Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02171

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02171

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөнийг суулган тэмдэглэл хөтлүүлж, иргэдийн төлөөлөгч Б.Мягмарцэндийг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоогоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, УБТЗ-ын 45 дугаар байрны 4-48 тоотод оршин суудаг гэх, эрэгтэй, 68 настай, Шаалуу овогт Ш. Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4а байрны 18 тоот хаягт оршин суух, эрэгтэй, 42 настай, Харчу овогт Чын Эд холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,046,000 /нэг сая дөчин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа, хариуцагч Ч.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Миний 45 жил эзэмшиж, амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо УБТЗ-ын 45-4-48 тоот байрны хаалгыг Ч.Э нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад 6 хүнтэй бүлэглэн эвдэж ороод, гэрээс улаан шаргал мебель сандал 2 ширхэг /140,000 төгрөг/, хавтгай дэлгэцтэй Японы Сони өнгөт телевиз 1 ширхэг /360,000 төгрөг/, Сони Камер 1 ширхэг /380,000 төгрөг/, хэвийн боов 50 ширхэг /50 х 2000 төгрөг/, дээд гурил 25 кг, шинэ өвлийн гутал 35,000 төгрөг, машины гар насос 1 ширхэг /45,000 төгрөг/ зэрэг эд зүйлийг байрнаас гаргаж овоолоод 65-56 УНБ дугаартай хар машинаар авч явсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч д/ч Ууганбаяр даргатай үнэлгээний комиссын үнэлснээр надад хохирол учирсан. Энэ үнэлгээгээр нийт эд зүйлийн 806,000 төгрөгийн хохирол учирсан ба, хариуцагчийн эвдэлсэн хаалганы үнэлгээ 200,000 төгрөг гарсныг би хариуцагчаас нэхэмжлээгүй. Харин шинээр бүргэд хаалга 240,000 төгрөгөөр худалдаж авсан учир түүний зардлыг үнэлгээгээр тогтоогдсон хохирол дээр нэмээд, нийт 1,046,000 төгрөгийг Ч.Эаас шаардаж байна. Энэ байранд би 1973 оны 6 сарын 14-нөөс хойш тасралтгүй оршин сууж байгаа. Прокурор дээр эд зүйлийн үнэлгээг гаргахдаа фото зургуудыг үндэслэж гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхтариа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ч.Э хууль бусаар удаа дараа дайрч орж хүмүүсийг сайн дураар өөрсдийн талд татан оролцуулж, 1,046,000 төгрөгийн 7 нэр төрлийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгасан хохирол учраас иргэний хуулийн дагуу гэм хор учруулсан гэж үзэж гаргуулах нь зүйтэй нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ маргаан нь иргэний хэрэг юм уу, эрүүгийн хэрэг юм уу, Ш.Бы байранд дөрөв таван удаа нэвтрээд хүн дагуулж ирээд эд зүйлийг нь аваад, хаяхыг нь хаяад яваад өгдөг. Иргэний журмаар өөртөө туслах гэдэг шал өөр заалт байгаа иргэний хэрэг гэхээр өөр процесс яваад байгаа юм. Ч.Э нь ирээд Ш.Быг лоомоор цохиж унагааж байсан нь хавтаст хэрэгт хэрэгт байдаг. Хуулийн байгууллага хохирол төлбөрийг нь тогтоочихсон байхад хариуцагч би буруугүй, тийм эд зүйлс байгаагүй гэж хэлж байгааг шүүх бодолцож үзэх байх гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ш.Бы миний гэж мэтгээд байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 48 тоотыг миний эхнэр Ц.Болор, хадам эх М.Жаргалсайхан нар 2013 оны 10 дугаар сард өв залгамжлалаар өвлөж авсан бөгөөд одоо албан ёсоор дээрх байр нь тэдний нэр дээр байдаг, хууль ёсны өмчлөгч юм. 2014 онд бид Ш.Быг шүүхээр эрэн сурвалжлуулж олоод, хариуцагчаар татаж байран доторх эд зүйлсийг нь гаргуулж, байраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдүүлэхэд тэрээр 45-4-48 тоот байр надад хамаагүй, дотор нь миний юм байхгүй, Н.Ойдовдоржийн барьцаанд байгаа, түүний эд юмс байгаа гэсэн тайлбарыг шүүхэд хэлж, бид арга буюу байранд байгаа эд зүйлсийн эзэн тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2015 онд нэхэмжлэлээ татан авсан. Ш.Бд холбогдуулаад байраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаар энэ хүн хаана амьдардаг нь огт мэдэгддэггүй, шүүхэд ирэхээрээ энэ байранд амьдардаггүй гээд байдаг. Гэтэл өнөөдөр энэ байранд амьдарч байгаа гэж хэлж байна.

