Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0166

 

Н.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Н.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 876 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ч.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Гуравдагч этгээд Ц.Ц, түүний өмгөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2021/0811/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Гас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдууланЭрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тхай хуулийн /2003/ 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-ын “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд мэтгэлцээн явагдаж чадаагүй талаар: Анх нэхэмжлэл гаргахдаа, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Н.Г-ын өмчлөлөөс Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэлийн шаардлагаа тухайн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах болгон өөрчилсөн. Ийнхүү өөрчлөх хуралдааны үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах хүсэлтүүдийг гаргасан. Шүүх уг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн боловч хариуцагч тал хуралдаанд өөрчилсөн шаардлагын хүрээнд мэтгэлцэж чадаагүй бөгөөд мэтгэлцээний үеэр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой ойлгоогүй, шаардлагын хүрээнд маргаан өрнөөгүй гэж үзэх үндэслэл хуралдааны тэмдэглэлээс харагддаг.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд долоо, орон нутагт 14 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна”, 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж заасан журмыг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад баримтлаагүйтэй холбоотой буюу нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бичгээр гаргуулж хариуцагчид гардуулах ажиллагааг явуулалгүй, хариу тайлбарыг холбогдох хуульд заасан хугацааг олгон гаргуулаагүйгээр хэргийг тэр даруй, бичгээр бус хэлэлцүүлгийн явц дахь аман тайлбарын дагуу өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой. Энэ утгаараа нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хариуцагч тал бүрэн гүйцэд ойлголгүй, зохих ёсоор мэтгэлцээн өрнөөгүй бөгөөд хуралдааны явцад үндсэндээ нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хоорондоо голчлон мэтгэлцсэн.

3.2. Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаар: Улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөх эрхийг ийнхүү шилжсэн өөрчлөлтийг бүртгэхдээ, хуучин өмчлөгчийн гэрчилгээг хүчингүй болгох, өмчлөх эрх шилжсэн талаар зарим тохиолдолд бичгээр тушаал гаргадаг. Үүнийг тодруулах нь уг хэрэгт ач холбогдолтой байсан. Ц.Ц нь гэрчилгээ гарсан өдөр хотод байгаагүй гэж өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгдөг тул шинэ гэрчилгээг хүлээлгэн өгсөн баримтыг хувийн хэрэгт хавсарган ирүүлээгүй, авагдаагүй байсныг гаргуулан авч гэрчилгээг хүлээн авсан асуудал, цаг хугацааг тодруулах үүднээс хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг Ц.Цын нэг талын тайлбарыг үндэслэн хангахгүй орхисон. ... Бүртгэлийн дэвтрийн 12, 183 дугаарт иргэн Н.Г надаас иргэн Ц.Цид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 125 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204021648 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдсан гэх хэлцлийг гэрчилсэн хэсгийн үйлчлүүлэгч талуудын гарын үсгийн хэсэгт зурагдсан “Г” гэсэн бичвэр, гарын үсэг нь миний өөрийн гарын үсэг биш байгаа болох нь илэрснийг хуралдаанд илэрхийлж, зайлшгүй нотариатчийг асуух шаардлагатай үндэслэлээ тодорхойлсон боловч хүсэлтийг хангаагүй юм. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч. Энхээ нь Ц. Ц өөрийн хураамж төлөх “үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн” гэж тайлбарласан нь нэг талын тайлбар бөгөөд түүний үнэн, худлыг тухайн хүнийг асуухгүйгээр дүгнэх боломжгүй юм. Эдгээр нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал шүүхийн шатанд бүрэн тодорхой болоогүй, шаардлагатай ажиллагааг явуулах талаар нэхэмжлэгч талын хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүйг илэрхийлж байна.

3.3. Шүүх нотлох үүрэг зохих ёсоор хангалттай хэрэгжиж чадаагүй талаар: Шийдвэрийн үндэслэх хэсэгт анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг тодорхойлохдоо, “бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж дүгнэсэн. Гэвч ажиллагааны хүрээнд шүүх хууль бус гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг шалгах, нотлох үүргийг бүрэн биелүүлээгүй. Энэ нь нэхэмжлэгч талын хүсэлтүүдийн дагуу нотлох баримт цуглуулахаас татгалзсанаас гадна, шүүх өөрөө нотлох үүргийг хэрэгжүүлж шаардлагатай бусад ажиллагааг явуулаагүйгээр илэрдэг. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь “Манайх 40 сая төгрөгөөр нотариатчийн гаргасан дүнд татвар авсан. Гэтэл энэ 2 иргэн хүсэл зоригоо илэрхийлээд энэ нотариатчид хандан татвараас зугтаахын тулд 90 сая төгрөгийг 40 сая төгрөг болгосон байна” хэмээн бүртгэл хийгдэх үндэслэл болсон бүрдүүлбэрийг хууль зөрчиж бүрдүүлснийг илэрхийлсэн байтал энэ талаар хэрэв нэмэлт баримт, эрх бүхий байгууллагын дүгнэлт хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай гэж шүүх үзсэн бол тухайн асуудлаар ажиллагаа явуулах үүрэгтэй байсан.

