| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2017/0444/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Г.Хатанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 109
Х.Д, Г.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Г.Хатанцэцэг,
шүүгдэгч Х.Д /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч Г.Т /цахим сүлжээгээр/,
шүүгдэгч Х.Д, Г.Т нарын өмгөөлөгч Л.Энхтунгалаг,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, А.Алтанхуяг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.Д, Г.Т нарын өмгөөлөгч Л.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Д, Г.Т нарт холбогдох эрүүгийн 201726020902 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овогт Х.Д, 1999 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүрлэн 1 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... байрны урд талын хашаанд түр оршин суух урьд ял шийтгэлгүй, /РД:..../,
Б овогт Г.Т, 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон зам гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:...../,
Х.Д, Г.Т нар нь бүлэглэн, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Х.Д хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зүүн талд чингэлгүүдийн дунд иргэн Б.Зын эзэмшлийн “ай фоне 5” загварын гар утас, гар утасны чихэвч, Коби 9 загварын пүүз, куртик, биет 2000 төгрөг, автобусны карт зэрэг эд зүйлийг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 7 дугаар давхарт иргэн Ш.Дийн эзэмшлийн Смарт бугуйн цаг, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар,
Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Х.Дг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэн, давтан, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд, Г.Тыг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Х.Дг 3 жил 5 сар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Тыг 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д, Г.Т нарт тус тус оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Д, Г.Т нарын өмгөөлөгч Л.Энхтунгалаг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нар нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зүүн талын чингэлгүүдийн дунд иргэн Б.Зын эзэмшлийн “ай фоне 5” загварын гар утас, гар утасны чихэвч, Коби 9 загварын пүүз, куртик, 2000 төгрөг, автобусны карт зэрэг эд зүйлийг, мөн дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 7 давхарт иргэн Ш.Дийн эзэмшлийн бугуйн цаг, пүүзэн гутал зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй ба бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн. Гэвч шүүгдэгч Х.Д 18 настай шүүгдэгч Г.Т 19 настай ба өөрсдийн үйлдсэн хэргийнхээ хор холбогдлыг ухамсарлаагүй өсвөр насны хүүхдийн гэнэн томоогүй байдал, эрх зүй боловсрол мэдлэггүйн улмаас энэхүү гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч нар нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан дөнгөж бие даан амьдрах амьдралынхаа анхны алхам хийх гэж байхдаа өсвөр насны болчимгүй зангаасаа болж гэмт үйлдэл үйлдсэн, өөрсдийн хийсэн гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч өгөхийг хүсч байна...” гэв.
Шүүгдэгч Х.Дгийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байж болох бүх нөхцөл байдлыг хангаж шийдвэрлэсэн. Нэгэнт 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж байгаа болохоор шүүх бүрэлдэхүүн анхаарч, боломжтой бол Эрүүгийн хуулийн 8.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг анхаарч үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн ял оногдуулах нөхцөл байна гэж үзэж байна. Учир нь: 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйл ямар нөхцөл байдалд хэрэглэж болдгийг бид мэднэ. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар ямар нөхцөлд оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэх асуудал яригддаг байсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нээлттэй, хаалттай”-г сонгохоор заасан. Нэгэнт 2002 оны хуульд заагаагүй, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нээлттэй, хаалттай” гэж заасан учраас Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял шийтгэлээс хоёр дахин багасгах боломж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шүүх хэрэглэх юм бол үүнд тавигдсан тусгай шаардлагууд байдгийг хуульч бид нар мэднэ. Мөн хоёр баримтыг хавтаст хэрэгт хавсаргах хүсэлттэй байна. Шүүгдэгч Х.Дгийн эхийнх нь ах Ж нь түүнийг ийм хэрэгт холбогдсон байна гэдгийг мэдээд, нас барсан. Шүүгдэгч Г.Тын хувьд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулсны дараа буюу гурван хоногийн дараа төрсөн эцэг нь энэ байдлын улмаас цочирдож нас барсан. Иймд тэдний гэрийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уг хэргийн улмаас өөрийн төрсөн эцэг Г алдсан. Шалгагдаж байх хугацаанд аав маань тархины цус харвалтаар нас барсан. Эрхэм шүүгч нар эхийгээ харж хандах боломж олгож, оногдуулсан ялыг хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч өгнө үү...”гэв.