Бид Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-ийг баримталж өөртөө туслах үйлчилгээг хэрэглэж байраа чөлөөлөхөөр 2 удаа оролдсон ч Ш.Б, Н.Ойдовдорж нар элдвээр саад хийн зогсоодог байсан. Сүүлд 2017 оны 3 дугаар сарын 17-нд бид хүмүүс хөлслөн байраа чөлөөлөх ажиллагаа хийж байтал Ш.Б нь хорооны цагдаад худал хэлж, тэнд хөлсөөр ажиллаж байсан хүний толгой руу төмөр алхаар цохиж хагалснаас болж бид ажиллагаагаа зогсоон, бид хүнээ аваад эмнэлэг явж, миний эхнэр Ц.Болор нь Ш.Бтай Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явсан. Маргааш нь бид байрандаа ирэхэд Ш.Б бидний гаргаж гадаа өрсөн юмсыг бүгдийг нь зөөгөөд оруулчихсан, хаалга сольчихсон орцны үүдэнд зогсож байсан. Үүнээс хойш 2 сарын дараа түүний хамсаатан Н.Ойдовдорж нь намайг шүүхэд өгч, гэм хорын хохирол гэж 800,000 төгрөг нэхэмжилсэн нь Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 02068 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Ш.Бы нэхэмжлэлд байгаа үнийн дүн бүхий эд зүйлс уг байранд байсан эсэх, тэдгээрийг ачаад авсныг юугаар нотлож байгаа нь тодорхойгүй, хэрэгт хавсаргасан сандал, зурагт зэргийн зургийг хаа нэгтэйгээс олж авчраад зургийг нь авах боломжтой. Намайг 800,000 орчим төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж гаргасан Прокурорын тогтоол ч мөн ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар нотлох баримтыг үндэслэж ийм зүйл бичсэн нь ойлгомжгүй, зөвхөн хохирогч хэмээгч Ш.Бы ам тайлбарыг сонсож гаргасан байна. Нэхэмжлэгч эд зүйлсийн зураг авсан байсан. Түүн дотроос камер алга болсон гээд байсан байж камерын зураг хавсаргасан байсан. Алга болсон юм бол хаанаас авсан байж таарах вэ. Логикийн алдаанууд яваад байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.Б энэ байрыг суллаж өгөхгүй гэсэн зорилгоор 4-5 жил байнга шүүх, цагдаагаар явж цаг хожиж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ч.Эыг бусадтай бүлэглэн, түүний амьдарч байсан орон сууцанд зөвшөөрөлгүйгээр хаалга эвдлэн нэвтэрч, эд зүйлсийг нь автомашинаар авчин явсны улмаас учирсан хохиролд 1,046,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...хохирол учруулсан гэх эд зүйлс бодитоор байгаагүй, ... эд зүйлийн үнэлгээ бодит зүйлд үндэслээгүй ба Ш.Бы хэлснээр үнэлж гаргасан, ... бид тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах арга хэмжээ авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэх зэргээр тайлбарлаж маргасан.

