Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01281

 

Э.З, Г.Д нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00393 дугаар шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 850 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Э.З,Г.Д

         Хариуцагч: Ч.Мд холбогдох иргэний хэрэг

         Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд : Ц.М, М.Х

     Үндсэн нэхэмжлэл: 80 сая төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

         Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: барьцаат  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,  гэрчилгээг гаргуулах  

         Хариуцагчийн  төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, гуравдагч этгээд Ц.М, М.Х,нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2004 оноос эхлэн Нарантуул олон улсын худалдааны төв дээр хүүхдийн тоглоомын худалдаа эрхэлж байна. БНХАУ-ын иргэн Tian Su Yue нь мөн хүүхдийн тоглоомын бизнес эрхэлдэг ба бид бизнесийн шаардлагын дагуу хамтран ажилладаг учир худалдан авсан барааныхаа үнийг юаниар Хятад улс руу шилжүүлэх шаардлагатай болдог. Найман шарга худалдааны төв дээр валютын арилжаа эрхэлдэг эгч дүү болох А.Оюунтуяа, Ч.М нараар БНХАУ-ын иргэн рүү төлбөрийг юаниар шилжүүлж байсан. Э.З 2015-07- 07-ны өдөр 50 сая  төгрөг, 2015-09-08-ны өдөр 25сая төгрөг, Г.Д 21сая төгрөг, 2015-09-03-ны өдөр 38 сая  төгрөг, нийт 134 сая төгрөгийг тус тус Ч.Мын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс 54 сая төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэх 80 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх мөнгө авахдаа барьцаанд нь Ц.М, М.Х нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Дундгол гудамж, 30В байр 90 тоот 3 өрөө байрыг барьцаалсан. Дээрх байрыг өмчлөгчид нь зөвшөөрсөн тул үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Заас 2015 -07- 07-ны өдөр 50 сая төгрөг, 2015-09- 08-ны өдөр 25сая төгрөг, Г.Дээс 2015-07- 07-ны өдөр 21 сая төгрөг, 2015-09- 03-ны өдөр 38 сая төгрөгийг тус тус Хаан банкны  дансаараа хүлээн авсан. Э.Заас авсан мөнгийг М.Жаргалсайхан алт авахад зарцуулсан бөгөөд мөнгийг буцааж өгөөгүйгээс болж Э.Зын мөнгийг төлж чадаагүй. Тус мөнгийг төлөх зайлшгүй шаардлагын улмаас М.Жаргалсайхан өөрийн дүү болох М.Х, Ц.М нарын байрыг барьцаалуулж барьцаат зээлийн гэрээ хийсэн. Ч.М нийт төлөх ёстой 134сая төгрөгөөс одоо үлдэгдэл 67,816,455 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч энэ мөнгийг М.Жаргалсайхан авч буцааж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн дүү нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, энэ үл хөдлөх хөрөнгөөр төлүүлье гэсэн гэрээ хэлцэл хийсэн учраас барьцааны гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