Прокурор Г.Хатанцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг буюу тав хүртэл жил хорих ялтай гэмт хэрэгт зөвхөн албадлагын арга хэмжээ авах зохицуулалт байна. Шүүгдэгч нарын хувьд хүнд гэмт хэрэг үйлдсэн. Хүнд гэмт хэрэгт албадлагын арга хэмжээ хэрэглэх, хөнгөрүүлэх зохицуулалт байхгүй. Зөвхөн оногдуулах ялаас доош татаж оногдуулах зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд авагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг харгалзан үзэх гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгч Г.Тад оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн оролцоо нөхцөл байдлаас нь харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах ёстой. Гэтэл зэвсэг хэрэглэсэн хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 .1 дүгээр зүйл хэрэглэж, оногдуулах ёстой ялаас доогуур ял оногдуулж, зэвсэг хэрэглээгүй бүлэглэж оролцсон хүнд доош оногдуулаагүй. Үүнийг Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг доош нь оногдуулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас ялыг ялгамжтай оногдуулах саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Х.Д, Г.Т нар нь бүлэглэн, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Х.Д хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зүүн талд чингэлгүүдийн дунд иргэн Б.Зын эзэмшлийн “ай фоне 5” загварын гар утас, гар утасны чихэвч, Коби 9 загварын пүүз, куртик, биет 2000 төгрөг, автобусны карт зэрэг эд зүйлийг, мөн өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 65 дугаар байрны 7 дугаар давхарт иргэн Ш.Дийн эзэмшлийн Смарт бугуйн цаг, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Зын: “...өөрийн гар утсаараа хөгжим сонсоод алхаж байтал 21 цаг 42 минутын үед үл таних 3 эрэгтэй урьдаас хоорондоо юм яриад алхаж байсан. Тэгтэл урьд алхаж байсан намхан нуруутай залуу нь баруун талаар гарахдаа зүүн гараараа хэвлий хэсэг рүү мөрлөөд гарсан. Тэгэхээр нь чихэвчээ аваад эргэж хараад “яасан бэ” гэтэл намайг мөрлөсөн авсан залуу нь “яасан бэ” гэж хэлсэн. Тэгээд би юм хэлэлгүй, хөдлөлгүй зогсож байтал “чи нааш ир” гэхэд бусдаасаа нас арай бага бололтой хүүхэд нь цаана үлдээд, нөгөө хоёр нь над дээр хүрч ирээд хамгийн намхан нь намайг эхэлж мөрлөсөн залуу нь иш хэсгийг нь хараагүй богино тонгорог маягийн хутга гаргаж ирээд хэвлий тус газар руу тулгаад дуугүй байгаарай, орилох юм бол ална шүү, илүү дутуу хөдөлгөөн хийгээд үзээрэй тэгвэл гэдэс рүү чинь бүлнэ шүү, намайг дагаад яв гэж хэлээд хутга тулгасан залуу баруун талд баруун гартаа хутга барьчихсан зүүн гараараа шилэн хүзүүгээр тэвэрчихсэн. Нөгөө залуу нь зүүн гарын булчин хэсгээс бариад “Найз” зочид буудлын баруун талаар гараашууд дунд ороод явсан. Тэгээд цахилгаан хүчдэлийн хажуу талаар контейнер дундуур оруулж, контейнер налуулж зогсоод намхан залуу хутга хүзүү хэсэг рүү тулгаад чихэвчээ аваад ир гэхээр нь цагаан цэнхэр өнгийн компьютерт ашиглах зориулалттай гар утсандаа хийж ашиглаж байсан том чихэвчээ өгтөл хажуу талынхаа өндөр залуудаа өгөөд дахин намхан залуу нь гар утсаа гараад ир гэхээр нь өмсөж явсан даавуун материалтай пальто маягийн куртикны дотор талын энгэрийн халааснаас хар өнгийн “iphone-5” маркийн гар утсаа өгөхдөө гар утас аваад хэрэггүй, маш хэрэгтэй зүйл байгаа гэхэд утасныхаа кодыг хэл, дуугүй бай гэж хэлсэн. Тэгээд утасныхаа дэлгэцний кодыг хэлэхэд намхан залуу нь гар утсыг арай өндөр нуруутай залуудаа өгтөл тэр залуу оролдож байгаад гар утасны кодыг гаргаад ID кодоо