийн болон 2017 оны жилийн эцсийн компанийн болон улсын төсвийн санхүүгийн тайлангаар баталгаажсаныг энд дурдах нь зүйтэй.

“Г х” ХХК-ийн ХҮ-00000, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2016 оны жилийн төлбөрийг тухайн үед тус компанид ажиллаж байсан геологич н.М төлсөн байдаг. Харин 2017 оны жилийн төлбөр хугацааны үед компани дээр нь удирдах албан тушаалын нэг ч хүн байхгүй, бүгд хүндэтгэх шалтгаантай байсан нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар нотлогддог боловч анхан шатны шүүх үүнийг авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

Компанийн ажилчдын үл ойлголцлоос болж, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 72 цагийн дотор тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн барагдуулснаа тодорхойлон 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Сунгалт бүртгүүлэх тухай” 15/017 дугаартай албан тоотыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн, мөн тусгай зөвшөөрлүүд нь төлбөр төлсөн баримтуудын хамт эх хувиараа кадастрын нэг цэгийн үйлчилгээн дээр мэргэжилтэн дээр хадгалагдаж байсан, кадастрын хэлтсээс асуудлыг чинь шийдвэрлэж өгнө гэсээр хагас жил өнгөрсний дараагаар шинэ кадастрын хэлтсийн дарга тусгай зөвшөөрлийг бидэнд мэдэгдэлгүйгээр шууд цуцалсанд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү”гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Г х” ХХК нь “Г х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын “Х-У” нэртэй, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг болон “И х” нэртэй, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын “Х-У” нэртэй, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг болон “И х” нэртэй, ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй...” гэсэн үндэслэлээр “Г х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000, ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад “Г х” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан алдангийн хамт 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө бүрэн төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан, өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор бүрэн төлөх үүрэгтэй.

Харин нэхэмжлэгч “Г х” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000, ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг, алдангийн хамт 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн байх боловч энэ нь хуульд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тиймээс нэгэнт нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд бүрэн төлөөгүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхад энэ үндэслэлээр гарсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулийн хугацаанд багтаж тусгай зөвшөөрлүүдийн жилийн хураамжийн төлбөрт төлбөр төлсөн нь баримтаар тогтоогддог, компанийн ажилчдад үл ойлголцол үүссэнээс болж төлбөл зохих төлбөрийг 72 цагийн дотор төлж барагдуулсан, мөн төлөгдсөн төлбөрүүд нь алдангийн хамт бүрэн төлөгдөж дууссан болох нь хавтас хэргийн баримтуудаар бүрэн тогтоогдож байна...” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0434 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г х” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР