Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 670

 

     “Өлзийт финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00106 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Өлзийт финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Болормаа, М.Пүрэв-Очир нарт холбогдох          

Зээлийн гэрээний үүрэгт 51 860 534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ-15/150 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэндбаяр, Д.Эрдэнэчимэг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Болормаа, М.Пүрэв-Очир нар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлж авсан. Гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 40 000 000 төгрөгийг төлж чадаагүй тул Г.Болормаагийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулах замаар 6 сарын хугацаагаар зээлийг сунгаж, төлбөр тооцооны хувьд санхүүгийн бичилт хийхээр зохицуулсан ч Г.Болормаа төлбөр төлөөгүй. Г.Болормаа, М.Пүрэв-Очир нар сүүлийн зээлийн гэрээний шимтгэл 405 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү 1 094 479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 521 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү 784 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 616 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэмэгдүүлсэн хүү 800 000 төгрөг нийт 3 410 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш авсан. Иймд зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хүү 10 956 205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 904 329 төгрөг нийт 51 860 534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 40 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Харин нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хугацаа хэтрэлттэй зээлтэй харагдахгүй байх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ хийсэн мэт баримт үйлдсэн. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь хууль тогтоомжид зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нийт 3 410 000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь 40 000 000 төгрөгөөс хасагдаж тооцогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 36 590 000 төгрөг төлнө гэжээ.

Хариуцагч Г.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 56.9 дэх хэсэгт зааснаар дүр үзүүлж хийсэн, мөн хуулийн этгээд үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн. Учир нь: зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөг олгогдоогүй ба энэ гэрээг зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд үзүүлэх, хугацаа хэтэрсэн зээлгүй мэт харагдуулахаар хийсэн гэрээ юм. Иймд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний дагуу төлсөн 3 410 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны зээлийн гэрээний үргэлжлэл буюу үргэлжилсэн гэрээ юм. Хариуцагч нарыг хүчээр, хуурч мэхэлж уг гэрээг байгуулаагүй. Хариуцагч нар өөрөө сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулан улмаар нотариатаар гэрчлүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4, 56.1.10-т заасныг тус тус баримтлан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ-15/150 дугаартай "Зээлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцон 695 003 төгрөгийн үр дагаврыг арилгаж, Г.Болормаа, М.Пүрэв-Очир нараас 51 165 531 төгрөгийг гаргуулан “Өлзийт финанс ББСБ” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 695 003 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008010 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-312 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417 253 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 357 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 413 777 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 21 230 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хангаж үнэн зөв шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, "Өлзийт Финанс" ББСБ нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 дугаартай зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөгийг Г.Болормаа нартай харилцан тохиролцсоны дагүу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гүйлгээ хийж хаасан бөгөөд дээрх хаасан 40 000 000 төгрөгийг Г.Болормаа нараас хүүтэй авах зорилгоор дахин гэрээ байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болохыг шүүх үнэн зөв тогтоосон боловч нэгэнт хаагдсан БЗ-15/064 дугаартай зээлийг хаагаагүй хэмээн дүгнэж санаачлагаараа хүү тооцсон нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

2015 оны 12 дугаар сары 30-ны өдрийн БЗ-15/150 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үүрэг талуудад үүсэх бөгөөд Г.Болормаа нар 2015 оны 12 дугаар сарын  25-ны өдрийн зээлийг харилцан тохиролцож хаасан 40 000 000 төгрөгийг "Өлзийт Финанс" ББСБ-д буцааж төлөх, ББСБ нь барьцааны гэрээг цуцлах үүрэг хүлээх юм. Талууд БЗ-15/150 дугаартай зээлийн гэрээг байгуулж байхад 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь хавтас хэрэгт нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогддог ба талууд ч өөрсдөө мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцсоны дагуу 2015 оны 12 дугаар сарын 25-нд "Өлзийт Финанс" ББСБ-ын захирал н.Сансармаа нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 дугаартай зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөгийг шилжүүлж хаасан ба 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр БЗ-15/150 тоот зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг н.Сансармаад буцааж шилжүүлсэн. Талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон, зээлийг хаасан гүйлгээ нь хүчин төгөлдөр хэвээр байгаа, улсын бүртгэлд явуулсан "..2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай "Өлзийт финанс" ББСБ-ын албан бичиг мөн хүчин төгөлдөр, зээлийг хаасан асуудал дээр талууд маргаан үүсгээгүй байхад БЗ-15/064 дугаартай зээлийн гэрээний үүрэг гэх ойлголт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 тоот зээл дуусгавар болсон нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 дугаартай зээл хаасан дансны хуулга, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай албан тоотууд, гэрч н.Сансармаагийн мэдүүлгээр бүрэн, хөдлөшгүй нотолддог. Нэхэмжлэгч тал 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг мэдэж байсан учраас Г.Болормаа нараас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ-15/150 дугаартай зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжилсэн. Гэвч гэрээний талууд зорилгоо биелүүлэхдээ хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Иргэний хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь нотлогдсон тул 2015 оны БЗ-15/150 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсон.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгч дээрх зээл хаасан тухай нотлох баримтуудыг үгүйсгэж чадаагүй ба 2015 оны БЗ-15/150 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны БЗ-15/064 дугаартай зээлийн гэрээний үргэлжлэл, түүний сунгалт мэтээр тайлбарласан боловч түүнийгээ нотолж чадаагүй. Мөн ББСБ-ын хийсэн хууль бус үйлдлээ ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр зөвтгөж тайлбарласныг хүлээн авч, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдэрлэснээр дараах үр дагавар үүсгэж байна. 1. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ-15/150 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор Г.Болормаа нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 40 000 000 төгрөгийг ББСБ-д буцаах үүрэгтэй болж байна. 2. Шүүхийн санаачлагаар хаагдаагүй хэмээн дүгнэж хүү тооцсон 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 тоот зээлийн гэрээний үүрэг мөн давхар төлөх ёстой болж байна. Иймд шүүхийн шийдвэрээс 14 575 531 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянгаж шийдвэрлэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийн буцаан олгосон тооцоолол нь эргэлзээтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шаты шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ”Өлзийт финанс ББСБ” ХХК нь хариуцагч Г.Болормаа, М.Пүрэв-Очир нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51 860 534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Болормаа 36 590 000 төгрөгт холбогдох хэсгээс бусад шаардлагыг эс зөвшөөрч марган, улмаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ-15/150 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