хэл гэхээр нь хэлэлгүй байж байтал намхан биетэй залуу нь зүүн гарын эрхий, долоовор хурууны ар гол хэсэгт нэг удаа зүсээд хурдан кодоо хэл гэхээр нь ID кодоо хэлж өгөөд байж байтал намхан залуу хажуу талаас орж ирээд пүүзээ тайл гэхээр нь үзмэн ягаан өнгийн коби 8 загварын пүүзээ тайлж өгсөн ба өгөх үедээ хөл нүцгэн явах юм уу гэхэд чимээгүй байгаарай хоолойг чинь хэрчинэ шүү гэсэн. Тэгэхээр нь дуугүй пүүзээ тайлаад намхан залууд өгөхөд нөгөө хамт байсан залуудаа өгсөн ба дахин куртикээ тайл гэж хэлсэн. Тэгэхээр нь өмсөж байсан куртикээ тайлаад өгөхөд мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхэд нэгжээд мөнгө гарч ирвэл хоолойг чинь хэрчинэ шүү гэж хэлсэн. Тэгээд халаасаа өөрөө уудлаад өмдний ар талын халааснаас автобусны карт, 1000 төгрөгийн дэвсгэртээр 2 ширхэг, нийт 2.000 төгрөг өгсөн. Гэтэл намхан залуу нь цүнхэнд чинь юу байна гэж хэлэхээр нь үнэтэй юм байхгүй, нэгжээд үз гэтэл нэгжиж үзэлгүй доошоо суу гэхээр нь доошоо суутал чимээгүй байгаарай араас орилж хашгирах, дагах юм бол ална шүү гэж хэлээд явахаар нь би ийм, тийм юм болохгүй гэхэд намхан залуу нь эргэж ирснээ нуруу хэсэг рүү 4-5 удаа хутганыхаа үзүүр хэсгээр цохисон маягтай зоогоод байх шиг байсан. Тэгж байснаа шууд 10 дугаар хорооллын автобусны буудал чиглэл рүү хоёулаа зугтаагаад гүйсэн" гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/,
насанд хүрээгүй хохирогч Ш.Дийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 65 дугаар байрны 72 тоот гэрээсээ гарч байрны орчимд ахынхаа найзад нохой өгчихөөд тэндээсээ шууд 10 дугаар хорооллын урд талын автобусны буудлын дэлгүүрээс нэгж аваад эргээд гэр рүү явсан. Тэгээд 65 дугаар байр руу ороод лифтэнд ороод 7 давхрыг дарах үед үл таних нэг эрэгтэй, хоёр арай залуу байрын 3 хүн орж ирээд согтуу хүн 4 давхарт буутал үл таних хоёр хүн 6 давхарт дарсан. Тэгээд 6 давхар дээр зогсоод лифт онгойх үед үл таних хоёр хүний хар цагаан өнгийн ханцуйтай боомбер маягийн куртиктэй хүн нь хаанаас хутга гаргаж ирсэн нь мэдэхгүй, зүүн талын хавирга орчим тулгаад дуугүй байгаарай, дуугарвал хоолойг чинь хэрчинэ шүү гэж хэлээд ар талд гараад намайг чигээрээ яв гээд зургаан давхрын шатны хажуу талд очоод халаасандаа байгаа эд зүйлээ гарга гэж хэлсэн. Хутга тулгасан залуу нь дахин зүүн талын халаасанд байсан бор өнгийн смарт бугуйн цагийг аваад өмсөж байсан пүүзэн гутлаа тайл гэж хэлсэн. Ингээд би гутлаа тайлаад өгтөл лифт явуулахгүй гээд зогсож байсан залуу нь ирж авсан ба нөгөө надад хутга тулгадаг залуу нь намайг доошоо шатаар авч буусан. Тэгээд намайг 5-6 давхар хоёрын хооронд аваачаад одоо чимээгүй байгаарай, араас дагаад цагдаа дуудах юм бол ална шүү гэж айлгасан. Мөн лифтнээс гарч ирсэн хүн нь наадхынхаа хоолойг хэрчээч гээд байсан. Тэгээд хутга тулгасан хүн эргэж 6 давхар руу гарч лифтэнд суугаад яваад өгсөн" гэсэн мэдүүлэг /хх-н-106-107/,
шүүгдэгч Х.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Т бид хоёр 10 буудлын автобусны буудал дээр буугаад хоорондоо юм яриад алхаж байхдаа надад хутга байна, энэ хутгаар хүмүүсийг айлгаж байгаад эд зүйлсийг дээрэмдье гэхэд Т тэгье гэж хэлээд бид хоёр чигээрээ алхаж явсаар байгаад 10 дугаар хороолол орчимд 21-22 цагийн хооронд очсон. Тэгээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр зогсож байтал гартаа бугуйн цаг барьчихсан 14-15 орчим насны хүүхэд зогсож байхаар нь ардаас дагаад буудлын хойд талын хуучны 9 давхар байрнуудын голоор орж явсаар байгаад 1 орцтой