Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/238

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2025000000202 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Эг эдлээгүй үлдсэн 01 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаандаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн лангуун дээрээс “айпоне 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.Алтанзулд 530.000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн мэдүүлсэн, тухайн өдрийн өглөө архи уусан. Тэгээд дахиж архи уух мөнгө олох гээд “Теди” төв дээрээс хүний утас авсан. 20,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Хохирогч утсаа авч хохирлгүй болсон. Барьцааны 20,000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээж байна. Надад нэг боломж болгоно уу гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Н.Алтанзулын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...  Би Орхон аймгийн Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвд лангуу түрээсэлдэг. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр лангуун дээр ажлаа хийж байгаад өөрийн айпоне-7 маркийн гар утсаар тоо бодож байгаад лангуун дээрээ тавьчхаад эргэж харж юм хийж байгаад харахад миний гар утас алга болсон байсан. Би дугаарынхаа үнийг нэхэмжлэхгүй, мобикомоос эхний удаа үнэгүй сэргээчихдэг юм... алдсан утсаа буцааж олж авсан тул цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/

-Гэрч Д.Болдбаярын мэдүүлсэн “....надад зургийг нь харуулж байгаа хүнийг би танихгүй. Гэхдээ энэ залуу надад 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр айпоне-7 маркийн хар өнгийн гар утас зарсан. Гар утас зарахдаа бага зэрэг архи уучихсан, халамцуу ганцаараа орж ирээд сэлбэгийн утас авах уу гэж асуусан. Ямар утас байгаа юм гэхэд айпоне байна гээд хар өнгийн утас гаргаж ирээд манай эгчийн утас байгаа юм, сэлбэгэнд өгнө. 20.000 төгрөгт өгнө гэхээр нь үзсэн чинь дэлгэцийг нь ашиглаж болохоор утас байсан. Уг утас нь цэнэггүй байсан болохоор кодтой эсэхийг нь шалгаж үзээгүй, 20.000 өгөөд авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

 

            “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/39 дугаартай...гар утасны үнэ 530,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 16-18-р хуудас/

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 35, 37-р хуудас/

-Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 48-49-р хуудас/з

-Шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тэр өдөр архи  уучихсан явж байгаад өөртөө байсан ажилладаггүй гар утсыг Теди төв дээр сэлбэгт зарах гээд лангууны хүмүүсээс утас авах уу гээд асуугаад тойроод явж байгаад нэг эмэгтэйд утсаа үзүүлсэн чинь авахгүй гэсэн. Тэгээд миний гар утсыг өөрийнхөө утсан дээр давхарлаад тавьчихаар нь өөрийнхөө утастай хамт нөгөө эмэгтэйн гар утсыг хамт авч гараад үйлчилгээний төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утас засварын хүнд 20.000 төгрөгөөр барьцаанд тавьж архи авч уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн лангуун дээрээс Н.Алтанзулын  эзэмшлийн “айпоне 7” маркийн гар утсыг  нууцаар авч бусдад худалдан мөнгийг ашиглаж 530,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Эгийн үйлдэл нотлогдсон ба энэ үйлдлийн улмаас хохирогчид 530,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.Эгийн бусдын эд зүйлийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн лангуун дээрээс “айпоне 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.Алтанзулд 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хохирол төлөгдсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 18 хоногийн ялыг нэмж нийт 1 жил 18 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.

           Шүүгдэгч шүүх хуралдаанд “ээж маань хүнд өвчтэй хэвтэрт байгаа. Надад ганцхан боломж олгоно уу гэжээ.    

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж шүүгдэгчийн хувийн байдал, гэм  буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал  зэргийг харгалзан үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Э тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаад Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлалаар 1 сар 14 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул эдлээгүй үлдсэн 18 хоногийн ялыг Эрүүгийн хуульд заасан журмын дагуу оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

          Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Алтанзул гар утсаа буцаан авсан бөгөөд иргэний нэхэмжлэгчид 20,000 төгрөг төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх бөгөөд энэ тухай тайлбар /хх-ийн 56-р хуудас/-т авагдсан. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт шүүгдэгч төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж 2 хоног цагдан хоригдсоныг эдлэх  ялд нь оруулан тооцохоор заалаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Эг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 18 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эгийн цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