”Өлзийт финанс ББСБ” ХХК нь Г.Болормаа, М.Пүрэв-Очир нартай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр 40 000 000 төгрөгийг төлөөгүй. Талууд  2015  оны 12 дугаар сарын 30-ны  өдөр  уг  үлдэгдэл төлбөр 40 000 000 төгрөгийг дахин зээлснээр гэрээ байгуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БЗ-15/064 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ-15/150 тоот зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна /хх-182-189, 194-201/.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  хэлцлээр өмнөх зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг баталгаажуулсан болохоос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй. Уг хэлцэл нь хүчин төгөлдөр бусд тооцох хэлцэл биш харин хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэл болох үйл баримтыг тогтоосон тул үр дагаврыг арилгах гэсэн агуулгаар шийдвэрлэхгүй. 

Талуудын хэн аль нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө бодитой шилжүүлж, уг гэрээний үлдэгдэл 40 000 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй. Уг зээлийн гэрээний үүргийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл, түүнд ногдох хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, зээлийн гэрээний тооцооллын хувьд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгчийн барьцааны эрх нь үндсэн үүргийг дагалдах эрх болно.

Иймээс барьцаагаар хангагдсан үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд уг барьцааны эрхийг үүсгэсэн барьцааны хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангасан барьцааны гэрээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч хүчин төгөлдөр бус юм.  

Нэхэмжлэгчийн хувьд дээрхи зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх талаар шаардлага гаргасан бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх талаар шаардлага гаргаагүй боловч уг барьцааны гэрээ нь шаардлага гаргаж, шүүхээс тогтоосноор хүчин төгөлдөр бус болох хэлцэл бус, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцэлд үндэслэн барьцааны эрхийг хэрэгжүүлэх боломжгүй.

Харин 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний хувьд үүрэг гүйцэтгүүлэгч буюу ”Өлзийт финанс ББСБ” ХХК уг барьцааны зүйлтэй холбоотой эрхийг улсын бүртгэлээс чөлөөлж, хасч өгнө үү гэсэн барьцааны зүйлээс татгалзсан агуулга бүхий албан бичгийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр явуулсан. Үүний дагуу барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр гудамжны 312 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ улсын бүртгэлээс хасагдсан болох нь “Өлзийт финанс ББСБ” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №15/105 албан бичиг, барьцааны гэрээг дуусгавар болгох тухай эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр тотоогдсон /хх-190-191/, талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө ипотекээс татгалзаж, энэ талаар зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул ипотекийг Иргэний хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчид шилжсэн гэж үзнэ.

Барьцаалагч ийнхүү үл хөдлөх эд хөрөнгө ипотекийг өмчлөгчид нь шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасан барьцааны зүйлээс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн хувьд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээний дагуу эдлэх барьцааны эрх дуусгавар болж, барьцааны зүйлээр Иргэний  хуулийн 176 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй болно. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Түүнчлэн хариуцагч нь шүүхэд  хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэлцлийн үнийн дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамж төлсөн байгаа учраас энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг  нэхэмжлэгчээс гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

    1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д заасныг тус тус баримтлан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ-15/150 дугаартай "Зээлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Г.Болормаа, М.Пүрэв-Очир нараас 51 165 531 төгрөгийг гаргуулан “Өлзийт финанс ББСБ” ХХК-д олгож, үлдэх 695 003 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,  

    2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-312 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

    3 дахь заалтад “21 230” гэснийг “357 950” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Болормаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                                       Д.БАЙГАЛМАА