байр руу дагаж ороход хохирогч хүүхэд лифтэнд суугаад 7 номерыг дарахаар нь Т 6 номерыг дарсан. Тэгээд дээшээ яваад 6 давхарт зогсоод хаалга онгойхоор нь хохирогчийг лифтнээс түлхэж гаргаад шатны хажуу талд аваачаад хутга гаргаж харуулаад дуугүй байгаарай биедээ байгаа эд зүйлсээ гарга, наад гартаа барьж байгаа бугуйн цагаа шалан дээр тавь, гутлаа тайл гэж хэлсэн. Тэгтэл хохирогч бугуйн цаг болон гутлаа тайлахаар нь лифтэнд хүлээж байсан Тыг дуудаад эд зүйлсийг ав гэж хэлсэн. Тэгээд би шууд хохирогчийг дагуулаад лифтэнд суухаасаа өмнө Т эд зүйлсийг авч байхаар нь гутлыг үлдээ гэж хэлээд 6 давхарт үлдээж Смарт бугуйн цагийг нь аваад явсан. Ингээд байрнаас гараад 10 дугаар хорооллын автобусны буудал чигтэй явж байтал ... Т арай түрүүнд явж байснаа 18-19 орчим насны эрэгтэй хүүхэдтэй мөргөлдөх үед хохирогч эргэж хараад Т руу үг хэлэхээр нь би араас шууд гүйж очоод шилэн хүзүүдэж тэвэрч хутга үзүүлээд чимээгүй байгаарай, дагаад яв гэж хэлсэн. Тэгээд Т бид хоёр хохирогч залууг дагуулаад гараашны хажуу талын буланд гарааш руу нуруугаар нь налуулж доош суулгаад хоолойд нь хутга тулгаад биедээ байгаа эд зүйлсээ гарга гэж хэлсэн. Тэгээд би эхлээд цагаан өнгийн компьютерт хийдэг чихэвч, хар өнгийн iphone-5 маркийн гар утсыг аваад Тад өгсөн ба дахин өөр эд зүйл байна уу, гарга гэхэд автобусны смарт карт бэлэн 2.000 төгрөг гаргаж ирэхээр нь өөрийн халаасандаа хийгээд гутал, гадуур өмсөж байгаа хар өнгийн куртикыг нь тайлуулж авсан. Эхлээд гутлаа тайлж өгөхөөр нь Тад өгсөн ба куртикыг нь би өөрөө аваад араас дагавал ална шүү, дуугүй байгаарай гэсэн айлган сүрдүүлсэн маягтай үгнүүд хэлж байгаад шууд эргэж хараад Тыг зугтаарай гэж хэлээд зугтааж гүйгээд 10 дугаар хорооллын орчимд тоотыг нь мэдэхгүй байрны хажуу талын жижиг подвол маягийн нүх рүү куртикийг нь би шидсэн. Буудлын хойд талын ломбарданд дээрэмдэж авсан гар утсаа Тын нэрээр 130.000 төгрөгөнд тавиад би 70.000 төгрөгийг, 60.000 төгрөгийг Т аваад би өөр тийшээ явлаа гэж хэлээд салаад явсан. Тэгээд би бааранд орж ганц нэг шил пиво ууж байгаад эргэж гараад шөнө гэртээ харьсан. Тэгээд хэрэг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дараа цагдаад баригдсан. Би дээрмийн гэмт хэрэг хийх санааг гаргаж Т дэмжсэн. Мөнгө хэрэг болоод дээрмийн гэмт хэрэг үйлдсэн" гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,
шүүгдэгч Г.Тын мөрдөн байцаалтад өгсөн: "...Хохирогч 6 юм уу, 7 давхарт дарахаар нь би өмнөх доод талын давхрын тоог дарсан. Ингээд миний дарсан давхарт лифт зогсох үед Д хохирогчийг apаac нь түлхээд буусан ба би араас нь хараад явуулахгүй гээд лифтэн дотор зогсож байсан. Тэгээд цаана Д хохирогчтой юу гэж ярьсныг мэдэхгүй. 5 орчим минутын дараа Д намайг хүрээд ир гэж дуудахаар нь лифтнээс гараад шатны хажуу талд явж очсон. Тэгтэл Д хохирогчийн барьж байсан бугуйн цагийг ав гэж хэлэхээр нь автал Д дахин хохирогчийг гутлаа тайл гэхэд хохирогч бор өнгийн кет маягийн гутлаа тайлаад өгөхөөр нь авсан. Д хохирогчийг доош нэг давхарт буулгахаар авч явсан. Тэгээд би эргээд лифт рүү очоод байж байтал Д араас гүйж ирээд лифтэнд суугаад доошоо бууж байрнаас гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ 10 дугаар хорооллын автобусны буудал орох санаатай явж байтал урдаас явган хүний зам дээгүүр чихэвч зүүсэн 18-20 орчим насны хар өнгийн хувцастай залуу ирж яваа харагдсан. Тухайн үед гадаа харанхуй үзэгдэх орчим хязгаарлагдмал байсан ба хохирогчийг урдаас ирж байхаар нь зүүн талаар мөрлөж