        Гуравдагч этгээд бие даасан шаардлага  болон тайлбартаа: Бид хоёр хүүгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс Дунд гол гудамж Цагдаа-2 хотхоны 30В байрны 90 тоотод оршин суудаг. 2015-11- 10-ны үед хадам ах болох М.Жаргалсайхан нь иргэн Э.Зын хамт манай гэрт ирж   байрныхаа  гэрчилгээг Э.Зт журмын дагуу 3 сарын хугацаатай түр тавиулчих, хэрэв бүтэхгүй бол хэрэггүй гэж хэлээд явсан. Э.Зын хамт Ц.М миний бие нь холбогдох материалыг бүрдүүлж Сүхбаатар дүүрэг Олимпын гудамжинд байрлах Экокапитал ББСБ-д 105сая төгрөгийн барьцаанд тавиулах болж тус байгууллагын эдийн засагч Э.Ёндон гэх залуутай уулзахад манай байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 4 хүний дундын эзэмшилд байдаг болохоор та үл хөдлөх гэрчилгээний эзэмшигчийн нэрийг сольж манай байгууллагын нэр дээр шилжүүлэх, хэрэв та зээлээ төлж чадахгүйд хүрвэл иргэн Э.Зын авсан 105 сая төгрөгийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө болох байраа шилжүүлнэ гэсэн эрсдэлийн баталгаа гаргаж, Э.З, Ц.М, М.Х, манай байгууллагатай дөрвөлсөн зөвшөөрсөн гэрээг хуулийн дагуу байгуулна гэсэн шаардлагыг тавьсан тул бид нар зөвшөөрөөгүй. Энэ тухай хадам ах М.Жаргалсайханд хандаж боломжгүй гэж хэлэхэд, боль хэрэггүй юм байна гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 10 хонож байтал Э.З удаа дараа утсаар ярьж манайд хэд хэдэн удаа ирсэн. М.Жаргалсайхан ах энэ удаа ахдаа тус болж, байраа гуравхан сарын хугацаатай түр л тавиулчих гэж худлаа ярьж хүний итгэл үнэмшлийг олох замаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Да-Хүрээ техникийн захын баруун талд байрлах өөрийн таньдаг Ж.Давааням гэх нотариатч дээр очиж тус хүчин төгөлдөр бус зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Тухайн гэрээ хийгдэх үед эхнэр М.Х байгаагүй бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ хийгдсэний дараа Ц.Мгийн Хаан банк данс, М.Хгийн Хаан банкин дахь дансанд зээлийн гэрээнд заагдсан 105 сая төгрөгийн гүйлгээ одоог хүртэл хийгдээгүй. Гэрээ хийсний дараа нотариат Ж.Давааням үл хөдлөх гэрчилгээний эх хувийг шууд надаас хураан авч Э.Зт өгсөн.  Э.Зын мөнгө зээлүүлсэн Ч.М гэх хүнийг бид танихгүй. Тийм учраас зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцож, Ц.М, М.Х, М.Х, М.Н нарын дундын эзэмшлийн үл хөдлөх гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/0393 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 80 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар   Ц.М, М.Х нарын Э.З, Г.Д нарт холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Э.З, Г.Д нараас  өмчлөх эрхийн  гэрчилгээ гаргуулж Ц.М, М.Х нарт олгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцны 2015-12-02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр бүртгүүлсэн барьцааны бүртгэлийг улсын бүртгэлээс хасахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч  нараас  төлсөн 70.200 төгрөг, Ц.М, М.Х нараас төлсөн 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод үлдээж,  Ч.Маас 557.950 төгрөг гаргуулан Э.З, Г.Д нарт олгож,  Э.З, Г.Д нараас  70.200 төгрөг гаргуулан Ц.М, М.Х нарт тус тус олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 850 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4 дэх хэсгийг баримтлан Хиад Боржгин овогт Чалхаажавын Мөнх-Учралаас 80 000 000 /наян сая/ төгрөгийг гаргуулан  Энэбиш овогт Энэбишийн Золбаяр, Лоож овогт Гончигжавын Даваасүрэн нарт олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсгийг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг болон уг гэрээг бүртгүүлсэн барьцааны эрх дуусгавар болсныг тогтоон, нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432950 тоот гэрчилгээг гаргуулж, Ц.М, М.Х нарт олгон, гуравдагч этгээд Ц.М, М.Х нарын бие даасан шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Г.Д, Э.З нар 2015 оны 7 дугаар сард Ч.М 338.500 юанийг 316,50 төгрөгөөр тооцон авч, БНХАУ-руу шилжүүлэхээр 107.135.251 төгрөгийг Мөнх-Учралд өгсөнөөс буцааж 2015 оны 11 дүгээр сард 80.000 юань буюу 25.320.000 төгрөгийг, 2016 оны 1 дүгээр сард 14 сая төгрөг буюу 44,230 юань нийт 39.320.000 төгрөгийг Мөнх-Учрал нэхэмжлэгч нарт өгсөн. Нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрдөг маргаангүй болно. Нийт төлөх 107.135.251 төгрөгөөс 39.320.000 төгрөгийг хасахад 67.815.251 төгрөг төлөх үлдэгдэл өртэй болно.  Гэтэл нэхэмжлэгч нар өр зээл үүсэх үед баримталж байсан 316,50 төгрөгийн ханштай байсан 214.270 юанийг өнөөдрийн 373.36 төгрөгөөр тооцож 80.000.000 төгрөг нэхэмжилсэнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хангаж шийдвэрлэн хууль зөрчсөн. Шүүх 2 талын үйлдэл үйл баримтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан даалгаврын гэрээ гэж дүгнэсэн. Гэтэл уг гэрээ цаг хугацаандаа билэгдээгүйн улмаас даалгавар өгөгч даалгавраа Иргэний хуулийн 405.1.1-д зааснаар цуцалсан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4-т зааснаар авсан зүйлийг буцаан өгөх үүрэгтэй байгаа бөгөөд авсан мөнгөний үлдэгдэл 67.815.251 төгрөгийг төлөх үүрэгтэй байтал Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, ИХШХШХ-ийн 63.2 дахь заалтыг мушгин буруу тайлбарлан хэрэглэсэн тул залруулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж 67.815.251 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Э.З, Г.Д нар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ч.Маас 80,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан байна. /хх 1/