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Ч.Э нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, УБТЗ-ын 45 дугаар байрны 48 тоот дахь орон сууцны хаалгыг бусадтай хамтран эвдэж, улмаар байранд байсан эд зүйлсийг гадагш гаргасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 210 дугаар Прокурорын тогтоол болон, фото зургуудаар тогтоогдож байна. /хх 7-10, 22-30/

Харин эд зүйлсийг орон сууцнаас гаргасны дараа үнэ бүхий 8 төрлийн, тодруулбал: хуучин бүргэд хаалга /1 ширхэг 200,000 төгрөг/, шинэ урт түрийтэй өвлийн ботинка /1 хос 35,000 төгрөг/, дээд гурил /25кг 26,000 төгрөг/, улаан шаргал өнгийн мебель сандал /2 ширхэг 200,000 төгрөг/, хавтгай дэлгэцтэй Сони телевизор /1 ширхэг 200,000 төгрөг/, хөл насос /1 ширхэг 45,000 төгрөг/, хуучин Сони камер /1 ширхэг 200,000 төгрөг/, ууттай хэвийн боов /50 ширхэг 100,000 төгрөг/ зэрэг нийт 1,006,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авч явснаас хуучин бүргэд хаалганы 200,000 төгрөгөөс бусдыг буюу бүгд 806,000 төгрөгийн эд зүйлсийн үнэ болон, шинээр худалдаж авсан бүргэд хаалганы үнэ 240,000 төгрөг, нийт 1,046,000 төгрөгийг хариуцагч Ч.Эаас гаргуулахаар шаардсан Ш.Бы нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн зүгээс тэдгээр эд зүйлс нь нэхэмжлэгчийнх биш, орон сууцнаас эд зүйлсийг гаргасны дараа машинд ачиж яваагүй гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлаа баримтаар хангалттай нотлоогүй байна.

Маргаан бүхий үйл явдал болсон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо УБТЗ-ын 45 дугаар байрны 48 тоот дахь орон сууц нь хариуцагч Ч.Эын эхнэр Ц.Болор болон түүний эх Я.Жаргалсайхан нарын өмчлөлийнх мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдох бөгөөд, нэхэмжлэгч Ш.Б дээрх орон сууцны өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр тухайн байранд амьдарч байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх 150, 151/

Хариуцагч Ч.Э нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах арга хэмжээ авсан учир өөрийн гаргасан үйлдлийг хуульд нийцсэн гэж тайлбарласан. Гэвч хуулийн энэхүү зохицуулалт нь эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байх нөхцөл байдал бүрдсэн байхыг шаардана.

Гэтэл Ч.Эын зүгээс үйл явдал болсон 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болон түүнээс өмнө Ш.Б, орон сууцанд байсан түүний эд зүйлсийг гаргахгүй бол түүнд эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрах нөхцөл бүрдсэн эсэх нь тодорхойгүй байхаас гадна, энэ талаар эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй нөхцөл байдал бий болоогүй байхад бусдын эд зүйлд халдсан байна.

Хэдийгээр хууль ёсны өмчлөгчдийнх нь зөвшөөрөлгүйгээр тэдний орон сууцанд амьдарч байсан боловч нэхэмжлэгч Ш.Бы эзэмшилд байсан эд зүйлсийг түүний зөвшөөрөлгүйгээр гадагш зөөвөрлөн, эд зүйлсийг нь автомашинаар ачиж явсан үйлдэл нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу нэр бүхий эд зүйлсийн үнэ болох 806,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Ш.Б төлөх үүрэг хүлээнэ.

Харин шинээр худалдан авсан гэх бүргэд хаалганы үнэ 240,000 төгрөгийн тухайд иргэн Ц.Болор, Я.Жаргалсайхан нарын өмчлөлийн орон сууцанд өмчлөгчдийнх нь зөвшөөрөлгүйгээр амьдарч байсан Ш.Б өөрийн сайн дураар худалдан авсан гэх бүргэд хаалганы үнэ 240,000 төгрөгийг тухайн орон сууцны өмчлөгчийн нөхөр буюу хариуцагч Ч.Эаас шаардах эрхгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 806,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд, нэхэмжлэгч Ш.Б нь шүүхийн зардал төлөх хөрөнгөгүйн улмаас тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Эаас 23,894 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Эаас 806,000 /найман зуун зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 240,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ч.Эаас 23,894 төгрөг гаргуулан улсын орлого /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-д оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

Д.НАРАНЦЭЦЭГ