өнгөрөөд эргэж хартал хохирогч чихэвчээ авах үед Д араас нь шилэн хүзүүгээр нь тэврээд байрны хажуу талаар гарч гарааш дундуур аваад явсан. Д эд зүйлсээ өг гэж хэлээд байсан ба өгсөн эд зүйлсийг нь би аваад байсан. Тэгтэл Д хохирогчийг гутал, куртикээ тайл гэсэн. Гутлыг аваад хойно байсан контейнер дээр шидсэн ба хар өнгийн пальто маягийн куртик өгөхөөр нь бариад зогсож байтал Д хохирогчийг дугарч болохгүй шүү, дугарвал ална шүү, араас дагаад үзээрэй гэж хэлээд эргэж хараад зугтаарай гэхээр нь би араас нь дагаад зугтаасан" гэсэн мэдүүлэг /хх-н 60-61/,
шинжээчийн 5636 дугаартай: "...Б.Зын биед хүзүү, баруун дал, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хх-42/,
Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гомдол /хх-н 5-6/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9, 17-19/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-н 21-22, 26-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 24-25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27-28/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 62-64/, шүүгдэгч Х.Д, шүүгдэгч Г.Тын нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66-69, 70-73, 82, 83, 84, 85 / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх Х.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, бусадтай бүлэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн үйлдсэн үйлдэлд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Тын дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж үйлдсэн үйлдлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зохих шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Х.Д, Г.Т нар нь 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээд бөгөөд “өсвөр насны этгээд” гэж үзэх ял хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” Гэсэн заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хорин нэгэн насанд хүрээгүй хүн бүрийг өсвөр насны хүн байх ёстой гэсэн үүрэг болгосон заалт биш юм.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг буюу хорин нэгэн насанд хүрээгүй хүнийг өсвөр насны гэдгийг тайлбарлан хэрэглэхдээ тухайн этгээдийн сэтгэц, оюун ухаан, өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвар гэх мэт хувийн байдалд тулгуурлан дүгнэлт хийх нь учиртай.
Иймээс Х.Д, Г.Т нарын өмгөөлөгч Л.Энхтунгалагын “өсвөр насны этгээд гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн” давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс бага ял оногдуулахаар ...” заажээ.
Шүүгдэгч Х.Д гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн, шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглээгүй байхад ял шийтгэлийг адил тэнцүү оногдуулсан нь “Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Х.Д, Г.Т нарын өмгөөлөгч Л.Энхтунгалагийн “ ял хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлоос шүүгдэгч Г.Тын ялыг хөнгөрүүлэх хэсгийг хүлээж авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолын
1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Г.Тыг 03 жил 05 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг
“...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Г.Тыг 1 жил 8 сар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д, Г.Т нарт тус тус оногдуулсан 03 жил 05 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж...” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан 03 жил 05 сар, Г.Тад оногдуулсан 01 жил 08 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