3.4. Хэргийг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн талаар: “Бүртгэл хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийг гаргахаас өмнө урьдаар буюу эхлээд “бүртгэл нь хууль бус болохыг тогтоолгосон өөр шүүхийн шийдвэр гарсан байх ёстой” гэсэн хуульд байхгүй шаардлагыг тогтоож хэргийг шийдвэрлэснийг илтгэнэ. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4- д заасан зохицуулалт хэрэглэхгүй байх нөхцөл байдал энэхүү хэрэгт хууль хэрэглээний хувьд үүсээгүй байна. Иргэний хуулийн 109.2 дахь хэсэгт зааснаар нотариатчаар гэрчлэгдсэн байх, 5.1.4-д үйлчилгээний хураамж, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлсөн баримтыг хавсаргасан байх шаардлагыг хангуулахдаа (Н. Г эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх маягт мэдүүлгийг гаргаагүй), мэдүүлэг гаргагч Ц. Ц нь татвар бага төлөх зорилгоор бодит бус үнийн дүн бүхий гэрээг өөрөө мэдсээр байж хамтран гэрчлүүлсэн, татвар бага төлөгдсөн баримтыг мэдсээр байж ашигласан буюу өөрт эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргуулан авахдаа тухайн бүртгэлийн байгууллагыг хууран мэхлэх аргыг хэрэглэсэн нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байтал энэ талаар шүүх дүгнээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Г-ын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:” 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 17 дугаар зүйлийн 17.1-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 17.1.6-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” гэж тус тус заасан байна.

2.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл улсын бүртгэгчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллага тухайн бүртгэлийг хүчингүй болгох бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргагчид мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтаа үнэн зөв гаргах үүргийг хуулиар хүлээлгэсэн, хэрэв энэхүү үүргээ зөрчсөнөөс бусдад хохирол учруулсан бол түүнийг ч мөн хариуцах үүрэгтэй байна.

2.3. Энэхүү маргааны тохиолдолд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.4. Учир нь, иргэн Ц.Цаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 125 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан байх бөгөөд мэдүүлэгт Н.Г болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд, Н.Г-ын нэрээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 800.000 төгрөг, үйлчилгээний хөлсөнд 40.000 төгрөг төлсөн баримтуудыг хавсаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

2.5. Түүнчлэн нэхэмжлэгч Н.Г нь иргэн Ц.Цид 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 125 м.кв 3 өрөө орон сууцыг 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр худалдсаныг Нийслэлийн тойргийн нотариатч Ж.Давааням гэрчилсэн болох нь Монголын Нотариатчидын танхимын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 940 дугаар лавлагаагаар тогтоогдсон байна.

2.6. Мөн Н.Гас Ц.Цид  холбогдуулан гаргасан “Худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ... орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1533 дугаар шийдвэрээр “... талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсныг хууль бус гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1740 дүгээр магадлалаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1533 дугаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 305 дугаар тогтоолоор тус магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

2.7. Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор иргэн Н.Г, Ц.Ц нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй байх тул нэхэмжлэгч Н.Г-ын “... бүртгэл хийгдэх үндэслэл болсон гэрээний үнийн дүн зөрүүтэй болохыг уг бүртгэл хийгдсэнээс хойших цаг хугацаанд шүүхийн шийдвэрээр дүгнэсэн” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

2.8. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргуулахаар гаргасан эрүү иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгүүд, гэрчийн мэдүүлэг зэргийг хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй гэсэн үндэслэлээр дүгнэх боломжгүй талаар болон нэхэмжлэгч Н.Г өөрийн өмчлөлийн орон сууцыг өөр этгээдийн өмчлөлд шилжсэнийг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааг эс зөвшөөрч маргах эрхтэй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хоорондын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох эсэх асуудлаар дүгнэж шийдвэрлэсэн, мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... шийтгэх тогтоолоор Н.Гантулгыг гэмт хэрэгт тооцсон гэм буруутайд тооцсон агуулгатай, нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой маргаанд хамааралгүй тул нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй талаар болон бусад асуудлаар тус тус үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

2.9. Иймээс Улсын бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.Цийн өмчлөлд шилжсэнийг бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1-т дараахь тохиолдол эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих” гэж заасанд нийцсэн, мөн тухайн үед мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдэд хамаарч байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Нэхэмжлэгчийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.1. Нэхэмжлэгчээс анх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н.Г-ын өмчлөлөөс Ц.Цид шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан, хэргийн оролцогчид энэ хүрээнд маргаж,  шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрдүүлсэн байх бөгөөд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс маргаж буй бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулахаар нэхэмжлэлээр өөрчилсөн байх боловч анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

3.2. Нэхэмжлэгч нь анх маргаан бүхий бүртгэлийг шүүхээр хүчингүй болгуулахаар маргаж байсан бол шүүх хуралдааны явцад уг бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулахаар маргасан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд  маргааны үйл баримт, маргаж буй хүрээ хязгаар өөрчлөгдсөн гэж үзэх буюу нэхэмжлэгчээс өөр захиргааны байгууллага, албан тушаалтны эрс тэс өөр шийдвэр үйл ажиллагаатай маргасан, маргаж буй үйл баримт өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, нэг захиргааны байгууллагад холбогдуулан нэгэн адил үйл баримтын талаар маргасан, маргааны агуулга өөрчлөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн “... нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд мэтгэлцээн явагдаж чадаагүй, ... нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагааг явуулаагүй ... нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн” агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            3.3. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “... хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ... шүүх нотлох үүргийг зохих ёсоор хангалттай хэрэгжүүлж чадаагүй ... ” гэх агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй, өмнө дурдсан иргэний хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй, тухайн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон, хууль бус болохыг тогтоосон эрх бүхий хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байх тул “ ... Ц.Ц бодит бус гэрээг мэдсээр байж хамтран гэрчлүүлсэн, ... татвар бага төлөгдсөн баримтыг мэдсээр байж ашигласан ... бүртгэлийн байгууллагыг хууран мэхлэх аргыг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байтал энэ талаар шүүх дүгнээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй ... хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй ... хууль ёсны итгэл хамгаалагдахгүй байх, шийдвэрийг хүчингүй болгох ... зохицуулалтыг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн ...” гэх гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