Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0074

 

 

 

 

 

 

Б.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Б.Э

  Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Эд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Эгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Б овогт Б-н Э.

 

Б.Э нь эдлээгүй үлдсэн 01 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаандаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн лангуун дээрээс “Айфоне-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.А-д 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-н Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 18 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эгийн цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ... Миний бие “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээнд гомдолтой байна. Н.А-н Айфоне-7 маркийн гар утас нь хуучин утас байсан. 2-3 жилийн өмнө зарагдаж байсан үнэлгээгээр үнэлсэн байна. Одоо Айфоне 7 маркийн гар утас нь лангуун дээр 250.000-280.000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Иймд миний бие одоогийн зарагдаж байгаа үнээр дахин бодит үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Мөн миний ээж Б нь тал цус харваж, хөл нь хугарч, бие нь муу хэвтэрт байгаа, надаас өөр асарч харах хүн байхгүй тул миний хэргээ үнэн зөвөөр хүлээсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “ ... Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй ... харин анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэхдээ ял завшуулж дутуу нэгтгэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн гар утас, түүний дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг лангуун дээрээс худалдагч Н.А-н “Айфоне-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Учир нь: Б.Э нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.

 

Тэрээр хорих ангид ял эдэлж байгаад давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 01 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон боловч хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэнэ” гэж тус тус заасан.

 

Дээрх заалтуудаас дүгнэн үзвэл шүүх Б.Эгийн эдлээгүй үлдсэн ял буюу 1 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоох байтал анхан шатны шүүх шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг 18 хоног гэж тооцож, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ялуудыг нэмж нэгтгэж, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэхэд шүүгдэгч Б.Эд оногдуулсан ял хүндрэх буюу түүний эрх зүйн байдал дордох тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгч Б.Эгийн давж заалдах гомдлын тухайд мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу Н.А-н 2019 онд 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх Iphone-7 маркийн гар утас /хуучин/-ыг “Ашид билгүүн” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын үнэлгээчин 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ОРХ20/39 дугаартай дүгнэлтээр 530.000 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, мөн хавтаст хэргийн материалтай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус тус танилцсан боловч үнэлгээний талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй /хх 19, 57 дугаар хуудас/ байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэр болон түүний хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.Эгийн “ ... гар утасны үнэлгээг зөвшөөрөхгүй, ... ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Б.Эгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                          С.УРАНЧИМЭГ