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...66,000,000 төгрөг төлөх үлдсэн байгаа тул 80,000,000 төгрөг шаардаж буй нь үндэслэлгүй... мөнгийг М.Жаргалсайхан авч буцааж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн дүү нарын хөрөнгийг барьцаалж гэрээ хийсэн ...” гэж /хх 20/, маргажээ.

        Ц.М, М.Х нар нэхэмжлэгч нарт холбогдуулан бие даасан шаардлага гаргаж, “...2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны гэрчилгээ гаргуулах...”-г хүссэн /хх 38, 78-80, 136/ байна.

        Анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хариуцагчаас 80,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах бие даасан шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч нараас гаргуулж Ц.М, М.Х нарт олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 

        Хариуцагч гомдолдоо “...нийт 67.815.251 төгрөг төлөх үлдэгдэлтэй байхад  нэхэмжлэгч нар өр зээл үүсэх үед 316.50 төгрөгийн ханштай байсан 214,270 юанийг  373.36 төгрөгөөр тооцож 80.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангасан нь хууль зөрчсөн...даалгавар цуцлагдсан тохиолдолд авсан зүйлийг буюу 67.815.251 төгрөгийг буцааж төлөх үүрэгтэй байтал шүүх Иргэний хуулийн 218.1, ИХШХШХ-ийн 63.2-г буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хэрэгт, 2015-12-02-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх 5/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432950 дугаартай гэрчилгээ /хх 6/,  21 сая төгрөг, 50 сая төгрөг, 38 сая төгрөг, 25 сая төгрөг шилжүүлсэн банкны төлбөрийн баримтууд /хх 7-10/, Нийслэлийн Прокурорын газрын 2017-05-23-ны өдрийн 5/1070 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх 11-12/, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017-04-03-ны өдрийн 775 дугаартай тогтоол /хх 13/, Улсын мөрдөн байцаах газарт 2017-02-13-ны өдөр гаргасан Э.Зын өргөдөл /хх 25/, Э.Зын 2017-03-06-ны өдөр Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст гаргасан тайлбар /хх 26-27/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт 2017-3-09-ний өдөр гаргасан Ч.Мын тайлбар /хх 28-29/, 2017-11-06-ны өдрийн Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа 2 хуудас /хх 30-31/, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-11-16-ны өдрийн 794 дүгээр магадлал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017-11-24-ний өдрийн 5/2157 дугаар албан тоот, Улсын мөрдөн байцаах газарт 2017-02-13-ны өдөр гаргасан Э.Зын өргөдөл, Э.Зын 2017-03-06-ны өдөр Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст гаргасан тайлбар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт 2017-03-09-ний өдөр гаргасан Ч.Мын тайлбар 5 хуудас баримт /хх 51-56/, Хаан банкны лавлагаа /хх 85-97/ авагдсан байх бөгөөд эдгээрийг шүүх хэлэлцэж шийдвэр гаргасан байх тул энэ баримтын хэмжээнд хяналтын гомдлын талаар дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ч.М нь Э.З, Г.Д  нарын өгсөн мөнгийг БНХАУ руу шилжүүлэх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон, хоёр шатны шүүх  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

        Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх үүргийг хүлээнэ.

        Нэхэмжлэгч нар БНХАУ руу шилжүүлэх шаардлагатай юанийг тухайн үеийн ханшаар тооцон нийт 134,000,000 төгрөгийг хариуцагчид 2015 оны 7, 9-р сард өгсөн боловч Ч.М даалгаврыг биелүүлээгүй, даалгаврын гэрээний үүргээ зөрчжээ.    Даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг гүйцэтгээгүй бол даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэг хүлээнэ.

       Хариуцагч нь БНХАУ руу шилжүүлэх юанийг төгрөгөөр тооцон нэхэмжлэгч нараас авсан тул Ч.Маас үлдэгдэл 214,270 юань буюу 80,000,000 төгрөгийг гаргуулж Э.З, Г.Д нарт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 850 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтүвшингийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 209.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